Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0303

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгч: Д.Б-

Хариуцагч: Б аймгийн Х сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Н.Н, Л.У

Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Н.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 158/2023/0049/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б-аас Б аймгийн Х сумын Засаг даргад холбогдууланБ аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.Нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн иргэн Д.Б-ын Б аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.Нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            “Иргэн Д.Б- нь Б аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Н.Нт газар өмчлүүлэхдээ 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Б- түүний эхнэр Ц.А нарын гэр бүлийн гишүүдийн 0.07 га газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээтэй 8х10 хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай барилгатай газрыг давхцуулан бусдад өмчлүүлж, Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4-т заасан хуулийн заалтыг зөрчин газар өмчлүүлсэн нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч тал буюу Б аймгийн Х сумын Засаг даргын “... Сумын архивын нэгжид хадгалагдаж байгаа баримтуудаас дээрх баримтуудыг тодруулах шаардлагаар үзсэн боловч 2014 оноос өмнөх байнга хадгалах архивын нэгж баримтуудыг Б аймгийн Төрийн архивд хүргүүлсэн тул 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийн баримт болон 2005 оны 34 дугаар сумын Засаг даргын захирамжуудыг нотлох баримтаар авах боломжгүй байна.

            Иймд Б аймгийн Төрийн архиваас дээрх баримтуудыг гаргуулан авах боломжтой байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 631100****дугаар бүхий газрын хувийн хэргийн материал мөн манай суманд байхгүй байна. Учир нь тус сумын газрын хувийн хэргүүдийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн байна ..., ... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бол тухайн дэлгүүрийг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж байсан газрын тухай маргаж байгаа юм. Эзэмшлийн газрыг Н.Н гэдэг иргэн өмчилж авсан.

            Үүнээс салгаж өгөөч ээ гэсэн нэхэмжлэл гэж ойлгож байгаа. Энэ талаар шүүгчийн захирамж, Б аймгийн архив, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газруудад бид нар хүсэлт явуулсан байгаа. Эдгээр газруудаас нотлох баримт ирсэн байна. Ц.А гэдэг хүний хувьд 2001 онд эзэмшлийн гэрчилгээ авсан байгаа. Эзэмшлийн гэрчилгээ авахдаа ямар баримт бүрдүүлэн авсан бэ гэхээр аймгийн архивын лавлагааг авахад сумын Засаг даргын захирамж гараагүй байна гэсэн ийм тайлбар ирсэн.

            Д.Б-ын өмчлөлийн газрын талаар тайлбар мэдээлэл авсан. 2001 онд авсан гэрчилгээгээр 15 жилийн хугацаагаар олгоё гээд өгсөн байна” гэж мэтгэлцсэн байх ба иргэн Ц.А түүний нөхөр нэхэмжлэгч Д.Б- нарт 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 051600009 дугаар газар 0.07 га газар эзэмших гэрээ гэрчилгээтэйг нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байхад гуравдагч этгээдийн өмгөөлөгч “.... Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэж газар эзэмших, ашигла асуудалтай гэрээ байгуулсан.

            Гэтэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар энэ үндэслэлд заасан шийдвэргүйгээр гэрээ байгуулагдсан нь хууль бус байна. Энэ гэрээгээр газар эзэмших эрхтэй болсон юм гээд явж байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмших эрхгүй учраас Д.Б- энэ тухайн газрыг эзэмших хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гээд заачихсан байгаа ...” гэжээ.

            Гуравдагч этгээд Л.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Анх 2009 онд Н.Н гэдэг хүнээс би худалдаж авсан. Уг хашаанд жижигхэн хүрэн байшин Ц.Наранчимэг гэдэг хүнийх ав гэсэн тохиолдолд авна гэж Н.Н надад хэлсэн. Тэгээд бид 3 нүүрэлдсэн. Д.Б- наймааны мөнгөө Н.Нт өг би хүрэн байшингаа авч чөлөөлж өгнө гэж хэлсэн” гэжээ.

            Иргэн Д.Б- болон түүний эхнэр Ц.А нар 2001 оноос 15 жилийн хугацаатай маргаж буй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ авч дэлгүүрийн байшингаа барьсан үйл явц тодорхой байх бөгөөд тэдний газар эзэмшүүлэх захирамжийг архив, төрийн эрх бүхий байгууллагаас бүрэн гаргуулж анхан шатны шүүх нотлох баримтаар аваагүй байна.

            Нэхэмжлэгч тал 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн Х сумын Засаг даргын иргэдэд газар өмчлүүлэх тухай 34 дүгээр захирамжийн 31-д бичигдсэн 31x27/0.008 га газрыг 2 дугаар хороонд Н.Нт өмчлүүлсэн захирамжийн хэсгийг илт хууль бус Захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж буй болохоос хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралд гаргасан тайлбараар 2017 онд газар эзэмших хугацаа дууссан, татвар төлөөгүй, 2014 он газар эзэмших захирамжгүйгээр газар эзэмших гэрчилгээ гаргуулсан нь хүчингүй гэж маргаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "Диспозитив" зарчмыг зөрчсөн нэхэмжлэлийн хүрээнээс хальж мэтгэлцсэнийг нь анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгосон нь буруу байна.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12, 13 дугаар заалтад Шүүгч зохиогч бүгд нэхэмжлэгчийн эзэмшдэг дэлгүүрийн барилгатай 0.07 га эзэмшлийн газар Н.Нт өмчлүүлсэн газрын яг төв хэсэгт давхацсан байрлаж байна гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байхад өмчилсөн газрын гадна дэлгүүрийн барилга байгаа гэж шүүх алдаатай үндэслэл гаргав.

            Үүнийгээ шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсгийн 14 дүгээр зүйлээр үгүйсгэн маргаж буй газар дээр нэхэмжлэлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байна гэж дүгнэн өмнөх гаргасан үндэслэлээ няцаасан байна.

            Үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дугаар заалтаар “... Нэхэмжлэгчийн эзэмшил, гуравдагч этгээд нарын өмчлөлд байгаа газрууд нь хоёр тусдаа нэгж талбарын дугаар бүхий газрууд бөгөөд тухайн газрууд нь бүхэлдээ болон тодорхой хэсгүүдээрээ давхцаагүй болох нь өмчлөх, эзэмших эрх олгосон гэрчилгээнүүдэд тусгагдсан уг газруудын нэгж талбарын дугаарууд, кадастрын зургаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийг 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Н.Нт холбогдох хэсгийг “эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргаж гэж буруутгах боломжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэгж талбарын 631100***** дугаар иргэн Н.Нт өмчлүүлсэн газарт байгаа 4 үл хөдлөх хөрөнгийн техникийн алдаатай кадастрын зургийн дугаарыг үндэслэн дээрх шүүхийн шийдвэрийг гаргасан.

            Гэтэл иргэн Д.Б-, Ц.А нар 2001 онд Х сумын Засаг даргын захирамж гаргуулан 0.07 га газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авч дэлгүүрээ барьсан газар нь Н.Нт өмчлүүлсэн газрын яг төв дунд байхад кадастрын зургийн зүүн урд байрлах Ардчилсан намын байр болох сууриараа газар эзэмших гэрчилгээтэй газрыг иргэн Д.Б-ын дэлгүүр байгаа газар мэт дүгнэлт гарган анхан шатны шүүх, буруу шийдвэр гаргав. Буруу шүүхийн шийдвэр нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас "шинжээч" томилуулж, гэрч дуудан дүгнэлт гаргуулаагүйгээс иргэний эрх ашгийг хохируулан 20 гаруй жил эзэмшиж, ашиглаж буй дэлгүүр, 0.07 га газар эзэмших эрхээ алдахад хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн нотлох баримт гаргаж цуглуулах гэрч, шинжээч татан оролцуулж хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

          Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

            2.2. Нэхэмжлэгч Д.Б-аас анх шүүхэд “Б аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.Нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж, “... Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 631100****дугаар бүхий 70 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Х сумын 5 дугаар баг Дэнжийн 4 дүгээр гудамжинд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, ... Н.Нт ... 402 тоотод байршилтай 837 м.кв газрыг сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжаар миний эзэмшсэн газартай давхцуулан өмчлүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус, ... Эзэмшсэн газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн орон сууцандаа нэвтрэн орж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бололцоогүй эргэн тойрны газрыг Н.Нт өмчлүүлсэн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            2.3. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй, ямар ч хүн харсан илэрхий алдаатай байх бөгөөд гарсан цагаасаа эхлэн “эрх зүйн үйлчлэлгүй” тул хүчингүй болгох тухай ойлголт байхгүй харин “илт хууль бус болохыг тогтоох” боломжтой.

Нэхэмжлэгчээс Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус” гэж маргах боловч уг шийдвэрийг хэн ч харсан илэрхий алдаатай буюу захиргааны байгууллага бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь илт тодорхой, ноцтой алдаатай гэж буюу ямар шалтгаан үндэслэлээр хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаарх үндэслэлийг тодорхойлж маргаагүй байна.

            2.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” 3.1.7-д “"газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

          Мөн Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасан байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймгийн Х сумын Засаг даргын маргаан бүхий 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 34 дүгээр захирамжийн 31-д Н.Нт тус сумын 2 дугаар хороонд байрлах 31х27*008 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, Х сум, 5 дугаар баг, Мааньт дэнж 4-р гудамж, 402 тоот хаягт байршил бүхий, нэгж талбарын 631100***** дугаартай 809 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г-0414******* дугаарт бүртгэж, 000789706 дугаар газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, улмаар Н.Нээс Л.Утай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  уг газрыг шилжүүлэхээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Л.Уын газар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-0414******* дугаарт бүртгэж, 00000065***** дугаар гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

2.6. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймгийн Х сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот захирамжийг үндэслэн нээсэн 631100****нэгж талбарын хувийн хэрэгт нэхэмжлэгч Д.Б-ын эхнэр болох Ц.Ад Б аймгийн Х суманд 0.07 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх 051600009 дугаартай газар эзэмших гэрчилгээг 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгож, тус нэгж талбарын дугаар бүхий газрыг Д.Б-т 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000458925 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх боловч тус гэрчилгээнд заасан уг газрыг эзэмшүүлэх үндэслэл болсон сумын Засаг даргын 2003 оны 21 дүгээр захирамж хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс уг баримтыг гаргаж маргаагүй байна.

2.7. Түүнчлэн Б аймгийн архивын тасгаас  2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “... Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирамж байхгүй, харин 21 тоот захирамж байгаа боловч иргэн Д.Б-тай холбогдолтой захирамж байхгүй байна” гэх 86 дугаар албан бичиг, Х сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Сахиул, манаа ажиллуулах тухай” 21 дүгээр захирамж хэрэгт авагдсан байна.

Харин хэрэгт авагдсан нэгж талбарын зураг[1]-аас үзэхэд гуравдагч этгээдийн эзэмшлийн 631100***** дугаар 809 м.кв талбай бүхий газар болон нэгж талбарын 631100****дугаар бүхий газрууд нь хөрш залгаа газрууд байх бөгөөд уг газрууд давхцалгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд нэгж талбарын 631100****дугаар бүхий газарт Ардчилсан намын байр байрладаг, бусдын газар гэж тайлбарласан байна.

2.8 Хэрэгт Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “... Д.Б-тай холбогдох 631100****нэгж талбарын хувийн хэргийн материал болон сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн хуулбар манай байгууллагын архивд байхгүй, ... Д.Б-т олгосон 631100****нэгж талбар нь газар эзэмших гэрчилгээгээр олгогдсон болно” гэх 01/1004 дүгээр албан бичиг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “... Ц.А, Д.Б-, Н.Н нарын нэр дээр өнөөдрийн байдлаар өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй өмчлөлийн газар байхгүй байна, ... Л.Уын нэр дээр өмчлөлийн хоёр газар бүртгэлтэй байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Г-0414******* дугаарт бүртгэлтэй Б аймгийн Х сумын 5 дугаар баг Д-4 гудамж, 402 тоот хаягт байршилтай газар Х сумын 5 дугаар багийн 2 дугаар хороонд хамаарч байна” гэх 758 дугаар албан бичиг тус тус авагдсан байна.

2.9. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ биелүүлж, хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрийн үндэслэлийг тодруулахаар Б аймгийн архивын тасаг, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус тус тодруулах ажиллагаа хийсэн, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Архивын тасгийн архив, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж буй маргаан бүхий газарт холбогдох хувийн хэргүүдийн эх баримтад, мөн тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Л.Уын нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох иргэний хэргийн эх хувь баримтад бичиг баримтын үзлэгийг тус тус хийж шаардлагатай баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

2.10. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах болон нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан атал энэ талаар хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            2.11. Харин нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу 2014 онд 70 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон захирамж, уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэйг, мөн уг газар гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалтайг, түүний газар дээр байрлах байшингийн доорх газрыг эзэмшиж, өмчилдөг болохыг нотлох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, энэ талаарх холбогдох баримтын эх сурвалжийг тодорхойлж заагаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд Б аймгийн Х сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.Нт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

            2.12. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2014 онд 70 м.кв газар эзэмших эрх олгосон гэрчилгээг үндэслэн маргасан байх бөгөөд уг газар эзэмших эрхийг 15 хугацаагаар олгогдсон, тэрээр уг газар эзэмших эрх сунгагдсан талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүйгээс гадна уг газар эзэмших эрх олгосон баримт, 8х10 хэмжээтэй барилга минийх гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн 809 м.кв газар эзэмших эрхийг бүхэлд нь илт хууль бус гэж маргасан нь нэхэмжлэл үндэслэлгүйг илэрхийлэх нэг үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй байна.

2.13. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан Л.Уын өмчлөлийн 631100***** нэгж талбарын дугаар бүхий газарт нэхэмжлэгчийн байшин байрлаж байгаа гэх үйл баримттай талууд маргаагүй байх боловч хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Н.Нийн гаргасан “... манай талийгаач нөхөр н.Эрдэнбилэгээс гуйж түр хугацаанд байшингаа бариад эргүүлээд зөөгөөд аваад явна гэж хэлээд барьж байсан, ... 2009 онд намайг Л.Ут газраа зарахад Д.Б- нь та хоёр наймаагаа хий, би байшингаа хашаанаас нь чирээд гараад газрыг чөлөөлж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед Л.У, Д.Б- бид 3 хамт байсан” гэх гэрчийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Л.Уын өмчлөлийн газарт Д.Б-ын байшин байрлаж байгаа болох нь тогтоогдсон байх боловч гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмшиж өмчилж байгаа болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

            Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

   ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

[1][1] Хэргийн 134 дэх тал