Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2225

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02225                            Улаанбаатар хот

 

                                                                                                                                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х /РД: /-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, СБД, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 77 дугаар байр, 2 тоот 3 өрөө орон сууцыг хувиарт хөрөнгө болохыг тогтоолгохыг хүссэн Б.Хийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б миний бие Б.Хтэй 1997 онд танилцаж улмаар 1999.11.22-нд гэрлэлтийн 818 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 05 сарын 22-нд охин Хийн Цэрэнчимэг, 2005 оны 09 сарын 09-нд хүү Хийн Энхболд нар төрсөн. Гэвч Б.Х нь гэр бүлээс гадуур Заяа гэгч хүүхэнтэй нийлэн бүр 2 хүүхэд гарган гэр бүлийн таарамжгүй уур амьсгал үүсгэн 2011 оноос тусдаа амьдрах болсон. Ингээд 2016 оны 04 сард миний оршин суугаа хаягаар буюу СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Х нь гэр бүлээ салгахаар нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар дуудсан. Тухайн үед тухайн дүүргийн Эвлэрүүлэн зуучлах төвд хандан дахин хамтран амьдарч чадахгүй гэдгээ хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн боловч эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүйн улмаас Б.Х нь хөдөө явах болсон тул хэмээн шалтаглан нэхэмжлэлээ буцаан татсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь үнэн, мөн бид дахин эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцлан хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгон цаашид эхийн асрамжид үлдээх, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуулийн дагуу хуваан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч маань бичгээр хариу тайлбар гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрдөг, хүүхдийн асрамж, тэтгэлгийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрдөг. Харин хөрөнгийн хувьд хуулийн дагуу шийдвэрлүүлье гэсэн тайлбар байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 оны 01 дүгээр сараас хойш 7, 8 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байдаг. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүртэл өөрийн нэхэмжлэлийн анхны шаардлагад бичсэн. Тэгэхээр 2011 оны 01 дүгээр сараас гэх энэ үйл баримт маргаангүй, тус тусдаа амьдарч байгаад Б.Хийн хувьд 2011 оны 04 дүгээр сараас н.Мөнхзаяатай амьдрах болсон. Б.Хийн өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байсан ч н.Мөнхзаяатай амьдраад 2 хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулахгүй байсан шалтгаан байдаг, учир нь Д.Б, Б.Х нарын том хүүхэд нь охин. Охиныг сургуульд гадагшаа явуулах нөхцөл байдлыг харгалзсан, энэ талаар Б.Х нь Д.Бийн саналтай нэгдэж гэрлэлтээ цуцлах асуудлыг 2016 он хүртэл хойшлуулсан байдаг. н.Мөнхзаяа энэ нөхцөл байдлыг ойлгодог, охин н.Цэрэнчимэг 2016 онд гадаадад сургуульд явсаны дараа Б.Х Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Д.Бт 2 хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах 12-18 тоот авто зогсоолыг болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 2 тоот орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өөрийнхөө нэрийг хасуулаад охиныхоо нэрийг нэмж оруулаад хөрөнгийнхөө асуудлыг шийдээд хурал хийх болоход дахиад Б.Хд үлдсэн нэг байрны талаар маргаж эхэлсэн. Б.Х охиныхоо сэтгэл зүйн байдлыг хурцдуулахгүйн тулд аргагүйн эрхэнд нэхэмжлэлээ татаж авсан гэж тайлбарладаг. Хариуцагч 2 хүүхдэдээ эцгийн хувьд анхаарал халамжаа бүрэн тавьж байсан, өнгөрсөн хугацаанд 140-өөд сая төгрөгийг Д.Бт болон хүүхдүүддээ зарцуулсан тооцоолол баримт байдаг. Улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагаагаар Д.Бийн нэр дээр хэдийгээр 8 хөрөнгө бүртгэлтэй байх боловч 2009 оноос хойш бусдад шилжчихсэн өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болсон байдаг. Одоогийн байдлаар Д.Б дээр 3 хөрөнгө, Б.Х дээр 2 хөрөнгийн бүртгэл байгаагаас энэ 2 хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Д.Бт шилжүүлчихсэн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон, энэ гэр бүлийн хэрэгцээ, гэр бүлийн ахуй амьдралд зориулагдаж бий болсон хөрөнгө гэдэг утгыг хамтын үйл ажиллагаа, хамтын оролцоо, хамтын орлогоор бий болгосон хөрөнгө байхыг хууль шаардаж байгаа. Нэхэмжлэгч 2011 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан гэдэг атлаа түүнээс хойш бий болсон хөрөнгүүдийг хуваана гэж маргадаг.  Б.Х нь ах нарынхаа Гүн-Ингүүмэл гэх нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдсэн байсан, гэтэл нэхэмжлэгч энэ нөхөрлөлийн хувь эзэмшлийн хөрөнгөөс ногдох ёстой гэж маргасан учраас гарсан.  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 16-10 тоот 4 өрөө орон сууцыг 2011.04.04-ний өдөр орон сууцны захиалгаар буюу н.Мөнхзаяатай гэр бүл болж эхэлснээс хойш бий болсон хөрөнгө, баригдаагүй барилгад захиалга өгөөд урьдчилгаа 8 сая төгрөг,  2012.08.24-ний өдөр төлбөрийг төлж дуусаад 2013.08.04-ний өдрөөс энэ хөрөнгө нь өмчлөлийн эрх үүссэн хөрөнгө үүссэн байгаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 байр 135 тоот байрны тухайд  тусдаа амьдарснаас хойш 1 жил 5 сарын дараа бий болсон хөрөнгө. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 174 тоот хөрөнгө нь 2012.07.09-ний өдөр анх худалдан авсан, 2016.11.28-ны өдөр зарагдчихсан байр. Энэ байраа зараад охин н.Цэрэнчимэгийн сургалтын төлбөрт 5,600,000 төгрөгийг төлж байсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 байрны зоорийн давхрын 51 тоот зогсоолыг 2009.04.02-ны өдөр анх захиалж аваад 2012 онд зарагдчихсан, энэ мөнгийг мөн л гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулчихсан. Баянгол дүүргийн Алтай хотхоны 12 дугаар байр 92 тоот 1 өрөө байрыг 2009.04.02-ны өдрийн захиалгын гэрээгээр худалдаж авсан ба одоо энэ байранд Д.Бийн аав нь амьдардаг. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 12 дугаар байрны 18 тоот зогсоол үнэлэгдсэн, 2007.12.04-ний өдөр энэ хөрөнгийг бий болгож бэлэглэлийн гэрээгээр Д.Бийн өмч болчихсон. Одоо бол Б.Х нь айлын бага хүүгийн хувиар эцэг, эхийн гал голомт болох  бөгөөд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг өөртөө авч үлдээд бусад хөрөнгийн талаар маргахгүй” гэв.

 

            Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”Бид 1997 онд танилцаж, 1998 оноос хамт амьдарч, 1998.05.22-нд охин Х.Цэрэнчимэг төрж, гэрлэлтээ 1999 онд бүртгүүлж, 2005.09.09-нд хүү Х.Энхболд төрж, бид ам бүл 4 үүл олон жил сайхан амьдарч байсан. Гэвч Д.Б бид хоёрын хооронд зан харилцааны таарамжгүй байдлууд үүссэнээс 2004 оноос салж тусдаа амьдарч байгаад 2005 онд эвлэрч дахин хамт  амьдрахаар болсон. Хэдийгээр дахин хамт амьдарсан ч мөн л таарамжгүй байдлууд бий болсоор оны 12 сард бид тус тусдаа амьдрахаар шийдэцгээсэн. Ингээд л хэн аль нь тусдаа амьдарцгааж, өдий хүртэл харилцан эв зүйтэйгээр хүүхдүүддээ анхаарал тавьж, асуудлыг шийдсээр ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд шаардлагатай хэрэгцээнд зориулж, нийт 137 орчим сая төгрөгийг зарцуулж,чадлынхаа хэмжээгээр үүргээ биелүүлж, зохицуулсаар өдий хүрлээ.Хамт амьдрахгүй болсон ч олон шалтгааны улмаас гэрлэлтийн баталгаагаа цуцлуулж шийдвэрлүүлээгүй өдий хүрсэн, энэ асуудлыг ч шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг миний хувьд ойлгож байсан ч чадахгүй өдий хүрсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжпэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлдэгдэж байх үед Д.Б бид 2 эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс харилцан тохиролцохоор ярилцаж байх үедээ түүний хүсэлтээр хөрөнгүүдийг Д. Бийн нэр дээр болгоод эвлэрлийн гэрээг байгуулж байсан.Гэвч гарын үсгээ зурсан гэрээгээ хэрэгт өгөөд шүүх баталгаажуулах гэтэл Д.Б нь гэрээнээс татгалзаж, БГД-ийн 1-р хороо 12-92 тоот орон сууцыг өөрийнхөө нэр дээр болгохыг шаардсан, энэ шалтгаанаас болж, эв зүйгээр шийдэж чадаагүй юм. Энэ бүхнийгээ Д.Б мэдэж байгаа төдийгүй шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг. Д.Б асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүсэхгүй, 2011-2017 онд бий П.Мөнхзаяагийн оролцоотойгоор бий болсон хөрөнгө, Э.Намуун, Х.Гэрэл, Х.Дэнзэнтүдэв хүүхдүүдийн эрх бүхий хөрөнгүүдээс хувь авна гэж маргаж зэргийг шудрага бус байна гэж миний бие үзэж байгаа. Биднийг гэр бүл болохоос өмнө 1983 онд улсаас авч манай гэр бүл амьдарч сайсан орон сууцыг ээж маань Д.Бтэй гэр бүл болоогүй байх үед ах Мөнхгэрэл бид 2-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Миний хувьд айлын бага хүү нь байсан учир гэртээ үлдсэн юм. Энэ орон сууцыг СБД-ийн 4-р хороо 1-40.000 -тын 77-р байрны 2 тоот 3 өрөөтэй орон сууц болгон сольсон бөгөөд энэхүү байрыг манай гэр бүлийн гал голомтын үргэлжлэл гэж үздэг. Д.Б нь манайд ирж, бид гэр бүл болсон юм. Иймд СБД-ийн 4-р хороо 1-40.000 -тын 77-р байрны 2 тоот 3 өрөө орон сууц нь миний хувиарт хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Энэхүү шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн маргаанд шууд хамаарч, хамтад нь шийдвэрлэгдэх, тооцогдох маргаан тул ИХШХШТХ-ийн 3 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, бидний хооронд үүссэн маргааныг тэгш эрхийн зарчим дээр шүүхээр хянуулах боломжийг олгоно уу. Харин бидний амьдарч байсан хугацаанд бий болсон 5-р хороо 5-р хороолол 12-р байрны 18 тоот авто зогсоол /Ү-2203014900/ “Инфинити ФХ-35” маркийн УБС 05-00 улсын дугаартай автомашин, "Мэндийн тал” ХХК болон компаний хөрөнгө болох 27 га газар, 20000 модтой чацарганы талбай бүхий хөрөнгүүд нь миний давуу оролцоогоор бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө учир тус тусын оногдох хувийг тооцуулах нь хууль гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч хуулийн хугацаанд сөрөг шаардлагыг дэмжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай ямар нэгэн хариу тайлбарыг шүүхэд өгөөгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа гэр бүлийн гишүүдийн хууль ёсны өмчийг хуулийн дагуу ногдох хувийг тогтоолгоё, Б.Х болон түүний эхнэр, хүүхдүүдийн нэр дээр байдаг албан ёсны өмч бол нэхэмжлэлийн шаардлагад хөрөнгө хуваах асуудлын маргаанд хамааралтай. Гэр бүл байхад худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн хуримтлалаас орон сууцыг худалдан авсан учраас тодорхой хэмжээний өмчлөгч нь байсан.  Гэр бүлийн амьдрал тусдаа болсоноос хойш бий болсон хөрөнгүүдийн талаар ямар нэгэн баримт гаргаагүй юм. Тэгэхээр албан ёсны гэр бүлийн гишүүдийн хүрээнд байгаа өмчийн яг тэр тодорхой байгаа хэсгүүд дээр маргааныг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг хариуцагч Б.Хасгэрэд холбогдуулан гаргасан, харин  хариуцагч Б.Х нь СБД-ийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 77 дугаар байрны 2 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн хуваарьт өмч  болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Д.Буянхшиг, Б.Х нар нь 1997 онд танилцаж, 1999.11.22-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 1998.05.22-ны өдөр охин Х.Цэрэнчимэг, 2005.09.09-ний өдөр хүү Х.Энхболд төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн тайлбараар Б.Х нь гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх үндэслэлээр 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзсэн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалж, 2005.09.09-ний өдөр төрсөн хүү Х.Энхболдыг эх Д.Бийн асрамжид хэвээр нь үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгийг тогтоохоор шийдэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан байна.

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд  энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2016.04.05-ны өдрийн 278 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд гэрлэгсэд хамт амьдрах хугацаанд зан чанар, үзэл бодол нийлэхгүй, Б.Х гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харьцаа тогтоож таарамжгүй байдал үүсэж 2011 оноос хойш тусдаа амьдарсан, Б.Х өөр хүнтэй хамтын амьдрал зохиож 2 хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 129 дүгээр зүйлийн 129.1-д “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно”, 129.1.1-д “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал”, 129.6-д “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Талуудын тайлбар, ЭУБГ-аас ирүүлсэн лавлагааг үндэслэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоож, тариалангийн газар бүхий Мэндийн тал компанийг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол, 12 дугаар байрны 18 тоот зогсоолыг, 05-00 УБС улсын дугаартай Инфинитив маркийн автомашиныг, 54-21 УБЦ улсын дугаартай Delica маркийн автомашиныг, мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 12-92 тоот орон сууцыг тус тус нэхэмжлэгч Д.Б болон охин Б.Цэрэнчимэг, хүү Б.Энхболд нарт үлдээж, хариуцагч Б.Хд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Х дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн талаар маргаагүй, охин Б.Цэрэнчимэг 2016 оноос хойш гадаадад суралцаж байгаа болох нь тогтоогдсон байна.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Хийн хуваарьт өмч болох нь 1997.12.02-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2006.05.09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2 дахь хэсэгт зааснаар дээрх орон сууцыг Б.Хийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна”, 127.1.1-д “гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх”, 127.1.2-т “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул шүүх талуудаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 73, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                          

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Х, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2005.09.09-ний өдөр төрсөн хүү Х.Энхболдыг эх Д.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005.09.09-ний өдөр төрсөн хүү Х.Энхболдыг  16 нас  /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Хээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б болон охин Б.Цэрэнчимэг, хүү Б.Энхболд нарт тариалангийн газар бүхий Мэндийн тал компанийг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол, 12 дугаар байрны 18 тоот зогсоолыг, 05-00 УБС улсын дугаартай Инфинитив маркийн автомашиныг, 54-21 УБЦ улсын дугаартай Delica маркийн автомашиныг, мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 12-92 тоот орон сууцыг тус тус үлдээж, хариуцагч Б.Хд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Хийн хуваарьт өмч болохыг тогтоосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 765,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж Д.Бт, нэхэмжлэгчээс 765,950 төгрөгийг гаргуулж Б.Хд тус тус олгосугай,

         7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ