Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 1

 

“Найманбат” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01557/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1130 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч “Найманбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-т холбогдох

“Гэм хорын хохирол 15.000.000  төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандахбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Найманбат” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нараас:

2016 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Дархан сумын 9 дүгээр баг, 5/7 дугаар байрны доод давхрын автомашины гаражид 61-41 улсын дугаартай грейс маркийн автомашины цахилгааны утаснаас болж гал гарч “Найманбат” ХХК-ийн эзэмшлийн 60-02 ДАР улсын дугаартай Тоёото ланд круйзер-80 маркийн автомашин шатсан. Шинжээчийн дүгнэлтээр 15.000.000 төгрөгөөр уг автомашиныг үнэлсэн. Шатсан машинаа төмрийн цэгт 200.000 төгрөгөөр худалдсан учир машины үнээс 200.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэнгээс:

           Онцгой байдлын газрын гамшаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтэнд 100 хувь Д.О-ын эзэмшлийн автомашинаас гал гарсан гэж байгаагүй учраас Д.О- “Сонголон хайрхан” ХХК-аас хохирлоо нэхье гэж хэлэхэд татгалзсан. Н.Батбаярын машин жилийн 4 улиралд гаражаас гардаггүй байсан Н.Батбаяр автомашинаа 15.000.000 төгрөгөөр үнэлж байгаа бол хэн ч авахгүй. Н.Батбаяр автомашинаа тодорхой хэмжээгээр худалдан борлуулсан байгаа. Манайх шатсан машинаа төмрийн цэг дээр 120.000 төгрөгөөр тушаасан байхад 50 хувийн шаталттай машиныг 200.000 төгрөгөөр тушаасан гэдгийг зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эдэлгээнд орсон автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнэлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны  11 дүгээр сарын 06-ны өдрийн 1130 дугаар  шийдвэрээр: 

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О-аас 13.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Найманбат” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас тэмдэгтийн хураамж 224.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Найманбат” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбүрэн давж заалдсан гомдолдоо:

            “Сонголон хайрхан” ХХК бидний хохирлыг барагдуулах байтал энэхүү компанийг хариуцагчаар татаагүй. “Найманбат” ХХК-ийн захирал Н.Батбаяр 1993 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2005 онд орж ирсэн эдэлгээ дуусаж байсан их муу машинаа таньдаг үнэлгээний газруудаар хэт өндөр үнэлүүлээд байгааг нь бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Анх үнэлүүлсэн “Капитал зууч” ХХК гээд үнэлгээний газар нь Н.Батбаярын ажлын байр болох Монгол алтны байран дотор зэргэлдээ хаалганд байдаг.

            Дараагийн компани мөн л “Монгол алт” ХХК-ийн байранд байдаг бид 100 хувийн ашиг сонирхлын зөрчилтэй  гэж үзэж байна. Энэ хэрэгт “Сонголон хайрхан” ХХК, манайх хоёр 50, 50 хувийн буруутай байна гэсэн шийдвэр гарчихсан байсан. Иймээс анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнгүй гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд  буцааж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

            Энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд хохирлын болон хөрөнгийн үнэлгээг бодитой үндэслэлтэй тогтоох нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс Улаанбаатар хотын “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-гоор автомашины хөрөнгийн үнэлгээг эцсийн байдлаар хөндлөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч Ланд круйзер-80 маркийн 60-02-ДАР улсын дугаартай автомашинаа шатсаны дараах байдлаар нь зарж борлуулж, орлого олж авсан гэж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөлгүйгээр 200.000 төгрөгөөр гэж зарсан гэж тайлбарласан. Энэ талаар тодруулахаар шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч  шүүх хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцачгаар татан оролцуулж болно” гэж заасан байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, “Сонголон хайрхан” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжтой байхад оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Найманбат”  ХХК  нь  хариуцагч Д.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 15.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын Хээтэй хорооллын 5-ын 7-р байрны доод давхрын автомашины гаражид тавьсан Д.О-ын эзэмшлийн машинд гал гарсны улмаас түүний land Cruizer-80 маркийн машин шатаж хохирол учирсан гэжээ.

Тэрээр хохирлоо уг машины зах зээлийн үнэлгээгээр тооцож нэхэмжлэхдээ машины үнийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Д.О- түүний эзэмшлийн машинаас гал гарч улмаар хажууд нь байсан машин шатсан үйл баримтын талаар маргаагүйгээс гадна хэрэгт энэ үйл баримтыг нотолсон, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг болон гал гарсан тухай нотломж зэрэг баримтуудаар хариуцагчийн гэм буруугийн асуудал тогтоогдсон байна.

Хариуцагч хохирлын хэмжээг маргаж нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрснөөр шүүхээс шинжээч томилж  1993 онд үйлдвэрлэгдсэн дизель хөдөлгүүртэй  land Cruizer-80  маркийн   машины зах зээлийн үнэлгээг тогтоолгож улмаар дээрх үнэлгээг үндэслэн хохирлыг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол  гаргажээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлд хэргийн газрын үзлэг болон үнэлгээ тогтоосон тухай хэрэгт авагдсан баримтуудаас машины зарим эд ангиуд тухайлбал баруун талын урд хойд 2 дугуй болон  мотор, хурдны хайрцаг хойд дамжуулагч зэрэг эд ангиуд бүрэн шатаагүй зөвхөн галд уярсан байхад эдгээр эд ангиуд ямар үнэлгээтэй талаар үнэлгээ тогтоож хохирлоос хасаагүй мөн  галын дохиолол аюулгүй байдлыг хангах үүргээ “Сонголон хайрхан”  ХХК биелүүлээгүйгээс хохирлын хэмжээ ихэссэн тус компаний буруутай ажиллагаа  машин шатахад  нөлөөлсөн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, баримт байхад дээрх компанийг хариуцагчаар шүүх татаагүй  гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хамтран хариуцагчаар өөр этгээдийг татах тухай асуудал нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдэх ажиллагаа бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд хамааралтай юм.

Иймд нэхэмжлэгч энэ талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх санаачлагаараа  хамтран хариуцагчийг татах хууль зүйн үндэслэлгүй. 

Харин хэргийн нөхцөл байдал  талуудын тайлбар нотлох баримтаас хамтран хариуцагч уг хэрэгт оролцохоор байгаа бол нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг хийх боломжтой.

Машин шатсаны  улмаас түүнийг ашиглах боломжгүй болсон гэж үзээд машины үнийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн  228, 510 дугаар  зүйлд заасан  “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө” гэж заасантай нийцэх юм.

Иргэний  хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь заалтууд нь гэм  хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээн засах, адил чанартай эд хөрөнгө өгөх хэрэв энэ нь боломжгүй аль эсхүл хэт их өндөр зардал гарахаар бол мөнгөөр төлөх дарааллыг заасан  агуулгатай.

Энэ тохиолдолд  нэхэмжлэгч мөнгөөр төлөхийг шаардаж байгаа бол уг эд зүйлийг засварлах сэргээх боломжгүй гэдгийг нотолсон байх үүрэгтэй.

Хэрэв мөнгөөр нөхөн төлөх хэмжээг тохиролцоогүй бол гэмтэж эвдэрсэн тухайн эд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаас үнэлсэн үнэлгээг харгалзах учиртай.

          Гэхдээ хэргийн нөхцөл байдлаас машины хэдэн хувь нь шатсан үүнийг сэргээх засварлах шинэ сэлбэг хэрэгсэл тавиад дахин ашиглах боломж бий эсэх, хэд хичнээн төгрөгийн эд зүйл шатаагүй үлдсэн зэрэг нөхцөл байдал тодорхойгүй үлдсэн бөгөөд шүүх шинжээч томилохдоо дээрх хохирлын үнэлгээний асуудлыг тавьж шийдвэрлүүлэлгүй  зөвхөн адил чанарын эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох асуултуудыг тавьсан нь  учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаар шатсан машиныг  200.000  төгрөгөөр төмрийн хогонд өгсөн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй гэж гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авч хэргийн нөхцөл байдал үйл баримтыг тодруулж хохирлын асуудлыг шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн бусад хүчин зүйлийн талаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарах ёстой байсныг тэмдэглэвэл зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.О-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.450 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                       ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ