Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

2019           7            18                                              2019/ДШМ/737                                   

 

 

П.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Э.Ундраххэрлэн,

          шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргал, Д.Очирдорж,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Год холбогдох 1903 0023 40152 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Олхонууд......

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 493 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

П.Г нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн зүүн замд “Nissan Caravan” загварын, ........ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: П.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн Пүрэвдоржийн Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, П.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа болно. Тэрээр талийгаачийн төрсөн хүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баасанхүүд оршуулгын зардал 7.600.000 төгрөг, санамсар болгоомжгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж хохирогчийн ар гэрт өөрийн боломжоор 11.600.000 төгрөг, нийт 19.200.000 төгрөгийг хохиролд тооцон төлж барагдуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийн зүгээс П.Гыг нэгэн адил бараа түгээлтийн ажил хөдөлмөр эрхэлдэг, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байгааг ойлгон хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн. Мөн эрх бүхий үнэлгээний байгууллагуудын гаргасан үнийн дүнгээр иргэний нэхэмжлэгч 28 дугаар сургуульд 250.750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Баяраад 950.000 төгрөг, А.Насанжаргалд 1.373.200 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан. Анхан шатны шүүх П.Гыг гэмт буруутайд тооцохдоо эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа талийгаачийн ар гэрт туслалцаа үзүүлж, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэсэн бөгөөд П.Г нь анх удаа санамсар болгоомжгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн гэм буруу болон нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоож, зөв дүгнэсэн. П.Гын хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт өөрийн болгоомжгүй байдлын улмаас холбогдсон. Өөрийн бурууг ухамсарлаж маш ихээр гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Хохирогчийн ар гэрийнхэнд өөрийн боломжоор туслаж, цаашид туслахаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэх боломжтой учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Шүүгдэгчин өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэх гомдол, тайлбарыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

П.Г нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн зүүн замд “Nissan Caravan” загварын, 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 1 дүгээр бүлгийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.Ц-г мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баасанхүүгийн “...миний ээж “Алтай” хотхоноос 28 дугаар сургууль орж, дүү Б.Ичинхоролынхоо хүүхдийг авахаар ганцаараа явж байгаад золгүй байдлаар осолд орж амь хохирсон. ...” /хх 66/,

П.Гын 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаар өгсөн “...би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...болсон явдалд маш их гэмшиж, харамсаж байна. ...” /хх 171/,

гэрч А.Насанжаргалын “...би машиндаа суугаад түлхүүрээ түлхэх гэтэл тар түр хийх чимээ гарсан бөгөөд буугаад харахад ард зогсож байсан цагаан өнгийн “Nissan Caravan” загварын, 40-39 УБҮ улсын дугаартай автомашин миний ард зогсож байсан “Toyota Prius” загварын автомашин болон миний жолоодож явсан “Toyota Premio” загварын автомашин, сургуулийн хашааг мөргөөд зогссон. ...талийгаач эмэгтэй автомашинд дайруулсан байдалтай “Nissan Caravan” загварын автомашины доор хэвтэж байсан. ...” /хх 93-95/,

иргэний нэхэмжлэгч Ц.Баяраагийн “...машинаасаа буугаад араар нь тойроод очтол “Nissan Caravan” загварын, 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч жолоочийн эсрэг талын хаалгаар бууж ирээд хаазаа андуураад гишгэчихлээ гээд миний араар тойрч, автомашины урд талд гарсан бөгөөд тэр үед хүн дайруулсныг мэдсэн. ...” /хх 45/,

иргэний нэхэмжлэгч Г.Анударийн “...манай байгууллагын 2х1.6 м.кв хэмжээтэй 2 хашааг мөргөж гэмтээсэн. 1 хашаа нь 133.184 төгрөг, нөгөө хашааны үнэ 266.368 төгрөгийн хохирол учирсан. ...” /хх 37-38/ гэх мэдүүлгүүд,

“...Б.Ц- нь амь насыг аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 663 дугаартай дүгнэлт /хх 149-150/,

“...Nissan Caravan” загварын, 40-39 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодсон П.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалтын а,  1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт, 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт”-ыг зөрчсөн гэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх 158-159/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 107-112/, /хх 116-117/, /хх 123-125/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-22/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 48/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Жолооч П.Г нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, явган зорчигч Б.Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Гыг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргал “...П.Гын хувийн байдал болон бодит хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Уг зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй бөгөөд харин шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс П.Год оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч П.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН