Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00735

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын VI сургуульд холбогдох 

Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын VI сургуулийн захирлын 2020.03.17-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/12 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Б.Барсболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2019.08.29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын VI сургууль хоёр багшийн сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын зарыг 6 дугаар сургуулиас шилжиж явсан Ц.Нямцэцэг багшаас сонссон. 2019.08.29-ний өдөр сонгон шалгаруулалтад ороод нэгээр гарч тэнцсэн. Захирлын өрөөнд ороход 09 дүгээр сарын 01-ний өдөр бэлэн бай гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. 2019.09.01-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Тухайн өдөр ирэхэд таван багшийн хувиар хийсэн маргааш 2019.09.02-ны өдрөөс эхлэн сургалтынхаа үйл ажиллагаа явуулаарай гэж хэлсэн. С.Хишигзул, н.Доржжигжид, н.Доржпалам, *******, Х.Мягмарсүрэн гэсэн таван багш дээр хувиар хийсэн байсан. Нэг багшийн цагийн норм 19 цаг байдаг. Таван багшийн цагийн норм бид нарт хангалттай буюу дунджаар нэг багшид 22-28 цаг оногдож байсан. 2019.09.02-ны өдрөөс ажлаа хийгээд хичээл сургуулийнхаа үйл ажиллагаа явуулж байтал 2019.09.05-ны өдөр сургалтын менежерийн өрөөнд дуудагдахад С.Хишигзул багш чөлөө авахаар болсон, нөхөр нь хүнд өвчтэй байгаа, 14 хоногийн дараа болон сарын дараа ирж магадгүй. Хэзээ ирэхийг нь бид нар мэдэхгүй байна. Тийм учраас шинээр багш авах шаардлага байхгүй, С.Хишигзул багшийн ажлыг шинээр орсон хоёр багш цагийг нь өөрсдийнхөө цаг дээр зохицуулаад нэмээд явж бай гэдэг үүрэг чиглэлийг захирал өглөө гэж хэлсэн. Бид хоёр ч за гэж хэлсэн. Хичээлийн хуваарь дээрх С.Хишигзул багшийн цагийг миний цонхтой цаг дээр доошоо буулгаад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Миний үндсэн 28 цаг дээр С.Хишигзул багшийн 8 цаг, нийт 7 хоногийн ачаалал 36 цаг байсан. 14 хоногийн дараа ирнэ гэсэн багш ирээгүй. 10 сар гарсан. Би сургалтын менежер, хичээл зохицуулагчид хандаад энэ хүний оронд хүн авч болохгүй юм уу, миний ачаалал маш их байна гэдэг хүсэлт тавихад захирал бид нар ярилцаж байгаад наад асуудлыг чинь шийдсэн хичээл зохицуулагч н.Сарантунгалаг багш нь С.Хишигзул багшийн 18 цагийг та хоёроос аваад зааж, давхар ажил хавсран гүйцэтгэнэ гэж хэлсэн. Б.Барсболд захирал 2019.10.07-ны өдрийн Б/39 дугаартай н.Сарантунгалагийг цагийн багшаар томилсугай гэсэн тушаал гарсан. Энэ нь нотолж байгаа. н.Сарантунгалаг гэдэг хичээл зохицуулагч С.Хишигзул багшийн 18 цагийг аваад үлдсэн 10 цагийг мэргэжлийн дөрвөн багшид та нар С.Хишигзул багшийг иртэл зохицуулж бай гэдэг үүрэг чиглэлийг өгөхөд бид нар за гээд заагаад явсан. 2020.03.17-ны өдөр С.Хишигзул багш ирсэн. Б.Барсболд захирал намайг дуудаж чиний тушаал гарсан гэж хэлсэн. Яагаад гэдэг тайлбарыг асуухад би чамайг С.Хишигзул багшийн оронд авсан гэдэг тайлбарыг өгсөн. Анх энэ сургууль намайг авахдаа С.Хишигзул багшийн оронд аваагүй. Би С.Хишигзул багшийн оронд ороогүй гэдгээ мэдэж байгаа. Тухайн сургуулийн бүх багш нар намайг С.Хишигзул багшийн оронд аваагүйг мэдэж байгаа. Б.Барсболд захирал гэнэт тийм шийдвэр гаргасан. Намайг С.Хишигзул багшийн оронд орсон гэдэг тайлбарыг хэлээд эвлэрч чадахгүй. Шүүхэд хандах болсон. Миний хувьд боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна. Би Ховд аймгийн Үенч суманд ажиллаж байгаад шилжин ирж ажилласан. Үнэхээр хүний оронд ажиллахаар байсан бол би ажлаа хаяад наашаа ирэхгүй байсан. Би хүний хоолтой булаацалдах тийм тэнэг хүн биш. Би С.Хишигзул багшийн оронд анхнаасаа ороогүй. Хариуцагч тал С.Хишигзул багшийн оронд орсон гэдэг үгэндээ бүүр итгэсэн чи хүний хоолыг булаах гэж байна гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Хариуцагч талд тамга, тэмдэг нь өөрсдөд нь байдаг учраас дандаа худал хуурмаг тушаал шийдвэр гаргаж өгч байгаа. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна, надад улаан тамга, тэмдэгтэй ном олдохгүй. Яагаад гэхээр намар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад захирлын баталсан хичээлийн хуваарийг бүх багш нар канондаж авах эрхтэй. Улаан тамгатайг бүх багш нар авах эрх байхгүй. Тэр сургуульд ганц хувь үлддэг. Сүүлд хариуцагч талаас хичээлийн хуваарь гаргуулъя гэдэг хүсэлт гаргахад Ц.Нямцэцэг гэдэг шилжээд явсан хүнийг нэмэлтээр нүд нэмж оруулж ирсэн. Ц.Нямцэцэг багш шилжээд явсан байхад эргээд 2020.03.17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажилдаа орсон, 2020.04.01-ний өдөр дахиад чөлөө авлаа гэдэг хуурамч тушаал гаргаад хүүхдийн тоглоом шиг юм хийсэн. Тушаалыг өөрийнхөө гарын үсгээр тамга тавиад гаргаад байдаг. Би Ц.Нямцэцэг багштай өөртэй нь холбогдоход одоо Дотоодын хэргийн их сургуулийн ахлах лицей сургуульд багшилж байгаа гэж хэлсэн. Дотоод хэргийн их сургуулийн лицей сургуулийн захирал хурандаа н.Баатарбилэг гэдэг хүнтэй холбогдож өөрийнхөө асуудлыг ярихад Ц.Нямцэцэг багш 2019.08.26-ны өдрөөс хойш манай сургуульд ажиллаж байгаа гэсэн албан бичгийг ирүүлсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020.03.17-ны өдрийн Б/12 дугаар *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн миний 2019.09.01-ний өдрөөс 2020.03.17-ны өдрийг хүртэлх ажилласан хоногийн амралтын мөнгийг гаргаж өгсөн. Тиймээс 2020.03.17-ны өдрөөс хойших амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд Түүх, нийгмийн ухааны багшийн 4 орон байдаг. С.Хишигзул, Ц.Нямцэцэг, н.Доржпалам, н.Доржжигжид гэсэн 4 үндсэн багштай. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан тодорхой шалтгааны улмаас чөлөө, ээлжийн амралт гэх мэт зүйлийг авч болдог. Энэ тохиолдолд ажил олгогч этгээд тухайн ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д зааснаар зохицуулагдаж байгаа харилцаа. Үндсэн ажилтан тодорхой шалтгааны улмаас ажил албан тушаалаа гүйцэтгээгүй байгаа тохиолдолд тухайн ажилтны ажил албан тушаалыг өөр нэг ажилтнаар орлон гүйцэтгүүлдэг. С.Хишигзул, Ц.Нямцэцэг гэдэг хоёр багш ар гэрт нь гачигдал гарсан шалтгаанаар 2019.09.02-ны өдрөөс чөлөө авсан. С.Хишигзул багш удаа дараа чөлөө авч байгаа. С.Хишигзул багшийн удаа дараа захиргааны чөлөө аваад байгаа шалтгаан нөхрийнх нь бие муудангуут чөлөө авдаг. Тухайн хүний ажлыг нэг хүнээр хийлгэх шаардлага гарна. С.Хишигзул, Ц.Нямцэцэг гэдэг хоёр багш чөлөө аваад тухайн түр ажлын байранд хоёр хүн авч ажиллуулах шаардлага үүссэн. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтын дүнгээр гарсан хоёр багшийг чөлөө авсан хоёр багшийн оронд томилж ажиллуулсан. Чөлөө авсан шалтгаан нь арилаад ажилдаа буцаж орохыг хүсвэл эргэж орох эрх нь нээлттэй. С.Хишигзул, Ц.Нямцэцэг багш нар үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах болно гэдэг асуудлыг ярихад Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал тушаал гаргаж үндсэн ажилд нь томилсон. Үндсэн ажилтан ажилдаа орж байгаа тохиолдол түр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох эрх зүйн харилцаа үүснэ. Үүний дагуу тушаал гарсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар байнгын ажлын байранд томилогдон ажилласан. Тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан гэдэг үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байсан. Ажлын байрны тухайд байнгын ажлын байр мөн байгаа. Байнгын ажлын байр учраас үндсэн ажилтны ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн тавиад байгаа урьд эрхэлж байсан түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Энэ шаардлагыг биелүүлбэл С.Хишигзул гэдэг үндсэн ажилтан Хөдөлмөрийн хуульд зааснаас гадуур ажлаасаа халагдах эрх зүйн үр дагавар үүснэ. Үндэслэл муутай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Боржигон овогт Дандийхүүгийн Отгонзаяаг Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,746,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас 2020 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 686,237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 183-185 хуудсанд авагдсан гэрч Т.Цэвэлмаагийн мэдүүлгийг нотлох баримтаас хасч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн  хураамж нийт 150,122 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний хувьд 2019.08.29-ний өдөр Ховд аймгийн 6 дугаар сургуулийн зарласан Нийгмийн ухааны багшийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж 1-р гарч тэнцэн ажилд орсон. Энэ орон тоо бол үндсэн, багшийн орон тоо байсан бөгөөд анх надтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. 2019.09.01-ний өдрөөс эхлэн 5 багшийн хуваарь хийгдэж хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл 2019.09.05-ны өдөр багш ар гэрийн гачигдлаар гэнэт чөлөө авсан. Чөлөө авсан багш хэзээ ч ирж магадгүй учир өөр хүн авахгүйгээр сургууль дотооддоо зохицуулалт хийнэ гэж хэлээд хичээл зохицуулагч Н.Сарантунгалагт чөлөө авсан багшийн 18 цагийг өгч ажил хавсран гүйцэтгүүлсэн. Үлдсэн 10 цагийг мэргэжлийн 4 багшид хувааж өгсөн. Чөлөө авсан багш 2020.03.17-ны өдөр ажилдаа орох хүсэлт өгөхөд намайг ажлаас гэнэт халсан. Үндэслэл нь чөлөө авсан багшийн оронд түр ажиллуулж байсан гэж худал тайлбар өгсөн. Гэвч үнэндээ чөлөө авсан багшийн цагийг хичээл зохицуулагч Н.Сарантунгалагт өгч ажил хавсран гүйцэтгүүл гэсэн. С.Барсболд захирлын 2019.10.07-ны Б/39 тоот тушаал нь нотолж байгаа. Миний хувьд анхнаасаа чөлөө авсан багшийн оронд ороогүй, ажилд авсан тушаал нь ч гэсэн хүний оронд түр авав гэсэн тушаал байхгүй. Ингээд намайг үндэслэлгүйгээр 2020.03.17-ны өдөр халчхаад мөн оны буюу 2020.09.01-ний өдрөөс 2 үндсэн багшийн орон тоо зарлаж 2 багш ажилд авсан нь үндсэн орон тоо байсаар байтал үндэслэлгүйгээр ажлаас халсныг нотолж байна. Мөн С.Барсболд захирал нь албан тушаал, тамга тэмдгээ ашиглан худал хуурмаг баримт бичгийг үйлдэж байгаа. Энэ хүний буруутай шийдвэрээс болж миний хувьд сэтгэл санаа, эд хөрөнгийн маш их хохирол амсаж, 2 өнчин хүүхдээ тэжээж чадахгүйд хүрч байна. Иймээс намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, тасарсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 43 дугаар магадлалыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ...*******г С.Хишигзул багшийн оронд түүх, нийгмийн ухааны багшаар ажиллуулахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй багш сонгон шалгаруулах комисс шийдвэрлэж, гишүүд гарын үсэг зурсан байна, ...2019.09.02-ны өдрийн Б/30, Б/32 дугаартай тушаалаар Х.Мягмарсүрэн, ******* нарыг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар түр томилжээ, Багш С.Хишигзул нь 2020 одоо ажиллаж байгаа тогтоогдож байна гэж дүгнэжээ. Хариуцагчаас Комиссын хурлын тэмдэглэл-ийг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч ******* нь намайг анх ажилд авахдаа багш С.Хишигзулын оронд түр хугацаагаар ажиллуулна гэж мэдэгдээгүй, комисс ийм шийдвэр гаргаагүй, ажил олгогчийн хувьд байгууллагын захиргаа учир баримтыг ийм байдлаар үйлдэж гаргаж өгөх боломжтой гэж нотлох баримтыг үгүйсгэн тайлбарладаг. Нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн захирлын 2019.09.02-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Түүх, нийгмийн ухааны багшийн ажилд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн түр хугацаагаар томилсон. Хөдөлмөрийн харилцааг үүсгэсэн дээрх тушаал нь түр хугацаагаар гэсэн байх боловч С.Хишигзул багшийн чөлөөний хугацаанд ажиллуулах" гэсэн утга агуулгыг илэрхийлээгүй байдаг. Мөн талуудын хооронд 2019.10.15-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 2.10-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2019.10.15-ны өдрөөс хойш гэрээний биелэлт хангалтгүй үнэлгээтэй байх хүртэл гэрээ хугацаагүй байхаар талууд харилцан тохиролцож байгуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай ажилдаа эргэж орох хүртэлх хугацаагаар ... хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хууль зүйн үндэслэлүүдийг зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг онцлогтой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажилд анх томилсон болон чөлөөлсөн тушаалуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хурлын тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт хийсэн байна. *******г ажлаас чөлөөлсөн Захирлын 2020.03.17-ны өдрийн Б/12 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-ыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд бий болсон байхыг шаардана. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн тайлбарлаад байгаа үйл баримт үгүйсгэгдэж байхад Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбартай холбоотойгоор бүрэн гүйцэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судалж дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг шинжлэн судлах журмыг зөрчсөн байна. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын VI сургуулийн захирлын 2020.03.17-ны өдрийн *******г ажлаас чөлөөлөх тухай Б/12 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *******г чөлөөтэй байсан С.Хишигзул багшийн оронд түр авч ажиллуулсан, гэрээ дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх *******г ажлаас чөлөөлөх тухай 2020.03.17-ны өдрийн Б/12 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ... ажилд нь эгүүлэн тогтоож, ... хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,746,991 төгрөг болон 2020 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 686,237 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд 2019 оны хичээлийн жил эхлэхэд тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Нямцэцэг, С.Хишигзул нар нь ар гэрийн гачигдлаар чөлөө авахаар болсон тул 2019.08.30-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, Х.Мягмарсүрэнг Ц.Нямцэцэг багшийн оронд *******г С.Хишигзул багшийн оронд түүх, нийгмийн ухааны багшаар түр ажиллуулахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй багш сонгон шалгаруулах комисс шийдвэрлэж, сургуулийн захиралд танилцуулан захирал Б.Барсболд болон комиссын гишүүд гарын үсэг зурж тэмдэглэл үйлдсэн байна.

Сургуулийн захирлын 2019.09.02-ны өдрийн Б/27, Б/28 дугаартай тушаалаар түүх, нийгмийн ухааны багш Ц.Нямцэцэг, С.Хишигзул нарт чөлөө олгож, мөн өдрийн Б/30, Б/32 дугаартай тушаалаар Х.Мягмарсүрэн, ******* нарыг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар түр томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэл болгожээ.

Түүх, нийгмийн ухааны багш Ц.Нямцэцэг, С.Хишигзул нар нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул тус сургуулийн захирлын  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12, Б/13, Б/14 дугаартай тушаалаар түр ажиллаж байсан Х.Мягмарсүрэн, ******* нарыг чөлөөлж, багш Ц.Нямцэцэг, С.Хишигзул нарыг ажилд нь эгүүлэн томилсон, багш С.Хишигзул нь 2020 оны 3 сард 5 хоног ажилласан ба 4, 5, 6 дугаар саруудад бүтэн ажиллаж цалин хөлс авсан, одоо ажиллаж байгаа болох нь тус сургуулийн цалин олгосон тухай хүснэгт, багш нарын цагийн тооцооны хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019.10.15-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нийтлэг үндэслэлийн төгсгөл хэсэгт ... нар нь тохиролцож энэхүү хөдөлмөрийн гэрээг түр байгуулав гэсэн байна. /Iхх-7/

Иймээс ажил олгогчийн дээрх дурдсан тушаал, шийдвэрүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий гэж үзнэ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнийг дуусгавар болгосон үндэслэл нь ажлын байр нь хуульд зааснаар хадгалагдаж байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан байх тул ...хөдөлмөрийн гэрээ, ажилд анх томилсон болон чөлөөлсөн тушаалуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД