Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2018/00621/и |
Дугаар | 896 |
Огноо | 2018-08-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 896
2018 оны 08 сарын 14 өдөр |
| Дугаар 151/ШШ2018/00896 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 74 дүгээр байр, 34 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Бүгд Найрамдах Солонгос улсын Гёнги аймаг, Хуасонг дүүрэг, Би унг хороо 178 байр, 403 тоотод түр оршин суух, Б.Б -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 19 дүгээр байр, 34 тоотод оршин суух, Н.Б,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 19 дүгээр байр, 34 тоотод оршин суух, Н.Б нарт холбогдох
7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагч Н.Б, хариуцагч Н.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Бын өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчээс 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарын ээж болох З.От 7.000.000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй бөгөөд эд зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагддаг. Энэ хүрээнд З.Оийн эзэмшиж байсан Хаан банкны 5721361495 тоот дансруу 7.000.000 төгрөгийг Баттуул шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нас барсан бөгөөд тухайн үүргийг түүний өв хүлээн авагч нар хариуцахаар болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс тогтоосон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй бөгөөд Н.Б, Н.Б нар түүний өвлөгч буюу өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тогтоосон. Түүнчлэн тухайн 7.000.000 төгрөгийг хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шаардсан боловч шүүхээс нэхэмжлэл
гаргах эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба Б.Быг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан гэж үзэхээр байна. Иймд тухай зээлийн гэрээний үүргийг түүний өв хүлээн авагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 2 дугаар сард намайг Солонгос улсад байж байхад дүү залгаад надад мөнгөний хэрэг боллоо 7.000.000 төгрөг зээлээч гэхээр нь хүүрүүгээ ярьсан. Манай хүү Солонгосоос Монголд ирсэн байсан. Би хүүдээ мөнгө төгрөгийн боломж байвал мөнгө зээлээч гэж ярьсан. Манай хүү эгч рүү яриад тэр мөнгийг шилжүүлээд туслаад өгье гэсэн. Эргээд хүүтэйгээ ярихад мөнгө шилжүүлсэн шүү ээж гэж хэлсэн. Би 2014 оны 4 дүгээр сард ирэхэд манай хүү мөнгө шилжүүлсэн байсан. Тийм л үйл явдал болсон. Миний хүүгийн мөнгө, худалдаа хөгжлийн банкны данснаас 7.000.000 аваад, авсан өдрөө Оюунтунгалаг руу шилжүүлсэн байна лээ. Хадгаламжийн дэвтрийг нь би саяхан юм ухаж байгаад олж авсан. Дэвтрээр бол 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр мөнгөө авч шилжүүлсэн байдаг юм байна лээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр Баттуул болон Оюунтунгалаг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч Оюунтунгалаг нь нас барсан учраас түүний хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуульд зааснаар өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд бусдад өгөх үүргийг гүйцэтгэх байгаа. Энэ хүрээнд Н.Б, Н.Б нарыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү 7.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй, эд зүйлийг шилжүүлснээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг энэ үүднээс зээлийн гэрээний харилцаа байна гэдэг байдлаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-д заасан шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээл авсан гэж мэдэхгүй. Авсан байлаа ч авсан мөнгийг яаж зарцуулсныг мэдэхгүй байна. Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Өвлөж авсан хөрөнгийн хэмжээнд төлүүлэхийн тухайд ярьж байна. Надад одоогоор төлөх мөнгө байхгүй. 7.000.000 төгрөгийг зээлсэн гээд байна. Зээлийн гэрээ байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Н.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 7.000.000 төгрөгийг шилжүүлснээр хэлцэл хийгдсэн гэж үзээд байгаа. 7.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Энэ баримтаар Иргэний хуульд заасан зохицуулалтаар л зээлийн гэрээний хэлцэл хийгдсэн гэж үзэж нэхэмжлээд байгаа. Энэ мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч талаас нотолсон зүйл байхгүй байгаа. Талийгаач нар зуурдаар нас барсан учраас хүүхдүүддээ мөнгөний асуудал байгаа талаар хэлсэн зүйл байхгүй. Өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцна гэсэн зохицуулалт байгаа бөгөөд өвлөгдсөн хөрөнгө бол Оюунтунгалаг, Нацагдорж гэдэг 2 хүнийг хөрөнгийг хүүхдүүд нь өвлөж авсан. 2 хүний хөрөнгийг өвлөж авсан байхад ганцхан
Оюунтунгалагийн хөрөнгөөр ингэж гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага хэнээс хэдэн төгрөг гаргуулах гэж байгааг хэлсэнгүй. Хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцуулах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой. Ямар учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байна. Иймд 7.000.000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх, Б.Бын талийгаач З.Оийн хууль ёсны төлөөлөгч нараас 7.000.000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
З.Оы нэхэмжлэл гаргах эрх нь Б.Бын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн мөн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр олгосон итгэмжлэлээр тодорхойлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун “...өөрийн хүүгийн нэрийн өмнөөс төрсөн дүү талийгаач З.От зээлүүлсэн 7.000.000 төгрөгийг талийгаачийн хууль ёсны өвлөгч Н.Б, Н.Б нараас Баттуулын хадгаламжийн дэвтэр, ХААН банкны шилжүүлгийн баримт болон талийгаач З.Оийн ХААН банк дахь дансны хуулгын баримтыг үндэслэн шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Б “...зээл авсан, зээлийн гэрээ байгаа эсэх талаар мэдэхгүй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж байгаа. 7.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөний баримт байдаг боловч ямар зорилгоор шилжүүлсэн талаар баримт байдаггүй. Талийгаач нь өөрөө авто ослоор нас барсан учраас 7.000.000 ямар зорилгоор шилжүүлсэн талаар хүүхдүүддээ хэлсэн зүйл байдаггүй. Мөн энэ хэрэг дээр өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцна гэсэн. Энэ талаар иргэний хуульд заасан байдаг боловч дээрх хөрөнгө нь Оюунтунгалаг, Нацагдорж гэсэн гэр бүлийн 2 хүний хөрөнгөөс гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж байх шиг байна. Хэнээс хэдэн төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй мөн хэн нь хэдий хир төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө өвлөн авсан нь тодорхойгүй нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн 2014 оны 2 дугаар сард
7.000.000 төгрөгийг авсан байдаг. Хэрэв хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг. Энэ хугацаа дуссан байна гэв.
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу үнэлсэн болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
281 дүгээр зүйлийн 281.2 дахь заалт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”,
282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
Зээлийн харилцаа нь зээлдэгч болон зээлдүүлэгч хэмээх үндсэн субъектын хооронд үүсэж, улмаар зээлийн эрх зүйн харилцаанд оролцож, харилцан эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээж үүсдэг юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Б.Б /зээлдүүлэгч/, З.Оюунтунгалаг /зээлдэгч/ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Б.Бын Худалдаа хөгжлийн банкны дэвтрийн хуулбараар тус банкны 464010912 дугаар дансанд 7.000.000 төгрөг байсан, 2014 оны 2 дугаар сарын 11-ны өдөр зарлага хийж авсан болох, мөн З Оийн ХААН банкны 5721361495 дугаар дансны хуулгаар тус мөнгийг шилжүүлсэн гэх үйл явдал тогтоогдож байх хэдий ч зээлүүлсэн гэх үйл явдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй талийгаач З.Оийн ХААН банкны дансны хуулгын баримтын гүйлгээний зарцуулалтаас дүгнэхэд зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал: “Б.Бд хүү төлсөн байдал, зээлээ буцааж төлөх төлбөрийн чадвартай байсан эсэх, ямар нэгэн үүрэг хүлээсэн гэх үйл явдал” тогтоогдохгүй байна.
ХААН банкны дансны хуулгын баримтын гүйлгээний утга хэсэгт “Баттуул” гэж бичигдсэн байдлыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн, “мөнгө шилжүүлсэн” байдлыг Иргэний хуулийн 282.2-д заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун “Б.Б З.Оюунтунгалагт мөнгө зээлүүлсэн” гэж тайлбарлаж байх хэдий ч зээлийн зориулалт, ямар хугацаатай, хариу төлбөртэй зээлүүлсэн, зээлсэн гэх үйл явдлыг нотлоогүй болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Бын Н.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан 7.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ