Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0438

 

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С

Нэхэмжлэгч: Н.М

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй,

Хэргийн индекс: 110/2024/0017/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М-с Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 46 дугаар зүйлийн 46.7,  48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Анхан шатны шүүх Н.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах тогтоогдсон хууль зүйн нөхцөл байдлыг үндэслэн ханган шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан И.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс гэм буруутайд тооцсон гэсэн эцсийн шийдвэр гарсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Баян сумын Засаг даргаас огцруулсан юм. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ИТХ-ын хуралдаан нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр явагдаж, уг хуралдаанд сумын Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, Баяннуур сумын Засаг даргад сумын АН-ын бүлгээс Ш.С, Баяннуур сумын МАН-ын бүлгээс Н.М нар нэр дэвшиж, иргэдийн Төлөөлөгчдийн олонхийн саналаар Ш.С-ыг Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай тогтоол батлагдсан. Ш.С-ыг Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн сумын ИТХ-ын хуралдааны тогтоолыг баталгажуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2024 оны 03 дугаар сарын эхээр албан ёсоор хүргүүлсэн боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Ш.С-ыг Баяннуур сумын Засаг дарга батламжлахаас татгалзсан хариу өгсөн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нууцаар хуралдаж, Баяннуур сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тухайн хуралдаанаас Ш.С-ыг дахин Баяннуур сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн тухай 63 дугаартай тогтоол гарсан байна. Уг тогтоолыг дараах хууль зүйн үндэслэлээр хүчингүй болох ёстой гэж үзэж байна. 

3.2. Урьд Баян-Өлгийн Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр Ш.С-ыг тус аймгийн Засаг дарга батламжлахаас нэгэнт татгалзсан учир Ш.С тус аймгийн Засаг даргад дахин нэр дэвших эрхгүй этгээд гэж үзэж байна. Тухайн өдрийн хуралдаан болох тухай Баяннуур сумын МАН-ын бүлгээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор сумын Засаг даргад нэр дэвшиж байсан Ш.М-д хуралдаан болох тухай албан ёсоор мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдсэн бол Н.М уг ээлжит бус хуралдаанд хангаж байсан хуралдаан биечлэн оролцож, сумын Засаг даргад өрсөлдөхөөр бэлтгэл ажлыг хангаж байсан.

3.3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын ИТХ-ын хуралдаан нь олонхи ирснээр хүчинтэй болох учиртай юм. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 төлөөлөгчийн суудалтай ба тухайн өдрийн хуралдаанд 13 төлөөлөгч оролцсон нь олонхи гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

 3.4. Анхан шатны шүүхээс сумын Засаг даргад иргэн хүн буюу Н.М нь өөрийн нэрийг дэвшүүлэх эрхгүй этгээд гэж дүгнэсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны үед Н.М-ийн нэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэр хүчинтэй байсан. Иймд анхан шатны шүүхээс сумын ИТХ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Н.М нэрийг сумын МАН-ын бүлгээс дэвшүүлээгүй байсан гэж дүгнэж байгаа учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхиин 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2024/0022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.М нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Н.М-ээс Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.

2.2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “...Ээлжит арвандөрөв дүгээр хуралдаанаас сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлж, санал хураалтаар нийт бүрэн эрхтэй 23 төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон 13 төлөөлөгчдөөс 13 төлөөлөгчдийн буюу олонхын 100%-ийн санал авсан Шаймардан овогтой С-ын нэрийг сумын Засаг даргаар дахин дэвшүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “...Ш.С-ыг тус аймгийн Засаг дарга батламжлахаас татгалзсан тул тэрээр дахин нэр дэвших эрхгүй, тухайн өдрийн хуралдаан болох талаар Ш.М надад албан ёсоор мэдэгдээгүй, ...тухайн өдрийн хуралдаанд 13 төлөөлөгч оролцсон нь олонх гэж үзэх боломжгүй” гэж, хариуцагчаас “...аймгийн Засаг даргын татгалзал нь үндэслэлгүй байна гэж үзээд олонхийн саналаар дахин нэр дэвшүүлсэн, ...4 төлөөлөгчийн бүрэн эрх хуульд зааснаар дуусгавар болсон тул 13 төлөөлөгч ирснээр ирц бүрддэг, Н.М нь хурлын төлөөлөгч биш учир хуралдаанд оролцох эрхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Анхан шатны шүүхээс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж “...нийт 4 төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тул тус хуралдаанд бүрэн эрх бүхий 23 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч буюу олонх оролцсон байх тул хуралдааны ирц хүчинтэй гэж үзэхээр байна, ...14 дүгээр хуралдааны тов болон 8 асуудал хэлэлцэх тухай мэдээллийг агуулсан мэдэгдэх хуудсыг 23 төлөөлөгчид гардуулах, утсаар болон цахим хаягаар нь хүргүүлэх зэргээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, ...Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах нь хурал дахь нам, эвслийн бүлгийн болон төлөөлөгчийн бүрэн эрх тул нэхэмжлэгчид хуралдааны товыг мэдэгдэх, оролцуулах хууль зүйн үндэслэлгүй, ...14 дүгээр хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр Ш.С-ыг тус аймгийн Засаг дарга батламжлахаас нэгэнт татгалзсан учир Ш.С тус аймгийн Засаг даргад дахин нэр дэвших эрхгүй, ...тухайн өдрийн хуралдаан болох тухай Баяннуур сумын МАН-ын бүлгээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор сумын Засаг даргад нэр дэвшиж байсан Ш.М-д албан ёсоор мэдэгдээгүй, …сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 27 төлөөлөгчийн суудалтай ба тухайн өдрийн хуралдаанд 13 төлөөлөгч оролцсон нь олонхи гэж үзэх боломжгүй” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.4-т “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ”  гэж тус тус заасан.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр захирамжаар ээлжит 14 дүгээр хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлаж, тус хуралдааны тов болон хэлэлцэх асуудлын талаар мэдэгдэх хуудсыг бүрэн эрх бүхий 23 төлөөлөгчид утсаар болон цахим хаягаар мэдэгдсэн, ...тус өдрийн хуралдаанд нийт 13 төлөөлөгч оролцож 100 хувийн саналаар Ш.С-ыг сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарч байх тул өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг ирцийн хувьд хүчинтэй хуралдаанаар, хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Ш.С-ыг сумын Засаг даргад томилуулахаар дахин нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

7. Нөгөөтээгүүр, Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй 63 дугаар  тогтоолыг гаргах болсон шалтгаан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлгээс Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргахтай холбоотой улс төрийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

           ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН