Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00732

 

 Д.Уламбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар магадлалтай,

Д.Уламбаатарын нэхэмжлэлтэй,

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Уламбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1981.09.25-ны өдөр тус байгууллагад боловсон хүчний мэргэжилтнээр ажилд орж, олон жил ажиллаж байгаад Эрдэнэт Үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020.03.24-ний өдрийн Б/460 тоот тушаалаар Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилласан бөгөөд 38 жил тус үйлдвэрт ажиллаж байна. 2020.06.02-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтээ гаргаад байж байтал 2020.06.06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Ерөнхий захирлын 2020.06.02-ны өдрийн Б/918 тушаалыг гардуулан өгсөн. Уг тушаалтай танилцтал өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2020.07.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн үндэслэл бүхий тушаал байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад энэхүү тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 60 нас хүрсэн боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх хүсэлтийг хаана ч гаргаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд Эрдэнэт Үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн Газрын ерөнхий захирлын 2020.06.02-ны өдрийн Б/918 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Уламбаатар нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т 1981.09.25-ны өдрийн 940 дүгээр тушаалаар Барилга засварын цехийн Их барилгын хэсгийн мужааны орон тоонд ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш үйлдвэрийн газарт нийт 38 жил 8 сар ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй ...тэтгэвэр тогтоолгон авч болно, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Уламбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уламбаатарын хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уламбаатарын хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Уламбаатарыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 9,511,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уламбаатарт олгосугай ... гэж, шийдвэрийн 2 дахь заалтад ...Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 167,136 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай ... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 118 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Уламбаатар нь иргэний үнэмлэхийн он, сар, өдрөөр 2020.02.05-ны өдөр 60 нас хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсад нийт 44 жил, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т 38 жил ажилласан байх ба талууд энэ талаар маргаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх бүрэн үүссэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан билээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Д.Уламбаатар нь 2020.02.05-ны өдөр 60 нас хүрсэн бөгөөд тэрээр тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах, ажиллахгүй талаар хүсэлт гаргаагүй, байгууллагын зүгээс ажиллуулахгүй талаар яригдаагүй, 2020.03.24-ний өдрийн Б/460 тушаалаар Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн охин компани РСЦ ХХК-ийн материал хангамжийн инженерээр ажиллаж байсан түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн өдрөөс Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээг цаашид хэвээр үргэлжлүүлсэн гэж дүгнэхээр байна гэжээ. РСЦ ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн охин компани байсан бөгөөд Эрдэнэт Үйлдвэр ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болж бүтцийн өөрчлөлт орсноор РСЦ ХХК нь үйлдвэрийн газрын нэг хэсэг буюу Барилга засварын цех болж өөрчлөгдөн байгуулагдсан тул тус цехийн нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болно. Хэдий ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж байгаа ч ажилтан нь дээр дурдсанчлан 60 насанд хүрч тэтгэвэр авах эрх үүссэн байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид нээлттэй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ажил олгогчийн эрх хэмжээг хязгаарласан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох үндэслэлүүдийг тодорхойлсон байх ба дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд тухайн 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтнаас хүсэлт авах талаар огт зохицуулаагүй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх л үүсч байгаа болохоос ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Ажилтан цаашид үргэлжлүүлэн ажиллах, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй ба ажилтныг 60 нас хүрсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажилтны эрхийг хангаж хүсэлтийг харгалзаж үзэх шаардлагатай болно гэж хуульд заагаагүй шаардлага тавьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн магадлалд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан байна гэж үзсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нь даатгуулагчид аль болох хөнгөлөлттэй ашигтай байх хувилбарыг сонгох боломжийг олгосон хуулийн зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тэтгэвэр тогтоолгоход хангалттай хүрэлцэж байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ гэж заажээ. Мөн хэргийн материалд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн тодруулга байх бөгөөд тус тодруулгад 2020 онд 60 нас хүрч байгаа даатгуулагч эрэгтэйн хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил 9 сар ба түүнээс дээш төлсөн бол 60 настайдаа өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Харин ажилласан жил 20 жил 9 сар хүрэхгүй нөхцөлд 60 нас 9 сартайдаа өндөр насны хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 118 дугаар магадлал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг,... талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад орших зорилт бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн, ажил олгогчийн эрхийг зөрчсөн байх тул уг магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 142/ШШ2020/01127 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Уламбаатар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх Д.Уламбаатарын Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Д.Уламбаатарыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,511,639 төгрөгийг гаргуулан Д.Уламбаатарт олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Д.Уламбаатар нь шаардлагын үндэслэлээ ...үйлдвэрт тасралтгүй 38 жил ажилласан, тэтгэврийн эрх үүсэх нас буюу 60 нас 9 сар хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж, хариуцагч нь Д.Уламбаатар нь үйлдвэрт тасралтгүй 38 жил 8 сар ажилласан бөгөөд 60 нас хүрсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль тогтоомжид нийцсэн гэжээ.

Нэхэмжлэгч нь 1981.09.25-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад боловсон хүчний мэргэжилтнээр ажилд орж, тус үйлдвэрт 38 жил тасралтгүй ажилласан, 2020.06.02-ны өдрийн Б/918 тушаалаар түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020.07.01-ний өдөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2018.02.02-ны өдрийн хуулиар Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өөрчилсөн байна.

Хуулийн энэ заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д нарийвчилсан зохицуулалт хийгджээ.  

Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох насны болзлыг заахдаа: 1957 ба түүнээс өмнө төрсөн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж, харин 1958 онд төрсөн бол 60 нас 3 сар гэж цаашид өгсөж буй он бүрт 3 сар нэмсээр 1977 он буюу түүнээс хойш төрсөн эрэгтэй 65 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэхээр хуульчилсан.

 Нэхэмжлэгч   нь 2020.02.05-ны өдөр 60 нас хүрсэн байх бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу түүний тэтгэвэр тогтоолгох эрх 60 нас 9 сар хүрэхэд үүсэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэгтэй холбож тайлбарлах нь зөв юм. 

Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ажил олгогчийн тушаал гарах үед Д.Уламбаатар нь 60 нас 9 сар хүрээгүй буюу түүний өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсээгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хуульд нийцээгүй гэж үзнэ.  

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах үед ч Д.Уламбаатар нь 60 нас 9 сар хүрээгүй байсан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн зохицуулалтыг буруу тайлбарласныг залруулах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн заалтын 60 нас гэдэг нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тоолоход 60 нас бүрэн хүрсэн байхыг ойлгох боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийн дагуу насыг нэмэгдүүлэн тоолох нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т нийцнэ. 

Түүнчлэн тэтгэвэр авах эрх үүссэн гэдгийг тухайн ажилтан ажил олгогчоос хамааралгүйгээр төрөөс хуульд заасан хэмжээгээр тэтгэвэр халамж авах эрх нь нээгдэж байна гэж ойлгох бөгөөд ажил олгогч нь энэ үндэслэлээр шийдвэр гаргахад ажилтны хүсэл зоригийг харгалзах, саналыг авах шаардлагыг хуулиар зохицуулаагүй байхад ...60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх л үүсч байгаа болохоос ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, ... цаашид үргэлжлүүлэн ажиллах, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ба ажилтныг 60 нас хүрсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажилтны эрхийг хангаж хүсэлтийг нь харгалзаж үзэх нь шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуулийг буруу тайлбарласан, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

Ажилтан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан насны болзлыг хангасан нөхцөлд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгохдоо гаргасан тушаал нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 167,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД