Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

 

  

Т.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Сд холбогдох эрүүгийн 1911004400132 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Т.С нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 613 тоотод иргэн Д.Болдбаатартай хамт архидан согтуурч, улмаар заазуур, лоом ашиглан түүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын баривчлагдсан, цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Т.Соос 1.418.620 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Дамдиндоржийн Болормаад /РД:УШ81041404/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн эрэгтэй хүний нэхий куртик 1 ширхэг, 24 см урттай, 17.3 см ажлын хэсгийн урттай, хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, 148 см урттай, 6 талт төмөр лоом 1 ширхэг, 29.5 см диаметртэй хайруулын таваг 1 ширхэг бариулын хамтаар, металл бугуйвч 1 ширхэг, хүний доод хиймэл шүд, хараа нэртэй архины шил 2 ширхэг, хагарсан шилэн стакан, шилэн хундага 1 ширхэг, бөөгнөрсөн үс, цагаан өнгийн сүүн шинжтэй аяга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Т.С давж заалдах гомдолдоо: “...Т.С миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн гэмт хэрэг нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон. Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хэргийн болсон процесс болон хүний амь нас хохирсон асуудалд маш ихээр харамсаж байна. Нөгөөтэйгүүр дараа учрах нөхцөл байдлыг урьдчилан харж, дүгнэлт хийж чадаагүй байна. Миний бие нь өндөр настай ээж болох С.Чулуунцэцэгийн хамт амьдардаг болно. Миний бие нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байдаг. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч Т.Сыг "заазуур, лоом ашиглан түүнийг алах явцдаа
олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр хэлэлцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял халдаасныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Т.Сын хувьд 10.1 дүгээр зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа.  

2. Т.С мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "заазуур булаацалдан зодолдож байхдаа олон тооны шарх үүсгэсэн" талаар мэдүүлсэн, мөн хавтаст хэргийн 94-95 дугаар талд авагдсан криминалистикийн шинжээч Г.Ганзоригийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 823 тоот "Т.Сын хэрэг болох үед... өмсөж явсан хувцас...шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал цамцны зах хурц иртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр 450 мм хэмжээтэй зүсэгдэж таслагдсан, хагас энгэрийн 1, 2, 3 дахь товчнууд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэгдэж таслагдсан байна" гэх дүгнэлт зэргээс харахад Т.С, амь хохирогч нар заазуур булаацалдсан, тэрхүү булаацалдах явцад олон тооны шарх үүсгэгдэх боломжтой байсныг харуулж байна.

3. Хавтас хэргийн 80 дугаар талд авагдсан 1919 тоот "Т.Сын биед зүүн зулай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ" гэсэн дүгнэлт гарсан. Т.Сын биед үүссэн дээрх гэмтэл нь өөрийгөө хамгаалах явцад үүсэх боломжтой гэж үзэж байна.

4. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу амь хохирогч эхэлж Т.С руу заазуур авч дайран 2 удаа биед нь гэмтэл учруулаад дараа нь дахин лоом барьж довтолсон байдал, амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь согтуурсан байсан. Хохирогчийн архи уухаараа агсам, догшин авир гаргаж хутга, мэсний зүйл хэрэглэж байгаа зүй бус байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийгөө илчлэн цагдаагийн байгууллагад биеэр очиж мэдүүлэг өгсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт харгалзан үзээгүйд гомдолтой байна.

5. Шүүгдэгч Т.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өнөөдрийг хүртэл 76 настай ээжтэйгээ хамтдаа амьдарч байгаа ар гэрийн нөхцөл байдал зэргийг шийтгэх тогтоолд тусгаж өгөөгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Т.Сд оногдуудсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, үйл баримтаас харахад шүүгдэгч Т.С нь талийгаач Болдбаатарын биед олон тооны шарх, гэмтлийг онц харгис хэрцгийгээр, заазуур болон лоомыг ашиглан үүсгэж, өвтгөн шаналагасан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Т.С нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 613 тоотод иргэн Д.Болдбаатартай хамт архидан согтуурч, улмаар заазуур, лоом ашиглан түүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч С.Чулуунцэцэгийн “...урд шөнө буюу 2019 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 01:30 цагийн үед миний хүү Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, баруун хөлдөө гуталгүй, оймстойгоо, дээгүүрээ куртикгүй, ноосон хар саарал өнгийн цамцтайгаа, толгойн тус газартаа нилээд хагарсан байдалтай, зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн шархтай орж ирээд хэлэхдээ “...өчигдөр цуг архи уусан хүн маань үхчихсэн байна. Та цагдаад дуудлага өг, би тэр явдаг газар нь очиж шалгуулъя...” гэж хэлсэн. ...” /хх 46-48/,

 

Т.С яллагдагчаар өгсөн “...Болдоо ах архи уухаараа өөрөө их агсам согтуу тавиад байдаг хүн шиг санагдаад бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд маргаж байгаад Болдоо ах том өрөөнд байдаг гал тогооны шүүгээний шургуулганаас саарал иштэй заазуур гаргаж ирээд намайг ална гээд дайраад би Болдоо ахтай ноцолдож байгаад заазуурыг нь булааж аваад заазуурыг нь өөрөөс нь салгаад гэрийнх нь аль нэг хэсэгт шидсэн юм. Тэгээд Болдоо ах надаас салаад гэрээсээ гараад эргэж орж ирэхдээ гартаа лоом барьж орж ирээд миний нуруун тус газарт лоомоор цохьсон. Тэгээд би Болдоо ахаас лоомыг нь булааж өөрөөс нь салгаж аваад би лоомоор нь Болдоо ахыг толгойн тус газарт нь яг хаана нь гэдгийг мэдэхгүй 2-3 удаа цохисон. Тэгээд Болдоо ах надад лоомоор цохиулаад газарт унасан. ...” /хх 135-138/ гэх мэдүүлгүүд,

 

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “..Талийгаач Д.Болдбаатарын цогцост хийсэн шинжилгээгээр суурь ясны хөндлөн хугарал, зулай ясны бүрэн бус хугарал, баруун чамархай, дух зулайн хуйхны цус хуралт, баруун чамархайн булчингийн няцрал, хуйх, нүүрэнд зүсэгдсэн шарх, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн авчилт, баруун сарвууны шарх, баруун сарвуу дунд, долоовор хурууны алганы шивнүүр дэх бүрэн бус хугарал, шөрмөсний тасрал, зүүн зовхи, нүдний алим, баруун бугуй, чихний дэлбэнд цус хуралт, зүүн мөр, цээжинд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Уг гэмтлүүд нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 3.4 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлээс бусад гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Цогцост учирсан гэмтлүүд нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байх ба биеэ хамгаалан тэмцэлдэх явцад үүсэх боломжтой. ...” /хх 72-76/ гэх 433 дугаартай,

 

Криминалистикийн шинжээч Г.Ганзоригийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн “..Т.Сын хэрэг болох үед өмсөж явсан хувцас... шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал цамцны зах хурц иртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр 450 мм хэмжээтэй зүсэгдэж таслагдсан, хагас энгэрийн 1, 2, 3 дахь товчнууд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэгдэж таслагдсан байна. Цагаан саарал цамцанд 15 мм, хагас ханцуйтай цамцанд 5x3 мм, 5x5 мм, 10x3мм, 15x8мм, 10x3мм, 5x2мм, 3x2мм, 3x3мм, 5x3мм, 3x3мм, 1x1мм хэмжээтэй 11 ширхэг гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт ханзралт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Хагас ханцуйтай цамцанд 10x20 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрийн гэх 6 ширхэг гэрэл зураг шинжилгээнд тэнцэхгүй байна. ...” /хх 94-95/ гэх 823 дугаартай,

 

Криминалистикийн шинжээч Ө.Тамираагийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар үстэй дотортой нэхий гадуур хүрмэнд 35x20 мм, 40x35 мм, товч унасан, хагас ханцуйтай хар цамцанд 70мм, 30 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Харин дугуй захтай хар цамцанд 15 мм, хагас ханцуйтай хар цамцанд 20 мм, 30 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна. ... Мөн дугуй захтай хар цамцанд 50x12 мм ир үзүүртэй зүйлээр гарсан шинэ зулгаралт байна. Мөн жинсэн өмдөнд 60x60 мм, саарал дотуур өмдөнд 63x60 мм хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ ханзралууд байна. ... Дээрх хувцаснуудад гарсан гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. ...” /хх 103-104/ гэх 822 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Сыг хохирогч Д.Болдбаатарт олон тооны шарх, гэмтэл үүсгэн, удаан хугацаанд өвтгөж, шаналган онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Сын онц харгис хэрцгийгээр хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

 

Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Т.Сын онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

  

Иймд шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын ял шийтгэл хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ