Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 184

 

    Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Б- овогт М-ын О--гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Б- овогт Б-гийн У-т холбогдох газар худалдсан үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч Б.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч М.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А113 тоот шийдвэрээр олгосон 700 м.кв талбайг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.У-т 15.000.000 төгрөгөөр зарсан боловч надад мөнгөө өгөөгүй. Энэ мөнгөний асуудлаас болж ахтайгаа муудалцаж ахыгаа бэртээн би шоронд орсон. У- намайг залилан мэхэлж санаатайгаар хуурч газрыг минь авсан тул газрын үнэ 15.000.000 төгрөгөө У-ээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.О- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ээжийн маань бие нь өвдөж, хэвтэрт ороод хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болж би өөрийн эзэмшлийн 2 айлын газраа зарахаар болсон. Гэтэл манай эгчийн хүүхэд Мөнхбат манай найз Өсөхөө гэдэг залуу газрыг чинь авъя гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Өсөхөө гэдэг залуутай уулзаад 2 айлын газраа 15.000.000 төгрөгөөр зарахаар ярьж тохиролцсон. Манай дүү Мөнхбат надад ахаа би Өсөхөөд 4.000.000 төгрөгийн өртэй юмаа, та газар зарах мөнгөнөөсөө суутгаад өгчих,  дүү нь дараа таньд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би бэлэн мөнгө аваагүй, Өсөхөөтэй газрын төлбөрийг хувааж төлөхөөр тохирч 2 хоногийн дараа 4.000.000 төгрөг авч, үлдсэн мөнгийг сар, сард нь хувааж авахаар болсон. Тэгээд нотариатч дээр газраа шилжүүлэхээ манай эгч, Мөнхбат, Өсөхөө, Өсөхөөгийн эхнэр У- бид хэд очсон. Тэнд л би Өсөхөөгийн эхнэр У-ийг анх удаа харсан. У-ийн нэр дээр газраа шилжүүлэх гэсэн боловч нотариатч газар эзэмших эрхтэй юм байна, газар өмчлөх эрхгүй учраас газар худалдах, худалдан авах гэрээ хийж болохгүй гэж тайлбарлахаар нь би болохгүй юм бол болъё гээд нотариатчийн өрөөнөөс гарсан. Гэтэл Өсөхөө би энэ нотариатчийг таньдаг та наанаа байж бай гээд Мөнхбат, Өсөхөө, У- гурав нотариатч дээр орж уулзаад, 20 минутын дараа намайг дуудаж за болчихлоо гээд газар шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулсан. Маргааш нь намайг газар дээрээ очиход тэнд хашаа барьж байсан залуучууд нэг шил архи задалсан. Би тэр архинаас нь уугаад унтсан. Намайг унтаж байхад манай ах ирээд газар зарсан мөнгөө авсан уу? гэж надаас асуухад нь би аваагүй гэж хэлсэн, ах над руу худлаа яриад бай гээд уурлан бид маргалдсанаар би ахыгаа хутгалчихсан. Тэгээд би шоронд орсон, шоронгоос гарч ирээд Өсөхбаяртай уулзахад Мөнхбатаас мөнгөө аваад таньд мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч мөнгөө өгөхгүй явсаар сүүлд газраа ав гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ бүр утсаа ч авахгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.  

Хариуцагч Б.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаад байгаа газар эзэмших эрхийг хариуцагч У-т шилжүүлсэн байдаг. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд яриад байгаа тайлбар бүгд үндэслэлгүй, нотариатч дээр нэхэмжлэгч О- хариуцагч У- нар нь газар эзэмших гэрээг хийсэн гэж У- надад хэлсэн. Эхлээд нотариатч дээр газар эзэмших эрхийг шилжүүлье гээд ороход нотариатч газрыг эзэмших эрхтэй, харин өмчлөх эрхгүй байна гэж хэлээд энэ талаар Газрын албанаас асуу гээд гаргасан гэдэг. Тэгээд О-, У- нар гараад Газрын албан дээр очиж уулзаад болно гэхээр нь эргээд нотариатч дээр ороод газар эзэмших гэрээг хийсэн гэж У- надад хэлсэн. Нэхэмжлэгч О- хэдхэн хоногийн өмнө хариу тайлбартай танилцаад У- рүү утсаар ярьсан байсан. Тэгэхээр нь У-, О-гээс та тухайн үедээ газрын үнэ төлбөрийн талаар яриагүй байж яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? гэж асуухад сая шүүх хуралдаан дээр яриад байгаа үндэслэлгүй тайлбараа  хэлсэн байсан. Энэ гэрээ нь У-, О- нарын хооронд хийгдсэн гэрээ. Нэхэмжлэгчийн дүү Мөнхбатыг Өсөхбаярт өртэй гэж би анх удаа сонсож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч Б.У-т холбогдуулан газар худалдсан үнэ 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх газрын эрхийг шилжүүлэх  гэрээний үндсэн дээр үнэ төлбөргүй шилжүүлэн авсан тул нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэж маргаж  байна.

           Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг 4в тоотод байрлах, 000540513 дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.У-т үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /хх-ийн 3 хуудас/

         Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж” болохоор заажээ.

         Нэхэмжлэгч М.О- нь өөрийн эзэмшлийн газраа бусдад худалдсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.О- нь хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь

  1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Б- овогт М-ын О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б- овогт Б-гийн У-т холбогдох  газар худалдсан үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                                         

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ