| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2019/0386/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 739
2019 7 23 2019/ДШМ/739
Н.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Н.С,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн 1811030200499 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Н-гийн С, 20.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ......... аймгийн .......... суманд төрсөн, ......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........ дүүрэг .. дугаар хороо, ................. дугаар гудамжны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УМ.................../;
Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч Э.Сүнжидмаа нь Микро автобусаар үйлчлүүлэх замдаа “буух газар зогсож, буулгасангүй” гэх шалтгаанаар маргалдах явцад нь үснээс нь зулгааж, хэвлий рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь "баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий" хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц овгийн Н-гийн С-г хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.С-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Н.С-г бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн.
Гэтэл тогтоолын 1 дэх заалтад Цахар овгийн Нямсүрэнгийн Сг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй өгнө үү. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч Н.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан хэлэх тайлбаргүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Н.С-г 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч Э.Сүнжидмаа нь Микро автобусаар үйлчлүүлэх замдаа “буух газар зогсож, буулгасангүй” гэх шалтгаанаар маргалдах явцад нь үснээс нь зулгааж, хэвлий рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь "баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий" хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Сүнжидмааг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, Н.С-г 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хохирогчоор тогтоож, тэд хэн аль хэрхэн хохирсон болохоо хохирогчийн хувьд мэдүүлжээ. /хх 14-25, 28-36/
Хохирогч Н.С-ийн “...миний баруун гарын бугуйнаас барьчихаад хөшиж дарсан. ...Э.Сүнжидмаа микро автобуснаас буучихаад буцаж ирээд над руу дайраад баруун гарыг хойш нь дарах үед үүссэн ба би гараа авах гээд зүүн гараараа түүнийг болиулах гэхэд зүүн гарын сарвуунд маажсаны улмаас үүсгэгдсэн юм. ...би хэрэг болох үед гомдол гаргах шаардлагагүй гэж бодоод өөрийнхөө тохой гэмтснийг эмнэлэгт үзүүлээгүй юм. Тэгээд сүүлд нь Э.Сүнжидмаа цагдаад гомдол гаргасны дагуу байцаагч дуудах үед шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь үзүүлсэн юм. ...эмчид очиж үзүүлэхэд баруун тохой хөшиж гэмтсэн гэж бичиг хийж өгсөн юм. Ингээд тухайн өдрөө зураг авахуулж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн юм. Миний баруун тохойн гэмтэл үнэхээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Сүжидмаад хөшүүлснээс болж гэмтсэн байсан. Харин уг гэмтлээ бүр сүүлд нь үзүүлсэн маань буруу болоод байна...” гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...Н.С-ийн биед учирсан баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны сорви гэмтлийг Э.Сүнжидмаа гэгч манай охины гарыг дарж гэмтээсэн юм байна лээ...”, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...баруун тохойн үеийн зөөлөн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвууны сорви гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Уг Н.С-ийн биед учирсан баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байж болно...” гэж тус тус мэдүүлжээ. /хх 30, 32, 36, 56-58/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13356 тоот дүгнэлтэд “...Н.С-ийн биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байна. /хх 53/
Эдгээр нотлох баримтуудыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Яллах дүгнэлт”, анхан шатны шийтгэх тогтоолд орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. /хх 98, 99-101, 115-117/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсэн гэмт хэргийн ойлголт, шинжид шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн хохирогч Э.Сүнжидмаагийн мэдүүлэг, түүнд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь хэрэгт бэхжүүлсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, зөв хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Сүнжидмаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явцад торуулан шалгасан талаарх нотлох баримт хэрэгт алга.
Иймээс шүүгдэгч Э.Сүнжидмаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнд мөрдөн шалгах ажиллагааны хийлгэх шаардлагатай.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг прокурорт буцаасан тул прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/397 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ