Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б.З

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А, Б.З, П.У

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0067 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0838/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Баас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А, Б.З, П.У нарт тус тус холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0067 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын 4 дэх заалтын Д.Бд холбогдох хэсэг болон дээрх актын 1-р хавсралтын Б.У-д холбогдох хэсгийн хариуцсан байцаагч Д.Б гэснийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0067 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь маргаан бүхий актын хавсралтын 4 дэх мөрний Б.У-д холбогдох хэсгийн хариуцсан байцаагч Д.Б гэснийг хасаж шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь илтэд хууль бус болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            3.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, өмнөх шалгалтын мөрөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015-2018 оны хооронд шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримт болон бусад холбогдох бичиг баримтад тулгуурлан шалгах шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

            3.2. Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийж буй дотоодын хяналт шалгалтын зорилго нь аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэн зөв мөрдөж, хэрэгжүүлж байгаа эсэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зөв захиран зарцуулж байгаа эсэгт хяналт тавьж хийгддэг дотоодын хяналт шалгалт нэг хэсэг юм.

            3.3. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого сар, улирал, жилээр шимтгэлийн орлогыг төвлөрүүлэн сангийн хөрөнгийг бүрдүүлж, нийгмийн даатгалын санд бүрдсэн сангийн хөрөнгөнөөс сар бүр, тухай бүрд тэтгэвэр, тэтгэмж олгох ажлыг өдөр дутам зохион байгуулж, хийж гүйцэтгэн ажилладаг нийгмийн даатгалын байгууллагын анхан шатны нэгж байгууллага юм.

            3.4. Өөрөөр хэлбэл Хяналт шалгалтын газар нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн хөрөнгө бөгөөд эв санааны нэгдлээр өнөөдөр шимтгэл төлсөн иргэдийн мөнгөөр тэтгэвэр тэтгэмж олгож, 1.3 сая даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгийг хуулийн тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж байгаа эсэгт тодорхой давтамжтайгаар дотоодын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, тогтмол хийж гүйцэтгэдэг үйл ажиллагаа юм.

            3.5 Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийгдсэн шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэсэн заалтыг үндэслэн тухайн үед иргэн Б.У-д Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон байсан.

            3.6. Иргэн Б.У- нь түүний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Б-ы "Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-иар 1991-2000 оны хооронд нөхөн тооцуулсан 9 жил 6 сарын батламжийн хуудас болон бусад холбогдох баримтыг тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үндсэн баримт болгон бүрдүүлж өгсөн бөгөөд бүрдүүлж өгсөн өргөдөл болон бусад холбогдох баримтын үндэслэлийг архивын баримт болон мэдээллийн баазтай тулган шалгасан. Шалгалтаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгийн 2 дахь заалтад "Харин тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-ийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол хүчингүйд тооцно. Дээрх чиглэлийг хэрэгжүүлэхдээ тухайн иргэний нас барсны гэрчилгээнд бичигдсэн нас барсан огноог, иргэд (даатгуулагч)-аас гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдлийн огноо болон нөхөн даатгалын бүртгэлийн програмын огноотой тулган, шалгаж, шийдвэрлэж ажиллах нь зүйтэй" гэсэн чиглэлийг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо нөхөн даатгалд хамрагдсан хугацаа болон нас барсан хугацааг тулган шалгахгүйгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгосон нь тогтоогдсон. /Энэ чиглэл гарснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сард иргэн Б.У-д Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоож олгосон/

            3.7. Мөн түүнчлэн Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 4.1.1 дэх заалтад "тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, үйлчилгээний төлбөр өгөх ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх" гэх заалтыг зөрчиж сумын нийгмийн даатгалын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хангалтгүй зохион байгуулаагүй, мен журмын 4.1.10 дахь заалтад "дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх" гэсэн заалтыг зөрчиж дээд шатны байгууллагын өгсөн чиглэлийг хэрэгжүүлээгүй гэж тус аймагт ажилласан ажлын хэсгээс дүгнэсэн. /Нийгмийн даатгалын дүрэмд дээд шатны байгууллага, албан тушаалтан хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй/.

            3.8. Иймд тус шалгалтын ажлын хэсгээс Д.Быг ганцхан буруутгаагүй, тэтгэвэр тогтооход оролцсон эрх бүхий албан тушаалтнууд болон нас барсан иргэнд нөхөн даатгалд хамруулж өргөдөл болон холбогдох баримтын хүлээн авсан албан тушаалтан болон хэлтсийг бүхэлд нь буруутай гэж үзэж, нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг барагдуулах шаардлагатай гэж үзэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн гэм буруутай албан тушаалтнуудаар төлүүлэхээр шийдвэрлэж 32/67 дугаартай Улсын ахлах байцаагчийн актыг тогтоож ажилласан.

            3.9. Улсын ахлах байцаагчийн 32/67 дугаартай актын хавсралтын 4 дэх мөрний "хариуцсан байцаагч" гэх багана нь захирамжилсан шинжийг агуулаагүй ба маргаан бүхий актыг Д.Б-аар төлүүлэхээр шийдвэрлээгүй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга уг нас барсан хүний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн хугацааг хэн хянаж, хэн эцэслэн шийдвэрлэж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон, нөхөн даатгалд хамрагдсан батламжийн хуудсыг хэн шалгах эрх хэмжээ хэнд хадгалагдаж байгаа болон хууль тогтоомж, журмыг зөрсөн албан тушаалтнууд болон 2014 оны 05 дугаар сарын 23- ны өдрийн 1/811 дугаартай "Чиглэл өгөх тухай" албан бичгийг сумын байцаагч нарт хэн ямар албан тушаалтан хүргүүлээгүйгээс болж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон болохыг тогтоож, гэм буруутай албан тушаалтнуудаар хохирлыг нөхөн төлүүлэхээр бичсэн Улсын ахлах байцаагчийн акт юм.

            3.10. Улсын ахлах байцаагчийн 32/67 дугаартай актын хавсралтын 4 дэх мөрний "хариуцсан байцаагч" гэх багана нь захирамжилсан шинжийг агуулаагүй ба маргаан бүхий актыг Д.Б-аар төлүүлэхээр шийдвэрлээгүй мөн багана нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн тухайн хороог хариуцаж ажилладаг албан тушаалтныг харуулж байгаа юм. Жишээ нь: Х- аймгийн Б- сумыг хариуцсан байцаагч нь Ю.О--г, Галт сумыг хариуцсан байцаагч нь Д.Д-, Ц- сумыг хариуцсан байцаагч Х.М-харин Т- сумыг хариуцсан байцаагч нь Д.Б гэж тодруулж байгаа болохоос уг шалгалтаар илэрсэн зөрчлийг хариуцах албан тушаалтан биш юм./      Иймд маргаан бүхий актын 4 дэх мөрний Ууганзаяад холбогдох хэсгийн хариуцсан байцаагч гэдэг нь захирамжилсан шинжгүй хуулийн ямар нэгэн үр дагаваргүй тул 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0067 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 /2018 он гэж алдаатай бичигдсэн/ 10 дугаар сарын 19-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/67 дугаар маргаан бүхий актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.3, 14 дүгээр зүйлийн 41.2, 22 дугаар 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.4 дах заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол илүү авсан бол илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасныг үндэслэн нэр бүхий 8 хүнд илүү олгосон нийт 29,364,714 /хорин есөн сая гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг актын 1-р хавсралтын 6-д “Тэтгэвэр авагч”-ийг Б.У- гээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон гэж үзэж, 12,786,000 /арван хоёр сая долоон зуун наян зургаан мянга/ төгрөгийг төлүүлэх гэж, харин “хариуцсан байцаагч” гэсэн хэсэгт хариуцсан байцаагч Д.Б гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Б уг актын 1-р хавсралтын 6 дахь хэсгийг эс зөвшөөрч “... ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль нь манай улсын нийгэм, цаг үеийн байдлаас болж ажилгүй байсан иргэдийг нөхөн даатгалд хамруулж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн ач холбогдол бүхий хууль байсан хэдий ч түүнийг хэрэгжүүлж эхлэхэд хууль эрх зүйн зөрүүтэй, тодорхойгүй байдлын улмаас үүссэн хохирлыг байцаагч төлж байгаа нь буруу ... хариуцагч нар нь маргаан бүхий актадаа иргэн Б.У-тай холбоотой төлбөрийг хариуцсан Д.Б гэж бичсэнээс үзвэл надаар төлүүлэхээр акт тогтоосон гэж үзэхээр байгаа юм миний бие ганцаараа шийдвэр гаргаж тэтгэвэр тогтоогоогүй тул би хариуцах үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгийн чиглэлийг тус тус зөрчиж Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан” гэж, хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш үргэлжилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0025 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан  байх үед хариуцагчийн зүгээс удаа дараа уг төлбөрийг хариуцсан байцаагчийн хувьд тухайн үед байцаагчаар ажиллаж байсан Д.Б төлөх ёстой гэж маргаж ирсэн байх боловч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “... гэм буруутай байх магадлалтай хүмүүсийг өөрсдөдөө дотооддоо тогтоогоод асуудлаа шийд гэсэн улсын байцаагчийн акт байгаа” гэж тайлбарлан “... актаар тогтоосон төлбөрийг буруутай албан тушаалтнуудаар төлүүлэхээр шийдвэрлэсэн болохоос байцаагч ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Б-аар төлүүлэхээр шийдвэрлээгүй ...” гэсэн үндэслэлүүдээр тус тус маргасан байна.

4. Маргаан бүхий актын хавсралтад иргэн Б.У-тай холбоотой хэсэгт хариуцсан байцаагч Д.Б гэж бичсэнээс үзвэл уг төлбөрийг нэхэмжлэгч Д.Б-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Хариуцагч нараас “дээрх албан бичгээр чиглэл өгсөөр байхад тухайн үед байцаагчаар ажиллаж байсан Д.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр нас барсан Д.Б-д 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түүний гэр бүлийн гишүүний “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” өргөдөл холбогдох материалыг хүлээн авч, нас барсан иргэн Д.Б-д 9 жил 6 сарын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргүүлсэн чиглэлийг зөрчсөн” гэж буруутган маргасан байна.

4.2. Мөн уг нас барсан иргэн Д.Б-д 9 жил 6 сарын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баталгаажуулалтын хуудсыг үндэслэн иргэн Б.У-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

4.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 18 дугаар зүйлийн 18 дугаар зүйл. Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох, мөн зүйлийн 1-т “Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 1/-т даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон” гэж заажээ.

4.4. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Чиглэл өгөх тухай 1/811 дүгээр албан бичгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах чиглэлийг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгээр “... Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-ийн дагуу 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлсэн боловч баталгаажуулалтын хуудас авсан болон аваагүй байхдаа нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 12 дугаар зүйлд заасан болзол нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгоно ... Харин тухай иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-ийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно ... чиглэлийг хэрэгжүүлэхдээ тухайн иргэний нас барсны гэрчилгээнд бичигдсэн нас барсан огноог, иргэд (даатгуулагч)-аас гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдлийн огноо болон нөхөн даатгалын бүртгэлийн программ огноотой тулган шалгаж, шийдвэрлэж ажиллах нь зүйтэй ...” гэсэн чиглэлийг хүргүүлж байжээ.

4.5. Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар албан бичиг[1], түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл, нас барсан иргэн Д.Бы 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл, холбогдох материалыг анх Ч.Тунгалаг гэх нийгмийн даатгалын байцаагч хүлээн авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд холбогдох баримтуудыг үндэслэн иргэн Д.Бд 9 жил 6 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон талаарх 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1720001132 дугаартай “Баталгаажилтын хуудас”[2]-ыг олгосон, уг “Баталгаажуулалтын хуудас”-т Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон нягтлан бодогч нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.6. Хэдийгээр Б.У-гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудсыг 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч Д.Б үйлдсэн байх боловч түүнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж баталгаажуулсан, мөн нас барсан иргэн Д.Б-ы нэр дээр гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч түүнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох “Баталгаажилтын хуудас”-т мөн адил холбогдох бусад албан тушаалтнууд гарын үсэг зурсан байх тул нас барсан иргэний ажилласан жил нөхөн тооцох болон түүний гэр бүлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох шийдвэрийг нэхэмжлэгч Д.Б дангаараа гаргасан гэж үзэх, актаар тогтоосон төлбөрийг түүнийг дангаараа хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй, мөн хариуцагчаас уг төлбөртэй холбогдуулан ганцхан  “нэхэмжлэгч Д.Б дангаараа төлөхгүй аймаг, сумын бусад албан тушаалтнууд мөн хариуцна” гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сүүлийн үе шатанд болон давж заалдах гомдол, тайлбарт тодорхой гаргасан,  уг төлбөрийг ямар байгууллага, албан тушаалтанд хэрхэн хариуцуулж төлүүлэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул анхан шатны шүүх хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

4.7. Түүнчлэн хариуцагчаас “... шалгалтын ажлын хэсгээс зөвхөн Д.Б-ыг буруутгаагүй, тэтгэвэр тогтооход оролцсон эрх бүхий албан тушаалтнууд болон нас барсан иргэний нөхөн даатгалд хамруулах тухай өргөдөл баримтыг хүлээж авсан ажилтан болон хэлтсийг бүхэлд нь буруутай гэж үзэж, нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг барагдуулах шаардлагатай гэж үзсэн ... Улсын байцаагчийн 232/67 дугаар актын 4 дэх мөрний хариуцсан багана нь ... Д.Б-аар төлүүлэхээр шийдвэрлээгүй, ... шимтгэлийг нөхөн төлсөн хугацааг хэн хянаж, хэн эцэслэн шийдвэрлэж тэжээгчээ алдсаны тэтгэвэр нөхөн тогтоосон, нөхөн даатгалд хамрагдсан батламжийн хуудсыг хэн шалгах эрх хэмжээтэй болон хууль тогтоомж, журам зөрчсөн  болон 2014 оны 1/811 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг сумын байцаагч нарт хэн ямар албан тушаалтан хүргүүлээгүйгээс болж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон болохыг тогтоож, гэм буруутай албан тушаалтнуудаар хохирлыг төлүүлэхээр бичсэн ...” гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу уг маргаан анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа шийдэгдэж байх явцад төлбөрийг бусад албан тушаалтнууд хариуцна, нэхэмжлэгч Д.Баар төлүүлэхээр төлбөр тогтоогоогүй гэж маргаж байгаагүй, мөн уг тайлбараараа төлбөрийг дан ганц нэхэмжлэгч хариуцахгүй гэсэн атлаа дахин тодруулж шинээр акт гаргуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий гомдол гаргасан нь зөрчилтэй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0067 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 2-р хавтас, 57 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас, 21 дэх тал