Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 159/2023/0066/З |
Дугаар | 221/МА2024/0254 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0254
“СМ” ХХК,
“А” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага:
“С аймгийн Ж сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, 246047/226.78 га, 246063/180.6 га, 246091/238, 17 га, 246096/164.43 га нийт 810.98 га газрын газар ашиглах эрхийг “А” ХХК-д олгохыг даалгуулах”-аар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0002 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч СХД, нэхэмжлэгчийн орчуулагч И.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 159/2023/0066/3
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Ц.М би “СМ” ХХК, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С аймгийн Ж сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн төлөөлөгч, “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.
2.2. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шуудангаас гардан аваад дараа үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
2.3. "СМ" ХХК нь С аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт үр тарианы усалгаагүй тариалангийн 14 нэгж бүхий 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай байсан.Ж сумын Засаг дарга асан Ж.О газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.
2.4. "А" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд "СМ" ХХК-ийн 100-н хувийн хувьцаа эзэмшигч болно. Тариалангийн талбайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тиймээс өөрсдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, өмнө нь эзэмших эрхтэй байсан газраа газар ашиглах эрхээр буцаан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасан.
2.5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 413 дугаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор "А" ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, С аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл өгөгдсөн.
2.6. Анхан шатны шүүх "Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т "Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна" гэж тус тус заажээ.
2.7. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулиар нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн 810.98 га газрыг өмнө нь нэхэмжлэгч буюу "СМ" ХХК эзэмшиж байсан гэх үндэслэлээр "СМ" ХХК болон "А" ХХК ашиглах давуу эрхтэй гэх хуулийн зохицуулалт байхгүй байна" гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэжээ.
2.8. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд газрын харилцааны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг заасан бөгөөд 18.1.1-д "газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Аймгийн Засаг даргын газрын харилцааны талаарх нийтлэг бүрэн эрхийг заасан бөгөөд 20.2.7.-д "газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 21 дүгээр зүйлийн 21.3.1-т “сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх” гэж заасан.
2.9. Үүний дагуу Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын чиглэмж гарсан байдаг. Харин сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.4.2, 21.4.3-т заасны дагуу аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үүрэгтэй байна.
2.10. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй маргаан бүхий 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байдаг болно. Тиймээс анхан шатны шүүхийн Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг зөвхөн үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
2.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Маас 2023 оны 12 сарын 19-ний өдөр болсон С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий "СМ" ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 4-н нэгж бүхий 804.55 га газрын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага хангуулан С аймгийн газрын албанаас гаргуулах хүсэлтийг гаргасан.
2.12. Хүсэлтийг үндэслэл бүхий байна хэмээн хүлээн авч С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар захирамжаар нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хэргийн баримтад зөвхөн 1 нэгж талбарын дугаар бүхий 226.5 га газрын хувийн хэрэг авагдсан бөгөөд С аймгийн газрын албанаас бусад 3-н нэгж талбар бүхий газрын хувийн хэргийг хүргүүлээгүй байдаг.
2.13. Шүүх хуралдаан дээр баримтын шаардлага хангуулан хүргүүлээд ирүүлчихнэ гэсэн боловч мөн л ирүүлээгүй болно. Хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй талаар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хэлж, захирамжийн биелэлтийг хангуулахыг хүссэн.
2.14. Гэвч шүүгчийн зүгээс захирамжийн биелэлтийг хангуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-т зааснаар шүүгчийн захирамжийг заавал биелэгдэх нөхцөл алдагдаж байна. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарсан гэж үзнэ. Хэрэв тухайн баримтыг нотолгооны ач холбогдолгүй хэмээн үзэж нотлох баримтаас хасаж үнэлэхгүй байхаар шийдвэрлэсэн бол тухайн захирамжид гомдол гаргах эрхтэй байна.
2.15. Нөгөөтэйгүүр тухайн баримт нь тухайн газарт байхгүй гаргуулан авах боломжгүй байвал захирамжийн биелэлтийг заавал хангуулах боломжгүй болно. Гэтэл тухайн баримт нь шаардсан газарт нь байгаа бөгөөд дутуу ирүүлсэн асуудал л байгаа болно.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан. Иймд С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нараас С аймгийн Ж сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, 246047/226.78 га, 246063/180.6 га, 246091/238, 17 га, 246096/164.43 га нийт 810.98 га газрын газар ашиглах эрхийг “А” ХХК-д олгохыг даалгуулахаар “... газар ашиглах эрхээ буцаан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасны дагуу Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоолоор Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, С аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн, ... С аймгийн Ж сумын Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэмж, С аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” шийдвэрийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Харин хариуцагчаас “... “СМ” ХХК нь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4 нэгж талбарыг хүчингүй болгосон шийдвэр нь шүүхийн магадлалаар баталгаажсан. Газрын тухай хуульд өмнө эзэмшиж байсан аж ахуйн нэгжид шууд ашиглуулах болон эзэмших давуу эрх тусгагдаагүй болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон С аймгийн Засаг даргаас ирүүлсэн чиглэлд хуулийн дагуу судалж шийдвэрлэх тухай албан тоот ирсэн. Хуульд өөрөөр заагаагүй бол Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу шийдвэр гарсан нөхцөлд бусад хуулийн заалтад нийцүүлэн ашиглах, сонгон шалгаруулалтад оролцох эрх нь тухайн аж ахуйн нэгжид нээлттэй байгаа тухай албан тоотыг хүргүүлж байсан ...” гэж тайлбарлан маргаж байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал,
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “СМ” ХХК-аас “... өмнө нь “СМ” ХХК эзэмшиж байсан 810.98 га газрын газар ашиглах эрхийг “А” ХХК-д олгохыг даалгуулах” гэж маргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, “... их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр хохирсон энэ асуудал Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж, хохирлын оронд газар эзэмших эрхийг сэргээхээр аймаг болон Эдийн засгийн яамтай нягт холбоотой ажиллаж хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн ...” гэж тайлбарлаж маргасан нь үндэслэлтэй эсэх, газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсэх, Засгийн газрын хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан агуулгаар уг асуудал хэлэлцэгдсэн эсэх, Засгийн газрын тогтоолын хүрээнд нэхэмжлэгчээс газар эзэмших шийдвэр гаргуулахаар хариуцагчид хандсан эсэх, хариуцагчаас уг газрыг бүхэлд нь бусад иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэхийг тодруулахаас гадна “А” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, өөрөөр хэлбэл “СМ” ХХК-иас газар ашиглах эрхээ “А” ХХК-д шилжүүлж байсан эсэхийг тодруулж, хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт нотолгоог бүрэн дүүрэн цуглуулж, тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай, эдгээрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
6. Нэгэнт уг маргааны тухайд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 413 дугаар тогтоолын 2.7-д “А” ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, С аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудал Газрын тухай хуульд заасан журмын хүрээнд шийдвэрлэгдэх эсхүл Засгийн газрын тогтоолын хүрээнд судалж шийдвэрлэгдэх боломж хариуцагчид байсан эсэх тухайд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай байжээ гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 413 дугаар тогтоол 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэгдсэний дараа Аймгийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 01/955 дугаар “... “А” ХХК-дЖ сумын нутаг дэвсгэрт буюу урьд ашиглаж байсан тариалангийн газрыг ашиглуулах боломжтой байна гэж санал ирүүлсэн тул тариалангийн газрыг ашиглахтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг сайтар судалж, уг асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн албан бичгийгЖ сумын Засаг даргад хүргүүлсэн байна.
7. Харин хэрэгт С аймгийн Ж сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоол, Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийгдсэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолууд авагдсан байх боловч шүүх хариуцагчаас Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоолыг биелүүлэх хүрээнд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой байсан эсэхийг тодруулаагүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхийг тодруулж дүгнэлт өгөөгүй байна.
8. Өөрөөр хэлбэл, С аймгийн Ж сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/155 дугаар албан бичгээр “... үр тарианы чиглэлээр эргэлтэд орж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай” 07 дугаар тогтоолоор давуу эрхийн тариаланч өрхүүдэд олгохоор шийдвэрлэсэн. С аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 02/297 тоот албан бичгийн чиглэлийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын удирдлагын нэгдсэн системд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн төрлөөр өргөдөл бүртгэх болон тус төрлүүдээр шийдвэрийн төсөл үүсгэх үйл ажиллагааг түр зогсоосон” гэх хариуг “А” ХХК-д хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт дурдагдсан давуу эрхийн тариаланч өрхүүдэд олгохоор шийдвэрлэсэн тус газар нь нэхэмжлэгчийн өмнө ашиглаж байсан газартай хэрхэн давхцаж байгаа болох, хариуцагчаас Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар албан бичгийн дагуу ямар арга хэмжээ зохион байгуулсан болох нь тодорхой биш байна.
9. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Засгийн газрын 413 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарахаас өмнө хандаж байсан эсэх, маргаан бүхий газрыг иргэдэд өмчлүүлсэн эсэхийг тодруулж, шаардлагатай баримтуудыг эрх бүхий байгууллагуудаас гаргуулж хэрэгт хавсарган маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
10. Хэрэгт С аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 22 дугаар тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Сумын 2023 Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай” 07 дугаар тогтоолууд, хавсралт баримтуудын хамт авагдсан байх боловч уг төлөвлөгөөнд тусгагдсан нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн өмнө нь эзэмшиж байсан 810.98 га газар хамрагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн газар нь сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газрын байршлыг тодорхойлох баримт авагдаагүй байхадЖ сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газартай нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газар давхцаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй, энэ нь шүүхийн шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй бас нэг үндэслэл болж байна.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ