Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 741

 

   

 

 

 

 

 

2019          7             23                                               2019/ДШМ/741 

 

 

    Ц.С, Н.Н, М.Б, Д.М,

     Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Д.Х,

            шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат,

            шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, Ж.Нарантуяа, А.Золжаргал,

            шүүгдэгч Ц.С, Д.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            шүүгдэгч Д.М, Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Т.Отгонпүрэв, Д.Бум-Аюуш, Л.Баярсайхан,

            шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч О.Санчирбал,

            хохирогч “Б А Э” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат, шүүгдэгч Ц.С , Д.Х, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Отгонпүрэв, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох эрүүгийн 1723000710536 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Ц-н С, 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ................. аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “....................” ХХК-нд гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн .. дугаар хороо, Тоосгоны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... дүүргийн ... дүгээр хороо, .......... тоотод түр оршин суух, /РД:ТЗ.................../,

            1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 2, 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

            2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

            2. С овгийн Н-гийн Н, ...оны ... дугаар сарын .....ны өдөр ............. төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ...........-нд ахлах геологичоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

            3. Ө овгийн М-ын Б, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр .......... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.............................-нд механикаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

            4. Х  овгийн -гийн М, .... оны.... дугаар сарын.....-ны өдөр ......................... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “................................-нд Баяжуулах үйлдвэрийн ахлах оператораар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            5. А овгийн Э-ны Б, .... оны ..... дугаар сарын ...........-ны өдөр .............төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “....................-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            6. Б овгийн Б-ын Б, ...... оны ......дугаар сарын ................-ны өдөр .............. төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ ..........................-нд мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            7. Б овгийн Д-ын Х, ....... оны..... дүгээр сарын ...........-ны өдөр ................. төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.........................-нд камер хянагчаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............... түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

           

            Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд нэвтэрч, хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар салган 441.169.941 төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу их хэмжээний алтны баяжмалыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Ц-ийн С, С овгийн Н-ийн Н, Ө овгийн М-ын Б, Х овгийн Д-гийн М, А овгийн Э-ны Б, Б овгийн Б-ын Б, Б овгийн Д-ын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Х-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ц.С-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.М-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ийн урьдчилан цагдан хоригдсон 129 хоног, Д.Х-ийн урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-оос 5.000.000 төгрөг, Д.М-ээс 57.646.243 төгрөг, Э.Б-ээс 57.646.243 төгрөг, Б.Б-гаас 57.646.243 төгрөг тус тус гаргуулж “...................-нд олгож, Г.Мөнгөнцэцэгийн нэр дээр бүртгэлтэй Ү-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москвагийн гудамж, 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С , Д.Х нарын 65 сая төгрөгийн төлбөрт тооцуулж “................-ийн өмчлөлд шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Н.Н, Ц.С , Д.Х нар төлөх төлбөргүй, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг камерийн бичлэг, 4 ширхэг хард диск, 3 ширхэг залгуурын хамт, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэг гарах үед буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө уурхайн баяжуулах үйлдвэрээс 4 км зайд орших кэмпдээ унтаж байсан. Би энэ хэрэгт ямар ч буруугүй байхад ял авч хоригдохоор боллоо. Намайг буруутгаж, энэ хэрэгт холбогдуулж байгаа үндэслэл нь 29-ний өглөө аюулгүй ажиллагааны ажилчдын машин болох LV-3 машинаар гагнуурчин механикч Б-ийг дагуулж кэмпээс хашааны хаалга гагнуулахаар гарснаар хэрэгтэн болсон. Би хэрэгтэн биш, буруугүй. Тухайн өдөр харуул хамгаалалтын ахлах Одонхүү “К4 постын хашааны хаалга унасан, 14 хоногийн өмнө дуудлага өгөөд янзалж өгөхгүй байна, айлын мал хашаа руу ороод байх юм, аюулгүй ажиллагааны үүднээс Б чи яаралтай гагнуулах арга хэмжээ авч өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу би механик, гагнуурчин хэсгийн ахлах ажилтанд мэдэгдэхэд ахлах нь “бидэнд одоохондоо гарах машин байхгүй, чи өөрсдийнхөө машинаар манай ажилтан Б-ийг авч яваад гагнуулчих” гэсэн. Түүний дагуу Б-т хэлж, LV-3 маркийн машинаар K8 постоор шалгуулан гарч, K4 постон дээр очиж хашааны хаалга гагнуулаад буцаж K8 постоор шалгуулан уурхайдаа орж ирсэн. K8 болон K4 постоор нэвтрэн орж гарахад хамгаалагчид биеийн үзлэг болон техникийн бүрэн үзлэг хийж, ямар нэгэн зөрчил илрүүлээгүй тухай тэмдэглэл үйлдсэн. Мөн тухайн хэргийн дагуу K8 постон дээр гарч байсан хамгаалагчаас мэдүүлэг авахад дүрэм журмын дагуу бүрэн шалгасан гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл надаас энэ хэргийн талаар ямар ч мэдүүлэг аваагүй. Энэ хэргийг үйлдсэн хүн болох С хэнтэй хамтарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр дунд би ямар ч холбоогүй, гэм буруугүй. Миний хэргийг дахин нягталж, үнэн зөвөөр шалгаж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй, хэрэгт цугларсан цагаатгах нотлох баримтуудыг огт авч хэлэлцсэнгүй. Нөгөө талаар шүүгдэгч Э.Б-ийг энэ хэрэгт холбогдуулж байгаа гол нотлох баримт бол шүүгдэгч М.Б-ийн гарын үсэгтэй бичвэр, тайлбар /Зхх 115/. Үүндээр тулгуурлаж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн хохирогч Н.Батжолоо /5хх 105-106/, гэрч Д.Цэнгэл /Зхх 107/, Э.Сэлэнгээ /1хх 120-121,167, Зхх 98, 8хх 113/ нарын мэдүүлэг байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгч М.Б-ийн гарын үсэгтэй бичвэр /тайлбар/-ийг М.Батзориг өөрөө бичээгүй бөгөөд Терри Браун, Д.Цэнгэл, Э.Сэлэнгээ нарын сүрдүүлэг, ятгалгад орж Э.Сэлэнгээгийн бичсэн бичвэр дээр шүүгдэгч М.Б гарын үсэг зурсан болох нь нотлогддог. Шинжээчийн 2931 дугаартай дүгнэлтэд “...шинжилж буй М.Б-ийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.Б-гийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй байна” гэх дүгнэлт /Зхх 115/, шүүгдэгч М.Батзоригийн мэдүүлэгт “...Д.Цэнгэл хэрэг гарсан. Энэ хэрэгт чи холбогдож байгаа. Энэ хэрэгт 5-10 жилийн ялтай. Чиний хүүхэд өвчтэй байж ийм асуудалд орсноос ахынхаа хэлснээр бай. Ах нь чамайг хөнгөхөн аваад гарна. Би тухайн үед хүүхдээ бодоод сэтгэлээр маш их унасан. Миний хүүхдээр далимдуулж сэтгэл зүйн дарамтад оруулсан. Тэр тайлбарыг Д.Цэнгэл, Э.Сэлэнгээ нар бичиж би гарын үсэг л зурсан” гэдэг. Гэрч Д.Цэнгэл, Э.Сэлэнгээ нар дээрх тайлбарыг бичсэнээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогч Н.Батжолоо мэдүүлэхдээ “...Э.Б, М.Батзориг нар нөгөөдөр нь К8 постоор баяжмалыг авч гарсан оролцооны байдал мэдэгдэж байгаа.” /5хх 105-106/, гэрч С.Идэржавхлан мэдүүлэхдээ “...Э.Б, М.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гадагш нэвтэрсэн болох нь камерийн бичлэгт үлдсэн. Энэ тухай тухайн хэсгийн рапортанд үлдсэн байдаг. К8 постон дээр манай хэсгийн хамгаалагч н.Оюунбат ажиллаж байсан. Камерийн бичлэгээс үзэхэд зохих ёсоор шалгалтыг хийгээгүй, нэр төдий хийсэн нь харагддаг. Машины дотор хэсгийг харах төдий л үзэж байгаа харагддаг. н.Оюунбатаас асуухад шалгасан, баяжмал байна гэж анзаарагдахаар юм харагдаагүй гэж хэлсэн” /6хх 20-21/, гэрч Э.Сэлэнгээ мэдүүлэхдээ “...Э.Б, М.Б-той кэмпийн шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх нь бичлэгээс танигдсан. Мөн тэр хоёрыг гарсан гэх бүртгэл байгаа” /1хх 120-121/ гэж мэдүүлдэг боловч хулгайлсан алттай шороогоо авч гарсан гэх нотолгоо байдаггүй бөгөөд харин ажлаар гарсан нь нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой зүйл байна. Шүүгдэгч Ц.С , Д.Х, Б.Б, Д.М, Н.Н, М.Батзориг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч Э.Б-тэй хамтарч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэж мэдүүлээгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Баян айраг эксплорэйшин” ХХК-ийн ажилчдын бэхжүүлж авсан гэх Д.М, М.Б, Б.Э нараар бичүүлж авсан тайлбар, мэдүүлэг гэх баримтуудыг бичүүлэх үедээ гэрт хууль бусаар хорьж, дарамталж байгаад бичүүлсэн гэдгийг шүүгдэгч М.Б, Д.М нар мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар хангалттай мэдүүлдэг бөгөөд уг баримтыг шүүх нотлох баримтаас хасалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, уг тайлбаруудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл...”-д хамруулж шүүх үзсэн нь учир дутагдалтай, хуульд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 01:07 цагаас 01:13 цагийн хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж прокуророос ялладаг бөгөөд энэ цаг хугацаанаас хойш 22 цаг 33 минутын дагуу Э.Б нь шүүгдэгч М.Б-гийн хамтаар К8 постоор К4 постын хашаа гагнах ажлаар нэвтэрсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Энэ үедээ хулгайлагдсан баяжмалыг гадагш гаргасан гэж үзэж ялладаг бөгөөд энэ постоор нэвтрэх үед ямар нэгэн эд зүйл авч гараагүй гэдгийг хууль ёсны дагуу бэхжүүлж авсан камерийн бичлэг, тухайн постонд үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан Б.Оюунбат нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог билээ. Магадгүй дээр дурдагдсан 22 цаг 33 минутын хугацаанд хэн нэгэн тухайлбал шүүгдэгч М.Б нь Э.Б-д хэлэлгүй машинд нь нууж, улмаар тухайн үед нэвтрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй бөгөөд энэ байдлыг ч мөн шалгалгүй орхигдуулсан байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаад оргон зайлсан Б.Э холбогдох үйлдлийг прокуророос тусгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн этгээдэд холбогдох төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, шүүхээр шийдвэрлэгдсэн 7 шүүгдэгчээр хувь тэнцүүлэн хохирол төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.С  гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд мөрдөн байцаалтын эхний шатанд хулгайн зүйл ангиа хүлээн зөвшөөрөн гэм буруугаа хүлээсэн. Шүүх шатны аль ч үед хохирлын хэмжээг үнэн зөвөөр гаргаж өгөөч, хохирлоо төлмөөр байна хэмээн илэрхийлж байсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралд “Баян айраг эксплорэйшн” ХХК-тай тохиролцон хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээж шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэлтээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгч Х нь хулгайд ямар ч оролцоо байхгүй, Хэнчбишийг өөрийн ахлах ажилтны давуу байдлаа ашиглаж, шөнийн камер хянагчаар ажилд гаргаж, Х-д мэдэгдэлгүйгээр хулгай хийж, 2 хүний хувь авсан. Хулгай хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурлын төгсгөлд шүүгч Б.Дашдондог шүүгдэгч Ц.С  нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийн толгойлогч учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хөнгөрүүлэх боломжгүй гэж хэлсэн. Би хулгайлах гэмт хэргийн толгойлогч биш тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Жич: Мөрдөн байцаагч Баяржаргал 2018 оны 5 сард Ц.С , Д.Х нарыг 461 дүгээр ангид 48 цаг саатуулан хорьсон 2 хоногийг цагдан хорьсон хоногт ороогүй тул оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүгдэгч Д.Х камер хянагчийн ажлаас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээлжнээс буух байтал нөхөр Ц.С тэй ээлжинд ормоор байна хэмээн тухайн орой ээлжээ тааруулсан болох нь гэрч Э.Намуунаагийн мэдүүлгээр тогтоогдсон. Камер хянагч Д.Х нь камер тасарсан даруй it инженерт мэдэгдэж ямар шалтгаанаар камерийн бичлэг тасарсныг тогтоолгох байсан, энэ үүргээ биелүүлээгүй. Мөн тэр өдрийн ээлжийн it инженер энэ гэмт хэрэгт хамтран оролцсон Б.Б байсан. Шүүгдэгч Ц.С  2 хүний мөнгө авна шүү гэж хэлээд 70 сая төгрөг авсан гэх нотлох баримтуудын талаарх миний тайлбар. Миний нөхөр Ц.С  илүү мөнгө авах зорилгоор хамт хулгай хийхээр тохиролцсон хүмүүстэй намайг энэ хэрэгт оролцож байгаа мэтээр ойлгуулж, үүнийгээ батлахын тулд надад мэдэгдэлгүйгээр манай ээлжийн ахлах Одонхүүд хэлээд миний ээлжийг солиулан зориуд өөрийнхөө ээлжинд тааруулсан юм. Би үүнийг сүүлд мэдсэн. Гэрээт харуул хамгаалалтын дотоод журамд зөвхөн ээлжийн ахлах нарын томилгоогоор л ажилд гардаг, ээлж сольдог. Одонхүү ахлах 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой гараарай гэж надад үүрэг өгсөн. Ц.С  ахлах 9 дүгээр сарын 27-ны шөнө 22:30 минутын орчимд кэмпийн гэрт ирээд “одоо ажилдаа гар Э.Намуун маргааш ээлжээр бууна” гээд намайг дагуулж камер хяналтын өрөөнд Намуунаатай ээлж өөрийн биеэр солиулж ажилд томилж гаргасан. Тэгээд үүрэг гүйцэтгэж байтал 01:07 минутаас 01:12 минут хүртэл 5 минут хяналтын камер тасарсан даруйд ээлжийн ахлах Ц.С д мэдэгдэхэд ахлах явж хяналт хийгээд эргэж ирэхэд нь камерууд ассан байсан учир Ц.С  дахин камер ухрааж үзээд “тайван байна, рапортандаа бичээд инженерт мэдэгдээрэй” гэж үүрэг өгөөд гарсан. Би энэ тухай it инженер Баясгаланд Ц.С-ийн утсаар мэдэгдсэн. Миний хажууд Н, С ахлах 2 байсан. Миний хувьд ажил үүргээ зохих журмын дагуу хангалттай сайн гүйцэтгэсэн. Энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт Сэлэнгээ ч мэдүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 6-нд нөхөр С аавын бие муудсан гэж хот явъя гээд захирлаас чөлөө аваад хотод ирсний дараа захирал Идэржавхлан над руу ярихад ийм хэрэг болсныг мэдсэн. Миний хувьд хулгай хийж олсон мөнгийг нь хамт үрсэн болохоор Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Гэвч анхан шатны шүүх С хамтран амьдарч байсан болохоор энэ хэрэгт холбоотой гэж үзэн яллаж байгаад гомдолтой байна. Миний хүү болох Х.Пүрэвдорж онош нь тогтоогдохгүй байгаа ужиг өвчний улмаас 3 жил тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд надаас өөр харж хандах ах дүү хамаатан садан байхгүй учраас хүүдээ маш их санаа зовж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Камеруудийн бичлэгүүдэд таньж олуулах ажиллагаа хийхэд миний биеийг гэж танихааргүй бичлэг үзүүлэн гүтгэсэн, миний оролцоотой юу, үгүй юу гэдгийг нотлоогүй байж яллаж байгаад гомдолтой байна. Миний бие уг хэрэгт холбоогүй, оролцоогүй, хэргийн талаар ямар нэгэн мэдүүлэг аваагүй тул дээрх бүгдийг шалгуулж, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулан гэм буруугүйг минь үнэн зөвөөр шалган тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...2019 оны 5 дугаар сарын 20-нд шүүх хурал болохоос өмнө 5 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 5 сая төгрөгийг 5 дугаар сарын 25-нд төлөхөөр ар гэрээс “Баян айраг эксплорэйшин” ХХК-ийн өмгөөлөгч Монголтой гэрээ хийж компанийн зүгээс өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгсөн. Гэвч 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурлаар Монгол өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадаагүй. Компанийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэрээг мэдэлгүй 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд 5 сая төгрөг дутуу хэмээн шүүхэд бичгээр өгсөн байсан. Ингээд хохирол төлөгдөөгүй гэж үзэн 2 жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2019 оны 5 дугаар сарын 25-нд үлдэгдэл 5 сая төгрөгийг төлж барагдуулан “Баян айраг эксплорэйшин” ХХК хохирол гомдолгүй болсон тул 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. Миний хүү Хаш-Эрдэнэ нь 2014 онд төрсөн бөгөөд төрөлхийн сонсголгүй хэлд орох боломжгүй тул 2016 оны 12 дугаар сарын 30-нд сонсгол оруулах чихний дун суулгацын хагалгаанд орсон. Одоо байнгын асаргаа сувилгаа эмчилгээнд явдаг ба эхнэр Б.Энхжин 2014 оноос одоог хүртэл ажилгүй гэртээ байдаг. Эхнэр мөн одоо 3 сартай жирэмсэн тул хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.М, Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Т.Отгонпүрэв гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотлох бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заасан байдаг.

Гэтэл шүүхээс дээрх Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь-Эко” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 441.169.941 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотолсон баримт болох хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгөөр хохирсноо тодорхойлж чадаагүй, мэдүүлэг бүрт олон янзаар хохирлын дүнгээр мэдүүлдэг, шинжээчийн дүгнэлт нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ баяжмалаас ямар саваар авсан талаар нотолсон нотлох баримт байхгүй байхад шууд 4 төрлийн савыг өөрсдийн төсөөллөөр сонгож, түүн дээрээ дүгнэлт хийж, баяжмалын хэмжээг хийсвэрээр гаргасан, гэмт хэрэг гарсан гэх өдрийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан гэх боловч хохирол болох алтны ханшийг гэмт хэрэг гарсан өдрөөр биш 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханшаар бодсон байхад шүүхээс нотлох баримтаар үнэлж түүн дээрээ дүгнэлт хийж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг зөрчсөн байх бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бг 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө алтны баяжмал хулгайлсан гэж үзэн ял шийтгэж шийдвэрлэсэн ба Б.Б нь уг камерийн бичлэгт байхгүй болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Баясгалан 18:17:39 хойноос гарч ирээд Бат-Эрдэнэтэй уулзаад 18:18:05 цагт амрах байрны чиглэлд яваад Бат-Эрдэнэ эмнэлгийн хажууд зогсоод үлдсэн...” /хх 37/ гэх тэмдэглэлээс өөрөөр Б.Бгийн үүрэг оролцоо тусгагдаагүй. Түүнчлэн Б.Бтай кемп дээр нэг гэрт амьдардаг гэх гэрч Г.Баттөрийн “...Манай гэрт инженерүүд болох Отгонтайван, Баясгалан нар хамт байдаг. Тэр шөнө бид 3 байсан. ...тухайн цаг хугацааг сайн санахгүй байна. 23 цаг гэхэд би ихэвчлэн унтсан байдаг. Баясгалан бол хөл бөмбөг үзнэ гээд 1 удаа 23 цагийн үед гарч явсныг мэдэж байна. Харин он, cap, өдрийг нь санахгүй байна. Яагаад тасарсныг сайн мэдэхгүй байна. Өмнө нь бол намайг анх ирж байхад камер үе үе техникийн нөхцөл байдал, цахилгааны хэлбэлзэлтэй холбоотой тасардаг талаар мэдсэн. Ингэж тасрах бол дээд тал нь 3 минут заримдаа бол хэдэн секунд ч юм уу тасрах тохиолдол байдаг. Харин тухайн шөнийн 6 минут тасарсан нь арай их хугацаатай тасарсан байсан. Камерууд бол хэн нэгэн хүний нөлөөлөлгүйгээр тасрах боломжтой” /1хх 136/ гэх, гэрч Отгонтайваны “...яг тэр өдөр гарсан эсэхийг санахгүй байна, ер нь бол Баясгалан хөл бөмбөг үзнэ гээд 2-3 орой гарч байсан. Яг 23 цагт тараад 04 цагт ирж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн цагт би унтаж байдаг юм. Ер нь манай эндхийн камерууд хааяа нэг уртдаа нэг минут орчим тасалдах тохиолдол байдаг учраас тийм тасалдал юм болов уу л гэж бодсон. Яагаад тасарсныг бол мэдэхгүй, камерууд бол хэн нэгэн хүний нөлөөлөлгүйгээр тасрах боломжтой” /1хх 138/ гэх, гэрч Э.Энхчимэгийн “...Камерт бичигдсэн 2 хүний нэг нь гагнуурчин Батзориг байсан. Нөгөө хүний бичлэгийг нь нилээн олон удаа ахин ахин харсан боловч сайн таньж чадаагүй. Батзоригийн хойно явж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд явдлаар нь таних гэж оролдоод геологийн Нямбаяр юм уу аль эсвэл боловсруулах үйлдвэрийн Жадамба хоёрын алхаатай төстэй юм байна гэж бодсон” /1хх 145/ гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тухайн гэмт үйлдэлд Б.Б оролцсон нь нотлогдон тогтоогдохгүй байна. Хэрэгт таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хийж гүйцэтгэсэн, хэргийн хохирол хор уршгийг яг нарийвчлан тогтоогоогүй, хохирогч тал мэдүүлгийн эх сурвалжаа нотлоогүй, хэдэн кг алт алдагдсан, уг алтны баяжмал хэдэн төгрөгөөр үнэлэгдэх талаар хэрэгт 2 дүгнэлт байгаа зэргээс үзэхэд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг хэрэгт бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Б.Бг шийтгэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болох үед би постуудаар хянагдаж гарсан байдаг. Тухайн хамгаалагч нь ямар нэгэн асуудалгүй байсныг нотлон бичиж тэмдэглэсэн. Хулгайлсан гэх алтаа миний унаж явсан LV-3 гэх машинаар тээвэрлэж гарсан гэдэг. Гэтэл тухайн машин нь ямар ч тээвэрлэж гарах боломжгүй машин юм. Тухайн машиныхаа бүтцийг сайтар шалгаж өгөөч. Мөн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг сайтар шалгуулах хүсэлтэй байна. Миний бие нь гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа амьдардаг. Иймд хэргийг сайтар шалгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Намуунаагаас огт “ээлж солиод өгөөч” гэж гуйгаагүй. Намайг гүтгэж байна. Миний хувьд өөрийн хийх ёстой ажлыг маш сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ хулгайн гэмт хэрэгт миний бие оролцоогүй бөгөөд ямар ч холбоогүй. Хэргийг сайтар шалгаж өгнө үү. Маш их гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.М, Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Л.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батзориг нь тухайн үед 5.000.000 төгрөг олж чадсан. Цаашдаа хэдэн төгрөгийн хохирол төлөгдсөн гэж оруулахаар ярилцаж байсан. Гэтэл Ичинхорлоо төлөөлөгч үүнийг ойлголгүй дутуу гэж бодоод одоогийн нөхцөл байдлыг үүсгээд байна. Одоо хохирол төлбөрийг төлсөн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.М, Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Нямбаярын хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд зааснаар 2 хуудас шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтэй байна. Үүнд нь М.Батзориг нь шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан төлбөр мөнгийг “Баян айраг эксплорэйшн” ХХК-д төлж барагдуулсан гэх, мөн М.Батзоригийн эхнэр нь 10-11 долоо хоногтой жирэмсэн гэдгийг тодорхойлох эмнэлгийн тодорхойлолт байгаа. Шүүгдэгч М.Батзоригийн хувьд анхан шатны шүүх хохирол төлбөр барагдуулаагүй гэж 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. М.Батзориг нь тухайн шийтгэх тогтоолд заасан 5 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх нотлох баримтаас хангалттай харагдаж байна. Тиймээс М.Батзоригт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү.

Шүүгдэгч Д.М-ийн хувьд гомдолд дурдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотлох бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заасан байдаг.

Гэтэл шүүхээс дээрх Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь-Эко” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 441.169.941 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дараах үнэлгээ болон бусад баримтаа магадлалын онолоор бодож гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотолсон баримт болох хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгөөр хохирсноо тодорхойлж чадаагүй, мэдүүлэг бүрт олон янзаар хохирлын дүнгээр мэдүүлдэг, шинжээчийн дүгнэлт нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ баяжмалаас ямар саваар авсан талаар нотолсон нотлох баримт байхгүй байхад шууд 4 төрлийн савыг өөрсдийн төсөөллөөр сонгож, түүн дээрээ дүгнэлт хийж, баяжмалын хэмжээг хийсвэрээр гаргасан. Гэмт хэрэг гарсан өдрийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан гэх боловч хохирол болох алтны ханшийг гэмт хэрэг гарсан өдрөөр биш 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханшаар бодсон байхад шүүхээс нотлох баримтаар үнэлж түүнд дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Тухайн хохирлыг шүүгдэгч нарт хуваахаар нэг хүнд 57.646.243 төгрөг болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг зөрчсөн байх бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.М өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бум-Аюуш өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцсан. Эрдэнэбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохирлын талаар хангалттай нотлоогүй гэдэг нь үндэслэлтэй. Гэмт хэрэг болсон өдөр камер тасарсан тухай хавтас хэрэгт байдаг. Энэхүү мэдүүлгийг Б.Бтай хамт амьдардаг этгээд өгсөн байдаг. Мөн Отгонтамир мэдүүлсэн. Тухайн сервер лүү орох боломжгүй. Гаднаас камераар нөлөөлөх боломжгүй гэдэг. /1хх 139/ Мөн шинжээчийн 3290 дугаартай дүгнэлтэд камерийн бичлэгийг хураан авахдаа гэрч нарыг оролцуулаагүй байдаг. Сайнзаяа нь камер тасарч тухайн гэмт хэрэг нь гарсан гэж Б.Бг холбоотой гэж үздэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр зөвхөн хүний нөлөөтэйгөөр тасардаггүй гэсэн байдаг. Гэмт хэргийг нотолсон байдал дээр Б.Бг нэг ч дурдаагүй байдаг. Мөн яллах дүгнэлтэд байдаггүй. Анхнаасаа гэмт хэргийг шалгах явцдаа ажилчдаас авсан мэдүүлгээрээ хянаж шийдвэрлэсэн.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд эдгээр нь үгүйсгэгдэж байхад тоолгүй орхигдуулсан. Хохирлын хэмжээ мөн адил тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр 441.169.941 төгрөг гэдэг. Гэтэл тухайн шинжээчийн дүгнэлт нь хугацаа хэтэрсэн байдаг. Эдгээр хангалттай бус нотлох баримт нэг хүний мэдүүлэг дээр үндэслэж Б.Бг буруутгаж яллаж байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ойлгомжтой тодорхой биш ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6,7 дугаар хэсгийг ноцтой зөрчсөн. Тусгаарласан тогтоол Энхбат оргон зайлсан. Манай үйлчлүүлэгч Б.Бг яг ямар гэмт хэрэг үйлдэж холбогдсоныг хангалттай тогтоогоогүй байж Энхбатын үйлдлийг оргон зайлсан гэх үндэслэлээр тусгаарласан нь хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл тусгаарласан тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Мөн шийтгэх тогтоол дээрээ ойлгомжгүй байдлаар бичсэн байдаг. Мөн хуулиас гадуур ашиглагдаж байгаа прокурорын аргачилсан заавар байгаа. Гэтэл тухайн аргачилсан зааврыг зөрчсөн байдаг. Б.Бг ганц хүний мэдүүлгээр буруутгаж хэргийг шийдвэрлэж хянасан асуудалд өмгөөлөгч миний бие гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж дахин хянуулах хүсэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Ц.С , Д.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С  гэм буруугаа анхнаасаа хүлээсэн ба хохирлоо барагдуулсан тул хорих ялыг 1 жилээр сольж өгнө үү. Мөн Д.Хэнчбишийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Мянганы ярьсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад зөрчил гаргасан байдлыг анхан шатны шүүх хангалттай тогтоосон байдаг. Тиймээс энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд 10 сая төгрөгөө хугацаандаа өгчих 40 сая төгрөгийг байгууллагад хүрээнд хасаж шийдвэрлье гэсэн. Гэтэл энийг ял наймаалцаж, ял завшуулж байгаа талаар ярьж байгаад нь гомдолтой байна. Шүүгдэгч М.Б хувьд ял шийтгэл буурах тухайд ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн нийт хохирлын мөнгийг шинжээч томилон үнэлгээг гаргуулсан байдаг. Б, М, Н нарын хувьд хохирлоо төлөөгүй. Миний хувьд тухайн бүх хүмүүст хэлж мэдэгдэж ирж уулзаж хохирлын мөнгөний хэмжээг буулгах талаар байгууллагатай ярилцаж өгье гэж хэлж байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Б давж заалдах гомдлын тайлбар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож тодорхой хэмжээнд ял оногдуулсан. Шүүгдэгч Э.Б тухайн хэрэгт холбоотой болохыг тогтоосон дараах нотлох баримтуудыг дурдая.

2017 оны 10 дугаар сард анх энэ хэргийг үйлдэгдсэн болохыг мэдсэн. Тэгээд байгууллагын хяналтын камерийг  шүүж хэн хэний оролцоо болохыг тогтоосон. 2017 оны 10 дугаар сард “Баян Айраг эксплорайшн” ХХК-ийн ажлын байранд байсан гэх ,Б М болон Н нарыг дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тэгээд Б мэдүүлгээр Б нь энэ гэмт хэрэгт ямар үйлдэл оролцоотой болох нь тогтоогдсон. Соёлчимэг гэдэг хүн анх удаагаа цагдаад энэ хэргийн талаар мэдэгдэж хэргийн талаар хэлсэн байдаг. Тухайн хэргийн оролцогч нар нийт 8 хүн байсан байхаа гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Идэржавхлан тухайн камерийн бичлэгээс харахад камерийн бичлэгийг хангалттай сайн хийгээгүй гэдэг. Сүрдүүлэг болон ятгалгаар авагдаагүй гэдэг нь хангалттай нотлогдсон байдаг. Хавтас хэрэгт Нямбаяр нь 35.000.000 төгрөг Бат-Эрдэнэд өгсөн тухай мэдүүлсэн баримт авагдсан. Энэ баримтаар Бат-Эрдэнийг хэрэгт оролцож, түүний хөлсөн тухайн мөнгийг авж байгаагаар ойлгогдож байна. Гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулалттай урдаас төлөвлөж үйлдсэн болох нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. “Говь эко” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон байдаг. Тухайн хохирлын хэмжээнд өмгөөлөгч нар маргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу зэрэг дээр маргаж байсан. Үүний дараагаар анхан шатны шүүх хэргийг хохирлын хэмжээ тодорхой бус гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Дараа нь хохирлыг 500.000.000 гаруй сая төгрөг гэж тогтоож, шүүгдэгч тус бүрд хувааж хохирлыг төлж барагдуулахыг анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан. Энэ хэрэгт  2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Алтны баяжмалыг үнэлсэн үнэлгээ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлбөр 2 сая гаруй төгрөгийг тус бүрийн төлбөр дээр нэмж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн нэмж хэлэхэд гэрч Сайнжаргалын өгсөн мэдүүлэг байдаг.

Шүүгдэгч Х нь тухайн хулгайн гэмт хэргийн оролцогч болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотлогдсон. Мөн өөрөө Соёл-Эрдэнэтэй хамт гармаар байна ээлжээ солиод өгөөч гэж хэлж байсан нь гэрчийн мэдүүлгээс харагддаг. Хүчээр бус өөрийн хүслээр тухайн гэмт хэрэг гардаг өдөр ээлж солин Хэнчбиш нь камерийн хянагчаар суусан нь харагддаг.

Тухайн гэмт хэрэгт оролцсон оролцогч нарын оролцоо болон хийсэн үйлдэл тус бүрт нь оногдуулсан ял, хохирлын хэмжээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд нэвтэрч, хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар салган 441.169.941 төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу их хэмжээний алтны баяжмалыг хулгайлсан болох нь:

хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Батжолоогийн “...2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 13 минутын хооронд алттай нойтон баяжмалыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед Соёл-Эрдэнийн төрсөн дүү Соёлчимэг нь гэрээт харуул хамгаалалтын албаны дарга Идэржавхланд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдээлэл өгсөн, уг мэдээллийг нягталж гэрээт харуул хамгаалалтын камерийн хяналтын ажилтан Сайнзаяагаар тухайн үеийн камерийн бичлэгүүдийг шүүлгэж үзүүлсэн. Бичлэгүүдийг үзээд Сайнзаяа нь алтны өрөөний камер 6 минутын турш тасарсан, тасрахаас өмнө болон тасарсны дараа алтны өрөөн дэх баяжмалын хэмжээ хэлбэрт өөрчлөлт орсон, шалан дээр баяжмал асгарсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсоныг мэдсэн. Тэгээд тэд нар тэр шөнө ээлжинд гарч байсан хамгаалагч Мөнхбатаас асуухад гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтан Соёл-Эрдэнэ алтны өрөөний түлхүүрийг аваад чи яв яв гээд явуулсан байсан. Мөн камерийн бичлэг тасрахын өмнө баяжуулах үйлдвэрийн ажилтан М нэг хүнтэй дотогш орж байгааг бичлэгээс танисан байна лээ. Терри Браун, Цэнгэл, Сэлэнгэ нар Мөнх-Эрдэнийг дуудаж уулзахад Батзоригийг гуйгаад байхаар нь алтны өрөө рүү цуг ороод баяжмалыг хулгайлсан, 35 сая төгрөг авсан гэж ярьсан байсан бөгөөд геологийн ажилтан Нямбаяр, аюулгүй ажиллагааны ажилтан Б, it инженер Баясгалан, хамгаалалтын албанаас хүн оролцсон гэж ярьсан байсан. Тэгээд мөн Батзориг, Энхбат нартай уулзахад бүгд тухайн үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Энэ талаараа М, Э нар өөрсдийн гараар бичиж өгөөд Б нь Сэлэнгээр бичүүлж өөрөө гарын үсэг зурсан байсан. Энэ нь бичиг судлалын шинжилгээгээр тогтоогдсон. С нь хамгаалагч Мөнхбатаас түлхүүрийг авч М-д шилжүүлж өгөөд М нь Батзоригийн хамт алтны өрөө рүү нэвтэрч алтны баяжмалыг хулгайлж гарган Б нь Н хамт геологийн дээж хадгалдаг газар үлдээж нөгөөдөр нь Б, Б хоёр К8 постоор баяжмалыг авч гарсан оролцооны байдал мэдэгдэж байгаа юм. Камерийг унтраах ажлыг Баясгалан хийсэн, камерийн хянагчаар сууж байсан Хэнчбиш дээрх байдлыг нуун дарагдуулсан байдаг. Өглөөний рапортонд нэр төдий дурдсан байсан. Уг нь бол камерийн хянагч it инженерт яаралтай мэдэгдэж ямар шалтгаанаар тасарсныг тогтоолгох байсан. Х томилгоог харахад 27-ны орой ажлаасаа буух ээлжтэй байсан байж ээлжээ солин улирч гарсан байсан. ...хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар хохирлыг тогтоолгож тэр дүнгээр нэхэмжлэлийг гаргана...” /5хх 105-106/,

шүүгдэгч Ц.С “...миний хувьд хулгайн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. ...Нямбаяртай уулзахад “алтны өрөөнөөс жаахан алт гаргах гэсэн юм, та түлхүүр түр зуур авч өгч туслаач” гэж хэлсэн. ...тэгээд би шууд зөвшөөрсөн. Тухайн өдөр танд утсаар мэдэгдэнэ гэж Нямбаяр надад хэлсэн. ...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр миний шөнийн ээлжтэй өдөр таарсан. Тэгээд Нямбаяр “өнөөдөр орой түлхүүрээ аваад өгөөрэй, ердөө гуравхан минут болно” гэж хэлсэн. ...би гадаа К10 шалганаас оффис руу явахдаа Мөнхбат хамгаалагчийг дагуулж яваад оффисын коридорт байхдаа “алтны өрөөг шалгана, түлхүүрээ өгчих” гэж хэлээд би алтны өрөөний түлхүүрийг авсан. Тэгээд Мөнхбатад хандаж “цаад К10 шалганы чинь Гансүх орон гаран нөхөр шүү, би бие засаадхья, чи очоод байж бай” гэж хэлээд явуулсан. Энэ бол 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг 02 минутын орчимд болсон. Түлхүүрийг би аваад оффисын бие засах өрөөнд хүлээж байх үед Мөнх-Эрдэнэ орж ирээд түлхүүр аваад гараад явсан. Урьдаас Мөнх-Эрдэнэд түлхүүр өгөөрэй гээд Нямбаяртай тохирсон байсан. Би түлхүүрээ Мөнх-Эрдэнэд өгөх үедээ түлхүүр авчираад коридорт байдаг хогийн савны хажуугаар тавьчихаарай гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ нүдээ ирмээд би толгой дохиод түлхүүрийг аваад гарсан. ...намайг 00 дотор байхад утас дуугараад Хэнчбиш бүх камер тасарчихлаа гэж хэлсэн. ...тэгээд би түлхүүрээ аваад К10 шалган луу очсон. Тэнд очоод хаалга үүдээ шалгая гээд Мөнхбатыг дагуулж явсан. ...Нямбаяр 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд над руу утсаар залгаад “за болчихлоо, та ирээд хувиа ав, хүн бүрийн 35.000.000 төгрөг болсон шүү” гэж хэлсэн. Хэрэг гарахаас өмнө би Нямбаярт “би 2 хүний хувь авна шүү” гэдгээ хэлсэн юм. ... Нямбаяр надад 70.000.000 төгрөгийг хар гялгар торонд дан 20.000-ын дэвсгэртээр бэлнээр өгсөн. ... мөнгөнөөсөө 47 сая төгрөгөөр нь бэлнээр байр авсан...” /5хх 155-157/,

гэрч Б.Мөнхбатын “...ээлжийн ахлах Соёл-Эрдэнэ, жолооч Алтансүхийн хамт үйлдвэрийн шалган нэвтрүүлэх 10 дугаар постонд орж ирж үүрэг гүйцэтгэж шалгасан, 10 дугаар постноос Соёл-Эрдэнэ миний үүрэг гүйцэтгэж байгаа алтны өрөө рүү “оръё” гээд гарсан, гараад алхаж байгаад ариун цэврийн өрөө рүү эргэх замын хажууд Соёл-Эрдэнэ надаас “алтны өрөөний түлхүүрээ өгчих, би ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэхээр нь “надаас ээлжийн ахлахууд түлхүүр авдаггүй шүү дээ” гэхэд “би чиний ахлах юм байгаа биз дээ, би хулгай хийчихмээр харагдаад байна уу” гэж над руу уурлаж загнаад надаас түлхүүр авсан. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд дагаад явж байтал ариун цэврийн өрөөнд ороод “10 дугаар пост дээр сууж байгаа хамгаалагчаа хараад сууж бай, би бие засчихаад чамайг дуудья, тэгээд хоёулаа танай өрөөнд орьё” гэсэн. Тэгээд би гараад 10 дугаар пост дээр байж байтал 01 цаг 14 минутад 10 дугаар постны өрөөнд орж ирээд бид хоёр алтны өрөөний хамгаалагчийн өрөөнд орсон...” /1хх 155-156/,

гэрч Д.Цэнгэлийн “...Батзориг орж ирээд үйлдсэн хэргийнхээ талаар хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж алтны баяжмалыг хэрхэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд уг ярьсан зүйлээ бичиж чадахгүй байна гээд ярьсан зүйлүүдийг нь Сэлэнгэ бичсэн юм...” гэх мэдүүлэг /3хх 107/,

гэрч Э.Сэлэнгийн “... Батзоригийг оруулж ирээд асуусан чинь эхэндээ “би мэдэхгүй юу яриад байгаа юм” гэж байснаа сүүлдээ уйлаад алт хулгайлсан талаараа ярьсан. Тэгж ярих үедээ “би нэг тамхи татаад орж ирээд ярья” гээд Цэнгэл ах ч бас “Би бас тамхи” гээд хамт гарч тамхи татаж байгаад орж ирээд ярьсан. Батзориг “миний бие муу байна” гэж яриад “би өөрөө бичиж чадахгүй байна” гэхээр нь Цэнгэл ах над руу “Чи хэлснийг нь биччих“ гэхээр нь бичсэн юм...” гэх мэдүүлэг /1хх 120-121, 167, 3хх 98, 8хх 113/

гэрч Э.Намуунаагийн “...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр оройн ээлж буюу 19 цаг 00 минутаас камерийн хянагчаар ажилладаг Хэнчбиш эгчээс ээлж хүлээж аваад үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдөр 22 цаг хүртэл ажиллаад ажлаасаа буусан. Уг нь маргааш өглөө нь 07 цагт буух ёстой байсан юм. Яагаад тэр өдрийнхөө 22 цагт ажлаасаа буух болоогүй байхад буусан гэхээр миний санаж байгаагаар болвол Хэнчбиш эгч над дээр ирээд “эгч нь нөхөр Соёл-Эрдэнэтэй нэг ээлжинд орох гэсэн юм, хоёулаа ээлжээ сольчихъё, эгч нь 23 цагаас 00 цагийн хооронд хүрээд ирье” гэж гуйж хэлээд явсан. Тэгсэнээ Хэнчбиш эгч удаагүй 22 цагийн үед хэлсэн цагаасаа эрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “та яагаад эрт хүрээд ирсэн юм бэ, жаахан амрахгүй яасан юм бэ” гэсэн чинь “сэрвэлзээд нойр хүрэхгүй байна, тэгээд хүрээд ирлээ, миний дүү явж хоолондоо ороод харьж амар” гэж хэлэхээр нь би хоолондоо орчихоод сольсон юм чинь гэж бодоод шууд хариад амарсан. Маргааш нь би өглөөний ээлжийг хүлээн авч ажилдаа орсон. Хэнчбиш эгч бид хоёрыг болон камер хянагч нарын хуваарийг Ц.С  ээлжийн ахлах хийж гаргадаг бөгөөд тухайн үед Хэнчбиш эгчтэй ээлжээ солиход Соёл-Эрдэнэ ахлахаас зөвшөөрөл авсан гэж хэлсэн түүнээс би өөрийн санал санаачлагаар ээлж солих зөвшөөрөл аваагүй. Хэнчбиш эгч надтай ээлжээ солих талаар гуйж орж ирэхдээ Соёл-Эрдэнэ ахлахтай хамт орж ирж хэлж байсан. Тухайн үед Соёл-Эрдэнэ ахлах “ээлжээ соль соль” гэж хэлээд гарсан, өөр зүйл хэлээгүй. Ээлж сольсон талаар компанийн өөр хэн нэгэн дарга удирдлага, ахлах хамгаалагч нарт хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ ээлжийн ахлах, хамгаалагч, оператор нар бүгд мэдэж байсан яаж гэхээр хуваарь бичсэн цаасанд гарын үсэг зурдаг болохоор тэрийг хараад мэдэж байсан гэж бодож байна...” /8хх 109-110/,

гэрч М.В.Брауны “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүн зөөдөг шар автобусны жолооч жижиг ууттай зүйлийг авч гарах гэж байгаад шалган дээр хамгаалалтын ажилтан Ариунболдод баригдсан. Тэгээд жолоочийн авч гарч буй зүйлээс шалтгаалаад үйлдвэрийн хяналтын камеруудыг шалгаж эхлэсэн, камерийн бичлэгт шүүлт хийж байхад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө алтны өрөөний болон баяжуулах үйлдвэрийн хяналтын бүх камерууд 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минут хүртэл хугацаанд унтарсан, ажиллаагүй байсан, тэгээд ямар учраас камер ажиллаагүй болсныг тогтоох зорилгоор камер унтрахаас өмнөх болон камер ажиллаж эхэлснээс хойших бичлэгүүдийг шүүж үзсэн. Камер унтарсан эсэхийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэн ч надад мэдээлээгүй, би мэдээгүй байсан. Цахилгаан тасраагүй тохиолдолд камерийн бичлэг тасалдсан нь сэжигтэй санагдсан. Бичлэгүүдийг үзэж байхад харуул хамгаалалтын ахлах ажилтан Соёл-Эрдэнэ, алтны өрөөний хамгаалагч Мөнхбат нар хамт үйлдвэрийн оффис байрлах хэсэг рүү орж харагдсан ба нэг минутын дараа алтны өрөөний хамгаалагч ганцаараа шалган руу явж байгаа бичлэг байсан. Мөн шөнийн ээлжинд ажилладаг үйлдвэрийн 2 оператор оффис байрлах хэсэг рүү явж байгаа бичлэг байсан, хэсэг хугацааны дараа үйлдвэрийн оператор Мөнх-Эрдэнэ ганцаараа үйлдвэр лүү орсон. Мөнх-Эрдэнэ үйлдвэрийн хоёр давхарт гарч нүүрс дахин сэргээх зуухны ар тал руу явдаг зуухны араар ороод 1 минут орчим харагдахгүй болоод гарч ирэхдээ бас нэг цэнхэр цамцтай эрэгтэй хүнтэй хамт маш хурднаар хяналтын өрөө рүү гүйж орсон. Орохдоо шар өнгөтэй сав барьсан харагдсан. Тэр хоёрыг хяналтын өрөө рүү оронгуут хяналтын камер 6 минутын турш унтарсан. Камерууд буцаад ажиллах үед Д.Мөнх-Эрдэнэ камерт харагдахгүй байсан, харин галын аюулгүйн гарцаар гарч буй бололтой нэг хүний сүүдэр л харагдсан. Тэгээд үйлдвэрийн гаднах камерийг шүүж үзэхэд харуул хамгаалалтын ахлах ажилтан Соёл-Эрдэнэ үйлдвэр ордог төв шалган руу явж байсан. Нэг минутын дараа Соёл-Эрдэнэ алтны өрөөний хамгаалагч Мөнхбаттай хамт үйлдвэрээр дамжин 2 давхарт гараад хяналтын өрөөгөөр дамжин үзлэгийн өрөөнд орсон...” /1хх 155-156/,

Гэрч Э.Сэлэнгийн “...камерийн        бичлэгийг шүүж үзэхэд боловсруулах үйлдвэрийн бүх камер нэгэн зэрэг 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 13 минут хүртэл тасарсан байсан. Мөн алтны өрөөний гадна талын контрол өрөөний камер үйлдвэрийн камераас тусдаа байдаг бөгөөд уг камер ганцаараа тухайн цаг хугацаанд бас бичээгүй тасалдсан байсан. Тэгээд бусад камерийг шалгаж үзэхэд тухайн бичлэг тасрах цаг хугацаанаас өмнө буюу 01 цаг 06 минутад контрол өрөө рүү хоёр хүн орж байгаа бичлэг байсан уг өрөө рүү орж байгаа хүнийг бусад камераар дагуулан үзэхэд нэг хүн нь Баяжуулах үйлдвэрийн Мөнх-Эрдэнэ байсан. Тэгээд мөн тухайн алтны өрөөний камерийн бичлэгийн тасарсан үе болон буцаж холбогдож байгаа хэсгийг харьцуулж харахад хатаах зууханд хийхээр бэлдсэн байсан баяжмалаас нэг хэсэг нь байхгүй болсон байсан учир тухайн өдөр гарч байсан үйлдвэрийн оператор Мөнх-Эрдэнийг дуудаж уулзахад 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд өдөр “юу болсон” гэж асуухад тухайн өдөр болсон асуудлыг маш сайн ярьж байсан. Тэгээд баяжмал алга болсон талаар асуухад өөрөө авсан талаараа тодорхой ярьсан. Түүнийг өөрөөр нь бичүүлж гарын үсгийг нь зуруулж авсан. Түүний дараа Батзоригийг дуудаж асуухад юм яриагүй, тэгж байснаа “та нар бүгдийг нь мэдсэн юм бол яах гэж асуугаад байгаа юм” гэж байснаа бүгдийг нь ярьсан. Тэгээд болсон асуудлыг өөрөөр нь бичүүлж авсан. Мөн Энхбатыг дуудаж уулзахад би сайн мэдэхгүй байна сүүлд над руу яриад намайг мэдсэн гэж бодсон байх гээд надад мөнгө өгнө гээд хот руу дуудсан. Тэгээд надад Мөнх-Эрдэнэ 35 сая төгрөг өгсөн гэж хэлсэн тэрийг өөрөөр нь бичүүлж авсан. ...Нямбаярыг өмссөн өмд, гутал, цамцаар нь болон явдлаар нь танисан. Нямбаяр их өвөрмөц явдалтай. Батзоригийг байнга өмсдөг кепкин малгайгаар нь болон хэлбэр дүрсээр нь танисан. Манай кемпэд Батзоригтой адилхан малгай өмсдөг хүн байхгүй. Мөнх-Эрдэнэ үйлдвэрт байсан нь ойлгомжтой. Яагаад гэвэл тухайн үед шөнийн ээлжинд ажиллаж байсан, малгайных нь арын аалз шиг зургаар нь танисан. Баясгаланг өөрийн гэрээсээ гараад контейнерт орсноор нь шууд танисан. Соёл-Эрдэнийн царай зүс камерт тод бичигдсэн, мөн тэр хамгаалагч Мөнхбаттай уулзаж алтны өрөөний түлхүүрийг авсан гэсэн. Бат-Эрдэнэ бол Батзоригтой хамт кемпийн шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх нь бичлэгээс танигдсан. Мөн тэр хоёрыг гарсан гэх бүртгэл байгаа. ...Тэгээд эхэлж Мөнх-Эрдэнэтэй уулзсан чинь хэргийнхээ талаар мэдэх зүйлээ ярьсан бөгөөд бичүүлсэн юм. Мөн Энхбат бас өөрөө бичсэн. Мөнх-Эрдэнэ “нарийн ширийн зүйлийг нь Батзориг сайн мэдэж байгаа. Мөнгө төгрөг хэд болсон, Батзоригийн зуслангийн байшинд очиж алтаа угаасан” гэхээр нь Батзоригийг оруулж ирээд асуусан чинь эхэндээ “би мэдэхгүй юу яриад байгаа юм” гэж байснаа сүүлдээ уйлаад алт хулгайлсан талаараа ярьсан. ...Батзориг “миний бие муу байна” гэж яриад “би өөрөө бичиж чадахгүй байна” гэхээр нь Цэнгэл ах над руу “Чи хэлснийг нь биччих" гэхээр нь бичсэн юм...” /1хх 120-121, 167, 3хх 98, 8хх 113/,

гэрч С.Идэржавхлангийн “...Тэгээд би жаахан сэжиг аваад байж байтал Улаанбаатар хот Урт цагаанд “Баян-айраг” ХХК-ийн алт зарах гээд хүмүүс явж байна гэсэн мэдээлэл сонссон. Тэгээд камер хянагч Сайнзаяа руу яриад алт хайлуулсан өдрийн бичлэгийг шүүгээдэх гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу Сайнзаяа камер шүүгээд баяжмал алга болсон бичлэг гаргаж ирсэн. Ингээд уурхайн удирдлагуудад мэдэгдсэн. ...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхлээд 94046804 гэсэн дугаараас миний утас руу “сайн байна уу уурхайгаас чинь алт гаргасан талаар мэдээлэл өгвөл шагнал байдаг уу” гэсэн мессеж ирсэн. Би тэр хүнтэй утсаар ярих гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд мессежээр харилцахад би утсаар ярихгүй, энэ хэдхэн сая төгрөгийн асуудал биш шүү, бүлэг хүмүүсийн хийсэн үйлдэл байх шиг байгаа юм гэсэн мессежүүд 88131735 гэсэн дугаараас ирсэн. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр уг дугаарын эзэн болох өөрийгөө Соёлоо гэж танилцуулсан хаана юу хийдгээ хэлээгүй нэг эмэгтэйтэй уулзсан. Түүнээс юу болсныг тодруулахад би танай компаниас алт хулгайлаад түүнийгээ зараад нэг хүн нь 35 сая төгрөг авсан гэснийг мэдсэн. Би нэг хүнийх нь найз байгаа юм гэж хэлсэн. ... Тэгээд хэн хэн гэдгийг хэлэх юм бол та надад 10 сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би хэн хэн гэдгийг нь мэдэж байна, харин чи надад тэд нар алтаа хаана тушаасныг хэлбэл би мөнгийг чинь өгье гэхэд тэр эмэгтэй би тэрийг мэдэхгүй гэсэн. Тэгээд бид 2 ойлголцолгүй салсан. Тэрнээс хойш уулзаагүй. Уг эмэгтэй надтай ирж уулзахдаа 05-95 улаан өнгийн тоёота Кроун машинтай ирсэн. Тэгээд би хэрэг үүссэний дараа Соёл-Эрдэнэ түүний эхнэр камер хянагч Хэнчбиш хоёртой утсаар яриад “та хоёрыг юу хийснийг чинь мэдэж байгаа ирж уулз” гэхэд Соёл-Эрдэнэ таг дуугүй болоод утсаа салгасан. Хэнчбиш нь болохоор “би энэ хүний юу хийж явсныг мэдэхгүй, өөрөөс нь асуухад “чамд хамаагүй пизда минь гээд” байгаа юм” гээд утсаа салгасан. Одоо утсаа авахгүй байгаа. Сураг сонсоход тэр хоёр байр худалдаж авсан сураг байна лээ. Мөн Соёл-Эрдэнэ түүний эхнэр камер хянагч Хэнчбиш хоёрын хүүхэд Пүрэвддорж манайд ажиллаж байсан юм. Би хүүхдээр нь дамжуулж 20 хоног ажилласан “цалингаа ирж ав” гэхэд одоо хүртэл цалингаа ирж аваагүй мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрээ ч ирж аваагүй байна...” /1хх 169-170/,

гэрч Ц.Сайнзаяагийн “...бичлэг үзэж байхад 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд үйлдвэрийн бүх камерийн бичлэг 6 минутаар тасарсан байсан. Тэгээд тэр хугацаанд алтны өрөөн доторх алттай баяжмал эрс багассан байдалтай нүдэнд өртсөн. Тэгээд сайтар харахад уг алттай баяжмалын хажууд байсан хутгуур нь байр нь солигдсон, алтны өрөөний үүдний гишгүүр болон хувин, нүүрний амьсгалын маск зэрэг зүйлүүд хөдөлснөөс гадна хүний хөлийн мөрнүүд баяжмалын хажууд шинээр үүссэн байсан. Тэгээд уг камер тасралтын өмнө болон хойдох бичлэгүүдийг сайтар ажиглахад хамгийн түрүүнд алтны өрөөний үүдэнд байдаг 2 операторыг мөн харуулын ахлах болон хамгаалагч, мөн камер тасарсан учраас компьютерийн инженер нарын үйл хөдлөлийг шалгасан. Тэр хэрэг гарах цаг хугацаанд Соёл-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Энхбат нар үйлдвэрийн байранд алтны баяжмалын ойролцоо их сэжигтэй байдалтай бичлэгт үлдсэн байсан бөгөөд үйлдвэрийн арын аваарийн хаалганы орчимд Мөнх-Эрдэнэ болон гаднаас аваарийн хаалгаар хүн орж ирж байгаа дүрс бичлэг байдаг юм. ...хяналтын камерийн бичлэгийн талаар өөрөө үзсэн болохоор гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг нэрээр нь шууд нэрлэж хэлж мэдүүлсэн, тухайн үед нь хяналтын камерийн бичлэгийг шууд хараад үзээд таньж байсан болохоор тэр талаараа үнэн зөвөөр хэн нэгэн хүний ятгалаг, дарамт, шахалт, гадны нөлөөгүйгээр үнэн зөв шударгаар хэлж мэдүүлэг өгсөн. ...Уурхайд алтны баяжмал хулгайд алдагдсан өдрөөс хойш камер шүүх ажлыг Сэлэнгэ дарга бид нар хийсэн. Тэгээд энэ бүгдийг таньж мэдэж илрүүлсэн юм. Цагдаагийн газраас хурааж авсан болон хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг үеийн бүх бичлэгийг олон удаагийн давтамжтайгаар үзсэн болохоор хэн нь хэн байна хараад шууд танина. Мэдүүлэг өгсөн шигээ камерийн бичлэг хараад таниулах ажиллагаанд шууд хэлж чадна гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /3хх 24-26, 8хх 116/,

гэрч Д.Тэрбишийн “...миний 99173796 дугаарын утас руу төрсөн эгч Хэнчбиш залгаад “данс руу чинь мөнгө хийлээ шүү, данс чинь хэд билээ” гэж лавлаж асуугаад 65.000.000 төгрөг миний цалингийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би ямар учиртай мөнгө болохыг асуухад надад учрыг нь тайлбарлаж хэлээгүй. ...би олон удаа Хэнчбишээс ямар учиртай мөнгө юм бэ яагаад байгаа юм бэ эргээд сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биздээ гээд асуугаад байхад хэлэхгүй “дараа хэлье” гээд Хэнчбиш ярьдаггүй байсан...” /3хх 100-101/,

гэрч Ц.Соёлчимэгийн “...Намайг Улаанбаатар хотод байхад миний төрсөн ах Ц.С  утсаар яриад “ажлаасаа буух хэрэгтэй болчихлоо манай даргыг ярьвал аавын бие муудчихсан байгаа гэж хэлээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд 4-5 хоногийн дараа Ц.Соёлмаа над руу утсаар яриад “Ц.С  ирчихсэн байна, чамайг хүрээд ир гээд байна” гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөтэй болсон байсныг нь мэдээгүй байсан болохоор Ц.Соёлмаагийн Ханын материалд байдаг гэрт нь ганцаараа очтол Ц.Соёлмаа эгч түүний нөхөр Цогтбаяр, ах Ц.С  болон түүний эхнэр Хэнчбиш нар архи ууж байсан юм. Тэгээд намайг гэрт нь ортол Ц.Соёлмаа эгч надад Ц.С , Хэнчбиш хоёр мөнгөтэй болчихсон байна. Ц.С  болохоор 70.000.000 төгрөгтэй болчихсон байгаа гэж хэлсэн. Харин Хэнчбиш “Ц.Соёл-Эрдэнийн шоронд хамт байсан хүн мөнгө өгсөн гэж байна” гэж хэлсэн юм. ...Соёл-Эрдэнэ ах “Баян айраг” гэдэг газарт хамгаалагч хийдэг, Д.Х оператор хийдэг байсан юм. Тэгээд хамт хэрэг хийсэн Нямбаяр, Мөнх-Эрдэнэ болон өөр нэрийг нь санахгүй хүмүүс уулзья гэж хэлээд нэг газар дагуулж очтол 6 хүн байсан гэсэн. Тэгээд Ц.С  ахыг алтны өрөөний түлхүүрийг аваад өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн гэж хэлсэн бөгөөд тэнд байсан 6 хүн хулгай хийнэ гэж олон сар судалж үзсэн юм шиг байсан. Тэгээд Ц.С  ах хамгаалагчаас түлхүүрийг авч өгөөд нөгөө хэд нь орж тэнд байсан шанагаар 5 удаа алтны баяжмалаас хутгаж авсан гэж байсан. Нэг хүн хулгай хийж байгаа хугацаа болох 5 минутын бичлэгийг арилгасан гэж байсан. Тэгээд хулгайлсан алтны баяжмалаа Нямбаяр аваад Улаанбаатар хотод ирж зараад Ц.С  ах руу залгаад “нэг хүний 35.000.000 төгрөг болсон Хэнчбиш та хоёрын мөнгө нийлээд 70.000.000 төгрөг болсон” гэж хэлэхээр нь “данс руу хийчих” гэж Ц.С  ахыг хэлтэл Нямбаяр “данс руу хиймээргүй байна бэлнээр ав” гэж хэлэхэд нь “аавын бие муудлаа” гэж худлаа хэлж чөлөө аваад Улаанбаатар хотод ирж мөнгөө Нямбаяраас авсан гэж хэлсэн юм. Энэ бүгдийг надад Д.Х сүүлд нь хэлсэн бөгөөд Ц.С  надтай анх утсаар ярихдаа ах нь мөнгөтэй болсон очиж байгаад өрийг чинь дарж өгнө гэж хэлсэн юм. ...тухайн хэрэг үйлдэхдээ Д.Х оролцоо байхгүй мөртлөө Ц.С  ах Хэнчбишийг оруулж илүү мөнгө авна гэж бодоод нэрийг нь оруулчихсан юм. Мөн тэр дотор инженер техникийн нэг хүн байсан...” /3хх 104-105/,

гэрч А.Одонхүүгийн “...Соёл-Эрдэнэ аавын бие муудаад би эхнэрээ аваад явлаа. Унаа таарсан дээр нь би явахгүй бол болохгүй боллоо гээд нүүрс буулгасан Хово маркийн ачааны машинд суугаад явсан. Тухайн үед бол хэрэг гарсныг хэн ч мэдээгүй байсан. Хэрэг гарсныг Идрээ хотоос ярьсан юм. Учир нь, Идрээ рүү хэн нэгэн нь алтны баяжмал алдагдсан талаар мэдээлсэн юм шиг байна лээ. Тэгээд л шалгаж үзээд мэдсэн...” /3хх 27-28/,

гэрч Д.Цэнгэлийн “...Мөнх-Эрдэнэ орж ирээд ханан дээрх бичээсүүд тайлбаруудыг хараад царай нь хувирч хачин болоод салгалж чичирч байснаа “би өөрөө хэргээ ярья” гээд өөрийн гараар тайлбараа бичье гээд бичсэн. Мөнх-Эрдэнэ ярьж байх үедээ Нямбаяр, хамгаалалтын ахлагч, Батзориг, Энхбат, it инженер гэсэн хүмүүсийн нэр ус, албан тушаал дурдагдаж байсан. Батзориг орж ирээд үйлдсэн хэргийнхээ талаар хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж алтны баяжмалыг хэрхэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд уг ярьсан зүйлээ бичиж чадахгүй байна гээд ярьсан зүйлүүдийг нь Сэлэнгэ бичсэн юм. Тэрний дараа Энхбатыг дуудаж уулзахад Энхбат нь би хэрэг мэдэхгүй гээд байсан бөгөөд камерийн бичлэг дээр өөрийг нь байсан талаар ярьж хэлэхэд Энхбат би энэ хэргийн талаар мэдэхгүй бөгөөд надад мөнгө өгсөн. 37 билүү, 35 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. ...миний зүгээс болон Сэлэнгэ, Терри нар нь Батзориг, Мөнх-Эрдэнэ, Энхбат нарыг айлган сүрдүүлээгүй, тухайн үед өрөөний камер асаалттай байсан. Хууран мэхэлсэн зүйл байхгүй болно...” /3хх 107/,

гэрч Г.Мөнгөнцэцэгийн “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна өнгөрсөн жил манай эгч Цэрэннадмидын охин Д.Х нь бэлэглэлийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн “Драгон”-ны наад талд байрлах өндөр байшингийн 2 өрөө байрыг надад шилжүүлсэн. Тэгээд би байранд нь тэр үед очиж үзсэн. Тэрнээс хойш би тэр байранд очоогүй ...би Хэнчбиштэй бараг харилцаа холбоо байдаггүй над дээр бараг ирдэггүй...” /4хх 42/,

гэрч Б.Доржсүрэнгийн “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн утсаар яриад “байр худалдаж авья” гэж хэлсэн. Эмэгтэй нь Хүнбиш билүү Хэнбиш гэлүү тийм өвөрмөц нэртэй байсан. Тэдгээр хүмүүс “бэлэн мөнгөөр худалдаж авна” гэхээр нь байрныхаа үнийг буулгаад бэлнээр 47 сая төгрөгөөр худалдсан...” /4хх 47/,

гэрч С.Ариунболдын “...2017 оны 9 дүгээр сарын 24-ний үед оройн хоолонд орох гээд цайны газрын үүдэнд зогсож байхад Нямбаяр Хэнчбишээс танай нөхөр оройн ээлжинд гарч байгаа биз дээ ямар дугаартай байгаа юм бол гэж асууж байгаа сонсогдсон. Тэрний дараа 2017 оны 9 дүгээр  сарын 26-наас 27-нд шилжих шөнө ахлах Соёл-Эрдэнийн өрөөнөөс тусгай хэрэгсэл авах гээд ортол Соёл-Эрдэнэ, Нямбаяр нар юм яриад сууж байсан. Соёл-Эрдэнэ нь наадах чинь их хэцүү миний мэдлээс хэтэрсэн асуудал байна даа гэж хэлж байсан. Тэгээд намайг орохоор чимээгүй болж суусан. Тэгээд л би гараад явсан...” /1хх 128-129/,

гэрч Ц.Отгонтайваны “...яагаад тасарсаныг мэдэхгүй. Камерууд хэн нэгний нөлөөгүйгээр тасрах боломжтой. Хааяа нэг өдөр 2 удаа 30 секундээс 1 минут орчим тасрах тохиолдол байдаг. Урт хугацаагаар буюу 6 минутаар урьд нь тасарч байсан удаа байхгүй...” /1хх 138/,

гэрч Т.Балжиннямын “...үйлдвэрт шөнийн ээлжинд 2 оператор, 1 хамгаалагч хонодог. Тухайн шөнө боловсруулах үйлдвэрийн оператор Мөнх-Эрдэнэ, Энхбат нар ажилласан. Хамгаалагчийнх нь нэрийг мэдэхгүй...” /1хх 141-142/,

гэрч Э.Энхчимэгийн “...камерт бичигдсэн хоёр хүний нэг нь гагнуурчин Батзориг байсан. Мөн явж байгаа нь болон царай нь камерт тодорхой харагдаж байсан учраас танисан. Мөн явж байгаа байдал байнгын зөөврийн компьютер үүрч явдаг түүнийгээ ч тэр шөнө үүрч явж байсан шинжүүдээр нь танисан. Нөгөө хүнийх нь бичлэгийг нь нэлээн олон удаа харсан боловч сайн таньж чадаагүй. Батзоригийн хойно явж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд явдлаар нь таних гэж оролдоод геологийн Нямбаяр юм уу аль эсвэл боловсруулах үйлдвэрийн Жадамба хоёрын алхаатай төстэй юм байна гэж бодсон...” /1хх 144-145/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шинжилгээнд ирүүлсэн “channel15_20170928б05728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “5_19_R_170825220406.аvi” гэсэн дүрс бичлэг тэнцэнэ. Харин “20170925_141408.mр4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан байх бөгөөд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “channel15_20170928б05728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн нэгж кадр /frame/-д 01:01:06-01:07:53 секундын хооронд дүрс гарч байгаад тасарч 01:13:23-01:16:18 секундэд хооронд үргэлжлэн гарах дүрсэнд зарим эд зүйлсийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн “channel15_20170928б05728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 01:07:54-01:13:22 секундын хоорондох дүрсний тасралт нь хяналтын камерийн дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой гэх 3289 дугаартай дүгнэлт /7хх 215/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээнд ирүүлсэн гар бичвэрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд         ирүүлсэн Д.Мөнх-Эрдэнийн тайлбар бүхий гар бичвэр нь Дамдинсүрэнгийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай, Б.Энхбатын гэх тайлбар бүхий гар бичвэр нь Б.Энхбатын гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тус тус тохирч байна. Шинжилж буй М.Батзоригийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.Батзоригийн бичгийн хэвийн туршилтын загвар болон Д.М, Б.Энхбат нарын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна.” гэх 2931 дүгээр дүгнэлт /3хх 115/,

М.Б “...миний бие нь “Баян айраг” ХХК-ийн төслийн багт механик ажилтай. 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар үнэн зөв тайлбар өгч уншиж танилцаад гарын үсэг зурав. Анх энэ саналыг Нямбаяр бид 2 гаргасан. Тэгээд бусад оролцогч болох Бат-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ, үйлдвэрийн оператор Энхбат, мэдээллийн инженер Баясгалан, үйлдвэрийн оператор Мөнх-Эрдэнэ нартай амаар ярилцаж үйлдвэрээс баяжмал авахаар болсон. 2017 оны 9 дүгээр  сарын 28-ны шөнө 01:01 минутын үед би бойлерийн талаас үйлдвэрийн хашаан доогуур орж арын аваарийн хаалгаар ороод Баясаа руу ярьсан. Тэр үед Баясаа камеруудыг унтраасан. Тэгээд Мөнх-Эрдэнэ үйлдвэрийн 2 давхарт надтай уулзаад бид 2 алтны өрөө рүү орж баяжмалыг 20 л тосны шар саваар хийж авсан. Ойролцоогоор 10 кг орчим баяжмал байсан. Баяжмалаа аваад би буцаад үйлдвэрийн арын аваарын гарцаар гараад хашаан доогуур бойлерийн ар талын шугамын хаалт байрладаг пүтгэнд оруулаад шуудайнд хийсэн. Тухайн үед Нямбаяр LV-013-тай ирж бид 2 баяжмалаа аваад уулын хэсэгт байрлах дээжний хэсэгт нуусан. Маргааш өдөр нь Нямбаяр нуусан зүйлээ аваад бутлуурын овоолгон дээр Бат-Эрдэнэ бид хоёртой уулзаж өгсөн. Бид 2 юмаа аваад К-8 дамжуулах станцын хаалга гагнах ажлаар гарч очиж ажлаа хийж дуусгаад цаашаа явах замын орчимд сумаас Нямбаярын захиасаар ирсэн эмэгтэй жолоочтой цагаан өнгийн машинд шуудайтай баяжмалаа өгч явуулсан. 10 дугаар сарын 03-нд Нямбаярын машинтай Мөнх-Эрдэнэ бид 3 Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод шаардлагатай зүйлсийг өөрсдийн мөнгөөр худалдаж аваад Чингэлтэйд байрлах зуслангийн байшинд баяжмалаа хайлуулж металлаа гаргаж авсан. Нийтдээ 3 кг орчим металл болсон. Уг ажлыг 4-нөөс 5-ны өдрүүдэд хийж дуусгасан. 10 дугаар сарын 06-наас худалдан авагч хайж эхэлсэн. Төвөгтэй байдлаар худалдан авагч олоод бүтээгдэхүүн мөнгөний солилцоо хийгдэж бид гар дээрээ 293.000.000 төгрөг авсан. Бид эхнээсээ олсон мөнгөө бүгд тэгш хувааж авна гэж тохиролцсон байсан. Нямбаяр, Мөнх-Эрдэнэ, Энхбат бид 4 тус бүр 35.000.000 төгрөг бэлнээр авсан. Маргааш нь Бат-Эрдэнэд 35.000.000 төгрөгийг Сансарт уулзаж өгсөн. Дараа нь Нямбаярт Баясаад өгөх 35.000.000 төгрөгийг өгч, хамгаалалтын ахлах Соёл-Эрдэнэд болон түүний эхнэрт өгөх 70.000.000 төгрөгийг мөн өгч явуулсан. Тэгээд бид дахин уулзалдаагүй. Ингээд нийтдээ 8 хүн мөнгөө хувааж авсан. Миний хувьд хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээлсэн 12 сая төгрөгийг буцаан өгсөн. Би Харриэр маркийн машин худалдаж авсан. 8 хүнд тус бүр 35.000.000 төгрөг өгөөд зөрүү хэдэн төгрөг байсныг багаж тоног төхөөрөмж авсан үнэд буцаан суутгасан ба Нямбаяр, Энхбат, Мөнх-Эрдэнэ бид 4 хувааж авсан юм. Миний хувьд ийм зүйл хийх болсон шалтгаан нь миний хүү Хаш-Эрдэнэ 2014 онд төрсөн, чихний согогтой, сонсголгүй учир удаа дараа үнэтэй эмчилгээ, хагалгаа хийлгэсэн, маш их өр цугларсан байсан. Энэ бүхнийг буцааж төлөх цаг нь болоод би цалингийн зээл хүсээд бүтээгүй. Ингээд аргаа барахдаа хөнгөн гоомой шийдвэр гаргасан байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, учирсан хохирлыг төлж барагдуулах ёстой гэж бодож байна...” /3хх 133-134/,

Д.М “...миний бие энэ тайлбарыг өгөхдөө эрүүл саруул, хэн нэгний нөлөөллөөр бичээгүй болно. Гаргасан зөрчлийн тухайд 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр надтай хуучин нэг хэлтэст хамт ажилладаг байсан механик Батзориг ирж “алтны өрөөнөөс баяжмал авъя” гэж ятгасан. Хамгаалалтын 1 ажилтан, РГГ-ээс 1 ажилтан, бойлуураас 1 ажилтан, харуул хамгаалалтаас 1 ажилтан хүмүүс байгаа асуудалгүй гэж гуйсан. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө алтны өрөөнөөс 10 кг орчим баяжмал авсан. Баяжмалаа Батзориг аваад явсан. Алтны өрөөний түлхүүрийг хамгаалалтын ахлах ажилтан Соёл-Эрдэнэд 00-ын өрөөнд байхад нь өгсөн. Батзориг хүн болгонд ашгийг тэнцүү хуваана гэж ярьсан. 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хот ороод баяжмалаа борлуулсны дараа 35.000.000 төгрөг бэлнээр авсан. Би өртэй байсан учраас тараагаад дууссан. Шөнийн ээлжинд ажиллаж байсан. Энхбат бидний үйл хөдлөлийг мэдсэн тул бид тэнцүү хувааж 35.000.000 төгрөгийг өгсөн. Миний мэдсэнээр геологийн Нямбаяр өөрт оногдох 35.000.000 төгрөгөө аваад дээр нь инженер Баясаад өгнө гээд 35.000.000 төгрөгийг, мөн хамгаалалтын ахлах Соёл-Эрдэнэд өгнө гээд 35.000.000 төгрөгийг тус тус аваад явсан...” /3хх 143/,

Б.Э “...2017 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ажлаа хийж яваад үйлдвэр лүү ороод 1 давхар дээр хүн явахыг анзаараад Мөнх-Эрдэнэ явж байна гэж бодоод очтол хэн ч байгаагүй. Эргэн тойрноо шалгаж хараад өрөө лүүгээ ороод мэдээгээ бичээд хувцас солих өрөө рүү ортол Мөнх-Эрдэнэ хувцсаа сольж байсан тул хоёулаа хувцсаа сольж өмсөөд химийн бодис найруулсан. Мөн бусад өдрүүдэд ч ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийж байгаад л 4 хоногийн дараа би буцсан. Намайг амарч байх хугацаанд Мөнх-Эрдэнэ яриад Улаанбаатарт уулзсан. Алт хулгайлсан хэдэн хүнтэй. Тэгээд чимээгүй нуух гэж буйгаа хэлсэн. Өөр тодорхой олон зүйл хэлээгүй. 35.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөн дээр мөнгө нэмээд байрныхаа лизингэд нэмэрлэсэн. Яг нарийн яаж гаргасан асуудлыг би сайн мэдэхгүй байна...” /3 хх 124/ гэх тайлбарууд,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ийн захирал Д.Цэвээндарийн “Тухайн саруудын үр дүнгийн болон туршилт судалгааны үр дүнгээс харахад сонгож авсан саруудын мэдээнд үндэслэн гарсан нойтон баяжмалын хэмжээ 17,3 кг гарсан, харин туршилтын үр дүнг 5 интервалаар /савны дүүргэлтийг 100,75,60,50,40 хувиар/ нарийвчлан гаргахад 50 хувийн дүүргэлттэй байхад нойтон баяжмалын хэмжээ нь 17,05 кг гарч байгаа нь ойролцоо байна. Тиймээс туршилтын үр дүнгээр савны 50%-ийн дүүргэлттэй үеийн баяжмалын хэмжээг илүү үндэслэлтэй гэж үзэн, нийт 17,05 кг нойтон баяжмал алдагдсан бөгөөд түүнд агуулагдах 4,37 кг алт байсан гэж хохирлыг тооцож байна. Тухайн хэрэг гарсан өдөр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг “Баян-айраг Эксплорэйшн” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан баримтад үндэслэн, тэр өдрийн Монгол банкны албан ханш 100,954 төгрөг 22 мөнгөөр тооцон нийт 4,37 кг алтны үнэ 441,169,941 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байна.” гэх /7хх 230/,

гэрч Э.Сэлэнгээр таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /8хх 117-121/, гэрч Ц.Сайнзаяагаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /8хх 124-126/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь дээрх хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэдний үйлдэл хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байхаас гадна хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Б “...Энэ хэргийг үйлдсэн хүн болох Соёл-Эрдэнэ хэнтэй хамтарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр дунд би ямар ч холбоогүй, гэм буруугүй. Миний хэргийг дахин нягталж, үнэн зөвөөр шалгаж өгнө үү...”, түүний өмгөөлөгч С.Энхбатын “...Э.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...”, Б.Мянганы “...шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...”, шүүгдэгч Д.Хэнчбишийн “...Миний хувьд хулгай хийж олсон мөнгийг нь хамт үрсэн болохоор Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Гэвч анхан шатны шүүх Соёл-Эрдэнэтэй хамтран амьдарч байсан болохоор энэ хэрэгт холбоотой гэж үзэн яллаж байгаад гомдолтой байна. ...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...”, шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, Б.Бгийн “...Миний бие уг хэрэгт холбоогүй, оролцоогүй, хэргийн талаар ямар нэгэн мэдүүлэг аваагүй тул дээрх бүгдийг шалгуулж, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулан гэм буруугүйг минь үнэн зөвөөр шалган тогтоож өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...”, шүүгдэгч Д.М, Н.Н, М.Батзориг нарын өмгөөлөгч Т.Отгонпүрэвийн “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний оролцооны хэлбэр шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийн мэдүүлгээс гадна гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчимыг тодруулан хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С , Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, тэдний оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х, Н.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлснийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцэж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхаас гадна зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд энэ зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт болон зүйлчлэл, учруулсан хор уршгийн талаар маргаагүй байхыг ойлгоно.

Үүнээс гадна шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан үздэг учиртай.

Шүүгдэгч Ц.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн хэдий ч  урьд ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнд хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Хавтас хэрэгт Мөрдөн байцаах албаны хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Баяржаргалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /4хх 90-91, 111-112/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /4хх 92-93, 113-114/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.С , Д.Х нарыг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х, Ц.С  нарын цагдан хоригдсон хоногийг тооцоолохдоо дээрх 2 хоногийг орхигдуулж тооцсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-ийн ар гэрийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хохирлын мөнгө төлөх талаар харилцан тохирсон буюу хохирол барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар болон хохирол барагдуулсан тухай баримт, хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасантай нийцнэ гэж үзлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан” гэж хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат, шүүгдэгч Ц.С , Д.Х, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Отгонпүрэв, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Нямбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Хэнчбишийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Нямбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Хэнчбишийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Батзоригийг 1 жилийн хугацаагаар...” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ц.Соёл-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Батзоригийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Мөнх-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бат-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Бг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ц.Соёл-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Мөнх-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бат-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Бг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Соёл-Эрдэнийн урьдчилан цагдан хоригдсон 131 хоног, Д.Хэнчбишийн урьдчилан цагдан хоригдсон 65 хоногийг” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мөнгөнцэцэгийн нэр дээр бүртгэлтэй Ү-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москвагийн гудамж, 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С , Д.Х нарын хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, С.Энхбат, шүүгдэгч Ц.С , Д.Х, шүүгдэгч М.Б, тэдний өмгөөлөгч Т.Отгонпүрэв, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ