Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02345

 

Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02225 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хасгэрэлд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 77 дугаар байр, 2 тоот 3 өрөө орон сууцыг хувиарт хөрөнгө болохыг тогтоолгохыг хүссэн Б.Хасгэрэлийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Таня, түүний өмгөөлөгч Э.Одгэрэл, хариуцагч Б.Хасгэрэл, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Буянхишиг миний бие Б.Хасгэрэлтэй 1997 онд танилцаж улмаар 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Хасгэрэлийн Цэрэнчимэг, 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүү Хасгэрэлийн Энхболд нар төрсөн. Гэвч Б.Хасгэрэл нь гэр бүлээс гадуур амьдрал зохиож таарамжгүй уур амьсгал үүсгэн 2011 оноос тусдаа амьдрах болсон. Ингээд 2016 оны 04 сард миний оршин суугаа хаягаар буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Хасгэрэл нь гэр бүлээ салгахаар нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар дуудсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь үнэн, мөн бид дахин эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцлан хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгон цаашид эхийн асрамжид үлдээх, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуулийн дагуу хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч Б.Хасгэрэл шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. 2011 оны 01 дүгээр сараас Б.Хасгэрэлийн хувьд 2011 оны 04 дүгээр сараас н.Мөнхзаяатай амьдрах болсон. Б.Хасгэрэлийн өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байсан ч н.Мөнхзаяатай амьдраад 2 хүүхэдтэй болсон. Д.Буянхишигт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах 12-18 тоот авто зогсоолыг болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 2 тоот орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өөрийнхөө нэрийг хасуулаад охиныхоо нэрийг нэмж оруулаад хөрөнгийнхөө асуудлыг шийдээд хурал хийх болоход дахиад Б.Хасгэрэлд үлдсэн нэг байрны талаар маргаж эхэлсэн. Б.Хасгэрэл охиныхоо сэтгэл зүйн байдлыг хурцдуулахгүйн тулд аргагүйн эрхэнд нэхэмжлэлээ татаж авсан гэж тайлбарладаг. Одоогийн байдлаар Д.Буянхишиг дээр 3 хөрөнгө, Б.Хасгэрэл дээр 2 хөрөнгийн бүртгэл байгаагаас энэ 2 хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Д.Буянхишигт шилжүүлчихсэн. Нэхэмжлэгч 2011 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан гэдэг атлаа түүнээс хойш бий болсон хөрөнгүүдийг хуваана гэж маргадаг. Б.Хасгэрэл нь ах нарынхаа Гүн-Ингүүмэл гэх нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч энэ нөхөрлөлийн хувь эзэмшлийн хөрөнгөөс ногдох ёстой гэж маргасан учраас гарсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 16-10 тоот 4 өрөө орон сууцыг 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны захиалгаар буюу н.Мөнхзаяатай гэр бүл болж эхэлснээс хойш бий болсон хөрөнгө, баригдаагүй барилгад захиалга өгөөд урьдчилгаа 8 сая төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг төлж дуусаад 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс энэ хөрөнгө нь өмчлөлийн эрх үүссэн байгаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 байр 135 тоот байрны тухайд тусдаа амьдарснаас хойш 1 жил 5 сарын дараа бий болсон хөрөнгө юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 174 тоот хөрөнгө нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр анх худалдан авсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарагдчихсан байр. Энэ байраа зараад охин н.Цэрэнчимэгийн сургалтын төлбөрт 5 600 000 төгрөгийг төлж байсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 байрны зоорийн давхрын 51 тоот зогсоолыг 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр анх захиалж аваад 2012 онд зарагдчихсан, энэ мөнгийг мөн л гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулчихсан. Баянгол дүүргийн Алтай хотхоны 12 дугаар байр 92 тоот 1 өрөө байрыг 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захиалгын гэрээгээр худалдаж авсан ба одоо энэ байранд Д.Буянхишигийн аав нь амьдардаг. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 12 дугаар байрны 18 тоот зогсоол үнэлэгдсэн, 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энэ хөрөнгийг бий болгож бэлэглэлийн гэрээгээр Д.Буянхишигийн өмч болчихсон. Одоо бол Б.Хасгэрэл нь айлын бага хүүгийн хувиар эцэг, эхийн гал голомт болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг өөртөө авч үлдээд бусад хөрөнгийн талаар маргахгүй. Нэхэмжлэгч хуулийн хугацаанд сөрөг шаардлагыг дэмжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай ямар нэгэн хариу тайлбарыг шүүхэд өгөөгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Хасгэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 1997 онд танилцаж, 1998 оноос хамт амьдарч, 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Х.Цэрэнчимэг төрж, гэрлэлтээ 1999 онд бүртгүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүү Х.Энхболд төрж, бид ам бүл 4 болж олон жил сайхан амьдарч байсан. Гэвч Д.Буянхишиг бид хоёрын хооронд зан харилцааны таарамжгүй байдлууд үүссэнээс 2004 оноос салж тусдаа амьдарч байгаад 2005 онд эвлэрч дахин хамт амьдрахаар болсон. Хэдийгээр дахин хамт амьдарсан ч мөн л таарамжгүй байдлууд бий болсоор 12 сард бид тус тусдаа амьдрахаар шийдэцгээсэн. Ингээд л хэн аль нь тусдаа амьдарцгааж, өдий хүртэл харилцан эв зүйтэйгээр хүүхдүүддээ анхаарал тавьж, асуудлыг шийдсээр ирсэн юм. Биднийг гэр бүл болохоос өмнө 1983 онд улсаас авч манай гэр бүл амьдарч байсан орон сууцыг ээж маань надад болон ахад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Миний хувьд айлын бага хүү нь байсан учир гэртээ үлдсэн юм. Энэ орон сууцыг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 77 дугаар байрны 2 тоот 3 өрөөтэй орон сууц болгон сольсон бөгөөд энэхүү байрыг манай гэр бүлийн гал голомтын үргэлжлэл гэж үздэг. Д.Буянхишиг нь манайд ирж, бид гэр бүл болсон тул миний хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Харин бидний амьдарч байсан хугацаанд бий болсон 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 12 дугаар байрны 18 тоот авто зогсоол /Ү-2203014900/ Инфинити ФХ-35 маркийн УБС 05-00 улсын дугаартай автомашин, "Мэндийн тал ХХК болон компаний хөрөнгө болох 27 га газар, 20000 модтой чацарганы талбай бүхий хөрөнгүүд нь миний давуу оролцоогоор бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө учир тус тусын оногдох хувийг тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Хасгэрэл, Д.Буянхишиг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Энхболдыг эх Д.Буянхишигийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Энхболдыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Хасгэрэлээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Буянхишиг болон охин Б.Цэрэнчимэг, хүү Б.Энхболд нарт тариалангийн газар бүхий Мэндийн тал компанийг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол, 12 дугаар байрны 18 тоот зогсоолыг, 05-00 УБС улсын дугаартай Инфинитив маркийн автомашиныг, 54-21 УБЦ улсын дугаартай Delica маркийн автомашиныг, мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 12-92 тоот орон сууцыг тус тус үлдээж, хариуцагч Б.Хасгэрэлд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг үлдээж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 77-2 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Хасгэрэлийн хуваарьт өмч болохыг тогтоож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 765 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж Д.Буянхишигт, нэхэмжлэгчээс 765 950 төгрөгийг гаргуулж Б.Хасгэрэлд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар гэр бүлийн дундын хөрөнгө болох нь тогтоогдсон Форд маркийн Транзит авто машин, Тоёота маркын Аллион авто машин болон Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 1 давхар хаягт байрлах худалдаа, үйлчилгээний барилгыг хэрхэн хуваах талаар шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч Д.Буянхишиг миний болон миний өмгөөлөгчийн зүгээс Б.Хасгэрэлийн дундын хөрөнгийг хуваахаас зайлсхийж, захиран зарцуулсан хөрөнгүүд болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхон 16 дугаар байрны 10 тоот орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Мөнхзаяагийн охин Э.Намууны өмчлөлд шилжүүлсэн, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул 9 дүгээр гудамжны 174 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Сандалайн өмчлөлд шилжүүлсэн, Гүн-Ингүүмэл ЗБН-ийн 21 хувийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нөхөрлөлийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарсан бусдад шилжүүлсэн гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан боловч шүүхийн ажиллагаа явуулалгүй орхигдуулсан. Гүн-Ингүүмэл ЗБН-ийн санхүүгийн баримтыг Гүн-Ингүүмэл ЗБН-өөс гаргуулж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэн, захирамж гаргасан боловч захирамжиндаа санхүүгийн баримт гэж тодруулж заагаагүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Б.Хасгэрэлийн хуваарьт хөрөнгөөр тогтоосон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгат гудамжны 77 дугаар байрны 2 тоот орон сууцыг 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бусдаас худалдаж авсан бөгөөд эзэмшигчээр нь Б.Хасгэрэл бид хоёр хамт бүртгүүлсэн. Энэхүү баримт хэрэгт авагдсан. Уг орон сууцыг анх Б.Хасгэрэлийн ээж бидэнд хуримын бэлэг болгон өгсөн орон сууцыг худалдан борлуулж, худалдан борлуулсан мөнгөн дээр дахин мөнгө нэмж, худалдан авсан орон сууц юм. Гэтэл шүүхээс энэхүү үйл баримтыг үл хайхран Б.Хасгэрэлийн хуваарьт хөрөнгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй. Бидний охин Х.Цэрэнчимэг нь насанд хүрсэн бөгөөд өөрт оногдох хөрөнгийг шүүхээр тогтоолгохоор бие даасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг надаар дамжуулан шүүхэд гаргасан хэдий ч шүүгч хүсэлтийг хангаагүй орхисон нь охин Х.Цэрэнчимэгийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Д.Буянхишиг намайг болон миний өмгөөлөгчийг хуралд биечлэн оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал шүүгчийн туслах надад 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр утсаар шүүх хурлын товыг мэдэгдэхдээ 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт болно гэсэн. Гэвч шүүх хурлын цаг гэнэт өөрчлөгдөж, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэлгүй хурлыг өглөөний 09:00 цагт эхлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хурлын товыг урьдчилан мэдэгдэх хуулийн заалтыг зөрчсөн. Дээрх байдлаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчмаа алдаж, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй зэргээс шүүхийн шийдвэр хууль бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг хариуцагч Б.Хасгэрэлд холбогдуулан гаргасан, харин  хариуцагч Б.Хасгэрэл нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 77 дугаар байрны 2 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэр бүлийн холбогдолтой маргаан нь гэрлэлтийн харилцаанаас үүсдэг тул гэрлэлтийн гэрчилгээний хуулбар байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн. /2хх-ийн 34/

Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь нэхэмжлэлдээ ...мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуулийн дагуу хуваан шийдвэрлэж өгнө үү гэсэн тодорхой бус шаардлага гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд ямар үл хөдлөх ба хөдлөх хөрөнгүүд хамаарах болон тэдгээрээс өөрт ногдох хэсгийг мөнгөн дүнгээр бүрэн тодорхойлж нэхэмжлэл гаргаагүй байхад хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 57 дугаар зүйлийн 57.1, 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт тус тус нийцээгүй.

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус шүүхэд хүсэлт гаргасныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан нэхэмжлэл, эсхүл нэхэмжлэлээ өөрчилсөн эсэхийг тус тус шүүх тодруулалгүй орхигдуулсан, хуульд заасан журмын дагуу талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй байна. /хх-ийн 15-17, 24-26/

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 77 дугаар байрны 2 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Буянхишиг, Х.Цэрэнчимэг нар байх бөгөөд хамтран өмчлөгч Х.Цэрэнчимэг нь өөрт ногдох эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхийг нэхэмжлэгч Д.Буянхишигт итгэмжлэлээр олгосон байхад шүүх нэхэмжлэгч Д.Буянхишиг нэмэлт шаардлага гаргасан гэж буруу дүгнэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болсноос гадна Х.Цэрэнчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч Б.Хасгэрэлийн гаргасан ...уг орон сууцыг хуваарьт өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу болжээ.

Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамжны 16 дугаар байрны 10 тоот орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж маргадаг ба үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны өмчлөгчийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шүүх үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн бүртэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Буянхишигийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ