Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0256

 

 

 

 

 

 

 

 

        Л.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Гуравдагч этгээд: Б.Номин

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх, Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0499/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Бгаас НЗДТГД-д холбогдуулан НЗДТГ-н даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Бг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗДТГ-н даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Бг урьд эрхэлж байсан НЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөөр тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “Нэхэмжлэгч Л.Бг Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэж заасан.

            3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж заасан.

            3.3. Дээрх заалтаас харвал "төрийн жинхэнэ албан хаагч эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэж тайлбарлахаар байна. Гэтэл анхан шатны шүүхээс 65 насыг тэтгэвэр тогтоолгох нас гэж хуулийг буруу тайлбарласан байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна" гэж заасан. Үүнээс харахад 65 нас бол тэтгэвэр тогтоолгох нас биш төрийн алба хаах насны дээд хязгаар байхаар байна.

            3.4. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төррийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй." гэж заасан. Л.Б нь 55 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл 65 нас хүртэл ажиллах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч Л.Б нь 2022 онд нэг жил үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс хүсэлтийг хүлээн авч 2023 онд ажиллуулсан байдаг. Харин 2023 онд цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж үзэж байна.

            3.5. Л.Бг төрийн албанаас чөлөөлөхдөө сонсох ажиллагаа хийсэн тухайд: Хавтаст хэргийг шинжлэн судлахад хэлтсийн дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, НЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны хурал дээр тэтгэвэрт гаргахаар болсон талаар мэдэгдсэн нь хуралдааны тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь нотлогдсоор байтал анхан шатны шүүхээс мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            3.6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт. захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж заасан байдаг ба нэхэмжлэгчид хэлтсийн хуралдаан дээр болон өөрт нь удаа дараа мэдэгдсээр байтал тайлбар, санал гаргаагүй бөгөөд нэг удаагийн тэтгэмж болон тэтгэвэр тогтоолгон 2023 оны 7 дугаар сараас эхлэн тэтгэврээ авч эхэлсэн байгаа нь нэхэмжлэгч маргаан бүхий шийдвэр гарахыг мэдсээр байж тайлбар, санал гаргаагүй харагдаж байна. 2 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            4.1. “Төрийн албанаас чөлөөлсөн асуудлын талаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт "10. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох насыг 65 нас гэж заасан, харин 55 нас хүрсэн даатгуулагч “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолго" эрхтэй байхаар тусгайлан зааж өгсөн байхад захиргааны байгууллага нь 65 нас хүрээгүй, тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүсэлт гараагүй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг үндэслэж төрийн албанаас шууд чөлөөлөх эрхийг захиргааны байгууллага эдлэх боломжгүй юм" гэж дүгнэжээ.

            4.2. Л.Бг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн.

            4.3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэж тусгайлан нэрлэн заасан. Гэтэл Төрийн албаны тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-д төрийн жинхэнэ албан хаагч хэдэн насанд хүрвэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж ойлгох талаар зохицуулалт байдаггүй учир хуулийг тайлбарлах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 1-д "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэжээ. Дээрх заалтаас харахад эрэгтэй даатгуулагч 60 нас, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхээр байна.

            4.4. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг холбон "төрийн жинхэнэ албан хаагч эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэж тайлбарлахаар байна.

            4.5. Гэтэл анхан шатны шүүхээс 65 насыг тэтгэвэр тогтоолгох нас гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна" гэж заасан. Үүнээс харахад 65 нас бол тэтгэвэр тогтоолгох нас биш төрийн албан хаах насны дээд хязгаар байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана" гэж заасан. Үүний дагуу Л.Б нь 55 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл 65 нас хүртэл ажиллах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Л.Б нь 2022 онд нэг жилийн хугацаатай үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс хүсэлтийг хүлээн авч 2023 онд ажиллуулсан байдаг. Харин 2023 онд цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргаагүй байдаг. НЗДТГД- нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", 46.3-т "...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасныг үндэслэн Л.Бг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль тогтоомж зөрчөөгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байна.

            4.6. Сонсох ажиллагаа явуулсан талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтаас харахад сонсох ажиллагаа гэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс захиргааны актыг батлан гаргахын өмнө тайлбар, санал авах ажиллагааг ойлгохоор байна. НЗДТГ-н даргын зүгээс Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

            4.7. Энэхүү хурлаар Л.Бд 2023 онд тэтгэвэр гаргах болсон талаар урьдчилан мэдэгдсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад арга хэлбэрээр зохион байгуулна гэж заасан.

            4.8. НЗДТГД-ас хэлтсийн хурал дээр Л.Бд тэтгэвэрт гарах талаар мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.7-д заасан "бусад" гэсэн үндэслэлээр сонсох ажиллагааг явуулсан байна.

            4.9. НЗДТГ-н даргын Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас хойш тайлбар, саналаа томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх эрх нь нээлттэй байсан боловч Л.Б нь тэтгэвэрт гарах асуудлаар хэлтсийн дарга, хүний нөөц хариуцсан ажилтан болон бусад албан тушаалтантай уулзаж тайлбар өгөөгүй, тэтгэмжээ маргаангүй авсан байдаг.

            4.10. Гэтэл анхан шатны шүүх "12. Нэхэмжлэгч Л.Бг төрийн албанаас чөлөөлөх маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө түүнд албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт байхгүй бөгөөд НЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, НЗДТГ-н хэлтсийн дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэргээр буюу хэлтсийн хурал дээр түүнд тэтгэвэрт гарах талаар мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхгүй" гэж шийдвэрийнхээ үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүйг сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

            Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дахь хэсэг "шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..." гэж заасан үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Л.Бгаас НЗДТГ-н даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Бг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулахаар “... миний бие 57 настай тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байтал ямар нэгэн мэдэгдэл амаар болон бичгээр мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ... 60 нас хүрээгүй байхад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            Хариуцагчаас “... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насан хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүртэл хүсэлтээ гаргана” гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар олгон төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. Зөвлөмжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн албанд ажиллуулах боломжгүй,... Б.Номинг шилжүүлэн ажиллуулж байна ...” гэж, гуравдагч этгээдээс “...Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаас харахад Төрийн албаны тухай хуулийн заалтыг эмэгтэй хүн 55 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж тайлбарлаж болохоор байна, ... Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар төрийн албанаас чөлөөлөх гэсэн сонгох боломжийг хэрэглэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна” гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б нь 1965 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, уг маргаан бүхий тушаалыг гарах үед 57 нас 4 сартай байсан байх бөгөөд улсад 2000 оноос хойш,  2006 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал НЗДТГ-н Хэвлэл мэдээллийн алба, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Соён гэгээрүүлэх тасгийн дарга, Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр тасралтгүй ажилласан болох нь тогтоогдсон байна.

            2.2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.3-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

            2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гэж, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаа насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахаар байна.

            2.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүртэл бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан.

            2.5. Ийнхүү Хөдөлмөрийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг “60” болон “65” гэж харилцан адилгүйгээр зөрүүтэйгээр заасан байх боловч энэ нь хуулийн шаардлагын дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй насыг тодорхойлон заасан, харин 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч хэрвээ өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд зайлшгүй тэтгэвэр тогтоолгох талаар заасан зохицуулалт биш юм.

            2.6. Иймд НЗДТГ-н даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэж “55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргаагүй” гэх агуулгаар нэхэмжлэгчийг НЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул шүүх НЗДТГ-н даргын 2022 оны Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

            2.7. Анхан шатны шүүхээс “... хариуцагч захиргааны байгууллага нь өндөр насны тэтгэврээ өөрийн хүсэлтээр тогтоолгон авах хуулиар зөвшөөрч олгосон эрхийг дордуулсан байдлаар буруу тайлбарлаж, өөрөө тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй, 57 настай төрийн жинхэнэ албан хаагч Л.Бг Төрийн  албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтыг хэрэглэн захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй бөгөөд тарийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан эрх, баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болсон, ... захиргааны байгууллага нь 65 нас хүрээгүй, тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүсэлт гаргаагүй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг үндэслэж төрийн албанаас шууд чөлөөлөх эрхийг захиргааны байгууллага эдлэх боломжгүй” гэх зэрэг үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

            2.8. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох хуулийн шаардлагад хамаарахгүй, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/0281 дүгээр тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан байх тул маргаан бүхий тушаалын тухайд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            2.9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгохоор хуульчлан зохицуулсан бөгөөд 20 болон түүнээс доош тооны этгээдэд мэдэгдлийг тус бүрд нь шууд хүргүүлэхээр хуульчилсан.

            2.10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд НЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, НЗДТГ-н хэлтсийн дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч Л.Бд тэтгэвэрт гарах талаар хэлтсийн хурал дээр мэдэгдсэн байна.

            2.11. Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Л.Бд тэтгэвэрт гарах асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай  байх боловч энэ нь НЗДТГ-н даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэйг нотлох үндэслэл болохгүй юм.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

   ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ