Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0133/з |
Дугаар | 221/МА2016/0427 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0427
Иргэн Ж.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.*******ын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ж.******* намайг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх зүй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар улсын байцаагч, мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28,2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ж.******* нь эхэлсэн ажилдаа дараах хэд хэдэн алдаа гаргаж, хариуцлага алдсантай холбогдуулан агентлагийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/166 дугаар тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иймд Ж.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.*******ийг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ж.*******т 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.817.858 төгрөгийг олгож, тухайн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчил тус бүрт хийсэн шүүхийн дүгнэлтийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.
а) Шүүхийн шийдвэр биелүүлээгүй тухайд: Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2013.10.07-ны өдрийн 168 дугаартай тогтоолоор “НИК” ХХК-ийн АИ-92, дизель түлшний борлуулалтын орлогыг тодорхойлж шийтгэвэр ногдуулахыг үүрэг болгосон. Үүнтэй холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014.10.17-ны өдрийн 148 дугаартай тушаалаар “НИК” ХХК-ийн 2011 оны А-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогыг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.*******аар ахлуулан улсын байцаагч М.Мөнхбаяр, Б.Наранцэцэг, Д.Золбоо, К.Жархынбек нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулсан.Ажлын хэсгийн ахлагч улсын байцаагч Ж.******* тухай үеийн удирдлага /О.Магнай, Т.Аюурсайхан/-д “Сангийн яам болон татвар, гаалийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн ч мэдээлэл олдохгүй байна” гэж танилцуулсаар 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн. Гэвч Ж.******* гэнэт дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэх үндэслэлээр 2015.08.17-ний өдөр “НИК” ХХК-д торгууль ногдуулах шийдвэрийг гаргасан байдаг.
“НИК” ХХК-иас 2012 онд өөрийн борлуулалтын хэмжээг ШӨХТГ-т албан бичгээр ирүүлж байсан байдаг ба 2 жилийн турш олдохгүй байсан гэх уг мэдээлэл Ж.*******т байсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ үйлдэл нь санаатайгаар удирдлагыг буруу мэдээллээр хангасан, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан гэх үндэслэлийг бий болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс маргасан. Гэтэл анхан шатны шүүх “торгууль ногдуулах ажиллагаа нь маш нарийн төвөгтэй мэдлэг мэргэшил тооцоо судалгаа хугацаа шаардсан ажил байдаг” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна1гэж дүгнэсэн нь шүүхээр хэлэлцэгдэж, маргасан асуудлаас илэрхий зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй болон нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна.
Дээрх бодит үйл баримт байсаар атал маргасан асуудлаас илэрхий зөрүүтэй дүгнэлт хийх замаар Ж.******* буруугүй2 гэж хэт нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчийг зөвтгөх байдлаар шийдвэр гаргасан. Мөн энэхүү “НИК” ХХК-тай холбоотой асуудлаар хэрэг үүсгэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд шүүх холбогдох баримт материал, шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар авалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.
б) Шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй зөрчлийн тухайд: Тус байгууллагад архивын улсын үзлэг хийгдсэн бөгөөд энэ хүрээнд 2015.10.13-ны өдөр архив, бичиг хэргийн үзлэг явагдах үед Ж.*******ийн бичгийн шүүгээнд “НИК” ХХК-д холбогдох хяналт шалгалтын материал болон түүний дотор 2012.04.23-ны өдрийн 2/677 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байсан А-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогын мэдээлэл байсан. Энэ мэдээлэл нь 2012 онд газрын тосны бүтээгдэхүүн худалдаалагч нэр бүхий 8 аж ахуйн нэгжид ногдуулсан 17.2 тэрбум төгрөгийн шийтгэврийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцэн 2012 оны 2 дугаартай тогтоол гаргасныг 2012 оны 9 дугаартай тогтоол гарган хүчингүй болгосон хэргийг шүүхээр хянан хэлэлцсэнтэй холбогдох хэргийн материалын хамт Ж.******* хариуцаж, архивт хүлээлгэн өгөөгүй байсан байдаг. Тодруулбал, 2012-2014 оны хяналт шалгалтын эдгээр материалыг архивт хүлээлгэн өгөлгүй өөр дээрээ байлгасан, удирдлагыг зохих ёсоор бодит мэдээллээр хангаагүйгээс “НИК” ХХК-д ногдуулах торгуулийн асуудал хойшилж улмаар энэ хугацаанд “НИК” ХХК нь өөрийн давамгай байдлыг үгүйсгэх шийдвэрийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Ж.******* нь “НИК” ХХК-ийг 2015.08.17-ны өдөр “шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа” гэх байдлаар шийтгэвэр ногдуулсан талаар дээр дурдсан, гэтэл үүнээс нэг сарын өмнө буюу 2015.07.09-ний өдөр “НИК” ХХК-ийг давамгай байдалтай болохыг тогтоосон ШӨХТГ-ын тогтоолыг шүүх хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Ж.******* тухайн бодит байдлыг мэдсээр байж “НИК” ХХК-д давамгай байдлаа буруугаар ашигласан гэж илт алдаатай торгууль ногдуулсан нь хууль бус шийдвэр болж, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйлдэл болсон байна.
Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхдээ архивын үзлэг шалгалтыг 2015.10.13-ны өдөр хийгдсэн гэдгийг хайхралгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл зөрчил илэрснээс хойш мөн л 1 сарын хугацаа өнгөрөөгүй байсан.
с) Зорчигчийн тасалбар, тийз борлуулагч аж ахуй эрхлэгч нарт хийсэн хяналт шалгалттай холбоотой асуудлын тухайд:
Энэ хэсэгт шүүх хэрэг маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан байна. Учир нь хяналт шалгалт зөв буруу хийгдсэн эсэх талаар дүгнэлт гаргах учиргүй бөгөөд маргаан нь хяналт шалгалтын үнэн зөв эсэхтэй огтхонч холбоогүй юм. Гэтэл шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргасан байна3.
Мөн маргаан нь төрийн албаны маргаан бөгөөд Ж.*******, К.Жархынбек нарын гаргасан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагатай маргаагүй, мөн Ж.*******т сахилгын шийтгэл ногдуулахдаа буруу дүгнэлт, албан шаардлага гаргасан гэж буруутгаагүй. Бодит байдалд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргасан боловч түүний дагуу зөрчил гаргасан гэж үзсэн тухайн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулаагүй эс үйлдсэн гэж буруутгасан. Тухайн үед агентлагийн даргын зүгээс Ж.******* улсын байцаагчид зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийг торгох үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүргийг биелүүлэхгүйгээр эсэргүүцэж, хууль биелүүлэхээс зайлсхийсэн учир түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.
Ж.******* тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ба тэрээр “зөрчил арилсан учир торгууль тавихгүй гэсэн” гэж мэдүүлсэн ч нөгөө талаар “гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх удирдамж баталж өгөөгүй” гэх зэргээр өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Эдгээр тайлбарын аль нь ч байсан Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,1-д улсын байцаагч зөрчил илрүүлсэн бол заавал захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан, харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т “...зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ... дээд шатны улсын байцаагч гаргана” гэж зааснаас үзвэл хүсэлтийг албан бичгээр гаргасан эсэх, зөрчил арилсан эсэх зэрэг наад захын хүчин зүйлийн шалган тогтоосны үндсэн дээр Ж.******* бус дараагийн шатны улсын ахлах байцаагч шийдвэрлэхээр хуульд тусгайлан зохицуулсан байна. Үүнээс үзвэл Ж.*******ын тайлбар болон анхан шатны шүүхийн “улсын байцаагчийн бүрэн эрхийн асуудал” гэх дүгнэлт үгүйсгэгдэхэд хүрч байгаа бөгөөд тухайн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байгаа юм.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн агаарын тээврийн зорчигчийн тасалбар, тийз борлуулагч компаниудын торгуулийн асуудал нь шүүхэд хэрэг үүсгэгдэн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ хэргийн явцад Ж.*******ийн буруутай үйл ажиллагааны талаар яригдаж, холбогдох нотлох баримт тус хэрэгт авагдсан. Эдгээр үйл баримтуудыг шүүх нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
с1) Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчлийн
тухайд:
Анхан шатны шүүх “удирдлагаас өгсөн ямар хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, ерөнхий ойлгомжгүй байдлаар тушаал гаргасан нь буруу байна гэж дүгнэсэн” байдаг4. Гэтэл Ж.*******т удирдлагын зүгээс өгсөн “НИК” ХХК-нд торгууль ногдуулах, мөн зөрчил гаргасан онгоцны тийз борлуулагч аж ахуй нэгжүүдийг торгох үүргийг удаа дараа өгсөн боловч тэрээр биелүүлээгүй, мөн иргэн А.Базарын өргөдлийг зохих ёсоор шийдвэрлээгүй нь бүхэлдээ түүнийг ажлаас чөлөөлөх хууль ёсны үндэслэл болсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх буруу дүгнэлт хийсэн үзэж байна.
е) Иргэн А.Базарын өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой үүрэг даалгавар биелүүлээгүй тухайд:
Иргэн А.Базарын өргөдөлтэй холбогдуулан шүүх зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар болон нотлох баримтын наад захын шаардлага хангахгүй “цахим системийн хуудас” гэгчийг үндэслэн “... анх энэ өргөдлийг улсын байцаагч Ц.*******д цохсон байсан, улсын байцаагч Ц.*******ээс надад шилжиж ирсэн, ... 2015.05.15-ны өдөр өргөдлийг хүлээн авсан Ц.******* байцаагч хариу өгөх ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь өргөдөл гомдлын цахим системийн хуудсаар нотлогдож байна” гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийх замаар хэрэгт хамааралгүй бусдын эрх ашигт хохирол учруулахад хүргэх шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:
- Анхан шатны шүүх иргэн А.Базарын гомдолтой холбогдуулан “цахим хуудас” гэгчийг нотлох баримтаар үнэлэх тохиолдолд өмнө нь гаргасан өргөдөл, түүний бүртгэл, хяналтын картыг нотлох баримтаар хэрэгт авч, шинжлэн судлах бүрэн боломжтой байсан ба шаардлагатай байсан гэж үзэж байна. Учир нь Архивын Ерөнхий газрын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ийн 2.3.11-т “Удирдлагын заалтыг баримт бичиг дээр цохолтын хэлбэрээр бичих бөгөөд уг заалт нь хариуцан шийдвэрлэх ажилтны нэр, өгч байгаа үүргийн товч утга, хэрэгжүүлэх хугацаа, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна” гэж, мөн зааврын 4.3.1-д “Шийдвэрлэлтэд нь хяналт тавих, хариу өгөх шаардлагатай баримт бичигт бүртгэл-хяналтын карт хөтлөн, ирсэн баримт бичгийн бүртгэлд гарын үсэг зурж, хүлээлцэнэ” гэж заасны дагуу өргөдөл, гомдол нь бичгээр бүртгэл, хяналтын карттай байхаар заасан. Түүнчлэн “ШӨХТГ-ын хөдөлмөрийн дотоод журам” хэрэгт авагдсан ба түүнд “цахим хуудас” ашиглан иргэний өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтыг хөтлөх талаар зөвшөөрсөн зохицуулалт байхгүй юм. Өөрөөр хэлбэл “А811” программ нь албан хаагчид мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх зорилготой, албан бус хэрэгсэл, хууль зүйн үр дагавар бий болгохгүй, ямар ч тохиолдолд засвар өөрчлөлт орох боломжтой юм. Хэрэв түүнийг нотлох баримтаар үнэлэх тохиолдолд гэрчийн мэдүүлэг авах, үзлэг хийх, эх баримтыг гаргуулан авах зэргээр нотлох баримтыг бэхжүүлэх, олон талаас нь шинжлэн судалж ул суурьтай шийдвэрлэх бүрэн боломжтой. Түүнчлэн тухайн нотлох баримттай холбогдон эрх ашиг нь хөндөгдөх этгээд шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор байсан, нотлох баримтыг танилцуулаагүй, ядаж тайлбар гаргах наад захын эрхээр хангах боломж олгоогүйд гомдолтой байна. Эдгээр нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.2, 31.1-д заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийг нотлох баримттай танилцах эрхээр хангах үйл ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэх үндэслэлийг бий болгож байна.
- Ж.******* тухайн “цахим хуудас” гэх баримтыг ажлаас чөлөөлөгдсөнөөс ердөө 21 хоног /”хуулбар үнэн” тэмдгийн огноо/-ын дараа хуульд заасан аргаар олсон нь эргэлзээтэй, хэрэгт анх нэхэмжлэл гаргахдаа л бүрдүүлэн өгөх боломжтой байсан ч хуралдааны өмнө тулган хэргийн материалд гарган өгсөн байж болзошгүй буюу хэргийн материалд хэрхэн бүрдүүлсэн нь тодорхойгүй байдлаар авагдсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд “цахим хуудас” гэх баримтыг танилцуулалгүй хуралдааныг хийх үндэслэл болсон.
- “Цахим хуудас” гэх баримтад иргэн А.Базарын өргөдөл хуваарилагдсан Ж.Хичээнгүй, Ц.*******, Ж.******* гэсэн нэрс жагсаалт хэлбэрээр байсан ба эдгээрээс зөвхөн “Ц.*******” гэж яагаад сонгон “өргөдөлд хариу өгөх ёстой байсан” мэтээр анхан шатны шүүх дүгнэсэн нь тодорхой бус байна. Гэтэл “Цахим хуудас” гэх баримтад Ж.******* иргэн А.Базарын өргөдлийг хариуцан шийдвэрлэсэн нь тухайн “цахим хуудас” гэх баримтаар тогтоогдож байдаг.
- “Цахим хуудас” гэх баримт нь тоо, дүрсний харагдах байдлын хувьд шаардлага хангаагүй, ойлгомжгүй байна.
- Анхан шатны шүүх Ж.*******ын “А.Базарын өргөдлийн хариуг өөр байцаагч өгөх үүрэгтэй байсан” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үндэслэл болгон дүгнэхээс өмнө тухайн тайлбар нь Ж.*******ын “Би амаар хариу өгсөн”, “Би албан бичгээр нөхөж хариу өгсен” гэх тайлбаруудтай хэрхэн зөрчилдөж байгааг магадлаагүйгээс анхан шатны шүүх маргасан асуудлаас эрс өөр, зөрүүтэй дүгнэлт хийх, шүүх өөрөө тухайн маргаанд шууд хамааралгүй бусдын эрхийг зөрчихөд хүргэх шийдвэр гаргахад хүрсэн гэж үзэж байна.
- Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* биечлэн оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай, оролцуулан хийх хүсэлт гаргасан ч хүсэлтийг буцаалган оролцуулалгүй хийсэн ба нэхэмжлэгчийн зүгээс оролцуулахгүй хийх талаар олон тайлбар хийж, улмаар шүүх хуралдааны явцад далимдуулан Ж.******* гүжирдсэн байна.
- Ж.*******ын шүүхэд гарган өгсөн “Цахим хуудас” гэх баримтад хуулбар үнэн тэмдгийг 2015.11.14-д гэж тэмдэглэсэн ба Ж.******* 2015.10.23-д буюу 21 хоногийн өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, харин А.Базарын өргөдлийн хариуг 2015.10.12-д албан бичгээр өгсөн гэдэг. Өөрөөр хэлбэл чөлөөлөгдөхөөс ердөө 9 хоногийн өмнө буюу 2015.05.19-д авсан өргөдлийн хариуг 5 сарын дараа өгсөн байдаг, гэхдээ асуудлын гол нь хугацаа гэхээс илүүтэй удирдлагын егсөн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэл бий болгосон талаар хариуцагч тайлбар хийсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг анхан шатны шүүх тодорхой хууль зүйн үндэслэл дурдаж няцаагаагүй байна.
- “Цахим хуудас” гэх баримтад “Ц.*******ээс 2015 оны 8 дугаар сард шилжүүлэн авч албан бичгээр нөхөн хариу өгөв” гэж тэмдэглэсэн хэсэг байдаг ба мөн зэрэгцээд “2015.6.26-д шилжүүлэв” гэсэн бичвэр нэг дор байгаа нь өөр хоорондоо зөрчилтэй, энэ нь Ж.*******ын шүүхэд мэдүүлсэнтэй мөн зөрчилдөх бөгөөд тайлбар болон “цахим хуудас” гэх баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй болохыг нотолдог.
- Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өргөдөл” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг, өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно” гэж заасан. “санал” гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг” гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 5-д “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж, хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө” гэж тус тус заажээ. Бодит байдалд иргэн А.Базарын 2015.5.15-ний өдөр тус газарт хандан гаргасан өргөдлийг нотлох баримтаар хэрэгт авсан бол өргөдлийг “СЗХ-ний журам хууль бус, энэ талаар хүсэлт тавьж шийдвэрлүүлэхийг хүсье” гэсэн агуулгатай хүсэлт байсныг олж харах боломжтой ба хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд Ж.*******ыг иргэн А.Базарын өргөдлийг зөвхөн “хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй” гэж маргаагүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргах тохиолдолд өргөдлийн хугацааг сунгах боломжтой, үнэхээр шилжүүлсэн эсэх, яагаад шилжүүлэх болсон, ямар асуудлаар хандсан өргөдөл болох, удирдлагын заалт биелэгдсэн эсэх, өргөдөлд дурдсан хүсэлтийн дагуу тодорхой ажил хийсэн эсэх гэх зэргийг тал бүрээс нь шинжлэн судлах, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүрэхээргүй байна.
- Иргэн А.Базар 2015.05.15-ний өдөр тус агентлагт хандан гаргасан өргөдөл нь улсын байцаагч Ж.*******т хувиарлагдан хуулийн хүрээнд шийдвэрлэгдээгүй тул хариуцлага тооцуулах талаар гомдол гаргасан бөгөөд бүртгэл, хяналтын картад агентлагийн дарга Т.Аюурсайхан “буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулах” гэсэн чиглэл өгсөн байдаг. Үүнээс үзэхэд тухайн иргэний өргөдөл нь төрийн албан хаагчийн хариуцлага алдсан үйл ажиллагааны талаар мэдээлэл байсан, мэдээлэл үндэслэлтэй эсэхийг магадлан буруутай албан тушаалтанд хариуцлага тооцсон буюу хууль зүйн үр дагавар нэгэнт бий болчихсон байхад анхан шатны шүүх “иргэн А.Базарын ТАЗ-д гаргасан тодруулга” гэх үндэслэлгүйгээр засварлуулсан баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэн А.Базарын хүсэл зоригоор төрийн албан хаагчийг “шийтгэ” гэхээр шийтгэж, “боль” гэхээр больж байгаа нь ялангуяа шүүхийн шатанд хэргийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн болохыг харах боломжтой байна. Мөн нөгөө талаар бодит байдалд А.Базарын ТАЗ-д өгсөн тодруулга гэгчид “өргөдлийнх нь хариуг Ж.******* бус Ц.******* өгөх ёстой байсан” гэдгийг нотлох баримт байхгүй байна.
“Цахим хуудас” гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн хувьд тухайн баримтыг хуулийн хүрээнд олж, хэрэгт бүрдүүлээгүй гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж, 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж, 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж, 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” гэж, 44.4-д “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас харахад “цахим хуудас” гэх баримт нь бичмэл нотлох баримт, эсвэл баримт бичиг, эсвэл эд мөрийн баримт, эсвэл фото зураг зэргийн аль нь болох тодорхоогүй, хуульд заасан нотлох баримтын хэлбэрт хамаарахгүй байгаа нь нотлох баримт гэж үзэхэд эргэлзээг бий болгож байгаагаас гадна “хуулбар үнэн” тэмдэг дарснаас үзвэл бичмэл нотлох баримт гэж үзэж байгаа ба хэрэв энэ тохиолдолд архивт авагдсан эх материалыг нотлох баримтаар гаргуулах, эсвэл үзлэг хийх, шинжлэн судлах хүрээнд гэрч асуух, шинжээч томилох зэргээр тухайн баримтыг бэхжүүлэх, нэмэлт ажиллагаа хийхээр байсан. Мөн “Цахим хуудас” гэх баримтыг бичмэл нотлох баримт гэж үзэхэд хүрвэл архивын эх материалтай тулган магадласны үндсэн дээр “цахим хуудас” биш зөвхөн бичмэл баримтыг хуулбарлан “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулахаар хуульд тусгайлан заажээ. Энэ мэт байдлаар “цахим хуудас” гэх баримт нь бодит байдал болон хуульд заасан шаардлагуудыг олон талаар зөрчиж байгаа нь хуурамч баримт байж болзошгүй байдлыг үүсгэхээр байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг шударгаар нотлоно гэж үзсэн бол ШӨХТГ-ын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг “АЗи” программ хангамжийн мэдээллийг шүүхэд хүсэлт гарган хуульд заасан арга хэрэгслэлээр баримтжуулах, ялангуяа эх баримтуудтай харьцуулан үнэлэх нөхцөл бүрдэх байсан.
Иргэн А.Базарын өргөдөлтэй холбоотой бодит болсон үйл явцыг тоймлон дурдвал: Иргэн А.Базарын өргөдөл анхнаасаа улсын ахлах байцаагч Ц.*******д цохогдоогүй ба тухайн өргөдлийг “Ц.******* шийдвэрлэн хариу өгөх үүрэгтэй байсан” гэсэн гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаар мэдсэн. Тодруулбал, иргэн А.Базарын өргөдлийг Ц.******* би өмнө ерөөс гартаа барьж үзээгүй байсан. Үүнтэй холбоотой иргэн А.Базарын тус газарт хандан 2015.5.15-ний өдөр гаргасан өргөдөл, түүний бүртгэл хяналтын картыг архиваас гаргуулан авч судлахад удирдлагын заалт хэсэгт “улсын ахлах байцаагч Ц.*******д цохогдсон” гэх баримт байхгүй байна. Зөвхөн Ж.*******ын өргөдлийг хаасан талаарх тэмдэглэл байгаа бөгөөд тухайн үед нэгжийн даргаар ажиллаж байсан Ж.Хичээнгүй бодит байдлын талаар “өргөдлийг Ж.*******т шууд өгсөн, хаахдаа ажил хүлээлцэх үед олон өргөдлийн дунд хүлээн авсан байна. Бодит байдлыг шүүх, хууль хяналтын байгууллагад гэрчилнэ”, харин А.Базар “Ж.******* цахим хуудас гэх баримтыг хожим надад үзүүлж, ТАЗ-д өөрийнхөө гомдлын талаар тодруулга хийж өгөхийг хүссэн. Өмнө нь бодит байдалд өргөдөл хэрхэн шийдвэрлэх талаар цөөнгүй ирэхэд Та хамт суудаг байсан, хэн хариуцаж байсан талаар гэрчилнэ” гэсэн болно. Хэрэгт зөвхөн А.Базарын “Ж.******* өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн, түүнд хариуцлага тооцуулах талаарх гомдол, түүний бүртгэл хяналтын карт”-ыг бүрдүүлсэн байсан ба тухайн баримтыг үгүйсгэх зорилгоор дээрх байдлаар гүжирдэж, гуйвуулах үйлдэл гаргаж байсан нь зөвхөн үүгээр зогсохгүй юм.
Иргэн А.Базар нь тус агентлагт олонтой өргөдөл, гомдол гаргаж байсан, Ж.*******тай өмнө нь танил байсан ба түүний өргөдөл онцлогтой өргөдөл. Мөн нөгөө талаар ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод нэгжийн дарга болон шууд хариуцан ажиллах 4 мэргэжилтэн хоорондын харилцааг зохион байгуулалтаар хангахаар тусгагдсан байдаг, нэгж бүр нэг ахлах мэргэжилтэнтэй болж бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой Ж.******* ахлах мэргэжилтэн байсан болов ч мэргэжилтэн болсоноор өөрчлөлтийг хүлээн авахгүй хувийн байдлаа ажил хэрэгт хольж, хутган үймүүлэх үйлдэл гаргах болсон нь иргэн А.Базарыг өмнө нь танил гэдгийг нь мэдээгүй байхад “иргэнийг олон дахин явуулж, хүндрэл гаргахгүй байх, өргөдлийг “А51Г программ дээр “улаалгахгүй шийдвэрлэх” талаар ахлах мэргэжилтний зүгээс Ж.*******т зүй ёсны шаардлага тавьсныг үл тоомсорлон, гөжүүдлэх, улмаар зориуд мушгин гуйвуулж, гүжирдсэн нь өөрийнхөө хүсэл, зорилгод нийцүүлэн “цахим хуудас” гэгчийг шүүхэд хуульд нийцээгүй байдлаар гарган өгсөн, мөн иргэн А.Базарын гомдлоо тодруулсан гэх үйлдлээс нь тус тус харагдана. Энэ талаар шүүхэд талбар хийх, улмаар бодитой, холбогдох эх баримтуудыг гарган хэлэлцүүлэх боломж гарна гэдэгт итгэж байна.
2. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгтээ Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Маргаан бүхий захиргааны акт нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудалтай ямарч хамааралгүй асуудал болно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт болно. Өөрөөр хэлбэл Ж.*******ийн онгоцны тийз борлуулагч аж ахуй эрхлэгч нарт хийсэн шалгалтын дүгнэлтийг буруутгасан зүйл байхгүй юм.
3. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт дурьдсан Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт нь “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/166 тушаалыг хүчингүй болгох биш харин түүнийг зөвтгөх үндэслэл болж байна. Гэтэл шүүх эсрэг агуулгатай хуулийн заалтыг баримталсан нь шүүхийн шийдвэр утга агуулгын илэрхий алдаатай болжээ.
4. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгтээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримталсан нь ойлгомжгүй байна. Энэ нь маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэлтэй холбогдолгүй хуулийн заалтыг баримталсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан нь -улсын байцаагчид эрх олгосон заалт бөгөөд Ж.*******ийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн талаар буруутгаагүй, харин хуулиар хүлээсэн хэрэгжүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээс харахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, буруу үнэлж, хэргийг бүрэн гүйцэт судлаагүй шийдвэрлэсэн байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцаах, шаардлагатай гэж үзвэл хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна
Нэхэмжлэгч Ж.******* “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг хариуцагчид даалгах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны Б/166 дугаар тушаалын үндэслэл болсон “шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн, тийз борлуулж буй аж ахуй эрхлэгчдэд зохих шийтгэл ногдуулаагүй 4 сарын хугацаа өнгөрүүлсэн, удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй” гэх зөрчлүүдийг нэхэмжлэгч Ж.******* гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 168 дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн гэх тухайд: “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.******* нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс улсын байцаагчийн 2012 оны 0000090 тоот шийтгэвэр болон дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба шүүхээс тодорхой хугацаа тогтоогоогүй байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шүүхийн шийдвэрт зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг байгуулж, түүнд Ж.******* орж ажилласан байх бөгөөд уг ажлын хэсэг дүгнэлт гаргаж тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагад танилцуулж байсан байна. Түүнчлэн Ж.******* нь улсын байцаагчийн хувиар шүүхийн шийдвэрт заасанчлан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг асуудлаар тодорхой шийдвэр гаргасан байхад хариуцагч үүнээс хойш буюу шүүхийн шийдвэр биелүүлэх зорилготой эдгээр тодорхой ажиллагааг авч явуулсанаас хойш шүүхийн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулж байгаа нь буруу байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, мөн зүйлийн 26.1.3 “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална” гэж заасан байна. Гэтэл дээр байдлаар нэхэмжлэгч Ж.*******ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахуйц зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна.
Зорчигчийн тасалбар, тийз борлуулагч аж ахуй эрхлэгч нарт хийсэн хяналт шалгалттай холбоотой асуудлаар: Улсын байцаагч тодорхой асуудлаар хуульд заасан журмын дагуу хяналт шалгалт хийж, Өрсөлдөөний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу албан шаардлага хүргүүлсэн тохиолдолд хяналт шалгалтад хамрагдсан хуулийн этгээд тухайн албан шаардлагыг биелүүлсэн эсэхээс хамаарч улсын байцаагч дараагийн арга хэмжээг тодорхойлох бүрэн эрхтэй байна. Тиймээс “агентлагын даргын зүгээс Ж.******* улсын байцаагчид зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийг торгох үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүргийг биелүүлэхгүйгээр эсэргүүцэж, хууль биелүүлэхээс зайлсхийсэн учир түүнд сахилгын шийтгэл ногдуулсан” гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх ““МИАТ” ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчид нь “МИАТ” ХК-аас зөвшөөрөл авалгүйгээр тасалбар, тийз борлуулах эрхээ олж авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд шууд хамаарахгүй” гэж энэ хэргийн маргаанд хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэн нь буруу болохыг тэмдэглэв.
Мөн иргэн А.Базараас гаргасан өргөдөлд хариу өгөөгүй гэх зөрчлийн тухайд: Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгдэж байсан гэх[1] программын мэдээллээс[2] дүгнэвэл иргэн А.Базар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд анх Ц.*******д, дараагаар нь Ж.*******т хуваарилагдснаар нэхэмжлэгчид өргөдлийн хариуг өгч хаасан байна.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ