Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 153/2020/00099/И |
Дугаар | 001/ХТ2021/00569 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00569
2021 05 27 001/ХТ2021/00569
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00282 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,
*******гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн ******* холбогдох,
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн шаардлагатай,
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай тодруулсан шаардлагатай,
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр *******г гэрээт ажилтнаар ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалын 2 дахь заалт буюу *******г өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай тушаалын 1 дэх заалт буюу *******г түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,
*******д холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн ******* холбогдуулан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргасан. Гомдлын шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. 1. Гомдлын нэгдүгээр шаардлага нь Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.08.19-ний өдрийн А/35 дугаартай ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай тушаалын 2 дахь заалт буюу *******г өндөр насны тэтгэвэрт гарсан хэсгийг хүчингүй болгуулах, 2. Гомдлын хоёрдугаар шаардлага нь Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.10.09-ний өдрийн Б/11 дугаартай ажилтан тэтгэмж автал түр ажиллуулах тухай тушаалын 1 дэх заалт буюу *******г түр ажиллуулах тухай шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, 3. Гомдлын гурав дахь шаардлага нь Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаартай ажилтанд өндөр насны тэтгэвэрт гаргах тушаалыг хүчингүй болгуулах, 4. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.01.17-ны өдрийн Б/01 дугаартай *******г гэрээт ажилтнаар ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 5. Гомдлын тав дахь шаардлага нь Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.03.16-ны өдрийн Б/04 дугаартай ажилтанг ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах гэсэн тушаалтай холбоотой 5 шаардлага, мөн *******гийн урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, *******гийн 2020.01.02-ны өдрөөс 2020.03.16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, 2020.01.02-ны өдрөөс 2020.03.16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, бичилт хийлгэхийг даалгах, *******гийн 2020.03.16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны буюу 2020.04.23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2020.03.16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны буюу 2020.04.23-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: Ажил олгогчоос санаачилж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн агуулгатай тушаал байгаа. Энэ тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримталсан байна. Энэ нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хуульчилсан. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилтны иргэний үнэмлэхээр ажилтны төрсөн он, сар, өдрөөр тооцоход тушаал гарсан өдөр 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог... Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гарсан өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 насанд хүрээгүй байсан. Ажилтан 60 нас хүрээгүй байхад ажил олгогч этгээд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх асуудал нь тухайн ажилтан өөрөө хүсэж эдлэх эрх юм....Үүнийг ажил олгогч этгээд хүчээр эдлүүлэх боломжгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх авсан ажилтан, ажил олгогч этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг бүрдүүлж чадахгүй. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгах харилцаа хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******гийн өндөр насны тэтгэвэрт гаргасан тушаалын дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар буюу гэрээт ажилтнаар томилох тушаалыг ажил олгогч гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллуулж байсан. Энэ шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээтэй нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээнд заасан нөхцөлийг дордуулсан бол хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.4 болон 21.5-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна. Яагаад гэвэл төрийн үйлчилгээний албан тушаал нь байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулан ажиллуулах хуулийн зохицуулалттай. Төрийн албан тушаалын цалин хөлсийг дээд шатны байгууллага тогтоосон байдаг. Эрүүл мэндийн ажилтны тухайд цалингийн шатлал, сүлжээг Засгийн газраас тогтоосон. Засгийн газраас тогтоосон хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр байгаа. Засгийн газраас тогтоосон төрийн албан хаагчийн нэмэгдэл, урамшуулал олгох журам бас үйлчилнэ. Гэрээт ажилтнаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар ажилтан нь 1-д Засгийн газраас тогтоосон хэмжээнээс доогуур цалин хөлс авах нөхцөл үүснэ. 2-т Засгийн газраас тогтоосон нэмэгдэл урамшуулалд хамрагдах боломжгүй болно. Энэ нь Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг дордуулсан шийдвэр байна. Үүнийг хүчингүй болгуулж эрх зүйн үр дагаврыг арилгах гомдлын нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Энэ эрхийг ажилтан хүсэж эдлэх эрх, албадан эдлүүлэх эрх биш. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгах, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй... Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
...2020.01.02-ны өдрөөс 2020.03.31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 2,421,979 төгрөг, 2020.04.01-ний өдрөөс 2020.04.23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөг, нийт 3,392,418 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. ...Үндсэн цалингийн дунджаас бодсон. 2019.01.03-ны өдөр бүтэц орон тоо баталсан тушаалаар ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэл байсан. 2020 оны 10 дугаар сард ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулах гэсэн тушаал байгаа. 2020 оны 1, 2, 3 сарын үндсэн цалингийн зөрүү 730,257 төгрөг, үүн дээр нэмэгдэл, урамшууллыг ТҮЭМ-2-5-д заасан 663,419 төгрөгөөс тооцон сар бүр төрийн алба хаасны хугацааны нэмэгдэл 25 хувь, орон нутгийн нэмэгдэл 10 хувь, хортой нөхцөлийн нэмэгдэл 10 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувь, төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 15 хувиар гэж тус тус тооцон гаргасан...2020.04.01-ний өдрөөс өнөөдрийг дуустал ажлын өдрөөр тооцож гаргасан. Ажлын өдөр нь 17 хоног байгаа. Үндсэн цалинг нэг сарын дундаж ажлын өдөр буюу нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу 21.5-д хувааж ажлын 17 хоногоор үржүүлнэ. Үржүүлж гарсан тоо нь 524,563 төгрөг. Үндсэн цалингаа нэмэгдэлдээ хуваагаад 970,439 төгрөг гэдэг дүн гарч байгаа. 17 хоногийн ажлын өдрийн цалин нь 524,563 төгрөг байна. Энэ нь ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлал буюу 663,419 төгрөгөөр тооцож байгаа. Ингээд хариуцагчаас 2020.04.01-ний өдрөөс 2020.04.23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өндөр настны тэтгэвэрт гаргаж, амралт олгох тухай А/35 дугаартай тушаалыг ******* бид хоёр хоорондоо ярьж зөвшилцөж гаргасан. Тухайн өдөр ******* нь тушаалаа авсан. Тушаалаа аваад нягтлангаас цалингаа аваад амарсан. Манай байгууллага нь ажил үүргийн онцлогоос хамаарч 9 дүгээр сараас хойш амралтаа авдаг. ******* нь олон жил ажилласан. Эртхэн амраад шүүхээр нэршлээ өөрчлүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. ...миний тушаалыг гаргаад өгөөч гэхээр нь би тушаалаа гаргаж өгсөн. Сайн дураараа тэтгэвэртээ гарах тухай өргөдлөө манай хүний нөөцийн ажилтанд өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа. ******* нь сайн дураараа тэтгэвэртээ гарсан. 45 нас хүрээд хортой нөхцөлөөр сайн дураараа тэтгэвэртээ гарч болно гэсэн заалтын дагуу тэтгэвэртээ гарсан. ******* нь 10 дугаар сард эргэж ажилдаа орж ирээд тэтгэврээ тогтоолгож амжсангүй, одоо яах вэ гэхээр нь тэтгэвэртээ гартлаа ажиллаж байхгүй юу цалинг чинь хасахгүй гээд түр ажилтнаар ажилд авсан. Нэгэнт тэтгэвэртээ гарсан хүнийг жинхэнэ ажилтнаар авч болохгүй. Уг хоёр тушаалыг аваагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна. Тушаалаа аваад нийгмийн даатгалд очоод тэтгэврээ тогтоолгосон байгаа. Тэтгэмжээ авахын тулд тэтгэврийн дэвтрийг нь үндэслээд яам руу явуулсны дараа тэтгэмж нь орж ирдэг... ******* нь 10 дугаар сард ажиллаж байгаад 12 дугаар сард оны эцэст чи 1 дүгээр сард ажлаасаа гарна шүү, тэтгэвэртээ гарч байна шүү, тэтгэврээ тогтоолгоод тэтгэмжээ авсан байна гэхэд дарга аа манай нөхөр хөдөө өвөлжиж байгаа, би хүүхэдтэйгээ энд байгаа, түлш байхгүй хүйтэн хэцүү байна гэхээр нь чи гэрээтээр хуучин ажиллаж байсан ажлаа хийгээд 3 сар ажиллаж байгаад дулаарахаар ажлаасаа гараарай гэж хэлсэн. ******* нь зөвшөөрч гэрээтээр ажиллахаар болсон. Гэрээтээр ажиллаж байх хугацаандаа шүүхэд хандсан байдаг. ...Тэтгэвэртээ гарсан 8 дугаар сарын тушаалаа мэдэхгүй гэж ярьж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй гэж бодож байна.Тушаалаа аваад нийгмийн даатгалд өгөөд тэтгэвэртээ гараад дараагийн байгууллагаас тэтгэмжээ авчихаад өнөөдөр би мэдэхгүй гэж хэлж байгаад нь харамсаж байна. 8, 10 дугаар сарын тушаалын шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг уу.
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар шүүхдээд байж болох уу. Тушаалаа мэдэхгүй байгаа бол 12 дугаар сард гарсан А/28 тушаалын нэхэмжлэл гаргаж байхдаа мөн энэ үеийн байдлынхаа талаар нэхэмжлэл яагаад гаргаагүй вэ гэдэгт би эргэлзэж байна. 1 дүгээр сард тэтгэвэрт гарна гэхэд намайг харж үзээч, сүүлийн 6 сар өндөр цалин авбал тэтгэвэр өндөр тогтдог гэнэ гэхэд нь би хууль зөрчөөд тушаал гаргаж өгсөн. ТҮ-ээр цалинжих ёстой хүнийг ТҮЭМ-ээр цалинжуулсан. Тиймээс энэ тушаалуудыг хүчинтэй гэж үзэж байна. 8, 10 дугаар сарын тушаал нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үү, үгүй юу гэдгийг шүүхээс хянаж өгнө үү гэж хүсэж байна. 10 дугаар сард түр тушаалаар ажиллаж байсан хүнийг ажилд нь авахдаа бид хуулийн мэргэжилтэй биш болохоор хуулийн заалт, тэргүүнд алдаа гаргасан байх магадлалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Тушаалын утга нь 8 дугаар сард тэтгэвэртээ гарсан, 10 дугаар сард тэтгэврээ тогтоолгох хүртэл *******г хохироохгүй ажиллуулах тухай гэсэн тушаал байгаа. 12 дугаар сард гарсан тушаал нь тэтгэвэр, тэтгэмжээ аваад ажиллаж байсан хүнийг чөлөөлөх тухай тушаал гэж би өөрөө ойлгож байгаа юм... 1 дүгээр сард нөхөр нь хөдөө явсан, түлшгүй хэцүү байна гэхэд нь олон жил ажилласан хүнийг би хаяж болохгүй гээд гэрээтээр авч ажиллуулсан. Би тэтгэвэртээ гарсан хүнийг буцааж авах боломжгүй. Гэрээтээр авч ажиллуулах эрх нь надад байгаа. 3 дугаар сард Төрийн албаны зөвлөл, эрүүл мэндийн газар, эрх бүхий байгууллагуудаас надад олон албан бичиг ирсэн. Өндөр насны тэтгэвэр, тэтгэмжээ аваад гарсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлж дараагийн залуу боловсон хүчнийг ажилд нь ав гэсэн албан бичиг жил бүр надад ирдэг. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсаны дагуу *******г 3 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлсөн. *******гийн нийгмийн баталгааг хангасан. *******г өөрийнх нь хүсэлтээр амрах ёсгүй улиралд амрааж, тэтгэвэрт нь гаргасан. Тэтгэвэртээ гарсны дараа түр тушаалаар үндсэн цалинг нь өгч ажиллуулж байсан.
Байгууллагын даргын менежментийн хувьд ******* нь оны эхэнд тэтгэвэртээ гарна гэж хэлээд цалингаа нэмэгдүүлээд, сүүлийн 6 сар өндөр цалин авна гэж надтай тохирсон тул дараагийн боловсон хүчнээр эмнэлгийн сертификаттай хүнийг авахын тулд бага эмч залууг бэлдээд, ариутгагчийн курсэд сургаж түр ажилд авсан. *******г тэтгэвэртээ гарсны дараа тэр хүнийг ажилд авч жинхэлсэн. Бэлдмэлчин гэдэг албан тушаалыг өмгөөлөгч ярихдаа эрүүл мэндийн ажилтан гэж ярьж байна. 2019.01.01-ний өдрөөс өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан гэж байсан. Харин Засгийн газрын 382 дугаар тогтоол гарснаас хойш эмнэлгийн сертификатгүй учир эрүүл мэндийн байгууллагын туслах ажилтан, үйлчилгээний ажилтан болсон. ******* нь үйлчилгээ үзүүлдэг ажилтан юм. Түүнээс мэргэжлийн ажилтан биш. Мэргэжлийн ажилтан гэж диплом, сертификаттай хүнийг хэлж байгаа. ******* нь олон жил ажилласан туршлагатай үйлчилгээний ажилтан юм. Байгууллагын бүтэц орон тоог 2017 юм уу 2018 онд баталсан байдаг. 2018 онд бүтэц орон тоог баталж байхад 2012 оны н.Туяа сайдын тушаалаар *******гийн ажлын байр ТҮЭМ-ийн зэрэглэлд багтаж байсан. 2019 онд албан тушаал бүрт индекс, код зааж өгсөн. Жишээ нь түргэн тусламжийн жолооч хэдээр цалинжихыг зааж өгсөн. Бэлдмэлчин гэж байхгүй. Бэлдмэлчин гэж үйлчилгээний ажилтанд орж байгаа юм. *******гийн хэлсэн болгоныг биелүүлж ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлээр цалинжуулж хууль зөрчиж ажиллуулсан. Яагаад хууль зөрчиж тушаал гаргасан бэ гэвэл энэ үйл явдал нь хоёр хүний итгэлцлийн хүрээнд болсон явдал. Намайг ажилд ороход ажиллаж байсан. Олон жил ажиллаж байсан гэдгийг харж үзээд тэтгэврийг нь өндөр тогтоохын тулд *******г ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлээр цалинжуулж ажиллуулсан... ******* нь өөрөө өргөдлөө өгч миний гаргасан 8 дугаар сарын тушаалыг өгч тэтгэврээ тогтоолгосон. Тэтгэврээ тогтоолгоод тэтгэврийнхээ дэвтэр, тушаалаа авч очоод тэтгэмжээ авсан байгаа. Тэтгэвэрт гарсан тушаал, өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслээд тэтгэмж нь орж ирдэг. Тэтгэвэрт хүчээр гаргаагүй. Өөртэй нь ярьж тохироод гаргасан. ...Миний гаргасан тушаалын дагуу цалингаа бүтэн авсан, дутуу аваагүй. Нийгмийн даатгалын дэвтэрт авсан цалингийн дагуу бичилт нь хийгдэж байгаа. Нэхэмжлэгч тал хэдэн төгрөг нэхээд байгааг мэдэхгүй байна. ...*******г хохироосон зүйл байхгүй гэж үзэж байна. ...Нийгмийн даатгалын хууль, журмаараа 45 нас хүрээд өөрөө тэтгэврээ тогтоолгож, тэтгэврийн хүн болсон. Тэтгэврийн хүнийг ажилд авах нь удирдлагын хувьд өөрийн эрх мэдлийн асуудал гэж бодож байна. Төрийн албаны зөвлөлийн шаардсанаар *******г тэтгэвэрт гаргаад оронд нь өөр залуу боловсон хүчнийг ажилд авсан байгаа. *******гийн орон тоо байхгүй. 2020.03.16-нд тушаал гаргасан боловч 03 дугаар сарын цалинг нь 420,000 төгрөгөөр бүтэн олгосон. *******гийн хэлснээр явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрч байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... Тэтгэвэртээ гарсан хүн дээрх нэмэгдлүүдийг авах ёсгүй. Тэтгэвэртээ гарсан хүн дахиж ажилд орвол шинээр ажилд орж байгаа хүний авах цалин урамшуулалтай адил цалинжих ёстой. Алба хаасан хугацааны, орон нутагт ажилласны нэмэгдэл, хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшуулал олгогдохгүй. Ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшууллыг ажлыг нь дүгнэж ажилласан сар, улиралдаа сайн ажиллавал тушаалаар олгодог. Хүн болгонд хавтгайруулж олгодог мөнгө биш гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 онд Монгол Улсын Засгийн газрын 382 дугаар тогтоол батлагдаж цалингийн цэс нь шинээр ирсэн. Уг тогтоолд эмнэлгийн сертификатгүй ажилчид ТҮ-ийн зэрэглэл рүү шилжиж байгаа. *******г ТҮ-ийн зэрэглэл рүү шилжүүлэх гэсэн чинь ******* надаас энэ жил тэтгэвэртээ гарна, сүүлийн 6 сар цалин сайн авбал тэтгэвэр өндөр тогтдог гэнэ, та намайг өндөр цалин өгөхөөр тушаал гаргаад өгөөч гээд гуйхаар нь би *******д итгэж тушаал гаргаж өгсөн. ******* нь миний итгэлийг алдсан... өгөх ёсгүй зүйлээ өгсөн юм чинь буцааж авах нь зүйтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* нь ТҮ-1-5-аар буюу 505,706 төгрөгөөр цалинжих ёстой. Бусад нэмэгдэл урамшуулал нь 505,706 төгрөгөөс бодогдох ёстой. Гэтэл би *******г ТҮЭМ-2-5-аар буюу 614,276 төгрөгөөр цалинжуулсан. Нэмэгдэл урамшуулал, 4 улирлын нэмэгдэл нь ороод ******* нийт 7,966,460 төгрөгийн цалин авсан байдаг. 2019 онд *******гийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүх шимтгэл нь төлөгдөж байсан. *******гийн яг авах ёстой байсан цалин нь 505,706 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт бүх шимтгэлээ төлөөд, орон нутгийн нэмэгдэл, хортой нөхцөлийн нэмэгдэл, унааны мөнгө нэмээд авахаар гар дээрээ 6,514,429 төгрөг авах ёстой. Энэ хоёр цалингийн зөрүү 1,452,031 төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. *******гаас зөвхөн гар дээр олгогдсон мөнгийг л нэхэмжилж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт шимтгэлийг мөнгийг нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжилсэн бол энэ үнийн дүнгийн 20 хувь нь нэмэгдэнэ... 2019 онд цалингийн шатлал буурч ******* нь ТҮ-ээр цалинжих ёстой байсан. Надтай зөвшилцөж, надтай тохиролцож тушаал гаргуулсны улмаас цалингийн зөрүү гарсан гэжээ.
Нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгдүгээрт: Сөрөг нэхэмжлэлд дурдсан ажил олгогч байгууллагын даргын 2019.01.03-ны өдрийн А/01 дүгээр бүтэц орон тоог баталсан тушаал байгаа. Уг тушаалын хавсралтад лабораторийн тасгийн ажилчдын заримыг ТҮЭМ-2-5-аар, заримыг нь ТҮЭМ-ийн 4-5, ТҮЭМ-ийн 3-5 цалинжуулахаар гаргасан тушаал байгаа. Хоёрдугаарт: 2019.10.09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ТҮЭМ-2-5-аар цалинжуулахаар гаргасан ажил олгогчийн тушаал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ажил олгогчийн заасан шатлалаар цалинжиж явсан учир ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэхгүй. Эрүүл мэндийн ажилтны цалингийн ангилал зэрэглэлийн тухайд хариуцагч тал ойлголтын зөрүүтэй байгаа учир үүнийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Анх 2016.12.07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн ангилал, зэрэг дэвийг тогтоосон. 2019 онд Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тогтоол гарсан. Нэхэмжлэгчийг ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж байгаа юм. ТҮ-1-5-д ямар албан тушаалтан ажилладаг юм бэ гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолд бичсэн байгаа. Байгалийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэргэжил, боловсрол үл шаардагдах үйлчилгээний ажил үүрэг гүйцэтгэх албан тушаалтан хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг, мэргэжил энэ ажлын байранд шаардлагагүй. Харин ТҮЭМ нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификаттай байхыг шаарддаг. ТҮЭМ-ийн цалингийн зэрэглэл нь дотроо их олон шаардлагатай. ТҮЭМ болон ТҮ-ийн ялгаа нь энэ. Ямар ч боловсрол мэргэжил шаардлагагүй ажлын байр юм гэж ярьж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч анх ******* сургалтад сууж ирээд томилогдсон. Ажлын байрны онцлог нь химийн хортой бодисуудтай харьцаж, лабораторийн тасагт ажилладаг. Нэхэмжлэгчийн хийдэг ажлыг ямар ч мэргэжил боловсролгүй хөдөөний малчин хийх боломжгүй. ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж шууд үндэслэлгүй хэлж болохгүй. 2017 оноос хойш ТҮЭМ-ээр цалинжсан. 2019 онд ажил олгогч мөн ТҮЭМ-ээр цалинжуулсан. Одоо шүүх дээр маргаан гаргаад ТҮ-ийн 1-5-аар цалинжих ёстой байсан гэж үзэж байгаа бол энэ нь боломжгүй юм. Хэрэв *******гийн ажил ТҮ-1-5-ийн ажлын байр байсан бол Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу буцалтгүй тусламж авах эрх нь үүсэхгүй. Эрүүл мэндийн ажилтан, ТҮЭМ-ээр цалинжиж байсан учраас Эрүүл мэндийн тухай хуульд хамаарч Эрүүл мэндийн байгууллагаас буцалтгүй тусламж олгосон байдаг. Мөн хортой нөхцөлийн нэмэгдэл авч байгаа нь ТҮЭМ-ийн ажлын байр гэдгийг нотолж байгаа. ТҮ-1-5 буюу ямар ч мэргэжил шаардлагагүй ажлын байранд хортой нөхцөл нэмэгдэл яригдахгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д Эрүүл мэндийн ажилтан гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг ойлгоно гэж заасан. Хариуцагчийн ярьж байгаа зүйл, гаргаж байгаа үндэслэл нь хоорондоо зөрчилдөөнтэй. Мөн ажил олгогчийн тушаал шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэх боломж байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00282 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.08.19-ний өдрийн Б/35 дугаар Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалын 2 дахь заалт буюу *******г өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.10.09-ний өдрийн Б/11 дүгээр Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай тушаалын 1 дэх заалт буюу *******г түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.01.17-ны өдрийн Б/01 дүгээр *******г гэрээт ажилтнаар ажилд авах тухай тушаал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.03.16-ны өдрийн Б/04 дүгээр Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаар Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн *******д холбогдуулан гаргасан 2019.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2020.01.02-ны өдрөөс 2020.03.31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1,294,163.15 төгрөг, 2020.04.01-ний өдрөөс 2020.04.23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 743,332 төгрөг, нийт 2,037,495.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 1,354,922.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн 1,294,163.15 төгрөгөөс 2020.01.02-ны өдрөөс 2020.03.31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох, 743,332 төгрөгөөс 2020.04.01-ний өдрөөс 2020.04.23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ******* даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамж нийт 117,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 153/ШШ2020/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч Ховд аймгийн ******* холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/29 дугаартай ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Зоонозын өвчин судлалын төв *******д холбогдуулан гаргасан 1,452,031 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 1.1. Хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.08.19-ний өдрийн А/35 дугаар, 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр буюу ажил олгогчийи санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч *******г бэлдмэлчингийн ажлаас тэтгэвэрт гаргажээ. Зохигчийн маргаагүй, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн үнэн үйл баримт гэж байдаг. Уг үйл баримт нь энэхүү иргэний хэргийн тухайд ажилтан ******* хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй явдал юм. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 1.2.Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээг өөрийн санаачилгаар цуцлах талаар бичгээр хүсэлт гаргаагүй. Үүнийг хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Д.Баяржаргал хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн хуралдаанд Бичгээр хүсэлтээ гаргаж өгөөгүй гэж тайлбар гаргасан. Уг тайлбарыг баталж, гэрч Ховд аймгиин Зоонозын өвчин судлалын төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Х.Цацрал анхан шатны шүүхэд ******* ажлаас чөлөөлөгдөх талаар бичгээр өргөдөл гаргаагүй гэж мэдүүлсэн. Мөн түүнчлэн хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд авагдсан *******гийн Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан нэг удаагийн тэтгэмжийн тухай өргөдөл, 140 дүгээр хуудсанд авагдсан нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын тодорхойлолт, 141 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны хүсэлт биш байна. Учир нь уг өргөдөл, тодорхойлолтод ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай агуулга тусгагдаагүй. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр гаргасан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: 2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэгт ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог. Нэхэмжлэгч ******* нь 1974 онд төрсөн, 60 нас хүрээгүй байхад хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалаар хуулийн дээрх заалтыг баримталж буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчсөн илэрхий. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. 2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Харин ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар зохицуулдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.08.13-ны өдрийн А/35 дугаар, 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаар тушаалууд өндөр насны тэтгэвэрт гаргах агуулгаар бичигдсэнээр Хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагыг хангахгүй нь илэрхий байдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалууд нь утга, агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталсанд гомдолтой байна. Иймд Ховд аймгиин Эрүү, Иргэний хэргиин давж заалдах шатны шүүхиин 2020.07.16-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 153/Ш32020/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье. ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/29 дугаар Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.01.17-ны өдрийн Б/01 дүгээр тушаал, 2020.3.16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.8.19-ний өдрийн Б/35 дугаар тушаалын 2 дахь заалт буюу *******г өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсэг, 2019.10.09-ний өдрийн Б/11 дүгээр тушаалын 1 дэх заалт буюу *******г түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан. Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь цалин хөлсний зөрүү гаргуулах тухай шаардлагыг, 2020.01.02-ны өдрөөс 2020.3.31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд 2,421,979 төгрөг гаргуулах, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг, 2020.4.01-ний өдрөөс 2020.4.23-ны өдрийг дуустал хугацааны олговорт 970,439 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тус тус тодруулсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх ...*******г, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр гаргасан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. ...нэхэмжлэгч 60 нас хүрээгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчсөн нь илэрхий байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн энэ заалтыг хэрэглэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн ******* 1991 оноос бэлдмэлчинээр ажилласан байх бөгөөд 2019.11.28-нд хортой халуун нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч *******гийн Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт ...миний бие 1991 оноос өнөөг хүртэл ЗӨСТ-д бэлдмэлчингээр ажиллаад тэтгэвэрт гарч байгаа тул Эрүүл мэндийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү гэж гаргасан өргөдөл, ******* нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-д заасан тэтгэмжээ 2019.12.16-ны өдөр өөрийн Хаан банкны 5845618442 тоот дансаар хүлээн авсан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020.4.22-ны өдрийн 354 тоот албан бичиг, Алгаа овогтой Янжмаа /ПЮ74072206/ нь 2019.11.28-нд хортой халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь үнэн болно гэсэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.4.22-ны өдрийн 209 тоот албан бичиг болон бусад баримтаар тогтоогджээ.
Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой хэд хэдэн тушаал гарсан, тухайлбал *******гийн 2019 оны ээлжийн амралтыг 2019.8.19-ний өдрөөс олгож, 2019.10.09-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гаргах тухай Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.8.19-ний өдрийн Б/35 дугаар тушаал, мөн *******г ...тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай 2019.10.09-ний өдрийн Б/11 дүгээр тушаалууд гарсан, нэхэмжлэгч тухайн үед эдгээр тушаалтай маргаагүй, дээрх хугацаанд тус төвд бэлдмэлчнээр ажилласан. Улмаар нэхэмжлэгч өндөр насны тэтгэврээ тогтоолгосныг үндэслэн, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар *******гийн тэтгэвэрт гарах эрх үүсч, тэтгэмжээ авсан гэсэн үндэслэлээр түүнийг тэтгэвэрт нь гаргаж, 2019.10.09-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Иймд нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар буруу халсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, цалингийн зөрүү шаардах эрх үүсэхгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу маргаан бүхий тушаалууд болон тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, цалингийн зөрүүнд нийт 2,037,495.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, харин шүүхүүд хариуцагчийн гаргасан, нэхэмжлэгчид илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020.01.17-ны өдрийн *******г гэрээт ажилчнаар авах тухай Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг бэлдмэлчинээр /2020.01.02-ны өдрөөс 2020.04.01-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 420000 төгрөгийн цалин олгохоор/ ажиллуулсан, гэвч хариуцагч 2020.3.16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн дагуу гэсэн тодорхойгүй үндэслэлээр түүнийг хугацаанаас нь өмнө ажлаас чөлөөлсөн, уг гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгчид 2020.3.16-ны өдрөөс 2020.04.01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олгосон талаар баримтгүй тул энэ хугацааны цалинд хариуцагчаас 210,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр магадлалын 1 дэх заалтыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 153/ШШ2020/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн, Ховд аймгийн ******* холбогдуулан гаргасан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019.12.30-ны өдрийн Б/29 дугаар ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлага, мөн хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн, *******гаас 1,452,031 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс цалингийн 210,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ