Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/03053

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны анхны албадан дуудлага худалдааны үнийг   49,910,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Манай байр нь 90,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Миний хувьд өөр орон байргүй хүн,  өөрийн байрыг алдахад хэцүү байгаа тул албадан дуудлага худалдаагаар байрыг худалдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01297 тоот захирамжаар иргэн Б.Б, З.Шнараас 78,547,950 төгрөгийг гаргуулж иргэн С.Эд олгох, дээрх иргэд нь төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү-000дугаартай Сонгинохайран дүүрэг 17-р хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрт нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Үүнд төлбөр төлөгч нар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эрхийн бүртгэлийн Ү- 2201004789 дугаартай Сонгинохайран дүүрэг 17-р хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь иргэн Р.Б миний өмч юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг зөрчиж төлбөр төлөгч Б.Б, З.Шнараас, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч Р.Б надаас урьдчилж үнийн санал авалгүйгээр иргэн Р.Б миний өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн. Тодруулбал төлбөр төлөгч нар эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээд миний биеэс үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үнэлгээний компаниар үнэлүүлэх ёстой байтал дээрх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй болно.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээний “Мөнх- оргил           трейд” ХХК-иар иргэн Р.Б миний өмчлөлийн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон ба тус үнэлгээний компани нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж өгч хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж заасан байтал өмчийн эзэн иргэн Р.Б миний бие болон төлбөр төлөгч Б.Б, З.Шнарт дээрх үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтлөөгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 55.3 дахь заалтыг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Газар нь үнэлгээний “Мөнх-оргил трейд” ХХК-иар иргэн Р.Б миний өмчлөлийн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон бөгөөд  тус үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажиллаж, иргэн миний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1821907 тоот тогтоолоор үүссэн төлбөр төлөгч Б.Б, З.Шнарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар 28-ны өдрийн 184/ШШ2016/01297 дугаар захирамж, уг захирамжийн өөрчлөлт оруулсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/Ш32018/09194 дугаар захирамжаар Б.Б, З.Ш нараас 78,547,950 төгрөгийг гаргуулж С.Эд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.Б, З.Шнарт Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр 000 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18271907/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18271907/02 тоот тогтоолоор хураасан.

Битүүмжлэн хураагдсан хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч Б.Б, З.Ш, төлбөр авагч С.Э, өмчлөгч Р.Б нарт үнийн санал өгөх мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/11528 тоот үнийн санал өгөх мэдэгдлийг гардуулан өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар төлбөр төлөгч Б.Б, З.Ш, болон өмчлөгч Р.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11927 тоот мэдэгдлийг хаягаар хүргүүлэхэд үнийн санал өгөөгүй.

Төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцыг 71,300,000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 71,300,000 төгрөгийн 70 хувь болох 49,910,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13815 тоот албан бичгээр мэдэгдсэн. Манайх биечлэн гардуулах боломжгүй байсан, утсаар удаа дараа дуудсан тул баталгаат шуудангаар төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн хамаарал бүхий этгээдүүдэд нэгнээр нь дамжуулан мэдэгдлийг өгч болдог. Үнэлгээний дүн буруу зөрүүтэй байгааг сайн мэдэхгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8393 тоот захирамжаар нэхэмжлэгч Р.Бгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгох, дахин хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу "Итгэлт эстимент” ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилоход зах зээлийн үнэлгээг 71,575,142 төгрөгөөр тогтоосон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч Р.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Р.Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18271907 дугаар тогтоолоор үүсгэсэн З.Ш, Б.Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нарт хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэж, хариуцагч талаас ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн байгууллага гаргасан гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг, бичмэл баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн болон өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус бол энэ талаар шаардах, гомдол гаргах эрхтэй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01297 дугаар захирамж, тус захирамжид өөрчлөлт оруулсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/09194 дугаар захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “...З.Ш, Б.Б нараас 78,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 547,950 төгрөгийн хамт гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоот, улсын бүртгэлийн Ү-000дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар” 1276 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч З.Ш, Б.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэл болон талууд барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

 

Хариуцагч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбарыг гаргадаг хэдий ч хэрэгт цугларсан бичмэл баримтуудаас үзэхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх үйл баримтаа нотлоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын ...Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоосон үнэ...” гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч Б.Бээс үнийн санал аваагүй, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт гардуулаагүй, улмаар тухайн мэдэгдэлтэй тэд танилцсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55.2.2 “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, 55.3 “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, 175 дугаар зүйлийн 175.3 “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авах мэдэгдэл болон хөндлөнгийн шинжээчээр тогтоосон үнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Р.Б, үүрэг гүйцэтгэгч З.Шнарт мэдэгдэж, гардуулсан байна. Гэвч үүрэг гүйцэтгэгч Б.Бд мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шонхорын 3 дугаар блок хотхон, 14 тоот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, 5 дугаар байр, 12 тоот, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 33 дугаар байр, 136 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлжээ. Мөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4/13815 дугаар мэдэгдлийг З.Ш“дамжуулан өгөхөөр хүлээн авсан” байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” 14.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг гардуулах, боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлэх, хамт амьдардаг насанд хүрсэн хүн, засаг дарга, ажлын удирдлагад нь хүлээлгэж өгч тэмдэглэл үйлдэх учиртай. Гэтэл хариуцагчаас үүрэг гүйцэтгэгч Б.Бийг утсаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх тайлбар гаргадаг ч энэ нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй тул ийнхүү хүргүүлснийг хуульд заасны дагуу ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Мөн хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 51/Ш хөрөнгийн үнэлгээний тайланд ...33-р байрны 144 тоот 2 өрөө орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг 71,3 сая төгрөгөөр тодорхойлов гэжээ. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 000 тоот орон сууц бөгөөд үнэлгээчин тус орон сууцанд үнэлгээ гаргасан эсэх, шийдвэр гүйцэтгэгч дээрх орон сууцны үнэлгээ, тайланг хүлээн авсан эсэх нь эргэлзээ бүхий байна.

 

Иймд дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул Р.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18271907 дугаар тогтоолоор үүсгэсэн З.Ш, Б.Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу Р.Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ эргэлзээ бүхий бөгөөд тухайн тайланг танилцуулсан, мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу бус тул хүчингүй болгож, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 38/19 тоот нэхэмжлэхээр нотлогдож буй шинжээчийн зардлыг болон улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд, шинжээчийн зардал 135,000 төгрөгийг гаргуулан “Итгэлт эстимейт” ХХК /2866641/-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ