Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0451

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0451

Улаанбаатар хот

 

 

 

                            “Б** г**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Б** г**” ХХК-ийн захирал Б.М***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б** г**” ХХК

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/959 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0167 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 128/2023/0623/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б** г**” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/959 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0167 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д

 

 

заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б** г**” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/959 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн,

3.1.2. 2014-2020 оныг хүртэл нэхэмжлэгчийг газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан газраа хаясан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.1.3. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж байсан ч шийдвэрлэлгүй явсаар зориулалтыг өөрчилсөн 2020 оны захирамж гарсан байхад анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг буруу дүгнэсэн,

3.1.4. Мөн компанийн гүйцэтгэх захирал М.Ц***ийн Ц.С***од олгосон итгэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчлийг арилгаж, анхан шатны шүүхээр зөрчилгүйгээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлаж, гомдол гаргасан байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 215 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 9000 м.кв талбай бүхий газрыг “Б**” ХХК-д “үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0102-6004-0017 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар, 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 390 дүгээр захирамжаар “Б** корпораци”-ийн “үйлдвэрлэл”-ийн зориулалт бүхий 9000 м.кв газрын эзэмших эрхийг тус тус 5 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон ч нэхэмжлэгчээс хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй.

3.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэх журмыг зөрчин бусад этгээдэд ашиглуулан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулсантай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 28-06/231-2121 дугаартай актаар “Б** г**” ХХК-д “...иж бүрэн зуурмагийн узель угсарсан ... тул зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсрах үйл ажиллагааг 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс байршлыг өөрчлөх хүртэл түр хугацаагаар зогсоохоор”,

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11/15 дугаартай албан бичгээр “... тус дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга, оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу “Б** г**” ХХК-ийн салбар “Т*** н*** конкрейт” ХХК-д шалгалт хийхэд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын 5.1.18-д заасныг зөрчсөн“ хэмээн,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/3706 дугаар албан бичгээр “... “Б** г**” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, эзэмшсэн тул газрыг чөлөөлүүлэх” хэмээн,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1802000321 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх хүрээнд “...Газрын тухай хуулийн 40.1 дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу авч хэрэгжүүлэх” зэрэг албан шаардлагуудыг “Б** г**” ХХК-д болон маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байсан “Т*** н*** конкерит” ХХК-д мөн холбогдох захиргааны байгууллагад өгч байсан бөгөөд дээрх шаардлагууд болон эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлээгүй тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 02-03/1204 дүгээр албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2019/3095 дугаар захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1802000321 дүгээр эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн авч 2019 онд 19261242 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2020 оны 4/14092 дугаартай албан бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргад явуулж газар албадан чөлөөлөх ажиллагаанд хамтран ажиллахыг мэдэгдсэн.

3.3. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/499 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газрын зориулалтыг “орон сууц” болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

3.4. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны “Арга хэмжээ авах тухай” 02-01/4853 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан “... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д ... заасны дагуу холбогдох арга хэмжээг авна уу” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлснийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/959 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.5 Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч “...манай компани шинээр газар олголт хүсээгүй, анх 2004 оноос эхлэн тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж ирсэн, тус бүс нутагт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах барилгын төсөл хэрэгжихтэй уялдуулан нийцүүлж, газрын зориулалтыг өөрчлөн эзэмшиж байхад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ... Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах зарчмыг баримтлаагүй хууль бус” гэж,

Хариуцагчаас “... нэхэмжлэгч өөрийн эзэмшил газарт бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсан ... газар эзэмших эрх 2014 онд дуусгавар болсон байхад тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан дүүргийн Засаг дарга 2020 оны А/499 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн ... мөн хуулийн 61.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэн маргаан бүхий захирамжийг гаргасан” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж,

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.1-т “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

 5. Шүүх бүрэлдэхүүн, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б** г**” ХХК нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй өөр этгээдэд ашиглуулан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулсан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг,

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших эрх нь дуусгавар болж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 128/ШЗ2019/3095 дугаар захирамжаар газар албадан чөлөөлөх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 1802000321 дүгээр эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед дүүргийн Засаг даргаас 2020 оны А/499 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанид маргаан бүхий газрын зориулалтыг “орон сууц” болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Үүнтэй холбоотойгоор хариуцагчаас дүүргийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б** г**” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/499 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчээс “....маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй” хэмээн маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/3668, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 15/1057 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А-158 дугаар албан бичгээр “... танай байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” талаарх хариуг өгч байсан нь тус тус тогтоогдсон тул энэхүү гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

7. Мөн “Б** г**” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ц***ээс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр албан бичгээр компанийн хуулийн зөвлөх албан тушаалтай Ц.С***од итгэмжлэл олгон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр томилон оролцуулсан үйл баримттай холбогдуулан “...эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлээр төлөөлөх эрхгүй этгээд компанийг төлөөлөн оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тул хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн тухайд:

7.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б** г**” ХХК-ийн Ерөнхий захирал Б.М*** өөрөө гарын үсэг зурж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан,

7.2. “Б** г**” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.М***өөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтдээ “... М.Ц*** нь манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т-14 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгогдон, гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Уг тогтоолын дагуу М.Ц***ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлэх гэсэн боловч Нийслэлийн прокурорын газрын ... 2019 оны ... зөвшөөрлийн дагуу тус тус Улсын бүртгэл шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байсан. ...манай компанийн хуулийн зөвлөх Ц.С***од олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр...” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ

 

                               ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА