Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2018/01091/И |
Дугаар | 1657 |
Огноо | 2018-07-31 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 1657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58-4 тоотод байрлах Т С ХХК /РД: 5453577/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Жи бьюлдинг оффис, 501 тоотод байрлах М Г ХХК /РД: 5350182/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай Т С ХХК нь М Г ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.
Гэрээгээр М Г ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230.000.000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу М Г ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон болно. Тодруулбал, гэрээний 3.1-т “...Санхүүжилтын хуваарь дараах нөхцөлийн дагуу явагдана. Үүнд: гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа гүйцэтгэх ажлын төсвийн 10 хувь буюу 23.000.000 төгрөг, хээрийг ажил эхэлсний дараа 20 хувь буюу 46.000.000 төгрөг, хээргийн хайгуулын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй болоход 20 хувь буюу 46.000.000 төгрөг, эрдэс баялагийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57.500.000 төгрөг, нөөцийн тайлан бичигдэж дуусаад хамгаалахаас өмнө 15 хувь буюу 34.500.000 төгрөг, бүх ажил дуусаад А лиценз авсны дараа 10 хувь буюу 23.000.000 төгрөг...” гэж заасан.
Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч захиалагч буюу хариуцагч М Г ХХК гэрээний 3.1-т заасны дагуу “..Эрдэс баялагийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57.500.000 төгрөг”-ийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай М Г ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийр хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болоод байна.
Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172.500.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс М Г ХХК нь 132.500.000 төгрөгийг төлж, үлдэх 40.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж, хойшлуулсаар өдийг хүрсэн ба бид төлбөрийг үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Г ” ХХК нь “Т С ” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн.
2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан.
Гэрээний 1 дүгээр хэсэгт “Эрдэст баялгийн зөвлөл-д “Т С ” ХХК-иас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30.000.000 төгрөг. Хоёрдугаарт тайлан бичиж дуусган “Эрдэст баялгийн зөвлөл”-д хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар “М Г ” ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40 сая төгрөг. Гуравдугаарт Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас “А” лиценз гарсны дараа 15 хувь буюу 34.500.000 төгрөг. Дөрөвдүгээрт А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23.000.000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан.
Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. “Т С ” ХХК нь “ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. Ийм байдлаас болж гэрээ биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хэлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 20 гэхэд тайлан бичигдээд дуусчихсан байсан гэж хэлдэг. 2014 оны тайланг одоо ярьж байна. Яагаад тэр үедээ хүлээлгэж өгөөгүй юм бэ. 2014 оны асуудлыг 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Өнөөдрийн шүүх хуралдаанд талууд өөрсдийн тайлбараа хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд гаргаж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардаж байгаа юм байна.
Манай зүгээс гэрээ цуцлагдсан үйл баримт, гэрээний заалтын сүүлийн ажлуудыг гүйцэтгээгүй, Эрдэст баялагийн зөвлөлд тайлан өгөөгүй, хийсэн ажлын тайланг манайд өгөөгүй, А лиценз гарсан зэрэгтэй маргаагүй. Өнөөдрийн маргаж буй гол зүйл нь үндсэн гэрээний 3.1-т заасан үндэслэлээр шаарддаг.
Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн тамга, тэмдгээр баталгаажсан баримт бичиг нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байдаг. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө гэрээний үүргийг 206-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу зохих ёсоор шударгаар, хугацаанд нь гүйцэтгэх ёстой байсан. Гэвч үүргээ гүйцэтгээгүй байдал нь нэмэлт тохиролцоогоор тодорхойлогддог. Үүнд бичээгүй 07 дугаар сарын 25-ны өдөр тайлан бичигдээгүй байсан гэх үйл баримт талуудын гарын үсэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгчийн асуусан асуултад 07 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн үед тайлан бичигдсэн байсан гэж тайлбарладаг.
Гурван өөр тайлбарыг шүүхэд гаргаж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тохиролцсон гэрээний заалтаас тохиролцсон нөхцөлөө өөрчилсөн байдаг.
Талуудын өмнөх үүргийг солиход тохиролцсон гэж тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл өмнөх гэрээг бичих үед, тайлан бичсэний дараа, хамгаалахаас өмнө гэх нөхцөлүүд байгаа. Нэмэлт нөхцөл дээрээ тайлан бичиж дуусаж, Эрдэст баялагийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн байх, өгсөн нөөцийн тайланг хэвлэмэл байдлаар захиалагчид хүлээлгэн өгсний дараа 40.000.000 төгрөгийг өгөх үүрэг нь үүргийн зохицуулалтаар үүрэг үүсч байгаа.
Өнөөдрийн хуралдаан дээр хэвлэмэл байдлаар хүлээлгэж өгсөн гэх үйл баримт нотлогдсонгүй. Мөн үүний өмнөх гүйцэтгэгчийн үүрэг болох Эрдэст баялагийн зөвлөлд материалыг хүлээлгэн өгсөн байхыг шаардсан гэрээний үүрэг хэрэгжээгүй байна. Хуульд үүргийн дэс дараалал гэх зохицуулалт байгаа.
Үүний дагуу эхэлж Эрдэст баялагийн зөвлөлд хүлээлгэж өгч, дараа нь захиалагчид хүлээлгэн өгч, түүний дараа захиалагч үүрэг гүйцэтгэгчид 40.000.000 төгрөгийг өгөх үүрэг үүснэ.
Иргэний хуулийн 343.1-т заасан нөхцөл нь ажлын гүйцэтгэлийн үр дүнг шаардсан. Гэрээ байгуулсантай маргаагүй. Харин Иргэний хуулийн 343.2-т заасны дагуу гүйцэтгэсэн үр дүн нь “А” лиценз гэж тайлбарлагдана. Гэхдээ уг ажил нь хэсэгчилсэн хэлбэртэй гэж талууд тохиролцсон байгаа учир бид зөвхөн нөөцийн тайланг Эрдэст баялагийн зөвлөлд хүлээлгэн өгөх дээр сүүлийн хийгдсэн ажлын үр дүн маргаангүй байгаа ч уг ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу маргааны зүйл болоод байгаа хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэг нь хуулийн заалтаар тодорхойлогдчихсон байхад, энэ үүрэг биелэгдээгүйг нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Мөн нэгэнт гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээ цуцлагдсан, үүнтэй маргаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа Иргэний хуулийн 343, түүний үндэслэл болж байгаа гэрээний 3.1, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т С ХХК нь хариуцагч М Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Мөнгөн гүүр ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгөөгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хайгуулын ажлын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр хайгуулын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хайгуулын ажлын гэрээний 3 дугаар зүйл /төлбөрийн нөхцөл/-д нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 132.500.000 төгрөгийг төлсөн байна. /Талууд маргаагүй болно/.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэрээний 3-д заасан ажлаас хээрийн ажил, хээрийн хайгуулын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дагуу 132.500.000 төгрөгийг төлсөн. 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэхэд хайгуулын ажлын тайланг бичиж дуусаад хуваарийн дагуу мөнгө шаардсан боловч өгөөгүй. Хуваарийн дагуу мөнгө төлнө гээд төлөөгүй тул тайланг шилжүүлэн өгөөгүй” гэж, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэмэлт гэрээний 2-д зааснаар Эрдэс баялагийн зөвлөлд тайлан хүлээлгэж өгөөгүй тул мөнгө төлөх үүрэг үүсэхгүй” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д зааснаар талууд ажлын гүйцэтгэлээр хөлсийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Мөнгө гүрэн ХХК-д болон Эрдэс баялгийн зөвлөлд тайланг хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээгээр тохирсон ажлын хөлс 40.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших Зүүндалан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг бичиж дуусгасан хугацаанаас хариуцагч болон Эрдэс баялагийн зөвлөлд хувийг хүлээлгэн өгч, хуваарийн ажлын хөлс шаардах эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван ажил байна” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч талаас ажлын хөлс шаардаж байсан гэх боловч хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан байдлыг баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгч талын тайлбарт дурдсан 2014 оны 9 сараас шаардах эрх үүссэн гэж үзэв.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Иймд хариуцагч М Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч М Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР