Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1079

 

 

 

 

                2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2018/01079

     Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ГУ” ХХК

Хариуцагч: “ХЛ” ХХК

 

түрээсийн гэрээнээс татгалзаж 67.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 18.207.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ГУ” ХХК 2016 оны 12 сарын 05-ны өдөр “ХЛ” ХХК-тай ТГ1202 тоот түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн 4902 УБ улсын дугаартай Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслүүлэгч 2016 оны 12 сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох эксковаторыг түрээслэгч талд шилжүүлэн өгч акт үйлдсэн.

Түрээслэгч дээрх эксковаторыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ажиллуулахаар “Хуа Лян” компанийн төлөөлөгч Б.Батмөнхтэй хамтран ажиллахаар тохиролцож уг ажлыг эхлүүлсэн боловч түрээслүүлэгчийн шилжүүлэн өгсөн Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторт эвдрэл гэмтэл удаа дараа гарч хөрс хуулалтын ажил хэвийн явагдах нөхцөл боломжгүй болсон. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас түрээслэгч “ГУ” ХХК-ийн захирал Ж.Алтансүх, “Хуа Лян” компанийн төлөөлөгч Б.Батмөнх нарын хооронд үл ойлголцол бий болж, эд хөрөнгийн маргаан үүссэн. Эд хөрөнгийн маргаантай нөхцөл байдлын улмаас түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж чадахгүйд хүрсэн. “ГУ” ХХК “Хуа Лян” компанийн төлөөлөгч Б.Батмөнхтэй холбоотой эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дээрх Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторт “Хера экуйпмент” ХХК-ийн засварчид 2016 оны 12 сарын 16, 26-ны өдрүүдэд тус тус 2 удаа очиж, засвар үйлчилгээ хийж, уг техник хэрэгсэл хэвийн ажиллах боломжгүй байсан талаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийн хуулбарын “Хуа Лян” компанийн төлөөлөгч Б.Батмөнхөд байгаа болохыг мэдсэн. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “түрээслүүлэгч биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй” гэсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд хүлээлгэн өгсөн техник хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 11 хоногийн дараа ашиглах боломжгүй болж, ажил саатуулсан байна.

Хариуцагч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас манай компани 2016 оны 12 сарын 05-ны өдөр “ХЛ” ХХК-тай байгуулсан ТГ1202 тоот түрээсийн гэрээнээсээ татгалзаж байгаа тул “ХЛ” ХХК-д төлсөн 67.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Бид боломжит хугацаагаар гэрээнээс татгалзсан бөгөөд тухайн үед нь эксковаторт засвар хийлгэсэн тухай манай компани мэдээгүй байсан. Мэдсэнээсээ хойш гэрээнээс татгалзаж байгаа юм. Бид нар Хятад улсын компанитай хамтарч ажиллаж байсан болохоос эксковаторыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн зүйл байхгүй.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний төлбөрт манай тал 2017 оны 03 сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад 20.000.000 төгрөг, мөн 5.000.000 төгрөг тус тус төлөгдсөн тухай тэмдэглэгдсэн, 2017 оны 08 сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 67.000.000 төгрөгийг төлсөн. Өөр төлөх мөнгө байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний дагуу 49-02 УБ улсын дугаартай эксковаторыг нэхэмжлэгчид 2016 оны 12 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч хүсэлт гаргасны үндсэн дээр гэрээг 2017 оны 01 сарын 23-ны өдөр дуусгавар болгож 2017 оны 02 сарын 24-ний өдрө тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэхэд нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийн буюу эксковаторын биет байдлын доголдлын талаар ямар нэг гомдол гаргаагүй. Тийм ч учраас тооцоо нийлсэн актад тооцооны талаар маргаангүй гэдгийг тодорхой заасан. Үүнээс үзвэл манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь тогтоогдоно. Хэрэв нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан бол тооцоо нийлж, гэрээг дүгнэхгүй байсан нь ойлгомжтой юм. Гэрээний зүйлийг хүлээлцэх үед эксковаторын мото цагийн заалт 4987 байсан эксковаторыг буцаан хүлээлгэн өгөхөд мото цагийн заалт 6046 байсан нь нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйлийг гэрээний хугацаанд ашигласан болох нь нотлогдоно. Техникийг зориулалтын дагуу ашиглаж байсан, түүний дагуу засварыг манайх тухай бүрт хийж байсан баримтууд байгаа. “Хера экуйпмент” ХХК-аас ирсэн тайлбар байгаа. Үүнд техникийн биет байдлын доголдолгүй, ашиглалт нь шаардлага хангах үүднээс “Хера экуйпмент” ХХК-аар цаг тухайд нь засвар хийлгээд түүний төлбөрийг бид нар төлсөн. “Хера экуйпмент” ХХК-аас шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн тайлбарт техник зогсох, эвдрэх нөхцөл байдалд хүргэх гэмтэл биш тул нэмэлт сэлбэг болох асуудлын үнийн саналыг холбогдох хүмүүст хүргэж байсан. Энэ нь техникийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд техникийн зогсооход хүргэх гэмтэл биш гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл дээрх өдрүүдэд засвар үйлчилгээ хийгээд түүнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манайд хүлээлгэж өгсөн. Хэрэв засвар үйлчилгээ хийснээс хойш ашиглаагүй байсан бол тухайн үед буцаая гэх байсан. 2016 оны 12 сарын 18-нд оношилгоо хийгээд түүнээс хойш сар гаруй хугацааны дараа манайд хүлээлгэж өгсөн. Дээрх байдлаар манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, талууд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн учраас уг гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд, “ГУ” ХХК нь манай компанийн өмчлөлийн 49-02 УБ улсын дугаартай эксковаторыг 3 сарын хугацаатай, 30 хоногт 42.900.000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр түрээслэхээр тохиролцож, түрээсийн зүйлийг 2017 оны 01 сарын 23-ны өдрийг дуустал ашигласан бөгөөд талууд 2017 оны 02 сарын 24-ний өдөр тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд “ГУ” ХХК нь түрээсийн төлбөрт 45.780.000 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар тооцсон алдангид 14.427.000 төгрөг, нийт 60.207.000 төгрөгийг манай компанид төлөх тооцоо гарсан. Тооцоо нийлснээс хойш “ГУ” ХХК нь 2017 оны 03 сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт, 2017 оны 08 сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг алдангид тус тус төлсөн бөгөөд одоогоор 18.207.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд түрээсийн гэрээний үүрэгт “ГУ” ХХК-аас 18.207.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, түрээсийн гэрээ, төлбөрийн хуваарь, эд хөрөнгө хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, харилцагчийн дансны хуулга “Хера экуйпмент” ХХК-аас ирүүлсэн тайлбар, засвар үйлчилгээний хуудас зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

ГУ ХХК нь ХЛ компаниас Хьюндай R500 LC-7A маркийн эксковаторыг 3 сарын хугацаатай түрээслэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулж, эксковаторыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгойн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажилд ашиглахаар шилжүүлж авсан байна. Түрээсийн төлбөрт ГУ ХХК 30 хоногт 42.900.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгож, эксковаторыг хариуцагчид 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буцааж өгсөн байх ба талууд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Тооцоо нийлсэн актад 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эксковаторын ажилласан 50 хоногоос зогссон 4 хоногийг хасаж, 46 хоногийн түрээсийн төлбөр 65.780.000 төгрөг, үүнээс төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих түрээсийн төлбөр 45.780.000 төгрөг, алданги 19.427.000 төгрөгөөс төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж, нийт 60.207.000 төгрөгийг түрээслэгч түрээслүүлэгчид төлөхөөр заасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж дээрхи гэрээнээс татгалзаж, төлсөн 67.000.000 төгрөгөө буцаан нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ эксковатор хэвийн ажиллах боломжгүй байсан ба Хэра экуйпмент ХХК-ийн засварчид засаж байсан боловч шаардлага хангахгүй байсан, гэрээний дагуу түрээслүүлэгч биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндэслэж байна.

 

       Хариуцагч тухайн үед нэхэмжлэгчийг эксковатор доголдолтой талаар ярьж мэдэгдэж байгаагүйн гадна эксковаторыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ашиглаж тооцоог нийлсэн, эксковаторыг ашиглаж байсан нь түүний мото цагийн гүйлтээс харагдана, эксковаторыг ашиглах боломжгүй байсан бол тухайн үед нь гэрээнээс татгалзах боломж байсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байх ба гэрээ дуусгавар болох хүртэл түрээсийн төлбөрийг түрээслэгч бүрэн төлөөгүй гэж алдангийн хамт 18.207.000 төгрөгийг нэхэмжлэгчээс сөрж нэхэмжилж байна.

 

Хариуцагч эксковаторын засвар үйлчилгээг Хэра экуйпмент ХХК хариуцаж байсан ба тэр шугамаар Таван толгойн нүүрсний уурхайд очиж 2 удаа явцын үйлчилгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Хэра экуйпмент ХХК нь эхний удаад харилцагчийн хүсэлтээр 2016 оны 12-дугаар 16-ны өдөр очиж, эксковаторын үндсэн насосны сальник солих, гидр тохиргоог хийсэн байх ба техникийн үндсэн сумны хурд дан үйлдэл дээр хэвийн, давхар үйлдэл дээр удаан байсан нь өөрчлөгдөөгүй, энэ нь техникийн бүтээмжид нөлөөлөх, техник зогсоох, техник эвдрэх нөхцөл байдалд хүргэх гэмтэл биш байсан тул нэмэлт сэлбэг болох клапаны үнийн саналыг холбогдох хүмүүст хүргүүлснийг засварын хуудас дээр тэмдэглэжээ. Дараагийн засварын хуудаст 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1000 мото/цагийн техник үйлчилгээ буюу хөдөлгүүрийн тос, түлшний шүүр, агаар шүүгч, гидрийн шүүр зэргийг солих үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж тэмдэглэсэн байна. Энэ нь хариуцагчийн эксковаторт зөвхөн явцын үйлчилгээ хийсэн гэдэгтэй тохирч байна. Эхний засварын хуудас дээр эксковаторын мото/цагийн гүйлт 5250 м/ц, дараагийн удаа 5503 м/ц болсон байна. 

 

      Нэхэмжлэгч эксковаторыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцааж өгснөө зөвшөөрдөг ба анх хариуцагч нэхэмжлэгчид эксковаторыг хүлээлгэн өгөхөд мото/цагийн гүйлт 4987 м/ц байсан нь хүлээлгэн өгсөн актаас харагддаг, харин эксковаторыг буцааж өгөх үед 6046 м/ц байсныг хариуцагч тайлбарладаг, нэхэмжлэгч үүнийг эсэргүүцээгүй.

 

            Эндээс үзэхэд эксковатор доголдолтой, ашиглах боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эксковатор доголдолтой, зориулалтаар ашиглах боломжгүй талаар нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдэж байсан байдал алга байна. Нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгож, тооцоог нийлсэн, түүнээс хойш ч түрээсийн төлбөрийг төлж байсан байна. Мөн түүнчлэн түрээслэгч буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах талаар хариуцагчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэж байсан байдал үгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан нэхэмжилж буй шаардлага үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд өөр компанитай хамтран ажиллаж байснаас тухайн үед эксковатор доголдолтой, ашиглах боломжгүй байсныг мэдээгүй, сүүлд дээрх этгээдтэй холбоотой эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх үед хэвийн ажиллаагүйг мэдсэн гэх боловч энэ нь түүнийг зөвтгөх шалтгаан болохгүй юм.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Гэрээний дагуу нэхэмжлэгч эксковаторын түрээсийн төлбөрийг 2016 оны 12 сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 22.900.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны дотор 42.900.000, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 42.900.000 төгрөг төлөх хуваарьтай ба нэхэмжлэгч гэрээний хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлж 2017 оны 02 дугаар сарын 24-нд 5.000.000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөг, 08 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн нь тооцоо нийлсэн акт, дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Талуудын 2017 оны 2-дугаар сарын 24-ны өдрийн тооцоо нийлсэн актаар гэрээг дуусгавар болгон эксковаторыг түрээслүүлэгчид буцааж хүлээлгэн өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг болон 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцож боджээ. Түрээсийн гэрээний 3.3-т түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байна.

 

       Гэрээний хугацааг 2 тал тохиролцож 2017 оны 1-дүгээр сарын 23-ны өдөр эксковаторыг буцааж өгснөөр дуусгавар болгосон ба энэ үед төлөгдөөгүй байсан түрээсийн төлбөр 45.780.000 төгрөгөөс алдангийг тооцон тооцоо нийлэх үе хүртэл бодоход алданги 7.324.800 төгрөг болж байна. Төлөгдөөгүй түрээсийн төлбөр болон алданги болох 53.104.800 төгрөгөөс гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 47.000.000 төгрөгийг хасвал одоо төлөгдөөгүй 6.104.800 төгрөг үлдэж байх ба үүнийг түрээслэгчээс гаргуулж түрээслүүлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан “ГУ” ХХК-аас “ХЛ” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс татгалзаж, 67.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-ийг баримтлан “ГУ” ХХК-аас 6.104.800 төгрөгийг гаргуулж “ХЛ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 492.950 төгрөг, 249.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ГУ” ХХК-аас 112.627 төгрөгийг гаргуулж хариуцагч “ХЛ” ХХК-д олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД