Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0290

 

 

 

 

 

 

     

 

    

 

  

          Б.Г-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Б.Г-

Нэхэмжлэгч: Б.Г-

Хариуцагч: СЯТНБД-

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0957 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0616/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г-ээс СЯТНБД-д холбогдуулан СЯТНБ даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5.008.674 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0957 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ээс СЯТНБ даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5.008.674 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдох маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач хоблогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг заигааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна.

3.2. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Төрийн албанд нийт 21 жил 4 сар, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 2 жил 7 хоног ажилласан байсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг хангаж байсан. Гэтэл сонгон шалгаруулалтыг 1 сарын 30-ны өдрөөс өмнө намайг чөлөөлөлгүйгээр зарлаж болох байсан эсэх, миний төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан эсэх, цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон шимтгэл төлүүлэх шаардлагыг хангуулахаар маргаж байгааг тодруулж, эдгээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх байсан.

3.3. Бодит байдал дээрээ тус тогтоолд дурдагдсан удирдах албан тушаалтнуудаас ганцхан намайг чөлөөлсөн. Надтай адилхан сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалт өгөөгүй, тэр ч байтугай төрийн албанд над шиг олон жил ажиллагаагүй бусад албан хаагчдыг чөлөөлөөгүй. Энэ нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл нь бүхий байх зэрэг тусгай зарчмыг баримтлаагүй, ялгамжтай, хуулийг өөрсддөө нийцүүлэн гаргасан шийдвэр атал шүүгч дүгнэлт хийгээгүй.

3.4. Намайг чөлөөлөх шийдвэр гаргасан Төрийн нарийн бичгийн дарга С.О-н хуулиар хүлээсэн эрх хэмжээ нь дуусгавар болсон байхдаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/20 тушаал гаргаж намайг чөлөөлсөнг шүүгч зөвтгөсөн. Өөрөөр хэлбэл шүүх С.О-ийн туслахыг гэрчээр асууж, намайг чөлөөлсөн тушаалыг үдээс өмнө 11-12 цагийн хооронд зурсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засгийн газрын хуралдаан 15:22 минутад дууссан гэх баримтуудыг бүрдүүлж, түүнийгээ үнэлж С.О-ийн тушаалыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Гэтэл Засгийн газрын тогтоол тараалтын “Ажлаас чөлөөлөх тухай хуудас”-т Засгийн газрын хуралдаан дууссан цагаар намайг чөлөөлсөн нь үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.5. Тухайн өдрийн буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын Хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлж, томилох шийдвэр гаргасан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бигчийн даргын, Санжаадоржийн Оюунбилэгийг СЯТНБ даргын .... үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн. Энэ чөлөөлөх асуудал өмнө нь буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр Соёлын яаманд мэдэгдсэн байсан.

3.6. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасанг хэрэгжүүлээгүй.

3.7. Өөрөөр хэлбэл миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын цаг дууссаны харьж яваад хальтирч унаж өмнө хөлөө хугалж гэмтээж хагалгаанд орсон байснаа хөндөж сэдрээсэн. Энэ тухайгаа ТЗУГ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ид вайбераар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цаг 52 минутад мэдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөн вайбераар эмнэлгийн 7 хоногийн акт олгосон тухай бичгийг хүргүүлсэн. Ц дарга 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 23 минутад надруу ... тушаал гаргаагүй байгаа та актаа биечлэн авчирч өгөх талаар мэдэгдсэн бөгөөд бүх зүйл цахимжсан картаа өгөх юм уу... гэж асуун хариу бичсэн.Энэ бүх нотлох баримтыг шүүх үнэлээгүй, тогтоогоогүй.

3.8. Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн магадлагааг цахим хэлбэрээр гаргана хэмээн заасан байх ба надад цаасан магадлагаа өгөөгүй, би эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн акт олгов гэсэн бичигтэй хэсгийг илгээсэн бөгөөд Соёлын яамны нягтлан бодогч руу автоматаар цахимаар илгээгдсэн байгаа та бүхэн нягталж өгнө үү гэсэнг шүүгч огт авч хэлэлцээгүй хариуцагчийн талд давуу байдал олгон шийдвэр гаргасан.

3.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлсөн бөгөөд баримтаар тогтоогдож байгаа үйл баримтыг шүүгч үнэлээгүй, биеэр авчирч өгөх ёстой байсан, эмчийн магадлагаанд бичсэн онош ойлгогдохгүй, гаргагдахгүй байна гэж нотлох ажиллагааг хийгээгүй.

Хөлөө гэмтээсэн явж, хөдөлж чадахгүй хүн хариуцагчийн шаардлагыг хэрхэн биелүүлэх үү? Эмчийн бичсэн оношийг ухаж ойлгохгүй байсан бол шинжээч томилж тогтоолгох ёстой байсан бус уу?

3.10. Намайг чөлөөлсөн албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжид огт нийцэхгүй, нийтлэг болон тусгай шаардлага хангаагүй, мэргэжлийн бус хүнийг томилсон. Уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаагаар үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан эсэх талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан.

3.11. Миний бие төрийн албанд 22 жил шударгаар хөдөлмөрлөж, шударга шаардлага тавьдаг байсны төлөөсөнд сахилгын арга хэмжээ авагдаж, мэргэшсэн мэргэжил, боловсрол, цол хэргэмээрээ ажиллах боломжгүй болтлоо хавчин гадуурхагдаж бие сэтгэл, эд хөрөнгийн хохирол амсч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0957 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Б.Г-ээс СЯТНБ даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5.008.674 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгохоор “... Төрийн албаны тухай хуульд заасан тухайн албан тушаал дээр жинхлэн томилогдох болзол, шаардлагыг хангасан байхад ажлаас чөлөөлсөн,... хөлөө гэмтээсэн өвчтэй байх үед тушаалыг гаргасан, ... сахилгын шийтгэлийг зохион байгуулалттай ногдуулж, жинхлэн томилоогүй, ... Төрийн нарийн бичгийн дарга С.О- нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            Хариуцагчаас “... Төрийн албаны зөвлөлөөс Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх асуудлыг зохион байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн, ... Б/20 дугаар тушаалыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ц утсаар мэдэгдсэн, ... эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангасан байх ёстой боловч дээрх шаардлагыг хангаагүй,... сонсох ажиллагааны тайлбар, санал гаргах хугацаанд ямар нэгэн байдлаар тайлбар гаргаагүй, тодорхой шалтгаангүйгээр ирээгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

            2.1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж заасан.

            2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г-ийг анх СЯТНБ даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргаар түр томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг үндэслэн томилж, түүнийг сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсон болох нь тогтоогдсон байна.

            2.3. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулахаар шийдвэрлэж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолыг гаргаж, СЯТНБД-д хүргүүлсэн байна.

            2.4. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

            2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрх хэмжээтэй бөгөөтэй түүнийг шийдвэрийг холбогдох этгээд нь заавал биелүүлэх үүрэгтэй байна.

            Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 649 дүгээр тогтоолыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж гаргасан СЯТНБ даргын маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг буруу гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх “...Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж гаргасан СЯТНБ даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу биш юм.

            2.6. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн талаарх амбулаториор эмчлүүлэгчдийн картыг хүсэлтийн хамт Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00:17 цагт илгээж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэл өгсөн,... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдлийн дагуу 11 цагаас сонсох ажиллагаа хийх байсан, сонсох ажиллагааны үеэр та ирээгүй, таныг өвчтэй гэдгийг нотлох акт байхгүй байсан гэж хэлсэн. Хэрэв би сонсох ажиллагаанд оролцсон бол эрх зүйн тайлбар гаргах 30 хоног сунгагдах боломжтой байна” гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй, өвчтэй байхад маргаан бүхий тушаалыг гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

            2.7. Хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрчийн тэмдэглэлд гэрч Д.Баярмаагийн “... гарын үсгийг 11-12 цагийн хооронд зурсан, ... С.О- нь албан үүргээ гүйцэтгэж байсан. Тогтоол нь үдээс хойш 15-16 цагийн хооронд гарсан” гэх мэдүүлэг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1015 дугаар албан бичгээр Засгийн газрын тогтоол тараалтын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар хуудас, Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн болон дууссан талаарх баримтын хуулбарыг шүүхэд ирүүлсэн. Үүнээс үзэхэд Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаан нь 08 цаг 00 минутаас 15 цаг 22 минут хүртэл үргэлжилсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “С.О-ийн хуулиар хүлээсэн эрх хэмжээ нь дуусгавар болсон байхад тушаал гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

            2.8 Мөн анхан шатны шүүхээс “...маргаан бүхий СЯТНБ даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэлтэй, ... СЯТНБД-ар ажиллаж байсан С.О- нь албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө маргаан бүхий тушаалыг гаргасан” гэх зэрэг үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0957 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

  ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ