Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.У/РД: /-т  холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 200 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Болор-Эрдэнэ нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч би Д.Б нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Утэй харилцан тохиролцон Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг удирдлага болгон “Зээлийн гэрээ” байгуулан 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн болно. Гэрээний хугацаанд хариуцагч талаас үндсэн зээлийн хүүг огт төлөөгүй, мөн гэрээгээр авсан зээлээ бүрэн төлөх хугацаа нь 45 хоногийн өмнө дууссан. Иймд үндсэн зээлийн үнийн дүн 20.000.000 төгрөг, сар бүрийн үндсэн зээлийн хүү 3 хувь буюу нэг сарын 600 000 төгрөг буюу нийт 12 сарын хүүний нийлбэр 7 200 000 төгрөг, үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаар тооцох алданги үндсэн үнийн дүн, түүний хүүгийн 0.5 хувь буюу төлбөл зохих 45 хоногт 6 120 000 төгрөг буюу нийт 33 320 000 төгрөг болсон байна. Иймээс дээрхи тооцоолол гаргасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, түүний алданги 33 320 000 төгрөгийг, зээлийн гэрээний 3.6 дах заалтын дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс 500 000 төгрөг буюу нийт 33 820 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, хүү 7 200 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 37 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд өмгөөллийн хөлсөн нэхэмжилж байсан 500 000 төгрөг алдангид тооцогдох болно.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Утэй зээлийн гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад үүний дагуу 12 сарын хүү нэхэмжилсэн. Нотариат дээр зээлийн гэрээ байгуулаад 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өмнө нь 2 удаагийн зээлийн асуудал байдаг. 1 удаа 30 000 000 төгрөг, 1 удаа 35 000 000 төгрөг зээлүүлж байсан. Д.У нь зээлсэн мөнгөө бэлнээр болон банкаар шилжүүлсэн байдаг. Хариуцагч тал хариу тайлбартаа одоо ийм төгрөгийн үлдэгдэл байгаад ийм төгрөг үлдсэн гэдэг баримтыг гаргаж өгдөггүй. Өмнөх зээлийн асуудал дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. У нь  Д.Бгаас мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьсан. Нэг нутгийн бие биенээ таньдаг хүмүүс. Д.Бгийн 2 хүүхэд БНСУ-д ажиллаад мөнгөө ээждээ мөнгө хадгалуулдаг байсан талаар баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Д.Б гуай хадгаламж барьцаалсан зээл аваад нийт 20 000 000 төгрөгийг бүрдүүлж өгсөн гэж тайлбарладаг. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Д.Б болон Капитал банкны баримт, 16 000 000 төгрөгийг хадгаламжаасаа авсан. Мөн оны 01-р сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, Хаан банкнаас авсан 3 000 000 төгрөгөө бүрдүүлээд зээлүүлсэн. Тухайн үед мөнгийг бэлнээр өгсөн. Д.Б гуай их жижигхэн биетэй хүн байдаг. Гэтэл хариуцагч талаас байнга аашилж дарамтлаад чирч гулдраад гэж тайлбарладаг. Өөрөө 48 оны хүн байгаа. ХХША-ны явцад өвдөгний үе солиулсан. Ийм жижиг биетэй хүн яаж хүнийг чирч гулдарч, аашилж загнаад байх боломжгүй гэдгийг шүүхэд уламжлаарай гэж надаас хүссэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 282-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед мөнгө хүлээлгэн өгөөд нотариатын тэмдэг даруулсан байдаг. Уг мөнгийг яаж өгсөн талаар баримтаа хэрэгт өгсөн. 12 сарын хүү 7 200 000 төгрөг, анх нэхэмжлэл гаргахдаа 45 хоногоор хугацаа хэтэрсэн гэж үзсэн байснаа  2 удаа Улсын дээд шүүхээс буцсан учир хугацаа хэтэрсэн 422 хоног болсон. Иргэний хуульд заасан заалтаас хэтэрсэн тул 20 000 000 төгрөгийн 50 хувь буюу 10 000 000 төгрөгөөр бодож, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, хүү 7 200 000 төгрөг гэж тооцоолж гаргасан. Хугацаа хэтрэлтээр бодвол хоног тутам 100 000 төгрөг буюу 42 000 000 төгрөг болж байна. Хүүгээс алданги тооцоогүй. Өмнөх зээлийн үлдэгдлээ хариуцагч тал баримтаар гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар гаргуулсан бакны хуулга болон манай талаас гаргасан жагсаалт хэдэн хувийн хүүтэй гэдэг нь харагддаг. 35 000 000 төгрөгийн хүү 1 050 000 төгрөг гэх мэтээр явж байсан. Бэлнээр өгөх үед Д.Б дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан боловч дэвтэр нь алга болсон учраас тодорхой хэлж мэдэхгүй байгаа. Өмнөх зээлийн үүрэг дууссан учраас тэрийгээ устгасан байдаг. 2011 оны 11-р сарын 03-ны өдөр 35  000 000 төгрөг, 2013 оны 3-р сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг зээлүүлсэн. Сүүлийн зээл 6 сарын хугацаатай байсан. Өөртөө байгаа баримтын хүрээнд дансны хуулгаа гаргаж өгсөн.” гэв.

 

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд Авгасууд овгийн Дорлигийн Бгаас гаргасан нэхэмжлэл, шаардлагатай танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна.

Мөөнин овгийн Доржийн У би Д.Бгаас 2011 онд/сар өдрийг сайн санахгүй байна/ 30 сая төгрөг, 2012 онд 35 сая төгрөг зээлж, сар бүрийн зээлийн эргэн төлөлт болох 35 сая төгрөгний 3-н хувийн хүү 1.05.000 төгрөгийг сар бүрийн 3-ны өдөр, 30 сая төгрөгний хүү 900.000 төгрөг сар бүрийн 18-наас 20-ны хооронд төлж ирсэн бөгөөд үндсэн зээлээс 45 орчим сая төгрөгний зээлийг эргэн төлсөн юм.
            Энэ зээлийн талаар тооцоог нийлж, төлсөн болон үлдэгдэл зээлийн талаар мэдээлэл авах талаар санал тавихад зээлдүүлэгч Д.Б үл зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн энэ зээлийн гэрээг нөхөн хийж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан мэтээр баримтыг гэрээг нөхөн байгулахдаа үйлдэн надаар гарын үсэг зур гэж шаардан, арга буюу зээлдүүлэгч Д.Бгийн шаардсанаар гэрээг байгуулан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь миний аргагүй гачигдсан, зээлдэгчийн хүчинд буюу эрхшээлийн дор үйлдсэн гэрээ баримт юм.

Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зээл болон хүүгийн эргэн төлөлтийг тооцон гэрээг дүгнэж үзсэний эцэст үлдэгдэл зээл болон хүүг төлөх болно.

Зээл болон хүүг дээрхи сарын өдрүүдэд тасралтгүй 2011 оноос 2015 оны 12-р зарыг дуустал Д.Бгийн ХААН банкны 5007518633 тоот дансанд Урнаа гэсэн нэрээр төлж ирсэн, мөн өөрийн ажилтан болох Лхагвабаяр, Нямсүрэн, Шинэзориг, Баточир гэсэн нэрээр хааяа тушаалгаж байсан ба 2016 оны 02-р сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үедээ надад 20 сая төгрөг бэлнээр хүлээлгэн өгөөгүй гэдгийг гэрээг байгуулах үед байлцсан хүмүүс болох Баасанжав, Цэрвээ нар гэрчлэх ба гэрээг баталсан нотариат ч гэрчилнэ.

Би зээлийн хүү болон эргэн төлөлтөнд 2011 оны 12-р сарын 03-наас 2015 оны 12-р сарыг дуустал хугацаанд ойролцоогоор 84 750 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд тэрээр энэ мөнгөний эргэн төлөлтийг өөрийн дансны гүйлгээний хуулга болон орлогын албан татвар төлсөн бол баримтаасаа харж болно.

Иймд бидний хооронд үүссэн зээл болон хүүгийн маргааныг түүний Хаан банкны дансны хуулгыг 2011 оны 12-р сарын 03-наас 2016 оны 01-р сарыг хүртэл хугацааны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан тооцоог нийлсэний дараа үлдэгдлийг тооцсоны дараагаар төлөхийг би зөвшөөрч байгаа юм.” гэжээ.

 

Хариуцагч Д.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б үнэхээр 20 000 төгрөг өгсөн бол  өөрөө ирэх ёстой. Энэ мөнгийг өмгөөлөгч аваад ирвэл сайн авчирахгүй бол тэр биз гэж өөрөө ойлгож байгаа байх. Өмнөх асуудал дууссан учраас энд ярьж хурлыг будлиулах шаардлгаа байгаа юм уу? мөнга авсныг нотариатч болон нөхөр нь мэдээгүй. Энэ хүн мөнгөө асар их өсгөдөг. Ингэж хүү өсгөж авдаг талаар хуульд байдаг ч юм уу үгүй юм уу? банк бол мөнгө хүүлдэг, банкнаас өөр мөнгө хүүлдэг талаар би мэдэхгүй юм байна. Явсаар байгаад 30 хэдэн сая төгрөг болсон. 20 000 000 төгрөг аваагүй талаар хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.Ут холбогдуулан үндсэн зээл 20 000 000/хорин сая/ төгрөгийг, хүү 7 200 000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг, алданги 10 000 000/арван сая/ төгрөгийг, бүгд 37 200 000/гучин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.У нь Д.Бгийн шаардсанаар гэрээг байгуулан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Уийн өмгөөлөгч Х.Отгончимэгт 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Уийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ/хх-3/ /цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 онд 30 000 000/гучин сая/ төгрөгийг 3/гурав/ хувийн хүүтэй, 2012 онд 35 000 000/гучин таван сая/ төгрөгийг 3/гурав/ хувийн хүүтэй зээлсэн гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч нь энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Хариуцагч нь дээрх 2 зээлийн төлбөрт 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 132 145 700/нэг зуун гучин хоёр сая нэг зуун дөчин таван мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкинд нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 5007518633 дугаар төгрөгийн дансны 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар/хх-129-135/ тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 30 000 000/гучин сая/ төгрөгийн 3/гурав/ хувийн хүүтэй, 35 000 000/гучин таван сая/ төгрөгийн 3/гурав/ хувийн хүүтэй зээлийг төлж барагдуулсан болох нь 5007518633 дугаар төгрөгийн дансны 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар/хх-129-135/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Капитал банкинд эзэмшиж байгаа төгрөгийн хадгаламжийн данснаасаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийт 12 931 625/арван хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг, Хаан банкин дахь төгрөгийн хадгаламжийн данснаасаа 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг авсан болох нь Капитал банкин дахь хадгаламжийн № 0003763 дэвтрийн хуулбар/хх-61-62/, Хаан банкин дахь хадгаламжийн № 0181785 дэвтрийн хуулбараар/хх-63/ нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид 20 000 000/хорин сая/ төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 20 000 000/хорин сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч буцаан төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 20 000 000/хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүнд 7 200 000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр эрхэлсэн болох нь 5007518633 дугаар төгрөгийн дансны 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар/хх-129-135/ нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хүү тооцсон зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр эрхэлсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2.1, 15.3, 15.3.4 дэх заалтад нийцэхгүй байна.

 

Хүү тооцсон зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл 20 000 000/хорин сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 10 000 000/20000000х0.5%=100000, 100000x400хоног=40000000, 20000000:2=10000000/ /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөд 500 000/таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр багасгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн зээл 20 000 000/хорин сая/ төгрөгийг, алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг, бүгд 30 000 000/20000000+10000000=30000000/ /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 200 000/37200000-30000000=7200000/ /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уээс бүгд 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 200 000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уээс бүгд 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 200 000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ