Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ба/РД: /-д холбогдох,

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, иргэдийн төлөөлөгч  Б.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол болох 282 535 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү.

А. Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 001/XT2018/00736 дугаар тогтоолын хянах хэсэгт “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, буулгасан гэх 3 давхар барилгын эзэмшил, зохигчдын маргаж буй үйл баримт, цаг хугацааны талаар үндэслэл бүхий дүгнээгүй байна.” гэсэн дүгнэлтэд доорхи тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Үүнд:

1. 2014 оны 6 сарын 6-ны уулзалтаар X.Бын байшингийн оронд байр өгөх, Н.Баид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг санал болгосон. Энэ уулзалтанд 2 талын 4 өмгөөлөгч, барилгын хамтрагч 4 хүн, нийт 8 хүн оролцсон. 2014 оны 6 сарын 6-ны өдрийн уулзалтын протокол, дуу, дурсний бичлэгт 2016 оны 3 сарын 2-ны өдөр үзлэг хийснээр “уг бичгийн хэлбэрт хөрвүүлсэн яриа зөөврийн флашд бичигдсэн ярианы агуулгатай тохирч байгааг тэмдэглэсэн.” Үзлэгт 2 талын өмгөөлөгч, гэрч нийт 9 хүн оролцсон. Мөн 2014 оны 5 сарын 26-ны протоколд X.Бод байр санал болгосон.

2. 2014 оны 6 сарын 6-ны уулзалтаар X.Б, Н. Баийн саналыг хүлээж аваагүй тул 2014 оны 7 сарын 10-нд Н.Ба X.Бын барилгыг буулгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ тооцоо дууссан 3 хүн Г.Долгорсүрэн, Ч.Чимгээсүрэн, П.Нарантуяа нарыг нэр заасан бөгөөд X.Бтой тооцоо дуусаагүй болохоо зөвшөөрсөн.

3. Дээрхи үйл баримтууд нь цаг хугацааны хувьд 2010 оноос хойш болсон үйл явдлууд учир Зайсангийн амны “Эко” хотхоны 3 давхар 3-р барилгын 1 тоот барилгын эзэмшигч X.Бтой тооцоо хийгээгүй болохоо Н.Ба хүлээн зөвшөөрсөн баримтууд болно.

Б. Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 001/XT2018/00736 дугаар тогтоолын хянах хэсэгт “... барилгыг буулгахдаа нэхэмжлэгчийн хөрөнгөнд хохирол учруулсан, эсхүл барилгын үнээр хохирсон аль хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нураасан барилгын хэмжээгээр хохирсон гэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайланд “Барилга нь хоёр айлын нийлүүлж барьсан барилга ба нэг тал нь иргэн X.Бынх” гэсэн байх бөгөөд уг байрны хувьд X.Б, Ч.Энх-Амгалан, Ч.Чимгээсүрэн нарын эзэмшил тодорхойгүй, нэхэмжлэгч нь хохирлыг бүхэлд нь шаардах эрхтэй эсэх нь ойлгомжгүй байна” гэсэн дүгнэлтэнд доорхи тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч X. Б нь өөрийн эзэмшлийн 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотын хөрөнгөнд үнэлгээ хийлгэх хүсэлтийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д гаргасны дагуу 2016 оны 11 сарын 25-ны өдөр газар дээр нь ирж тухайн үеийн зах зээлийн ханшаар 3 давхар барилгад эд хөрөнгийн үнэлгээг гаргасан болно.

Иймд уг үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэн нураасан 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотод ногдох 282 535 700 төгрөгийн гэм хор учруулсан үнийн дүнг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-д заасны дагуу шаардаж байна.

2. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайландаа дурьдсан “... барилга нь хоёр айлын нийлүүлж барьсан барилга ба нэг тал нь иргэн X.Бынх” гэснээс үзэхэд тус 3-р барилга нь 1 ба 2 тоот гэсэн 2 эзэмшигчтэй бөгөөд 1 тоот нь нэхэмжлэгч X.Бын эзэмшил, 2 тоот нь Ч.Энх-Амгалангийн эзэмшил байсан.

Хариуцагч Н.Баоос иргэн “Х.Б, Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нарт холбогдуулан дутуу баригдсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх” тухай 2014 оны 7 сарын 10-ны өдрийн иэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт иргэн Ч.Энх-Амгалан бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай гуравдагч этгээдээр оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Батой тохиролцсоны үндсэн дээр бие даасан мэхэижлэлийн шаардлагаасаа татгалзаж гарсан.

Энэ тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ИХ-ийн АШШ-ийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т баталсан.

Дээрх шүүхийн 2016 оны 4 сарын 18-ны шийдвэрээр X.Бын барилгын залгаа барьсан 3-ын 2 тоотын эээмшигч Ч. Энх-Амгалангийн барилга эзэмших эрх дуусгавар болсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 3-р барилгын 2 тоотын хэсгийг нураахдаа X.Бын хэсгийг үлдээсэн нь 3-ын 1 тоот зөвхөн X.Бын эзэмшил мөн болохыг нотолсон.

3. Иргэн Ч.Чимгээсүрэнгийн хувьд Н.Баийн ашиглалтын газар дээр дутуу барьсан барилгын тооцоог 2007 оны 11 сарын 11-ний өдрийн Хэлцлээр бичгийн баримт үйлдсэнээр уг “Эко” хотхонд барилга эзэмших эрх нь дуусгавар болсон.

2014 оны 7 сарын 10-нд Н.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эко” хотхоны 6 хүнээс 3 нь тооцоо дуусаад гарсны нэг нь Н.Чимгээсүрэн гэж нэр заасан.

Ч.Чимгээсүрэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, оролцоогүй.

Иймд X.Бын барилгын үнэлгээнд Н.Чимгээсүрэн хамаарахгүй болно.

4. 3-р барилгын 50 хувь эзэмшигч байсан Ч.Энх-Амгалангийн хэсгийг 2016 оны 4 сарын 20-нд нурааснаас жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 19-ний өдөр X.Бын 3-ын 1 тоот барилгад байсан эд зүйлсийг өөр барилгад шилжүүлсэн тухай мессеж X.Бын гap утсанд ирсний дагуу барилга дээрээ ирэхэд X.Бын эзэмшлийн 3 давхар барилгын хэсгийг сууриар нь буулгасныг мэдсэн.

Иймд Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00736 дугаар тогтоолын Хянах хэсэгт дурьдсан иргэн Ч.Энх-Амгалан, Ч.Чимгээсүрэн нарын эээмших эрх дууссаныг дээрх үйл баримтуудаар нотолж байгаа тул энд зөвхөн X.Бын эзэмшлийн 3-р барилгын 50 хувьд ногдох хэсэг буюу 3-ын 1 тоот барилгын хөрөнгөнд хамаарах хохирлыг нэхэмжилж байгаа болно.

Иймд эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохирол болох 282 535 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Бын өмгөөлөгч С.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх юу гэж ойлгодог бэ? гэхээр 2010 онд Н.Баид гаргаж өгсөн Х.Бын тодорхойлт байдаг. Одоогийн нураагдсан барилгыг Х.Бынх гэдгийг Н.Ба хүлээн зөвшөөрсөн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. 2014 онд Н.Ба Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах Эко хотхонд байрлах Н.Баийн эзэмшлийн барилгыг буулгаж, газар чөлөөлөх шаардлага гаргасан. Тухайн үед н.Энх-Амгалантай хавсарч барьсан байшин байсан. н.Энх-Амгалан, Х.Бтой хамт барьсан байшингаа авангуут 2016 оны сүүлээр н.Энх-Амгалангийн байшинг нурааж эхлэнгүүт Х.Б миний байшинг бас нурааж эхлэх юм байна гээд хөрөнгийн үнэлгээний компанид хандаж үнэлгээ тогтоолгосон. 2017 оны 7-р сард Х.Бод мэдэгдэлгүй байшинг нурааж доторх зүйлээ ирж ав гэсэн байдаг. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар гэм буруутай этгээдийн учруулсан гэм хорыг арилгуулах, мөн хуулийн 517-р зүйлд заасан эд хөрөнгөд учруулсан хохирлыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Цаг хугацааны хувьд 2010 онд бичиж өгсөн баримт болон 2014 онд Х.Быг намайг энэ байшингийн өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүссэн шаардлагад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үзээд Х.Б гэдэг хүн уг барилгын эзэмшигч биш гэсэн асуудал яригдсан. Гэхдээ Иргэний хуульд заасан бусдын газар дээр барилга барих асуудлаар Н.Баийн ашиглалтын газар байсан учраас гэрээний дагуу барилга барьсан тухайн газар дээр Х.Б гэдэг хүний хөрөнгөөр бий болсон обьект байна гэдгийг шүүх нотолсон. Хууль бус үйлдэл нь ямар нэг эрхийн актгүй бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай асуудал нь тогтоогдож байна. Шалгаант холбоо нь тогтоогдож байгаа гэж ойлгож байна. Үнийн дүн тухайн үед барьсан материал болон ямар үнэ цэнэтэй болох талаар зах зээлийнхээ ханшаар үнэлэгддэг учраас энэ шаардлагыг гаргах эрх нь байгаа гэж үзсэний үндсэн дээр үнэлгээний компаний гаргасан үнэлгээгээр үнийн дүнгээ тодорхойлсон.” гэв.

 

Хариуцагч Н.Баийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Х.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаагийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын тодруулах тухай тайлбар ирүүлсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00736 дугаар тогтоолтой холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гээд холбогдох тайлбарыг хийжээ. Энэхүү тодруулга, тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбаруудыг өгч байна.

А 1. 2014.06.06-ны өдрийн уулзалт түүнд хууль зөрчин нууцаар бичлэг хийсэн бөгөөд мөн хурлын тэмдэглэлд зөвхөн нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр биш баримтууд гэдгийг өмнөх шүүхээр шийдвэрлэсэн.

            2. 2014.07.10-ны өдөр дутуу баригдсан барилгыг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, барилга эхлэх, үргэлжлүүлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан хууль бус үйл ажиллагааг зогсоох Улсын байцаагчийн “... Дутуу баригдаж орхигдсон барилгыг 2014.07.10-ны дотор буулгах,

“... Зөрчлийг арилган албан шаардлагын хариуг хамгаалалтын захиргаанд ирүүлэх. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэл нь байсан юм.

3. Х.Бын 2010.10.20-ны өдөр төлбөр тооцоогүй гэсэн өөрийн гараар бичсэн баримт нь хэрэгт авагдсан ба, мөн нотлох баримтаар үнэлэгдсэн байгаа болно.

Б. 1. Хэрэгт өгсөн Үнэлгээний төвийн тайлангаар тогтоогдсон 282.525.700 төгрөг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй юм. Энэхүү барилга нь Н.Баийн Ч.Чимгээсүрэн, Г.Долгорсүрэн нараас худалдан авсан барилга мөн юм.

2. Хөрөнгийн үнэлгээний төв нь барилгын эзэмшил өмчлөлийг тогтоох эрх зүйн субъект биш учир хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Ч.Энх-Амгалан бие даасан шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан нь Х.Бын эзэмшил болохыг фото зургаар нотлохгүй.

3. Иргэн Ч.Чимгээсүрэн өөрийн барилгатай холбоотой гарсан зардлыг бэлэн мөнгөөр төлбөр тооцоог дуусган Н.Баийн өмчлөлд шилжүүлсэн нь уг барилга нь Н.Баийн өмч болохыг нотолж байна.

          4. Хууль бусаар ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан, Н.Ба өөрийн өмчлөлийн барилгыг буулгасан байдаг.

Дээрх тайлбаруудаас харахад Х.Б нь ямар баримтыг үндэслэн өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон болон нэхэмжилж байгаа зүйлийнхээ үндэслэл болсон анхан шатны нэг ч баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн үндсэн болон тодруулсан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2013 оны 6 сарын 23-ны өдөр Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч 2013 оны 7 сарын 10-ны өдрийн дотор уг барилгаа буулга гэсэн албан шаардлагыг үндэслээд бид барилгыг буулгасан. Барилгыг зөвшөөрөлгүй буулгасан асуудал дээр 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд Х.Б тухайн барилгыг эзэмших ашиглах эрхгүй гэдгийг тогтоогоод өгсөн. Ийм үндэслэл бүхий шийдвэрийг үндэслэж барилгыг нураасан. Өмнөх эзэших ашиглах, өмчлөх асуудлыг 3 шатны шүүх шийдчихсэн. Мөн 1-р барилгаас 3-р барилга руу шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тэр талаар ямар ч баримт байдаггүй. Шилжсэн бол гэрээ хэлэлцээр эсвэл дутуу баригдсан барилгын гэрчилгээ ч юм уу байх ёстой. Тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад авчихсан гэсэн Х.Бын өөрийн тодорхойлт байдаг. Мөн барилга барихтай холбоотой Омо барилга компаниас 10 000 000 төгрөгөө буцаагаад авчихсан. 2016 оны 4 сарын 18-ны шийдвэрээр бүгдийг тогтоогоод өгчихсөн. Ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч 280 000 000 төгрөг нэхээд байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр Х.Быг өмчлөх эрхгүй болохыг тогтоосон. Буд шүүгчийн шийдвэр дээр Х.Б энэ барилгыг өмчлөх эрхгүй гэдгийг тогтоочихсон.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                       

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н.Баид холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700/хоёр зуун наян хоёр сая таван зуун гучин таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Баийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон анхан шатны нэг ч баримтыг шүүхэд гаргаагүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б, иргэн Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан, хариуцагч нар нь 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №01 Хамтын үйл ажиллагааны тухай гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлалын болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01326 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч Х.Б, иргэн Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан нар нь хөрөнгө нийлүүлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн ам нэртэй газарт орших ашиглах эрх бүхий хариуцагчийн 1.5 га газарт “Эко хотхон” аялал жуучлалын цогцолбор барихаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлалын болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01326 дугаар тогтоолын хуулбар, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн № 08 Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч, иргэн Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан тус бүр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн ам нэртэй газарт орших хариуцагчийн 1.5 га газарт барилга барьсан болох нь зохигчийн тайлбар, Ч.Энх-Амгалангийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн хуулбар, Н.Баийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн болон 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн № 08 Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлалын болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01326 дугаар тогтоолын хуулбар, гэрч Ч.Чимгээсүрэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэн Г.Долгорсүрэн, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан нар нь Гэрээнээс гарч, өөрсдийн дутуу баригдсан барилгыг хариуцагчид шилжүүлэн, нэхэмжлэгч нь өөрийн дутуу баригдсан барилгыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь Ч.Чимгээсүрэнгийн дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь Ч.Энх-Амгалангийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн хуулбар, Н.Баийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн болон 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн № 08 Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, гэрч Ч.Чимгээсүрэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн ам нэртэй газарт орших хариуцагчийн 1.5 га газарт барьсан барилгуудыг нураасан талаар зохигчид маргахгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй түүний өмчлөлийн дутуу баригдсан барилгыг нураан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ... эд хөрөнгөд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд гэм хор учруулсан хохирлын хэмжээг эд хөрөнгийн үнэлгээгээр нэхэмжилж байх ба “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь нэхэмжлэгчийн дутуу баригдсан нийт 272 м.кв барилгыг өртгийн болон зах зээлийн хандлагаар тооцон үнэлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 753 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

753 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн барилгыг дахин бий болгоход гарах зардлыг өртгийн хандлага гэж тодорхойлдог болохыг дурджээ.

 

Тухайн барилгыг дахин барихад гарах зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзнэ.

 

272 м.кв барилгыг өртгийн хандлагаар тооцсон нийт үнэ нь 180 719 100/нэг зуун наян сая долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөг болох нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 753 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 180 719 100/нэг зуун наян сая долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баоос нийт 180 719 100/нэг зуун наян сая долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бод олгон, үлдсэн 101 816 600/282535700-180719100=101816600/ /нэг зуун нэг сая найман зуун арван зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баоос нийт 180 719 100/нэг зуун наян сая долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бод олгон, үлдсэн 101 816 600/нэг зуун нэг сая найман зуун арван зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 570 629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баоос улсын тэмдэгтийн хураамжид 1 061 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бод олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 

 

                                              ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                              Н.ОЮУНТУЯА