Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0370

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

“О” ХХК, болон А.Б нарын

 6 иргэний нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Б-н 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон акт болон мөн тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Б-н 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/1758 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0204 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0745/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК болон А.Б нарын 6 иргэнээс Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Б-н 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон акт болон мөн тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Б-н 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/1758 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0204 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК болон нэхэмжлэгч А.Б, Ш.Б, Д.Г, А.Б, М.А, Ж.Б, М.Д нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №10/1609 тоот, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай №10/1758 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нарын газрыг чөлөөлж буюу дахин төлөвлөн Загвар зураг батлуулж, Барилгын ажлын зөвшөөрөл авсан нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төрийн бодлогод нийцсэн байна” гэжээ. Маргааны үйл баримт нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаатай огт хамааралгүй бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-аар зохицуулагддаг харилцаа бөгөөд газраа нийлүүлж барилга барьж байгаа харилцаа бүр гэр хорооллын дахин төлөвлөлт биш юм.

            3.2. Мөн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нар болон “О” ХХК-ийн барилга баригдаж дуусахаар хамтрах ажиллах гэрээний дагуу шинэ байрандаа орно” энэ барилга баригдахгүй бол хоёр талт гэрээний үүрэг биелэгдэхгүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдөх нь тодорхой байна” гэж дурджээ. Тус үйл баримт нь маргааны зүйл биш бөгөөд нэхэмжлэгч болон “О” ХХК-ийн хоорондоо иргэний журмаар байгуулсан хоёр талт гэрээний үүрэг биелэгдэх, биелэгдэхгүй эсэх нь маргаанд хамааралгүй бөгөөд хоёр талт гэрээний үүрэг биелэгдэхгүй учраас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөх нь тодорхой байна гэж үзэх нь үндэслэлгүй юм.

            3.3. Шүүхийн шийдвэрт “Гуравдагч этгээдийн газар буюу нэхэмжлэгчийн хөрш залгаа, эд хөрөнгө өмчлөгчийн эрх ашиг, сонирхол зөрчигдөөгүй буюу газар дээрээ Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагаас барилга барьж байгаа аж ахуй нэгжид удаа дараа хөрштэйгөө зөвшилцөж ажиллах тухай мэдэгдэж байсан ба Архитектур төлөвлөлтийн даалгаврын онцгой нөхцөлд хөршөөс гомдол санал гарсан тохиолдолд хариуцан ажиллах гэж зааж өгсөн нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын нэмэлт зохицуулалт юм.

            Тус үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Мөн гуравдагч этгээд газар дээр барилга барих боломжгүй болж байгаа юм. Иймд захиргааны байгууллага маргаан бүхий актын үндэслэл дээр хөрш залгаа, эд хөрөнгийн өмчлөгчдийн эрхийг дурдсан болно.

            3.4. Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бус Архитектур төлөвлөлтийн даалгаврын онцгой нөхцөлд заасан хөрш залгаа, эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөж ажиллах тухай удаа дараа мэдэгдсэн боловч тухайн үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд “О” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23,/01/14 дугаартай албан бичгээр хөрш зэргэлдээх айлуудтай ойлголцож зөвшилцөж ажиллах тухай ирүүлсэн ч Загвар зураг батлагдсаны дараа 06 дугаар сард “О” ХХК-иас бид хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөж ажиллах шаардлагагүй гэсэн албан бичиг ирүүлсэн нь захиргааны шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудад байгаа бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэрт дурдаагүй. Маргааны гол объектыг дурдаагүй боловч маргаанд ач холбогдолгүй, маргаагүй баримтыг дурдсан байна.

            3.5. Бодит байдал танилцахад гуравдагч этгээд Ш.Э-ын өмчлөлийн газрын зүүн урд болон баруун талаар “Блю драгон” ХХК-ийн төлөвлөн баригдаж байгаа барилгууд нь гуравдагч этгээдийн газрыг үнэгүйдүүлсэн байна” гэж дурдсан нь маргааны үйл баримтад огт хамааралгүй, “Блю драгон” ХХК-ийн барилгатай холбоотой маргасан зүйл байхгүй байхад гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг нэхэмжлэгч биш өөр ямар этгээд зөрчиж байгааг тогтоох нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалттай нийцэхгүй байна.

            Мөн гуравдагч этгээд Ш.Э-аас гадна Ж СӨХ-ийн оршин суугчдаас ирүүлсэн хавтаст хэрэгт байгаа 100 гаруй оршин суугчдын гомдлын тухайд огт дурдаагүй байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШШ2024/0204 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“”гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв

            2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д ““загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 23 дугаар зүйлийн 23.2-д “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар  зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.3-д “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих” гэж тус тус заасан.

            3. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д “Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”, 6.1 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох, 1-т “Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 1.1-т “зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан”, 1.2-т “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй”, 1.3-т “зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон”, 1.4-т “зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн”, 1.5-д “зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн”, 1.6-д “зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон”, 1.7-д “зөвшөөрөл эзэмшигч иргэн бол иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан”, 1.8-д “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй”, 8.1 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн жагсаалт. 3-т “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:”, 3.8-д “хот байгуулалтын баримт бичиг боловсруулах-хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус заажээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тус тус заасан.

            4. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулах зөвшөөрөл олгох тухай” А/43 дугаар тушаалаар “... нэгжийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд ... албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулах”-ыг Нэгжийн дарга нарт зөвшөөрсөн байна.

            5. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нэгжүүдийн дүрмийг шинэчлэн батлах тухай” А/14 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дүрэмд хэлтсийн үндсэн чиг үүрэгт хамаарахгүй буюу барилгын загвар зургийг болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээ, хууль болон холбогдох журмаар олгогдоогүй байхад Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаЯ.Б нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10/1609 тоот мэдэгдлээр загвар зургийг хүчингүй болгож, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 10/1758 дугаар албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            6. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилгын ажлын зургийг баталсан эрх бүхий этгээд нь хүчингүй болгох эрх хэмжээтэй буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, загвар зургийг олгосон этгээдээс хүчингүй болгох эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байхад хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж нэхэмжлэгч нарын барилгын загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.   

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх “О” ХХК-тай А.Б, Д.Г, М.А, Л.Б, М.Д, Ж.Б, Ш.Б нар 2022 оны 08 дугаар сарын 29, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Хамтран ажиллах гэрээ байгуулан, иргэн А.Б, Д.Г, М.А, Л.Б, М.Д, Ж.Б, Ш.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалттай МЗХ2022/43-026 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг /2023 он/ Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулсан байх бөгөөд, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 862/2023 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хийлгэсэн, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас БАЗГ2023/373 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудад тогтоогдсон байна.

            8. Улмаар “Ж” СӨХ-ны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Гомдол шийдвэрлүүлэх тухай” 03 дугаар албан бичгээр “... “О” ХХК нь нийтийн хэрэгцээний орон сууцны барилга барихаар газар шороо, цутгалтын ажлыг оршин суугчдаас санал авахгүйгээр хууль зөрчин эхлүүлээд байна ...” гэх гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн. Уг гомдолтой холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/1126 дугаар албан бичгээр “... Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч эргэнэ мэдэгдэнэ үү” гэж “О” ХХК-д мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариу тайлбарыг хүргүүлсэн байна.

            9. Мөн Ш.Э-аас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “... барилгын ажлыг зогсоон барилгын стандарт, дүрэм журмын дагуу шалгуулах хүсэлтэй байна. Ажил эхлэхээс өмнө манайхаас санал асуулга зөвшөөрөл авалгүй барилга тулган барьж байгаад гомдолтой ...” гэх гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хандан гаргаж, уг гомдолтой холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “О” ХХК-иас “... өмнөх өмчлөгч н.Нтэй холбогдон хамтарч ажиллах тухай үгүй бол газраа зарах талаар асуухад манай газрыг “Блю драгон” ХХК сонирхож байгаа ... гээд бидний саналыг хүлээж аваагүй, ... нийт 9 айлын 7 нь 78 хувь, ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.8 дахь заалт “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэснийг үндэслэн бидний санал 70 хувиас дээш тул санал авах шаардлагагүй гэж үзсэн” гэх хариуг Хот байгуулалт, хөгжлийн газарт өгсөн байна.

            10. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10/1611 дугаар албан бичгээр “... 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БАЗГ2023/373 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.4, 27.4.5 дахь заалтад заасан хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж байгаа тул 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг А.Б, Д.Г, М.А, Л.Б, М.Д, Ж.Б, Ш.Б нарт хүргүүлсэн байна.

            Улмаар Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10/1609 дүгээр албан бичгээр "... Барилга барихаар төлөвлөж буй байршлын зэргэлдээ байрлах 295 дугаар байрны “Ж” СӨХ болон 150 гаруй оршин суугчид нэгдэж барилга барихыг эсэргүүцэн албан бичиг, өргөдлөөр хандсан бөгөөд “О” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 23/01/14 дугаартай албан бичигт тус барилга барих газартай хөрш зэргэлдээ орших айлуудтай харилцан ойлголцож ажиллах тухай дурдсан. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа самбар байршуулаагүй, хөрш залгаа өмчлөгчийн санал аваагүй ..." гэх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2023 оны Загвар зургийг хүчингүй болгож, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10/1758 дугаар албан бичгээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болж байгааг мэдэгдсэн нь үндэслэлгүй байна.

            11. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн зөрчлүүдийг нотлон тогтоох ажиллагааг өөрөө хариуцаж, холбогдох баримтуудаар тогтоох үүрэгтэй

            12. Хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргахдаа дээр дүгнэсэнчлэн эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан нь хууль бус байхаас гадна хуульд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, тус хугацаанд хариу тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас өмнө хянаж дүгнэх асуудал болох “самбар байршуулаагүй” гэсэн үндэслэлийг заасан дээр дурдсан зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул маргаан бүхий акт үндэслэлгүйг илтгэх бас нэг үндэслэл болж байна.

            13. Түүнчлэн “Ж” СӨХ-с 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Амарзаяа болон гүйцэтгэх захирал Г.Гантулга нар нь СӨХ-с мөнгө завшсан хэргээр шалгагдаж, “О” ХХК-тай холбоотой гаргасан гомдолтой үргэлжлүүлэн маргахгүй” гэж тайлбарласан байх тул маргаан бүхий актад “СӨХ барилга барихыг эсэргүүцсэн” гэсэн нөхцөл үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт “О” ХХК-ийн захирал Х.Батсайхан болон хөрш гэх Ш.Э- нар нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Тохиролцооны гэрээ”-г байгуулан, нийт 469.07 м.кв талбайтай газрыг нийлүүлэн иргэн Ш.Э-д ямар нэгэн төлбөр авахгүйгээр шилжүүлж, барьж буй хотхоны цахилгааны эх үүсвэрээс 230 кв цахилгааныг ямар нэгэн үнэ төлбөргүй ханган, Ш.Э- болон Х.Батсайханы “О” ХХК барилга барихад хэн аль нь татгалзах зүйлгүйгээр харилцан тохиролцсон байна. Энэхүү тохиролцооны гэрээ нь хүчин төгөлдөр байх бөгөөд, хүчингүй болгосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хөрш залгаа өмчлөгчийн санал аваагүй гэх хариуцагчийн шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд энэхүү үндэслэл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоогдоогүй, дээр дурдсан хуулиар зохицуулсан барилгын зөвшөөрлийн аливаа баримтыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

14. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01-01/201 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 148, 148а дугаар бүхий 2 айлын газар дээр Архитектур төлөвлөлтийн даалгавар гараагүй гэх хариуг шүүхэд ирүүлсэн байна.

            15. Эдгээрээс үзэхэд гуравдагч этгээд “Ж” СӨХ-ны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, Ш.Э- нь тухайн газраа Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулаагүй, нэхэмжлэгчтэй уг асуудалтай холбогдуулан харилцан тохиролцсон байх бөгөөд хэний ямар эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхой бус нөхцөлд хариуцагч нь загвар зураг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь маргаан бүхий акт үндэслэлгүйг илэрхийлж байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй. 

            16. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... газраа нийлүүлж барилга барьж байгаа харилцаа бүр гэр хорооллын дахин төлөвлөлт биш, ... иргэний журмаар байгуулсан хоёр талт гэрээний үүрэг биелэгдэх, биелэгдэхгүй эсэх нь маргаанд хамааралгүй, ... захиргааны байгууллагаас барилга барьж байгаа аж ахуй нэгжид удаа дараа хөрштэйгөө зөвшилцөж ажиллах тухай мэдэгдэж байсан. Тус үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс гуравдагч этгээд газар барилга барих боломжгүй болсон, ... Загвар зураг батлагдсаны дараа хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөж ажиллах шаардлагагүй гэсэн албан бичиг ирүүлсэн нь захиргааны шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл, ... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, ... 100 гаруй оршин суугчдын гомдлын тухай огт дурдаагүй байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            17. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0204 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 6.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №10/1609 тоот, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай №10/1758 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ