Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1751

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ГУ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01079 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ГУ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХЛ” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээнээс татгалзаж 67.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 18 207 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ГУ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГУ- ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХЛ ХХК-тай ТГ1202 тоот түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн 4902 УБ улсын дугаартай Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслүүлэгч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох эксковаторыг түрээслэгч талд шилжүүлэн өгч акт үйлдсэн. Түрээслэгч дээрх эксковаторыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ажиллуулахаар Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Б-тэй хамтран ажиллахаар тохиролцож уг ажлыг эхлүүлсэн боловч түрээслүүлэгчийн шилжүүлэн өгсөн Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторт эвдрэл гэмтэл удаа дараа гарч хөрс хуулалтын ажил хэвийн явагдах боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын улмаас түрээслэгч ГУ- ХХК-ийн захирал Ж.Алтансүх, Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Б- нарын хооронд үл ойлголцол бий болж, эд хөрөнгийн маргаан үүссэн. Үүний улмаас түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж чадахгүйд хүрсэн. ГУ- ХХК Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Б-тэй холбоотой эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дээрх Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн эксковаторт Хера экуйпмент ХХК-ийн засварчид 2016 оны 12 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд тус тус 2 удаа очиж, засвар үйлчилгээ хийж, уг техник хэрэгсэл хэвийн ажиллах боломжгүй байсан талаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийн хуулбарын Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Б-өд байгаа болохыг мэдсэн. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д түрээслүүлэгч биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй гэсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд хүлээлгэн өгсөн техник хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 11 хоногийн дараа ашиглах боломжгүй болж, ажил саатуулсан. Хариуцагч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс манай компани 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХЛ ХХК-тай байгуулсан ТГ1202 тоот түрээсийн гэрээнээсээ татгалзаж байгаа тул ХЛ ХХК-д төлсөн 67 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХЛ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний дагуу 49-02 УБ улсын дугаартай эксковаторыг нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болгож 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрө тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Ингэхэд нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийн буюу эксковаторын биет байдлын доголдлын талаар ямар нэг гомдол гаргаагүй. Тиймээс тооцоо нийлсэн актад тооцооны талаар маргаангүй гэдгийг тодорхой заасан. Иймээс манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэв нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан бол тооцоо нийлж, гэрээг дүгнэхгүй байсан. Гэрээний зүйлийг хүлээлцэх үед эксковаторын мото цагийн заалт 4987 байсан боловч буцаан хүлээлгэн өгөхөд 6046 байснаар нэхэмжлэгч түрээсийн зүйлийг ашигласан нь нотлогдоно. Техникийг зориулалтын дагуу ашиглаж, цаг тухайд нь Хера экуйпмент ХХК-аар засвар хийлгэж байсан. Засвар үйлчилгээ хийгээд түүнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манайд хүлээлгэж өгсөн. Хэрэв засвар үйлчилгээ хийснээс хойш ашиглаагүй байсан бол тухайн үед буцаах байсан. 2016 оны 12 дугаар сарын 18-нд оношилгоо хийгээд түүнээс хойш сар гаруй хугацааны дараа манайд хүлээлгэж өгсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, талууд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХЛ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ГУ- ХХК нь манай компанийн өмчлөлийн 49-02 УБ улсын дугаартай эксковаторыг 3 сарын хугацаатай, 30 хоногт 42 900 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр тохиролцож, түрээсийн зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ашигласан бөгөөд талууд 2017 оны 02 сарын 24-ний өдөр тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд ГУ- ХХК нь түрээсийн төлбөрт 45 780 000 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар тооцсон алдангид 14 427 000 төгрөг, нийт 60 207 000 төгрөгийн тооцоотой гарсан. Тооцоо нийлснээс хойш ГУ- ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 40 000 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр алдангид 2 000 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд одоогоор 18 207 .000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ГУ- ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 18 207 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид боломжит хугацаагаар гэрээнээс татгалзсан бөгөөд тухайн үед эксковаторт засвар хийлгэсэн тухай манай компани мэдээгүй. Мэдсэнээсээ хойш гэрээнээс татгалзаж байна. Бид Хятад улсын компанитай хамтарч ажиллаж байсан болохоос эксковаторыг гуравдагч этгээдэд шилжүүлээгүй. Түрээсийн гэрээний төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 40 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад 20 000 000 төгрөг, мөн 5 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөгийг төлсөн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ГУ- ХХК-аас ХЛ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс татгалзаж, 67 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар ГУ- ХХК-аас 6 104 800 төгрөгийг гаргуулж ХЛ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөг, 249 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ГУ- ХХК-аас 112 627 төгрөгийг гаргуулж хариуцагч ХЛ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийн дүн 18 207 000 төгрөгөөс 12 102 200 төгрөгийг хангахгүй орхисныг зөвшөөрөхгүй.Шүүх талуудын маргаагүй зүйл буюу зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг дүгнэж тооцоо нийлсэн актыг буруу дүгнэсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх гэрээний дагуу бодох алдангийг тооцохдоо нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс зохигч тооцоо нийлсэн өдөр буюу мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тооцсон нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс алданги шаардах эрх нь гэрээний 3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүссэн бөгөөд энэ зохицуулалтаас харвал нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 22 900 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 42 900 000 төгрөг түрээсийн төлбөрт тус тус төлөх үүрэг үүссэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалт бол түрээсийн зүйлийг буцаан өгснөөс үл хамааран гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол уг хугацаанаас эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам алданги тооцон шаардах эрх олгодог. Хариуцагчийн зүгээс алдангийг энэ дагуу тооцож нэхэмжилсэн боловч шүүх Иргэний хуулийн энэхүү зохицуулалтыг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөнтэй хамааруулж буюу огт хамаагүй зүйлийг холбож уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлээс 12 102 200 төгрөгийг хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ГУ-” ХХК нь хариуцагч “ХЛ” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 67 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөрт 18 207 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Талууд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ТГ-1202 тоот түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, түрээслүүлэгч “ХЛ” ХХК нь өөрийн өмчлөлийн 4902 УБ улсын дугаартай Hyundai R500LC-7A маркийн эксковаторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 3 сарын хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцож улмаар тоног төхөөрөмжийг акт үйлдэн хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, хүлээлцэх актаар нотлогдож байна. /хх-5-9 дэх тал/ Иймд талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Нэхэмжлэгч “ГУ-” ХХК, гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ “... хамтран ажиллаж байсан “Хуа лян” компанитай эд хөрөнгийн маргаан үүсч, шүүхэд хандснаар түрээсийн зүйл болох эксковаторт 2 удаа засвар үйлчилгээ хийсэн, хэвийн ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан гэдгийг  мэдсэн” гэж тайлбарлажээ.

            Хэргийн 41-42 хуудсанд авагдсан бичмэл нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн түрээслэж буй эксковаторт “Хера экуйпмент ХХК” нь 2016 оны 12 дугаар сарын 16, 28-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийсэн боловч энэ нь тухайн техникийг ашиглах боломжгүй доголдолтой шууд холбоотой гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн төлбөрийн тооцоо нийлэн акт үйлдэн, эксковаторыг хариуцагчид хүлээлгэн өгөхдөө оношлогоо хийлгэсэн 4 өдрийн түрээсийн төлбөрийг хасч тооцсон байна. /хх-10 дахь тал/  Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй хэдий ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйн гадна нэхэмжлэгч ийм шаардлага гаргаагүй байна.     

            Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ үндэслэлийг нь буруу тайлбарлан, талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж алдангийг буруу тооцоолсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 “ГУ-” ХХК түрээсийн гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу түрээсийн төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн гэх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. Зохигчид гэрээг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийн түрээсийн хугацаанд төлөх ёстой 65 780 000 төгрөгөөс төлсөн 20 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл үүргийг 45 780 000 төгрөгөөр, мөн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээний 3.3-т зааснаар 19 427 000 төгрөгийн алданги тогтоож үүнээс төлсөн 5 000 000 төгрөгийг хасч 14 427 000 төгрөг, нийт 60 207 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ны хооронд хэсэгчлэн төлөхөөр мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр тал тооцоо нийлж, акт үйлдэн, “ХЛ” ХХК-ийн дэд захирал С.Дауренбек, “ГУ-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алтансүх нар гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулжээ. /хх-10 дахь тал/ Уг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 40 000 000 төгрөг, 8 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг төлснийг хариуцагч тал дээрх 60 207 000 төгрөгийн үүргээс хасч тооцон, үлдэх 18 207 000 төгрөгийг “ГУ-” ХХК-иас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт нийцэж байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

                       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01079 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “ГУ-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч “ГУ-” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 18 207 000 төгрөг гаргуулан хариуцагч “ХЛ” ХХК-д  олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тхай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 249 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ГУ-” ХХК-иас 249 000 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай” гэж тус тус нэмж өөрчлөн, “3, 4” гэснийг “2, 3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД