Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

            Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

            Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

            Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд

            Нэхэмжлэлийн шаардлага: “XV-64***** дугаар өргөдлийн дагуу Б аймгийн Б сумын нутаг Х өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “ЭХ” ХХК-д олгохыг Б аймгийн Засаг даргад даалгах”

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дүгээр

            Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

            Хэргийн индекс: 111/2022/0038/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “ЭХ” ХХК-иас Б аймгийн Засаг даргад холбогдуулан “XV-64***** дугаар өргөдлийн дагуу Б аймгийн Б сумын нутаг Х өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “ЭХ” ХХК-д олгохыг Б аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

            2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрээр:

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭХ” ХХК-ийн ХV-64000**** дүгээр өргөдлийн дагуу Б аймгийн Б сумын нутаг Х өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “ЭХ” ХХК-д олгохыг Б аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй байгаа боловч үндэслэсэн хуулийн заалтуудаас үзвэл дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаагүй гэж ойлгож байна. Үүнд:

            3.1.1. Гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй /шалтгааныг нь ойлгохооргүй бичсэн байгаа/

            3.1.2. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбай нь иргэдийн эзэмшлийн газруудтай болон аймгийн усан цахилгаан станц барих газартай давхцалтай,

            3.1.3. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбай нь усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай,

            3.1.4. Нэхэмжлэгч бүтээн байгуулалтад элс, хайрга ашиглах зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан нь “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэдэгт хамаарахгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн агуулгыг хуралдааны дараа танилцуулахдаа, түүнчлэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэлийг хангахгүй байгаа үндэслэлээ “Усан цахилгаан станц барихаар татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дурдсан нь бичгээр гаргаан шийдвэрээсээ зөрүүтэй байна.

            Анхан шатны шүүхийн үндэслэлүүдийг үгүйсгэж буй шалтгаан:

1. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг гаргаад маргаж байгаа, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд усан цахилгаан станц барих тул олгох боломжгүй гэж маргаж байгаа.

            Нэхэмжлэгч шүүхэд хандахаасаа өмнө буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг бичгээр өгсөн. Уг татгалзсан хариу нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр тул хуулийн дагуу дээрх шаардлагыг гаргаж байгаа. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Захиргааны процессын эрх зүй” гэх ном эшилж, ойлгомжгүй зүйл бичсэнийг нэхэмжлэгч огт ойлгохгүй байгаа.

            Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч засаг дарга нь ашигт малтмалын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авмагц сум болон аймгийн хурлаар хэлэлцүүлж 10 хоног шийдвэрлүүлэхээр заасныг зөрчсөн гэж дурдсан. Энэ нь нэхэмжлэгчид хамааралгүй буюу төрийн байгууллагын ажлын процессыг удирдах эрх нэхэмжлэгчид байхгүй. Тухайн үед сум аймгийн хурлаар хэлэлцүүлэхээр албан бичиг илгээсэн байгаа, хариу ирээгүй байна гэдэг тайлбарыг Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээс нь өгдөг байсан.

            3.2. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбай нь иргэдийн эзэмшлийн газруудтай давхцалтай бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4, 14.3-т заасны дагуу хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь “ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй” бол олгохоор заасан. Энэ ч утгаараа Ашигт малтмалын газраас олгох боломжтой гэх дүгнэлт гарсан, шүүхийн ажиллагааны явцад мөн нягтлаад 2 удаагийн албан бичиг ирүүлсэн.

            Хайгуулын талбайтай иргэдийн эзэмшлийн газар давхацсан асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 41.1 дэх заалтуудын дагуу зохицуулагддаг тул иргэдийн газартай давхцалтай гэх үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.

            3.3. Усан цахилгаан станц барих газартай давхцалтай гэж дурдсан нь үндэслэлгүй. Эхлээгүй, ирээдүйд хэрэгжиж магадгүй төслийн асуудлаас шалтгаалан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж байгаа нь хууль бус. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасны дагуу Засгийн газраас усан цахилгаан станц барихаар тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд уг үндэслэлээр татгалзах эрх хариуцагчид үүснэ.

            3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад усны онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэх бичгийг Б аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас ирүүлсэн. Энэ нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн албан бичгээс зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу ашигт малтмал хайхыг хязгаарласан, хориглосон газартай давхцалтай эсэхийг тогтоож, дүгнэлт гаргадаг байгууллагаас ирүүлсэн дүгнэлт нь эцсийн хариу болохыг шүүх анхаарч үзээгүй. Нотлох баримтыг буруу үнэлсэн.

            3.5. Нэхэмжлэгч бүтээн байгуулалтад элс, хайрга ашиглах зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан нь “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэдэгт хамаарахгүй мэтээр ойлгомжгүй бүдэг зүйл дурдсан нь үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч Үндсэн хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүсэх эрхтэй.

            3.6. Энэ маргаан нь өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянагдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэд хэдэн зүйлийг тодруулахаар буцаасан байдаг. Үүнд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нь буруу эсэх болон хайгуулын зөвшөөрөл хүсэх эрхгүй зэрэг үндэслэлийн огт дурдаагүй байдаг.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2024/0004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “ЭХ” ХХК-ийн “XV-64***** дугаар өргөдлийн дагуу Б аймгийн Б сумын нутаг Х өндөр нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “ЭХ” ХХК-д олгохыг Б аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.           

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 8/841 дүгээр албан бичгээр “... түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна. Үүнд: Б аймгийн Б сумын нутаг:- “ЭХ” ХХК-ийн Х өндөр нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XV-64***** бүртгэлийн дугаартай 366.21 гектар талбай” гэх дүгнэлтийг Б аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

3.2. Мөн Б аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох санал хүргүүлэх тухай” 6/12 дугаар тогтоолоор тус сумын Х өндөр хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хэлэлцээд олонхын саналаар дэмжиж, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай” 9/22 дугаар тогтоолоор Б сумын нутагт Ширээт хэмээх 181.22 гектар, Х өндөр хэмээх 366.21 гектар талбайд тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн байна.

3.3. Улмаар Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13/06 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай” 9/22 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

3.4. Б аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1а/735 дугаар албан бичгээр “... тус өргөдлийн талбайн аймгийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болох “Баймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 6.1.7, “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.4 дэх хэсэгт тус тус тусгагдсан Б голыг түшиглэн баригдах Усан цахилгаан станцын давхцалтай байна, ... Б голын Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа ба цаашид 2024 онд Усан цахилгаан станцын барилгын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна, ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу танай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч “ЭХ” ХХК-ийн захиралд хүргүүлсэн, нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гомдол гаргасан байх боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ХЭГ/2592 дугаар албан бичгээр “...Танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь Б аймгийн Б сумын усан цахилгаан станц барихаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа газартай давхцаж байгаа тул та түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтээ талбайн давхцалгүй газарт дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

3.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “М” ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Б-ийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах” ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2022/269 дугаар гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

3.7. Түүнчлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 6/3027 дугаар албан бичгээр “... тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар “М” ХХК нь “Б-ийн гол дээр барих усан цахилгаан станц”-ын ТЭЗҮ-г хэлэлцүүлэх асуудлыг судалж байна” гэх хариуг шүүхэд мөн ирүүлсэн байна.

3.8. Дээрх үйл баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх “... хариуцагч Б-ийн голын усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа, цаашид 2024 онд усан цахилгаан станцын барилгын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

3.9. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

3.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2182 дугаар албан бичгээр “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлын утгыг боловсруулан давхцуулахад ... 6422003011, 6422003116, 6422002568, 6422002566, 6422002565 дугаартай газруудтай бүтэн талбайгаар, нэгж талбарын 6422003112 дугаар бүхий газартай 839 м.кв талбайгаар давхцалтай” гэж тодорхойлсон, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 620 дугаар албан бичгийн хавсралтаар уг талбайтай давхацсан газар эзэмшигчдийн жагсаалтыг гаргаж шүүхэд тус тус ирүүлсэн байна.

3.11. Иймээс анхан шатны шүүх “... Бодит байдал дээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан болон өвөлжөө, хаваржааны зориулалттай газар эзэмших эрхийн 7 гэрчилгээ нэр бүхий 4 иргэнд олгогдсон, ... Б-ийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг “М” ХХК боловсруулсан, уг техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг судалж байгаа, ... Б-ийн голын усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 128 га талбайд давхцалтай, ... түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгохыг Б аймгийн Засаг даргад даалгах хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

3.12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, ”4.1.2-т “"түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг”  ойлгохоор зааж хуульчилсны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлт гаргасан этгээд нь газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлах замаар түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилго бүхий этгээд байхаар байна.

3.13. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... Буудал, үйлчилгээний төв, ресторан барих гэж байгаа, ... Б-ийн гүүрний хажууд байдаг гэрүүдийн тэнд үйлчилгээний төв барих төлөвлөгөөтэй байгаа” гэж тайлбарласнаас үзэхэд дээрх хуулийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зорилгод нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн зорилготой нийцээгүйг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн” гэснийг буруу гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ