Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0322

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАШЦ ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ж

Нэхэмжлэгч: ДАШЦ ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0120 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0260/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ДАШЦ ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0120 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг тус тус баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ДАШЦББ ХХК /ТБОНӨО/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 3.3.10 дахь заалтад Мал малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.10.1 дэх заалтад ДАШЦ үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тус тус тусгасан.

            3.2. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор ДАШЦ төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил ашиглалтыг хариуцах ДАШЦББ ТӨХХК-ийг байгуулж, мөн оны 234 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталсан.

            3.3. Манай компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавин Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Дарханы арьс шир үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг ханган, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хонь, ямааны арьс, үхрийн шир боловсруулах, нийт 5 үйлдвэр, химийн материал, түүхий эдийн агуулах бүхий, жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай үндэсний томоохон цогцолборыг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            3.4. ДАШЦББ ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Засгийн газрын 2020 оны 185, 234 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хуулийн хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

            3.5. Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд улсын бүртгэлийн байгууллага ч хууль журмын хүрээнд бүртгэж авсан. Тухайлбал:

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолыг үндэслэж улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн байгууллага Улсын бүргтгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтад заасны дагуу холбогдох баримт бичгийг судлан шинжилсний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зүйлгүй тул бүртгэж авсан.

            3.6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэр давхардуулж олгосноос ихээхэн хэмжээний хохирол учирсан гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь төслийн анхны зорилгыг гажуудуулж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа мэдээлэл байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хувийн ашиг сонирхлын үүднээс саад учруулж, ДАШЦ төслийн үйл ажиллагааг гацааж буй явдал нь үндэсний эрх ашигт ноцтой хор хохирол учруулахуйц үйлдэл болж байна.

            3.7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар болон манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү тогтоолтой маргаагүй бөгөөд тогтоолын биелэлтийг хангаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0120 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэгч “ДАШЦ” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан ““ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн нэртэй ижил төсөөтэй нэртэй хуулийн этгээд байгуулагдсан. Манай компанийн хэрэгжүүлж байсан төсөлтэй ижил төслийг хэрэгжүүлэх зэргээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Төсвийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй ... 30 хоногийн дотор бүртгэх ёстой байтал уг хугацаанд бүргүүлээгүй ...” гэж тайлбарлан маргажээ.

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай” 69 дүгээр тогтоолоор “ДАШЦ” Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийг баталж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000**** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.

            2.2. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор ДАШЦ төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “ДАШЦББ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан байх бөгөөд 2020 оны 234 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/ гэх нэрээр уг хуулийн этгээдийг бүртгэсэн байна.

            2.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.2-д “"хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.3-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 13.3.2-д “бусад хуулиар хориглоогүй”, 13.4-т “Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж тус тус зааж хуульчилжээ.

            2.4. Түүнчлэн Монгол Улсын 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталж, 1985 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйл /Холбоо байгуулах: аж үйлдвэрийн өмчийн хүрээ/-ийн 2-т Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана, 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж зааснаар хуулийн этгээдийн нэр аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод багтахаар, түүнчлэн хуулийн этгээдийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран бүртгэлгүйгээр хамгаалахаар заасан.

             Хуулийн дээрх зохицуулалт, олон улсын конвенцын зүйл заалтуудаас үзэхэд хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байгаа тохиолдолд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, улмаар бүртгэхийг хориглосон байна.

            2.5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10-т “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд “ДАШЦ” ХХК болон “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/ гэсэн нэрүүд нь “бүтээн байгуулалт” гэсэн үгс байгаагаас үл хамааран ДАШЦ ХХК-ийн бүтэн нэр бүхэлдээ багтсанаар бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байхад хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулж, улмаар тус өдөр бүртгэсэн нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            2.6. Анхан шатны шүүх “... “ДАШЦ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах зорилгоор “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/-ийг байгуулсан бөгөөд “ДАШЦ” ХХК-иас өөрийн компанийн нэртэй ижил төстэй нэр болох “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/ нэрийг уг аж ахуй нэгжийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн гэх гомдол үндэслэлтэй” гэж маргаан бүхий актыг хууль бус болохыг тодорхойлсон агуулгатай дүгнэлт хийсэн атлаа “ ... Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх хүсэлтэд тус компанийн нэрийн баталгаажуулалтыг дээр дурдсан хууль журамд нийцүүлэн хийгээгүй” гэсэн дүгнэлт, үндэслэлээр маргаан бүхий бүртгэлийг дахин шинэ акт гартал 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.

            2.8. Хэрэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21223023 дугаар “ДАШЦББ” ХХК-ийн хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан баримт авагдсан бөгөөд тухайн баримтыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ДАШЦББ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргасан байна.

            2.9. Гэтэл анхан шатны шүүх хэргийн ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай болох, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь ямар шалтгаан үндэслэлээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэрхэн хэтэрсэн болох нь тогтоогдож байгаа талаар огт дүгнэлгүйгээр захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/-ийн нэрийн баталгаажуулалт журамд нийцүүлэн хийх хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийг дахин шинэ акт гартал 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл “ДАШЦББ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг хариуцагч хүлээн аваад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулж, улмаар тус өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3-“Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 13.3.2-д “бусад хуулиар хориглоогүй”, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж тус тус заасантай нийцээгүй хууль бус болох нь нэгэнт илт тодорхой тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг хуулийн этгээдийн бүртгэлийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэстэй биш байна.

2.11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 25.7.5-д “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх, тэр дундаа давж заалдах шатны шүүх нь Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгын хүрээнд хуулийг тайлбарлаж хэрэглэснээс өөр байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/0223, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/0067 дугаар тогтоолд “... хуулийн этгээдийн нэр нь барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран хамгаалагдсан ... хуулийн этгээдийн нэр нь өмнө бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй нэрийг бусдад олгож баталгаажуулах нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай ... хуульд нийцээгүй ... хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй ...” гэх зэрэг агуулга үндэслэлээр энэхүү маргаанд хамаарах хуулийг тайлбарлан хэрэглэсэн, уг шүүхийн тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр байна.

2.12. Иймээс гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “... компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд улсын бүртгэлийн байгууллага ч хууль журмын хүрээнд бүртгэж авсан, ... нэр давхардуулан олгосноос ихээхэн хэмжээний хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй, ... Засгийн газрын тогтоолын биелэлтийг хангаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.13. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” 185 дугаар тогтоолоор ДАШЦ төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах компанийн нэрийг “ДАШЦББ” төрийн өмчит хязгаарлагдмал компани гэж байгуулсан байх боловч хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоол, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, хаягийн нотлох баримтаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” ТБАГ-ын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, УБ-03, УБ-12 өргөдлийн маягт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бүтэц зохион байгуулалт зэрэг баримт бичгийг үндэслэн гуравдагч этгээдийн гаргасан хуулийн этгээдийн шинээр бүртгүүлэх хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч бүртгэснийг шүүх хууль ёсны шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.14. Түүнчлэн гуравдагч этгээдийн нэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ДАШЦББ” ХХК, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “ДАШЦББ” ХХК /ТБОНӨО/ гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй.

2.15. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг тус тус баримтлан “ДАШЦББ” ХХК (ТБОНӨО)-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ