Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00717

 

   

 *******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэр,

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2020/00087 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст холбогдох,

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, бүрэн дунд мэргэжилтэй, 2006.11 сараас 2011.01.06-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011.01 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011.01.10-ны өдрөөс эхлэн*******т манаачаар ажилд орж тасралтгүй 9 жил 10-аад сар ажиллаж байгаад 2020.09.09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Сонгууль болгоны дараа байгууллагын дарга шинээр солигддог байсан ба бидний тушаалыг ч шинэчлэн гаргадаг байсан. Ингэхдээ манай гэрээт ажилтан, гэрээт харуул гэх мэтээр бидний ажил, албан тушаалыг өөрчлөн тогтоож ирсэн. Гэтэл бидний хийж гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй байсан тул ямар нэгэн гомдол гаргаагүй. Хамгийн сүүлд нь 2020.09.07-ны өдөр орон тоо цөөрсөн тул ажилтантай харилцан тохиролцсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 40.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Даргын зүгээс надтай харилцан тохиролцсон зүйл огт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-ийг баримталсан нь буруу гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэж байгаа боловч харуул хамгаалалтын зардлыг жил болгон манай байгууллагын төсөвт баталж өгдөг ба одоо ч гэсэн төсөв нь байгаа орон тоо юм. Хэрэв орон тоо хасагдсан, төсөв нь батлагдаагүй байсан бол жилийн эхнээс харуулуудыг чөлөөлөх ёстой байсан. Гэтэл дарга 9 дүгээр сард та нарын орон тоо хасагдсан гэж урьдчилан мэдэгдэхгүйгээр цомхтголд оруулж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны төсөвт харуулуудын цалин хөлс батлагдсан бөгөөд хасагдсан зүйл байхгүй. Дарга Т.Фестиваль нь харуулуудыг ажлаас чөлөөлж, байгууллагын харуул, хамгаалалтын ажлыг хувийн харуул хамгаалалтын компанийн ажилтнуудаар гүйцэтгүүлэх гэсэн хувийн ашиг сонирхолтой. Бид тус байгууллагад он удаан жил тасралтгүй ажиллаж ирсэн ба цаашид ч гэсэн ажиллах сонирхолтой. Заавал биднийг ажлаас чөлөөлж, хувийн компаниар харуулын ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Хувийн харуул хамгаалалтын компаниас илүүтэйгээр татварын хэлтсийн харуул, хамгаалалтын ажлыг одоо ажиллаж 3 манаач бид маш сайн мэднэ. Энэ хугацаанд ямар нэгэн эд зүйл алдаагүй, бүрэн бүтэн хамгаалсаар ирсэн. Харин одоо бол та нар ажлаа өгөөрэй, та нарын ажлыг секрютигээр /харуул хамгаалалтын компани/ гүйцэтгүүлнэ, чамайг чөлөөлж секрюти ажиллуулна гэж байгаад гомдолтой байна. Мөн бүтэн жил ажиллуулчхаад ээлжийн амралт олгоогүй, орон тооны цомхтголд орж байгаа гэж чөлөөлж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгоогүй. Иймд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* тус аймгийн Татварын хэлтэст 2011 оноос манаачаар ажиллаж байсан бөгөөд 2013.12.02-ны өдрийн 88 дугаар тушаалаар гэрээт ажилтнаар томилогдсон. 2017.03.13-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар жижүүр буюу манаачаар байнгын ажлын байранд томилогдсон. 2019.04.01-ээс эхлэн буцаад гэрээт ажилтнаар томилогдон ажиллаж байсан болно. Энэ нь 2019 оноос тус хэлтсийн төсвийн цалингийн зардлаас хасагдаж харуул, хамгаалалтын зардал гэж тусгагдаж батлагдсантай холбоотой. Үүнтэй холбогдуулан 2020.02.20-ны өдрийн Татварын албаны Ерөнхий газрын 03/552 дугаар албан тоотоор татварын албанд ажиллаж байгаа манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар чиглэл ирсэн. Мөн ТЕГ-ын даргын 2020.05.28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар харьяа нэгжийн орон тоо шинэчлэн батлагдсан бөгөөд тус бүтэц орон тоогоор манаачидын орон тоо хасагдаж батлагдсан. Иймд шинээр батлагдсан бүтэц орон тоо болон манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар ирсэн чиглэлийн дагуу *******ыг 2020.09.07-ны өдөр Б/14 дугаар тушаалаар холбогдох хуулийн хүрээнд чөлөөлсөн болно. Ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлийн дагуу *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Шыбарайгыр овогт Акимийн Хуатын Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 201/МА2020/00087 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо хасагдах гэж тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох ёстой боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс байгууллагын бүтцэд байгаа харуул хамгаалалтын ажил үүрэг хэвээр байсаар байхад орон тоо хасагдсан хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдалд гомдолтой байна. Хэрэгт цугларсан үйл баримтаар*******т гэрээт харуулын ажил үүрэг байсаар байгаа ба төсөв мөнгийг нь баталж өгсөн болох нь тогтоогдож байгаа юм. Хариуцагчаас урьд ажиллаж байсан гэрээт харуул, хамгаалалтын ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлээ дээд газраас ирүүлсэн чиглэлийн дагуу гэрээт харуулын ажлыг хувь хүнээр биш харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэхийг даалгасан тул орон тоо хасагдсан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа юм. Нэгэнт харуул хамгаалалтын үүрэг тус байгууллагад байсаар байгаа, төсөв мөнгийг нь суулгаж өгсөн бөгөөд цаашид тухайн ажил үүргийг хийж гүйцэтгэж байгаа ажилтнуудаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжтой байсаар атлаа дээд газраас өгсөн чиглэл гэж үзээд тэдгээр ажилтнуудыг ажлаас чөлөөлж, харуул хамгаалалтын газраар энэхүү ажлыг гүйцэтгүүлэхийн тулд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажилтнуудаа чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэн зөв үнэлээгүй тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь 2011 оноос*******т манаач, харуулын ажлыг гүйцэтгэж байгаад 2019.04.01-ний өдрөөс эхлэн "гэрээт харуул" -аар үргэлжлүүлэн гэрээ байгуулан ажилласан байна. Үүний учир нь 2019 онд манаачийн орон тоо хасагдсан гэж ажиллаж байсан ажилтнуудыг батлагдсан төсөвт тохируулан "Гэрээт харуул хамгаалалтын ажилтан болгон өөрчилж, 1 жилийн гэрээ байгуулан ажилласан байна. Гэрээт харуулаар томилогдсон *******тай 1 жилийн гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба гэрээний хугацаа нь 2020.04.01-ний өдөр дуусахад аль нэг талаас нь гэрээг дуусгавар болгох санал тавиагүй ба үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан байна. Өөрөөр хэлбэл гэрээ нь анх байгуулсан хугацаагаар сунгагдан ажиллаж байх явцад 2020.09.07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан гэж цуцалсан нь хууль бус байна. Манаачийн орон тоо 2019 онд хасагдаж, харуул хамгаалалтын зардал гэсэн нэрээр төсөвт мөнгө суулгаж өгсөн учраас урьд ажиллаж байсан манаачийг тухайн мөнгөнд тааруулаад гэрээ хийж, гэрээт харуул болгон ажиллуулсан. 2020 онд харуул хамгаалалтын мөнгө дахин байгууллагын төсөвт тусгагдсан тул гэрээт харуулын гэрээг сунгаж ажиллуулж байжээ. Гэнэт харуул хамгаалалтын ажлыг компаниар гүйцэтгүүлнэ гэж хэлээд харуулуудтай байгуулсан гэрээг нь цуцалж хууль зөрчсөн байна. Гэрээний нэг тал гэрээгээ дангаараа цуцлахдаа хуульд нийцсэн шийдвэрээр цуцлах ёстой болохоос дур мэдэн цуцлах эрхгүй. Харуул хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх болсон нь гэрээгээ цуцлах шалтгаан болох ёсгүй. Орон тоо хасагдсан гэсэн нь үндэслэлгүй. Угаасаа орон тоо 2019 онд хасагдсан. ******* нь 2019 онд хасагдчихсан манаачийн орон тоонд мараагүй. Батлагдсан төсөв, байгаа ажпын байранд гэрээт харуулын гэрээ хийж ажиллуулж байсан. Анхан шатны шүүхийн шүүгч маргааныг ойлгохгүйгээр хэргийг буруу шийдвэрлэснээс гадна шийдвэрийнх үндэслэх хэсэг нь хуульд нийцээгүй, ойлгомжгүй болжээ. Шийдвэрийн 2 дугаар хуудсанд "Аким овогтой Хуат ...нарыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн гэрээт жижүүр, харуулаар томилон, улмаар 2019.01.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр тушаалууд болон хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна" гэжээ. Хэрэгт ийм огноотой тушаал, гэрээ байхгүй болно. Анхан шатны шүүх нь *******ыг 2019 оны манаачийн орон тоонд маргасан мэтээр, манаачийн орон тоо хасагдсан гэж буруу дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан талаарх гомдлыг маань давж заалдах шатны шүүх огт хэлэлцээгүй явдалд гомдолтой байна. Олон жил тус байгууллагад ажилласан *******ыг орон тоо хасагдсан гэж цомхтголд оруулахдаа урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт ажлаас халж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан юм. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн ба Давж заалдах шатны шүүх энэхүү асуудлаар гаргасан гомдлыг огт хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээт харуулын гэрээг цуцалсан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ыг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* нь*******т холбогдуулан Татварын хэлтсийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, манаачийн орон тоо хасагдсан гэсэн тайлбар гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн байгууллагын бүтцэд харуул хамгаалалтын ажил үүрэг хэвээр байхад орон тоо хасагдсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдалд гомдолтой, тушаалыг хүчингүй болгож, *******ыг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч ******* 2011 оноос хариуцагч*******т манаач, жижүүр, гэрээт ажилтан гэсэн ажлын байранд ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 Татварын Ерөнхий газрын 2020.02.20-ны өдрийн 03/552 дугаар албан тоотоор татварын албанд ажиллаж байгаа манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх чиглэл өгчээ.

 Татварын Ерөнхий газрын даргын 2020.05.28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар харьяа нэгжийн орон тоо шинэчлэн батлахдаа, бүтэц орон тоонд манаачийн орон тоог хасаж баталсан байна. Уг ажил үүргийг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх чиглэл шийдвэр гарсан, манаачийн орон тоо хасагдсан учир нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч холбогдох тэтгэмжийг болон амралтын хугацааг тооцон мөнгөн урамшуулал олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, хоёр шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 Хариуцагч байгууллага харуул хамгаалалтын үйл ажиллагаагаа манаач, жижүүр, гэрээт ажилтан гэсэн ажил орон тоонд хувь хүнээр гүйцэтгүүлж байсныг удирдах дээд байгууллагын шийдвэрээр орон тоог хасаж, харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байх тул төсөвт харуул хамгаалалтын зардал гэж заасныг нэхэмжлэгчийн ажлыг байр хэвээр байгаа гэж үзэх боломжгүй юм. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй болно.

 Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2020/00087 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД

                                                                       ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА,

                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                         Х.СОНИНБАЯР

                                                                Г.ЦАГААНЦООЖ