| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0493/Э |
| Дугаар | 804 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 804
2019 8 8 2019/ДШМ/804
Ж.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхболд,
шүүгдэгч Ж.О-ы өмгөөлөгч Д.Онон,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батнасангийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Ж.О-д холбогдох 1905007750475 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.....
Ж.О- нь 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30б байрны 19 тоотод 17 настай, нагац дүү болох Э.Эд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараар цохиж, сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .. О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд Ж.О-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай хийлгэх ялын найман цагаар тооцож, 256 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч 444 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 4 цагаар хийхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батнасан бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид... оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г тусгана гэх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Батнасан прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолын 2 заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй гэж заасан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэдэгтэй нийцэхгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, торгох ялаар шийтгэсүгэй гэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.О-ы өмгөөлөгч Д.Онон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.О- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Гэтэл тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Ж.О-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй гэж бичсэн алдааг зөвтгөх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Ж.О- нь 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30б байрны 19 тоотод 17 настай, нагац дүү Э.Эыг “эмээг дээрэлхлээ” гэсэнд дургүйцэн түүний толгойн тус газарт нь гараар цохиж, сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Э.Эын “...манай эмээ 90 гаруй настай хүн байдаг. Ж.О- ах эмээ рүү чанга хашгираад загнаад байсан...би О- ахаас яагаад эмээг дээрэлхээд байгаа талаар асуухад “чамд хамаагүй, янхан, гичий” гээд миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, гартаа байсан нэг удаагийн сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүссэн. ...” /хх 15-17/,
гэрч Ж.Отгоны “...том охин Э залгаад “энэ архичин ах чинь эмээ рүү агсам тавиад намайг өмөөрсөн чинь миний нүүрийг зүсчихлээ” гэж хэлсэн. ...” /хх 19-21/,
гэрч Ж.Тунгалагийн “...дүү Отгон “охин Эын эрүүг О- сахлын нэг удаагийн татуургаар зүсчихлээ” гэж хэлсэн. ...” /хх 22-23/,
Ж.О-ы яллагдагчаар өгсөн “.. би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...нагац дүү болох Эын толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж, сахлаа авч татуургаар эрүү болон хүзүү хэсгийг зүссэн нь үнэн. ...” /хх 37-40/ гэх мэдүүлгүүд,
“...Э.Эын биед ооч, хүзүүнд шарх бүхий хөнгөн гэмтэл. ...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 он 2 дугаар сарын 13-ны өдрийн 2115 дугаартай дүгнэлт /хх 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нагац бүү болох Э.Эын эрүү, хүзүүг сахлын татуургаар зүсч ооч, хүзүүнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн байх тул энэ талаарх прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй…” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН