Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1603

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УХНТС-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, УХНТС гийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.420.860 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн төлөөлөгч Г.Нацагдорж, гэрч Ж.Энхтуяа, Ц.Бямбаа, Э.Тайванжаргал, Э.Энхбаатар, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Э  нь тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон бөгөөд тэгэхдээ ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Шинэ захирал болох Д.Индра нь 2 сард томилогдож ирсэн. Ирсэнээс хойш захиргааны дарамтыг ямар нэгэн байдлаар учруулах болсон.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байсан. Цайны цагаар буюу 13:00-14:00 цагийн үед байгууллагын ахмад ажилтан болох Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар ирэхдээ тооллого хийж байсан хүмүүс рүү бууз, чихэр, архи, кофе авч ирсэн байсан.

Тухайн үед архи авч ирснийг Д.Э  мэдээгүй. Тухайн үед бууз жигнэх том тогоо байгаагүй учир жижиг өндөг чанагчийн тогоонд 4, 4 ширхэгээр жигнээд идэж дууссаны дараа тухайн 2 ахмад настан цүнхнээсээ архи гаргаж ирсэн.

Тухайн үед ажилтай байсан учир архинаас амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн.

Нэхэмжлэгч Д.Э  нь тэр архиас амсаагүй. Учир нь бие физиологийн асуудалтай байсан. Энэ хүн зүрхний хэм алдагдалтай. Жирийн үед зүгээр байдаг. Харин согтууруулах зүйл амссанаар зүрхний хэм алдагдаж ухаан алдаж унадаг. Анх 2014 онд баяр тэмдэглэж байгаад ухаан алдаж, өөрийгөө зүрхний хэм алдагдалтай гэдгийг мэдсэн. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэж байгаагүй.

Тэнд нийт 12 хүн байсан. Түүнээс 10 нь тухайн үед ажил хийж байсан. 2 нь өндөр настан байсан. Түүнээс уух нь ууж, амсах нь амсаад, ёслоод өгсөн. Шилтэй архийг уусан асуудал байхгүй. Учир нь тэр өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа “Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж Хүний нөөц Ж.Золбоот утсаар ярьж байна гээд явсан. Тухайн 2 ахмад ажилтан архиа авч яваад бид нар ажлаа хийж байтал Хүний нөөц Ж.Золбоот орж ирэн нэг ч үг ярилгүй орж ирээд гарсан. Ингээд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж түүнээс архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн.

Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр фондод орж ирэн Ц.Цэрэннадмид, н.Шинэцэцэг, Энхмаа нарыг төвөөс дуудаад байна, та нар хүрээд ир, хамт явъя гэх асуудлыг тавьсан.

Тухайн үед Л. Шинэцэцэг байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Бямбаа тэдэнтэй хамт авч явсан.

Хэсэг хугацааны дараа Ц. Бямбаа ном бүрдүүлэгч н. Дэлгэрмөрөнгийн утсаар залгаж Д. Энхтуяатай ярьж, “Индра та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийн бичиж өг гээд загнаад байна . Би юу бичих юм бэ? гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн.

Хэсэг хугацааны дараа н.Бямбаа залгаад н.Тайванаа дарга, н.Цэцэгмаа эгч та гурвыг голлож асуугаад байна. Миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг л байна гэсэн. Тиймээс энэ нь анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлыг тавьж байсан нь харагдаж байна.

Бүгдээрээ ярилцаад бидний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон захирал н.Индратай очиж уулзаж учраа ололцъё гээд 17 цаг 30 минутын үед төв номын сан дээр ирсэн.Очиход үүдний өрөө нээлттэй байсан бөгөөд захирал Д.Индра тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас та нарыг хүлээж авахгүй гэсэн.

Тэгээд араас нь дагаж өрөөнд нь ортол нарийн бичгээ дуудаад жижүүрээ дуудаад эд нарыг хөөж гарга гэсэн.

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх салбарын эрхлэгч Э.Тайванжаргалыг дуудаж уулзаад “Энхбаатар, Энхтуяа, Тайванжаргал гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа. Гэхдээ өөрийн чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Тайванжаргал захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Д.Индра өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд. Яагаад Д.Э , Э.Энхбаатар нарыг хамгаалаад байгаа юм. Энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд Эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20 хувь хасуулах сонголт өглөө. Өөрөө сонго гэхэд нь хамт л байсан, адилхан шийтгэл авъя. Гэхдээ ямар ч шийтгэл байсан би хүлээн зөвшөөрөхгүй ээ гээд өрөөнөөс нь гарсан.

Тэнд байсан 10 хүний гурав нь буюу Э.Энхбаатар, Д. Энхтуяа, Э.Тайванжаргал нар ажлаас халагдаж гурав нь буюу Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, дөрөв нь буюу н. Батбаяр, Ц.Цэрэннадмид, н.Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэн.

Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш буюу нийт ажлын 65 хоног, үүнийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 2, 3, 4 сарын цалингийн дунджаас тооцоход нэг сард 800.757 төгрөг, нэг өдөрт 37.244 төгрөг, нийт 2.420.860 төгрөг гарч байгаа тул үүнийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг иш татсан. Тушаал гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хоёрдугаарт бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл боломжоор хангасан эсэхийг үзээд шалгуур болгосон. Д.Э  нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэх боломжоор хангасан гэх зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ Д.Э  нь архинаас хамааралгүй, зүрхний хэм алддаг, архи ууж болохгүй гэж байна. Үнэндээ эрүүл хүн ч 25, 50 грамм архи уухад зүрхний цохилтод өөрчлөлт ордог.

Д.Э гийн гаргаж өгсөн баримт нь архи хэрэглээгүй болон архи уугаагүй гэдгийг нотлох баримт болохгүй.

Мөн  2014 онд ухаан алдаж унаж байсан, архинаас хамааралгүй гэж байгаа бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн бичиг гаргаж өгсөн ч хууль ёсны шаардлага хангахгүй байна.

Гэрч н.Батбаяр архи уучхаад өнөөдөр гэрчээр оролцохоос ичээд ирээгүй гэж байна. Энэ хэрэгтэй холбоотой 4 хүний нэхэмжлэл шүүхэд байгаа.

Өнгөрсөн 7 хоногт н.Энхбаатартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэгдчихсэн. Тэр хэргийг хянан хэлэлцэхэд Батбаяр гэрчээр ирж мэдүүлэг өгсөн. Тэр үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн.

Хоёрдугаарт ижил хариуцлага хүлээлгэх ёстой гэж байна. 10 хүнийг бүгдийг нь халчихвал маргахгүй гэж байна. Гэхдээ хэн халах, халагдах эсэх асуудал яриагүй. Зөвхөн тушаалын хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа. Бусдын асуудал хамааралгүй.

Гуравдугаарт эгч нь эмч гэж байна. Тиймээс тухайн баримтыг хуурамчаар хийлгэсэн байх боломжтой. Энэ баримтад 2018 оны 06 дугаар сарын 26-ны өрийн шөнийн 3 цагаас хойш зүрх дэлсэж эхэлсэн гэж байна. Өглөөний 3 цагт босч архи уугаад суусан гэдэг нь ойлгомжгүй байна. Сая хэлэхдээ өглөө 7 цагт очоод 9 цагт шинжилгээ хийлгэсэн гэж байна. Энэ нь ямар ч холбоогүй байна. Эгчээрээ л хуурамч бичиг хийлгэсэн байх. Амбулаторийн бичиг хийлгэх амархан л юм байна лээ. Хоёр хүн сууж байгаад ээлжлээд хийлгэчихдэг юм байна лээ. Бичиг нь үндсэн асуудал биш. Харин бүртгэлийн картаар баталгаажигдах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч УХНТС д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, УХНТС гийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.420.860 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан Уул дүүрэг дэх салбарын байранд архидан согтуурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

УХНТС гийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн б/19 тоот тушаалын 1 дэх заалтаар “Тус номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Дорж овогтой Энхтуяа нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Д.Нацагдоржийн нэрэмжит УХНТС гийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Э г ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “УХНТС гийн Хан-Уул дүүрэг дэх салбар сангийн байранд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, Л.Шинэцэцэг, Энхмаа, Э.Энхбаатар, Д.Э , Д.Цэцэгмаа, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар нь 1 шил чингис архи задалсан, миний бие зүрхний хэм алдах өвчтэй тул уг архинаас уугаагүй, нийт 10 хүн байхад 3 ажилтанг халсан, 3 ажилтны цалинг сарын 20 хувиар буруулсан, 4 ажилтанд сахилгын арга хэмжээ аваагүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг “УХНТС гийн Хан-Уул дүүрэг дэх салбар сангийн байранд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, Л.Шинэцэцэг, Энхмаа, Э.Энхбаатар, Д.Э , Д.Цэцэгмаа, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар нь архи ууж, архидан согтуурсан, архи уух нөхцөл боломжоор хангасан” гэж тайлбарлаж байна.

 

Талууд УХНТС гийн Хан-Уул дүүрэг дэх салбар сангийн байранд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар нь нэг жил архи авч ирж, түүнийг задалсан, мөн 10 ажилтан байсан үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан бөгөөд ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажилтны ажлаас чөлөөлөх нөхцөл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Гэтэл Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг шууд нэрлэн заагаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.2-д “Ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасныг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

Түүнчлэн УХНТС гийн Хан-Уул дүүрэг дэх салбар сангийн байранд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан гэх зөрчлийг нэр бүхий 10 ажилтан гаргасан гэх бөгөөд ажил олгогч 3 ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж халсан, 3 ажилтанд цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 4 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хэн архи уусан, хэн архи уугаагүй болохыг нотлоогүй атлаа хамт байсан 10 ажилтанд сахилгын шийтгэлийг ялгамжтайгаар ногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Энхбаатар “...Энхтуяа харшилтай гээд уугаагүй. Тэнд байсан 12 хүн бүгд уруулдаа хүргээд уугаагүй”, гэрч Ж.Энхтуяа “...Энхтуяа уугаагүй”, гэрч Ц.Бямбаа “...Би орж гарч байсан тул хэн хэн уусныг сайн мэдэхгүй”, гэрч Э.Тайванжаргал “...Энхтуяа архи уугаагүй”, гэрч О.Энхмаа “...Д.Э г архи уусныг хараагүй”, гэрч Ц.Цэрэннадмид “Би орж гарч байсан, Би сүүлийн архи задлахад орж ирээд гарсан, тэр үед Энхтуяа дарга нэг татчихаад өрсөн” гэж тус тус мэдүүлсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч архи уусан байдал тогтоогдохгүй байна.

 

Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоо архи ууж байгаа тухай мэдээлэл авч, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим УХНТС гийн Хан-Уул дүүрэг дэх салбар сангийн байранд очиж танилцсан атлаа тухай цаг хугацаанд архи уусан, болон уугаагүй албан хаагч нарын тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарны 19-ний өдрийн зөрчлийн тодорхойлолтод архи уусан бүх ажилтанд хамруулаагүй, зөвхөн зөрүүтэй мэдээлэлд үндэслэсэн уг зөрчлийн тодорхойлолт нь нэхэмжлэгч Д.Э г архи уусан болохыг нотлох нотолгоо болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Э г УХНТС гийн харьяа сонгино хайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.420.860 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж 871.526 төгрөгийг ажилгүй байсан хугацаа 54 хоногоор тооцоход 2.391.624 төгрөгийг хариуцагчаас гаргуулаж, 29.236 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Э г УХНТС гийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.391.624 төгрөгийг хариуцагч УХНТС гаас гаргуулж, 29.236 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Д.Э гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УХНТС д даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч УХНТС гаас улсын тэмдэгтийн хураамжид 53.216 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР