Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

2019          7            30                                              2019/ДШМ/766                                   

 

 

                                                   Г.Ш-д холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ц.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/1956 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Г.Ш-д холбогдох эрүүгийн 1906015960711 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овгийн Г-ын Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймгийн ............ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ".............." ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл .., эцэг, эх, хоёр дүүгийн хамт ............ дүүргийн .... дүгээр хороо, ............ гудамжны, ....... тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:МХ................../;

 

Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Рояал" зочид буудлын ресейпшний өрөөнөөс Самсунг Эс-7, Самсунг Нөт-2, Айфони-6 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Н.Байгалмаад 66.000 төгрөгийн, "АЖУ" ХХК-д 539.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэж шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтын явцад тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хэргийн газрын үзлэг хийгээгүй байгаа нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох боломжгүй байдлыг бий болгож байна. Гэмт хэргийг хаана, ямар байдлаар үйлдэж байгааг тогтоох нь чухал байх ба гэмт хэргийн халдлагын зүйл хаана, ямар байдалтай байсан, ямар эд зүйлсийг хэрхэн хулгайлсан байж болох талаар тодорхой бус байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байрны талаарх мэдээлэл байхгүй, ямар байдалтай байх байр луу хаагуур нь яаж нэвтэрсэн зэрэг байдлыг бүрэн тогтоох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь тодорхой хүмүүсийн эрх ашиг, эд зүйлсийг хамгаалж, хангах орчныг бүрдүүлж түүнийгээ бусдаас тусгаарласан байгааг анхаарч гэмт хэргийн шинжийг тодорхойлох ёстой.

Гэмт хэрэгт хамтран оролцогчийн үйлдлийг шалгах нь зүйтэй байх ба гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тухай бичлэгт харагдах Г.Штой хамт явж байгаа хүний үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж байхад орчны байдлыг харж гэмт этгээдэд мэдээллэх, гэмт этгээдэд шаардлагатай үед туслах, хохирогчийн үйлдлийг хориглох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах талаар хуульчилсан байдаг. Хавтаст хэргийн 86-р талд байх баримтаар хохирогчид хэргийн материал танилцуулаагүй болох нь тогтоогдож байх тул цаашид прокурорууд нь мөрдөгч хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулсан эсэхэд тавих хяналтаа сайжруулах ёстойг илэрхийлж байна. Хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцсанаар гомдол хүсэлт гаргах эрхээ эдлэх боломж бүрддэг учир энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чухал ажиллагаа юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоох, хохирогч нарыг зөв тогтоох нь гэмт хэргийн улмаас хохирсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх боломжийг бий болгодог учир хохирогч нарыг зөв тогтоох, хохирлыг бодитойгоор тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж тухайн өдрөөс цагдан хоригдсон байх ба тэрээр шүүх хуралдаанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн гэх мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-т энэ байдал тусгагдсан байхад хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Энэ байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмыг хэрэглэх боломжгүй байдал үүсгэж байх тул холбогдох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-д холбогдох 1906 01596 0711 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах талаар хуульчилсан бөгөөд хавтас хэргийг бүхэлд нь хэргийн оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдааны явцад шүүгч нь хохирогчийн гарын үсэг зөрүүтэй талаар танилцуулсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Н.Байгалмаа өөрийн биеэр оролцсон, шүүх хуралдааны явцад хохирогчоос өөрийнх нь гарын үсэг мөн эсэхийг тодруулан асууж, нягтлах боломжтой атал энэ ажиллагааг шүүхийн шатанд хийгээгүй, хохирогчийн гарын үсэг зөрүүтэй байна гэсэн асуудлыг дурдаад өнгөрсөн нь улсын яллагчаас тайлбар, санал хэлэх боломжийг олгоогүй, мөн хохирогчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн хохирогч нь хавтаст хэрэгтээ бүхэлд нь танилцаж гарын үсэг зурсан, мөн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолтой танилцаж гомдол саналгүй гэж тогтоол дээр гараар бичсэн байна.

Хулгайд алдагдсан гэх Самсунг Нөт-2 загварын гар утсыг 66.000 төгрөгөөр, Айфони-6 загварын гар утсыг 279.000 төгрөгөөр, Самсунг эс-7 загварын гар утсыг 260.000 төгрөгөөр буюу нийт 605.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 140 дугаартай дүгнэлт /хх 23-24/ хавтаст хэрэгт авагдсан байна.

Айфони-6 загварын гар утасны эзэн нь Рояал зочид буудлаар үйлчлүүлсний төлбөртөө уг утсаа 41.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Тухайн хүний мэдээлэл уг зочид буудлын бүртгэлийн дэвтэрт тусгагдаагүй, хохирогч Н.Байгалмаагийн /Рояал зочид буудлын ресепшн/ нөгөө ээлжийн ресепшнд барьцаанд тавьсан бөгөөд уг хүний талаар зүс таних гэхээс өөр зүйл тус буудлын ресепшнүүд мэдэхгүй байна. Улмаар тус хохирогчийг олох нь цаг хугацаа алдах, хэргийн шийдвэрлэлт удаашрах, улмаар хохирогчийн эрх ашиг хөндөгдөж байх тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд “Рояал” нэртэй зочид буудлын үйл ажиллагаа явуулах АЖУ ХХК-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хууль ёсны төлөөлөгч буюу хохирогчоор Н.Байгалмааг тогтоосон болно.

Улмаар Н.Байгалмаа нь айфони 6 маркийн гар утас болон өөрийн Самсунг нөт-2 маркийн гар утаснуудад хохирогчоор тогтоогдож байгаа явдал юм.

Яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч Г.Ш нь гэмт хэргийн улмаас шууд хохирол болох хохирогч Н.Байгалмаад 66.000 төгрөгийн, “АЖУ” ХХК-д 279.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шууд бус хохирол 43.000 төгрөгийн хохирол учруулснаас нөхөн төлөөгүй болно. Харин шүүхийн шатанд яллагдагч Г.Ш нь хохирогч Н.Байгалмаад 300.000 төгрөгийг өгсөн нь шүүх хуралдааны явцад яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж тухайн өдрөөс цагдан хоригдсон байх ба тэрээр шүүх хуралдаанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн гэх мэдүүлэг өгсөн. Хэрэгт давж заалдах шатны магадлал авагдаагүй нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүгчийн захирамжид тусгагдсан байна.

Тус давж заалдах шатны магадлалыг анхан шатны шүүхийн шатанд хэрэгт авахуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад дээрх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулах “Рояал” зочид буудлын ресейпшний өрөөнөөс хулгайд алдагдсан эд зүйл, хэрхэн алдагдсан нь тодорхой, үнэлгээ ойлгомжтой, хохирогч нь үнэлгээтэй танилцсан, яллагдагч нь учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэрэгт хийгдсэн ажиллагааг хийлгэхээр буцаасан гэж үзэхээр байна.

Харин Б.Бямбадоржийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан байх тул эрүүгийн 1906015960711 дугаартай хэргээс холбогдох бичгийн нотлох баримтуудыг хуулбарлан, түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээ ноогдуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтад шилжүүлсэн, мөн Г.Ш, Б.Бямбадорж, Б.Отгонлхам, Э.Мөнхцэцэг нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рояал" зочид буудлын эд хөрөнгийг эвдсэний улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтад тус тус шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Г.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, сэдэлт, учирсан хохирол зэрэг нь тодорхой, нотлогдсон байх анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1956 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Г.Ш-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог юм.

 

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

 

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Шүүгдэгч Г.Ш холбогдох хэргийн талаар шүүхээс бүрэн, бодиттой дүгнэлт хийх боломжгүй байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ш-ын “...Б.Бямбадоржтой хамтран үйлдсэн асуудлаа зөвшөөрч байна. Тухайн үед Б.Бямбадорж намайг утас авч байхыг харсан, тэгээд бид хоёр буудлаас хамт гарсан...” гэж өгсөн мэдүүлэг, “Рояал” зочид буудлын хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийгээгүй зэрэг байдлаас үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. /хх 105-168/

 

Дээрх байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянаагүй, уг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан хорих ялыг тэрээр биечлэн эдэлсэн, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, өөр төрлийн ял оногдуулсан эсэх нь тодорхойгүйгээс түүнээс гаргах хууль зүйн үр дагаврыг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд прокуророос үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр прокурорын эсэргүүцэлд “...Тус давж заалдах шатны магадлалыг анхан шатны шүүхийн шатанд хэрэгт авахуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад дээрх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна...” гэж бичсэн байна.

 

  Энэ нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчимд нийцэхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

 

Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Байгалмаа “...Нэг нь минийх, нөгөө нь өөрсдийнх нь, мөн нөгөө нэг нь манай ресепшний утас. ...шүүгдэгч нарын утсыг 260.000, миний утас 66.000, нөгөө хохирогчийн утсыг 279.000 төгрөгөөр үнэлсэн байсан. ...Буудлын эвдэлсэн эд хөрөнгийг 57.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх зэргээр мэдүүлжээ.

 

Хохирогч Н.Байгалмаа чухам аль эд хөрөнгийн хохирогч болох нь тодорхойгүй, түүнд хэргийн материал танилцуулаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирогч нарыг зөв тогтоох шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг прокурор цаашид анхаарвал зохино.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж цагдан хорих таслан арга хэмжээнд хугацаа тогтоолгүй шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/1956 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэснийг “...хэрэг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ