Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02284

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02284

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: З.Т -ий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М ХХК -д холбогдох

М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Э, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.Т Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин сууж амьдардаг.

Би 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн МХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт шатахуун түгээх станцын түгээгч- харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд томилогдож ажиллаж байсан.

Би ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж ажиллаж байсан юм.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт ажиллаж байсан Н.Бегарис нь 107800 төгрөгийг хувьдаа завшиж санхүүгийн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчил нь М ХХК-ийн дотоод аудитын шалгалтаар илэрсэн байна.

Гэтэл надтай хамт ажиллаж байсан Н.Бегарисын гаргасан зөрчилтэй холбогдуулан ажил олгогч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 95/18 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байна. Уг ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3, 6.3.7 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж заасан байна.

Гэтэл миний бие урд өмнө ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй боловч Н.Бегарисийн гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Нөгөө талаар миний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12 дахь заалтыг зөрчөөгүй, ямар нэгэн байдлаар санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай худал гаргаагүй, хэн нэгэнд шатахуун зээлээр олгоогүй боловч бусдын гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна. Би зөрчил гаргагч Н.Бегарист хяналт тавих албан тушаалтан биш бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад гэнэт ажлаас халагдсан гомдолтой байна.

Өмнө нь М ХХК Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/06635 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хариуцагчийн хаягийг дахин тодруулж, танай шүүхэд хандахад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/06589 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх тул дахин шүүхэд хандаж байгаа болно.

Иймд МХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах туай тушаалын З.Тнадад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Тнь 2015 оны 3 дугаар сараас манай компанид ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох Хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь заалтад заасан Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан.

Нэхэмжлэгч З.Тнь хамт ажилладаг байсан Н.Бегарисын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бусдад зээлээр олгосон 55 литр дизель түлш, шатахууны дутагдлыг ээлж хүлээж авахдаа удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж байхгүй 55 литр шатахууныг байгаа мэтээр милл / шатахуун тоолуур/-ийг ухраан хүлээн авч санаатайгаар худал тооцоо хийсэн нь компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан гэх ноцтой зөрчил гаргасан болох нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр компанийн Дотоод аудитын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тогтоогдсон байна.

Дутагдлыг санаатайгаар нуун дарагдуулж, Бегарусаас ажил хүлээж авахдаа миллнээс хасалт хийн мөнгө гүйлгэсэн зөрчил гаргаснаа З.ТДотоод хяналты газар өгсөн өөрийн тайлбартаа мөн дурдсан байдаг.

Мөн З.Тнь 2018 оны 4 дүгээр сард тус шүүхэд МХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэн гаргасан нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/06589 дугаартай шүүгчийн Нэхэмжлэлийн буцаах тухай захирамжаар буцаагдсан. Захирамжид 2018.06.13-ны өдөр гаргасан гомдлыг 2018.06.26 өдрийн 181/ШТ2018/00239 тоот тогтоолоор хангахгүй орхисон болно.

З.Тнь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 3 сарын хугацаа өнгөрсний дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг 129.2 /Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана/ дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч З.Тнь МХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Тилегенд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

            МХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь ШТС-156-д түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч ажилтай З.Тилегенийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын 95/18 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 4-6,31-54-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан З.Тилегенийг өмнөх ээлжийн түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч Бегарисийн бусдад зээлээр өгсөн шатахууныхаа тоолуурыг /миллийг/ ухрааж, уг шатахуун байгаа мэтээр хүлээлгэн өгснийг мэдсээр байж мэдээ, тайланг санаатайгаар худал гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            З.Тнь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд анх гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан З.Т-тэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4-5-р хуудас/

Ажил олгогч, ажилтан З.Т-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, МХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 4-5,6,31-54,55-60-р хуудас/

Ажил олгогч , М ХХК, ажилтан З.Т нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2. дугаар зүйлд: Дараах тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ...

6.2.2.Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан бол,

6.2.10. Орлогын мөнгийг гүйлгэсэн, дараагийн ээлжийн түгээгч, түгээгч- харуул хамгаалалтын алба хаагчаас авсан болон өгсөн,

6.2.12. Шатахуун болон бусад бараа материалыг бусдад удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр олгосон бол... гэж харилцан тохиролцжээ.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.3.-т Ажилтан, албан хаагчдын дараах буруутай үйл ажиллагааг ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлаж ажлаас хална. Үүнд: ....

6.3.7. Аливаа тайлан мэдээг санаатайгаар худал гаргах гэжээ.

Магнай трейд ХХК-ийн дотоод аудитын газрын ахлах аудитор З.Баттөмөр, дотоод аудитор Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан, Увс, Байн-Өлгий, Ховд аймгуудын шатахуун түгээх станцуудад гэнэтийн шалгалт хийсэн талаар талууд маргаагүй болно.

Уг гэнэтийн шалгалтын үеэр буюу 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн ШТС-156-д гэнэтийн тооллого хийхэд шатахууны борлуулалтын орлогоос 107871 төгрөг, жи-мобайлийн нэгжний борлуулалтын орлогоос 6000 төгрөг, нийт 113671 төгрөг дутаж , уг дутагдлыг түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч Н.Бегарис 2018 оны 02 дугаар сарын 27-нд 55 литр дизель түлш шатахуун зээлээр өгч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл милл /тоолуур/ хасаж тооцоо хийж байсныг түүнээс ээлж хүлээн авахдаа нэхэмжлэгч З.Тмэдэж байсан боловч тайлан мэдээг худал /хуурамчаар/ гаргаж байсан болох нь зохигчийн тайлбар, илтгэх хуудас, гүйцэтгэх захирлын тушаал, З.Тилегений тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5,6,31-54,55-60-р хуудас/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Тнь тус компанид түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч ажилтай Н.Бегарис 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 55 литр дизель түлш шатахуун зээлээр өгч дараагийн ээлжинд ажил хүлээлцэхдээ шатахууны миллийг /тоолуурыг/ хэд хэдэн удаа гүйлгэн ухрааж байгааг мэдсээр байж тайлан мэдээг худал гаргасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Ажилтан З.Тилегенийг өөрийн ээлж дээрээ дизель түлш шатахууныг бусдад зээлээр өгч мөнгө төгрөг дутаагаагүй ч Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзнэ.

Ажил олгогч М ХХК нь ажилтан З.Т-ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч З.Т-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай З.Т-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч З.Тнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эртэйг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО