Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00853

 

 

*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дүгээр магадлалтай,

*******н нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон үнэлгээтэй холбогдон явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгонсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зоригт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.28-ны өдрийн 181/ШШ2016/01297 дугаар захирамжаар Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас 78,547,950 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэд олгох, дээрх иргэд нь төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү-2201004789 дугаартай Сонгинохайран дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч надаас урьдчилж үнийн санал авалгүйгээр миний өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн. Тодруулбал төлбөр төлөгч нар эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээс үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлүүлэх ёстой байтал дээрх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй. Мөнх оргил трейд ХХК-иас эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2019.06.15-ны өдөр гаргаж өгч хүргүүлсэн байдаг. Гэтэл өмчлөгч болон төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт дээрх үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Мөн Мөнх оргил трейд ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажиллаж, иргэн миний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Миний байр 90,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Иймд төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.28-ны өдрийн 184/ШШ2016/01297 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2018.08.03-ны өдрийн 184/Ш32018/09194 дугаар захирамжаар Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас 78,547,950 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004789 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.01.22-ны өдрийн 18271907/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.05.10-ны өдрийн 18271907/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар битүүмжлэн, хураагдсан хөрөнгөд үнийн санал өгөх тухай 2019.05.10-ны өдрийн 4/11528 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл, төлбөр авагч С.Эрдэнэ, өмчлөгч ******* нарт гардуулан өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар 2019.05.16-ны өдрийн 4/11927 дугаар мэдэгдлийг хаягаар нь хүргүүлсэн. Төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Мөнх оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцыг 71,300,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний дүн буруу зөрүүтэй байгааг сайн мэдэхгүй байна.

Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 71,300,000 төгрөгийн 70 хувь болох 49,910,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019.06.07-ны өдрийн 4/13815 тоот албан бичгээр мэдэгдэхээр удаа дараа дуудсан боловч ирээгүй тул төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, мөн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004789 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоот хаягт байршилтай 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, шинжээчийн зардал 135,000 төгрөгийг гаргуулан Итгэлт эстимейт ХХК /2866641/-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******н гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээж гэсний дараа нэхэмжлэгч *******гаас шинжээчийн зардал 135,000 төгрөг гаргуулан Итгэлт эстимейт ХХК-д олгосугай гэж нэмж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгонсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ний өдрийн 184/ШШ2019/03053 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 71 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 181/ШШ2016/01297 тоот захирамжаар иргэн Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас 78,547,950 төгрөгийг гаргуулж иргэн С.Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх иргэд нь төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү-2201004789 дугаартай Сонгино-хайран дүүрэг 17-р хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.14-ний өдрийн 184/ШШ2019/07025 дугаартай захирамжаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаар иргэний хэрэг үүссэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ...шүүхийн шийдвэрт нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан... гэсэн үндэслэлийг гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дашдаваагын 2018.11.01-ний өдрийн 1821907 тоот тогтоолоор үүссэн төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дашдаваагын 2018.11.01-ний өдрийн 1821907 тоот тогтоолоор үүссэн төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ гэж, мөн үндэслэх хэсэгт ...З.Шинэгэрэл, Б.Буянгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг тус шүүхэд гаргажээ., ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, иргэний хуулийн 177.1, 175.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлгүй., ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3, 14.6 дахь заалтыг зөрчсөн, хариуцагчаас үүрэг гүйцэтгэгч Б.Буянгэрэлийг утсаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх тайлбар гаргадаг ч энэ нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй тул ийнхүү хүргүүлснийг хуульд заасны дагуу ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй, ...иймд дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2018.11.01-ний өдрийн 1821907 тоот тогтоолоор үүссэн Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ... хуулийн дагуу бус тул хүчингүй болгож... хэмээн тус тус анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Гэвч дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт ...үнэлгээг болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай гэсэн нь үндэслэлгүй ба шүүх үйл баримтыг болон хавтаст хэрэг цугларсан нотлох баримтыг зөв үнэлэн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан боловч зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон тус үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгосон нь ИХШХШ тухай хуулийн 115.2.1 дэх хэсэг, 118.5 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэмээн үзэж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тодорхойлох болон үндэслэх хэсэгт тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буй мэтээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ИХШХШ тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно хэмээн заасны дагуу иргэн З.Шинэгэрэлийг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч хэргийн оролцогчийн хуулийн хүрээнд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдсэн, энэхүү хүсэлтийн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Харин давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэхдээ магадлалын хянавал хэсэгт ...төлбөр төлөгч Б.Эрдэнэ, З.Шинэгэрэл, өмчлөгч ******* нарт дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох доод үнийг ирүүлэх тухай 2019.05.10-ны өдрийн 4/11528 дугаартай мэдэгдлийг мөн сарын 13, 16-ны өдөр хаягаар мэдэгдэл хүргүүлсэн ... эх н.Чулуунхүүд мэдэгдэл өгсөн болох нь хэргийн 38, 4, 48 талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг ирүүлээгүй байх тул тэдгээрийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэх тул ... үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан нь иргэний хуулийн 177.1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасанд нийцэж байна гэжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйл, 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. гэснийг зөрчиж төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч ******* надаас урьдчилж үнийн санал авалгүйгээр иргэн ******* миний өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн. тодруулбал төлбөр төлөгч нар, эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээд миний биеэс үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үнэлгээний компаниар үнэлүүлэх ёстой байтал дээрх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох этгээдүүдээс үнийн санал аваагүй, үнийн санал ирүүлээгүй нь үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ гэж байгаа нь үндэслэлгүй хууль буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөөгүй, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7-т энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлүүд бүрдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон үнэлгээтэй холбогдон явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.03-ны өдрийн №184/ШЗ2018/09194 дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нар нь С.Эрдэнэд 93,000,000 төгрөг төлж барагдуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй бол Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 114 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2.   Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгджээ.

3.   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтооно гэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хоро, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 114 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь иргэн *******н өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө тул шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг өмчлөгчөөс авах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2019.05.10-ны өдөр өгсний дараа 2019.05.13-ны өдөр төлбөр авагч үнийн санал өгснийг өмчлөгчид танилцуулаагүй атлаа шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь харилцан тохиролцох боломж олгоогүй гэж үзнэ.

4.   Түүнчлэн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь төлбөрт битүүмжлэгдэн хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 33 дугаар байрны 114 тоот орон сууцыг бус 144 тоот орон сууцыг үнэлсэн Үнэлгээний тайлан ирүүлсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэж үзэн, дээр дурдсан бусад үндэслэлээр үнэлгээ, үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцүүлэн үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй атлаа шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцээгүй гэж үзнэ.

5.   Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүгч шүүх хуралдаанд З.Шинэгэрэлийг хамтран нэхэмжлэгчээр оруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.2.-т эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэж, 26.3.-т ...нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж тус тус тодорхойлсон байна.

Шүүх зохигчийн хүсэлтгүйгээр хэргийн оролцогчийг тодорхойлох, хэн нэг этгээдийг нэхэмжлэгч, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгонсүрэнгийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас 2020.02.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                                                                      ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД