Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00856

 

 

.......ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1165 дугаар магадлалтай,

.......ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Мөнхцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэн С.Цэнд-Аюушийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхоны 28-5 дугаар байрны 115 тоотын 2 өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 71,361,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба гомдолтой байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2019.11.29-ний өдрийн 568 дугаарт 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлсон үнэлгээний ажлыг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн уг байрыг анх 115,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.25-ны өдрийн 101/ШШ2019/00607 дугаартай захирамжаар Дашийн Амаржаргалаас 36,197,349 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 409,137 төгрөгийг гаргуулж Сити партнерс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч .......д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Цэнд-Аюушийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байр, 115 тоот хаягт байрлах, 44.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.10.16-ны өдрийн 19261500/002 дугаартай тогтоолоор битүүмжлэн төлбөрийг 2019.10.26-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч ....... төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул 2019.10.29-ний өдрийн 19261500/04 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019.11.19-ний өдрийн 390 дугаартай тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар тогтоолгоход 71,361,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019.11.29-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019.11.29-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сити партнерс ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхцолмон шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019.02.25-ны өдрийн 101/ШШ2019/00607 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Даш овогтой Амаржаргал нь зээлийн гэрээний үүрэгт 36,197,349 төгрөгийг манай Сити партнерс ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрч, хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, /13361/, Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байрны 115 тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Y-2204070265 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. 2019.07.10-ны өдрийн 101/ШЗ2019/11151 тоот шүүгчийн захирамжийн дагуу дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарч 0892 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. ....... нь энэ хугацаанд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх хуудсанд заагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн боловч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 229 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасны дагуу 2019.10.29-ний өдрийн 19261500/04 тоот тогтоолоор хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч ......., өмчлөгч С.Цэнд-Аюуш нар 160,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь бодит бус үнэ гэж манай байгууллага үзсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу 2019.11.19-ний өдрийн 390 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 71,361,000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2019.11.29-ний өдрийн 4/27354 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч .......д, 4/27355 тоот мэдэгдлээр барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Цэнд-Аюушид мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг 2019.12.09-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэнийг гэрчлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар иргэний хавтаст хэрэгт мөн авагдсан байна. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ барьцаалагдаж, битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байхад Д.Мэндбаяр нь 2019.12.20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг 14 хоног хэтрүүлсэн нь дээрх хуульд нийцээгүй байна. Иймд иргэн .......ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байр, 115 тоотын 44.05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204070265 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 71.361.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай .......ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч .......ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1165 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 101/ШШ2020/00658 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1165 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Төлөөлүүлэгч Д. Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 115 сая төгрөгөөр анх худалдан авсан байраа 71 сая төгрөгөөр үнэлэн ББСБ-ын төлбөрт өгөхийг шударга бус байдал гэж үзэж байна. Тухайн үед авсан баримтаа анхан шатны шүүхэд гарган өгөх боломжгүй байсан. Дэлхий нийтийг хамарсан Ковид19 вирусийн цар тахалд манай улс хүртэл өртсөн нь олон улсын эрх зүйн зарчмаар бол нь давагдашгүй хүчин зүйл буюу форс мажор билээ. Зээлдүүлэгч ББСБ-ын хүү нь бизнес эрхэлж буй хүнд харьцангуй өндөр байдаг. Энэ тухай манай улсын иргэд бүгд мэдэх бөгөөд бид банкны зээлд барьцаалагдан амьдарч байна шүү дээ. Урд өмнө нь төлбөр төлөгч ....... нь уг Сити Партнерс ББСБ ХХКК-ийн найдвартай зээлдэгч байсан. Энэ байдлыг харгалзан үзэж хүүг багасгах боломжтой байсан боловч хүү нь өссөөр байгаад зээлдэгчид хүндрэлтэй байдал бий болсон юм. Улс орныг хамарсан энэ хүнд хэцүү нөхцөлд хүн өөрийн орон байраа алдах, өндөр хэмжээний хүү төлнө гэдэг бол маш боломжгүй бодит байдалтай нийцээгүй явдал юмаа. Хүний орон байрыг үнэлэн хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан энэхүү гомдлыг хэлэлцэхдээ шүүгч маань уг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлон шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр магадлалд гомдолтой байгаа бөгөөд хүний орон байр гэдэг бол амин зуулгын гол хэрэгсэл анхдагч хэрэгцээт чухал зүйл байдаг. Ер нь яахаараа ч хүний орон байрны үнийг илтэд доош татаж 70 хувиар үнэлэн дуудлага худалдаанд оруулдаг юм. Хуулийн энэ зохицуулалт нь иргэн хүний хувийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн этгээдүүдэд сайхан боломж олгожээ. Хөрөнгийн өмчлөгч ахмад настан С.Цэнд-Аюушийн эрх ашгийг хүндэтгэн шүүх хуралдаанд оруулах эрх шүүхэд бүрэн байсан гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэр болон магадлалыг дахин хянан үзэж, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ....... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.25-ны өдрийн 101/ШШ2019/00607 дугаартай Шүүгчийн захирамжаар .......аас 36,197,349 төгрөгийг гаргуулан Сити партнерс ББСБ ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон/13361/ Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байрны 115 тоот, 44.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталжээ.

2.   Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа өгөхийг талуудад мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч орон сууцыг 160,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хэт өндөр гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

3.   Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 71,361,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, 2019.11.29-ний өдрийн 4/27354 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр талуудад мэдэгдэж, мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хуулбарыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өдөр гардуулж өгсөн нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогджээ. /хх-81/

4.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...уг байрыг анх 115,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан, ...үнэлгээг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан,

Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Анхан шатны шүүх ...шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., 8 дугаар зүйлийн 8.1. дэх заалтыг үндэслэн, 9 дүгээр зүйлд нийцүүлэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...115,000,000 төгрөгөөр худалдаж авсан байрыг 71 сая төгрөгөөр үнэлж төлбөрт өгөх нь шударга бус, ...шүүх хуралдаанд шүүгч үнэлгээ хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлон шийдвэрлэх үүрэгтэй байсан, ...ер нь орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа илтэд доош татаж 70%-иар үнэлж байгаа нь хүний хувийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн этгээдэд боломж олгосон зохицуулалт байна, хэргийг дахин хянан үзэж, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

7.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээг 2019.11.29-ний өдөр хүлээн авч, мэдсэн боловч үнэлгээний талаарх гомдлыг 2019.12.20-ны өдөр буюу мэдсэнээс хойш 22 хоногийн дараа шүүхэд гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн... гэх үндэслэл хууль зөрчөөгүй байна.

8.   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, зохигч, түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.2., 38 дугаар зүйлийн 36.6.-д заасан тул зохигч хүсэлт гаргаагүй бол шүүх гуравдагч этгээдийг, эсхүл шинжээчийг санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхгүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шүүхээс шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг бүх талаас нь нотлон шийдвэрлэх байсан гэх гомдол үндэслэлгүй.

9.   Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх тайлбараа нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа нотлох, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10.   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1165 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.06.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                                                                             ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД