Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00608

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 02 001/ХТ2021/00608

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00068 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч С.Лхамжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.24-ний өдрийн Мейримийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн жижүүр, манаачийн бүр орон тооны ажилд томилсон юм. Гэтэл тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон С.Лхамжав гэгч нь 2020.05.01-ний өдөр *******ийг Манаач жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн байна. ******* бүр орон тоонд ажиллаж байсан, ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гараагүй юм. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. С.Лхамжав нь тушаалыг гаргах болсон шалтгаан нөхцөл нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр урьд ажиллаж байсан С.Жанеркетэй хувийн өш хонзонгийн асуудал шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд *******ийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач, жижүүрийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. ...*******ийн оронд өмнө нь Ж.Бирваа гэдэг хүн ажиллаж байсан. Ж.Бирваа 2020 оны 01 дүгээр сард өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, манаачийн ажлаас чөлөөлөгдөж, сантехникч, мужааны ажилд томилогдсон байгаа. Ийм учраас ажил олгогч *******ийг гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа гэжээ.

 

Хариуцагч С.Лхамжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. *******ийг ажлаас нь гэнэт чөлөөлөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх талаар болон хууль бусаар ажилд томилогдсон тухай өөрт нь болон өвөө нь С.Солтанд тайлбарлан хэлж өгсөн. Мөн *******д 2020.04.01-ний өдөр Мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. 2.*******ийг сахилгын зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөөгүй. 3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ители күйик овогт Яайн Сьезд нь цэцэрлэгийн эрхлэгч С.Жанеркетэй хувийн өш хонзонгоос болж уг тушаалыг гаргасан гэж үзэх болсон үйл явцыг тогтоогоогүй байж намайг гүтгэж байгаад гомдолтой байгаа ба энэ асуудлаар зохих газарт нь хандах болно. 4. Иргэн *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд дээрх гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Бирваа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэг, Хэргийн болсон нөхцөл байдал: 1.1. Гуравдагч этгээд Ж.Бирваа миний бие 2009 оны 9 дүгээр сараас эхлэн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт жижүүр, манаачийн албан тушаалд томилогдож, эдүгээ 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа, ахмад ажилтан билээ. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Жанерке нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр манай цэцэрлэгийн Манаач, жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан Одгэрэл, Гэндэн нарт тус цэцэрлэгт шинээр нэмэгдсэн сантехник мужааны албан тушаалд шилжин ажиллахыг удаа дараа санал болгосон боловч, тэд зөвшөөрөөгүй байна. Тэгээд Ж.Бирваа надад цэцэрлэгийн эрхлэгч С.Жанерке нь тус цэцэрлэгт 2020 оноос эхэлж сантехник-мужааны албан тушаал шинээр батлагдсан байгаа юм, төсөв мөнгө нь шилжээд ирсэн. Манаач, жижүүр албан тушаалын цалингаас 32.000 төгрөгөөр илүү, өдрийн 8 цагийн ажилтай тул манаач, жижүүрээс давуу талтай юм. Таныг сантехник-мужааны ажилд шилжүүлэн томилох саналтай байна гэж хэлсэн ба Ж.Бирваа миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд худал хэлэхгүй, хариуцлагатай ажил хийж байгаа гэж бодоод, төсвийн шууд захирагч хүн учраас С.Жанеркегийн үгэнд итгэж, тус цэцэрлэгийн сантехник-мужааны албан тушаалд шилжүүлэн томилсныг зөвшөөрсөн юм. Ингэж Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.24-ний өдрийн Ж.Бирвааг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаалаар манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрийн эрхлэгчийн Ж.Бирвааг ажилд томилох тухай Б/05 дугаартай тушаалаар сантехник-мужаанаар томилогдсон юм. Харин Ж.Бирваа миний 2009 оны 9 дүгээр сараас эхэлж 2020.01.24-нийг хүртэл 11 жил ажиллаж байсан Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач, жижүүр гэх байнгын ажлын байрны албан тушаалд цэцэрлэгийн эрхлэгч С.Жанерке өөрийн дүү Е.Мейримийг Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.24-ний өдрийн Мейримийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар томилсон болно. Хоёр: *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тухайн томилгоо хууль бус гэж үзэх үндэслэл: 2.1. Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны батлагдсан төсөв орон тооны дээд хязгаар 24 орон тоотой байгаа бөгөөд үүнээс манаач-жижүүр-4, уурын зуухны галч-3 гэсэн орон тоо батлагдсан байх юм. Харин сантехник-мужаан гэх орон тоо батлагдаагүй, 2020 оны төсөвт тусгагдаагүй байтал эрхлэгч асан С.Жанерке нь өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү Е.Мейримийг ажилтай болгох үүднээс Ж.Бирваа намайг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж, урьд ажиллаж байсан манаач, жижүүр гэх орон тооны ажлаас чөлөөлж, батлагдаагүй орон тоо болох Сантехник-мужаан гэх орон тоонд хуурч мэхлэн хууль бус томилгоо хийсэн байх юм. 2.2. Эрхлэгч асан С.Жанерке нь 2020.01.24-ний өдрийн Мейримийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаал гаргаж, тус хүүхдийн цэцэрлэгт өөрийн дүү Мейримийг манаач, жижүүр гэсэн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан ...өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах,... гэрээ байгуулах ... зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно... гэсэн заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. 2.3. Ж.Бирваа намайг ажлаас чөлөөлсөн тухай 2020.01.24-ний өдрийн Ж.Бирвааг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж, хууль бус эрхийн акт гаргасан гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь бодит байдалд нийцэхгүй байна. Ж.Бирваа би ямар нэг сонгууль хүлээж сонгогдоогүй, ямар нэгэн байгууллага албан тушаалтнаас томилгоо хийгдээгүй томилолт аваагүй болно. 2.4. Мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.24-ний өдрийн Ж.Бирвааг ажлаас чөлөөлөх тухай 03 дугаартай тушаалын 1 дэх заалтаар манаач, жижүүр Ж.Бирваагийн өөрийн хүсэлтийг үндэслэн өөр ажилд томилох болсон тул 2020.01.24-ний өдрөөс эхлэн манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Гэтэл Ж.Бирваа би манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг бичгээр гаргаагүй бөгөөд хэрэв ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлөх нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д Ажилтан санаачилсан гэх хуулийн заалтыг баримтлах ёстой байтал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д Ажил олгогч санаачилсан гэх хуулийн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд тухайн тушаалыг хүчингүй болгох үндэслэл юм. 2.5. Ж.Бирваа миний бие эрхлэгч асан С.Жанерке нь ажлаас өөрчлөгдсөн шинээр томилогдсон эрхлэгч С.Лхамжав ажлыг хүлээн авсны дараа сантехник-мужаан гэх орон тоо 2020 оны бүтэц, орон тоонд батлагдаагүй болохыг мэдээд шинээр томилогдсон эрхлэгч С.Лхамжавт өөрийн гомдлыг гаргаж, өмнөх албан тушаал болох манаач, жижүүр гэх орон тоонд буцааж томилогдсон юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн Мейримийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******ийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00068 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэхгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлтэй Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа тус цэцэрлэгийн орон тоо нь 24 байх ёстой гэж маргажээ. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт 2020.01.01-ний өдрөөс 24 орон тоотой байсан нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй буюу Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Лхамжав нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог шинээр баталж, тухайн байгууллагын бүтцээс ямар ажил, албан тушаалын байр байхгүй болж орон тоо хасагдсаныг тогтоохгүйгээр *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараар тус цэцэрлэгийн орон тоо нь 24 болох нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий Баян-Өлгий аймгийн Хүүхдийн цэцэрлэг гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримтыг төсвийн ерөнхий захирагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санг тогтоосныг шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. ******* нь шүүхэд 2020.05.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын эцсээр хүлээн авсан боловч анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл 2 сар гаруй хугацаанд тус цэцэрлэг нь 24 орон тоотой ажиллах ёстой гэдгийг шүүхэд нотолж чадаагүй юм. Тус цэцэрлэгт 2020.01.01-ний өдрөөс эхлэн 26 орон тоотой ажиллаж байгаа, үүнд нягтлан бодогч А.Бердибек, сантехник-мужаан С.Бирваа нар ажиллаж байна. Ажил олгогч нягтлан бодогч А.Бердибек, сантехникч мужаан С.Бирваа нарын орон тоо нь илүү гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөөгүй мөртлөө 2020.01.20-ны өдрөөс байнгын ажлын байр буюу манаач жижүүрийн орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ядарсан иргэн *******ийг ажлаас чөлөөлсөн нь шударга бус явдал гэж дүгнэж байна. Ажил олгогч нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан М.Жанеркетэй өш хонзонтой байгааг далимдуулан ялгавартай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль зөрчсөн ажиллагааг илт хамгаалж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Энэхүү хяналтын гомдол нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтний хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртай болохыг дурдаж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 212/МА2020/00068 дугаартай магадлалыг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, орон тоонд ажиллаж байхад Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж марган, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.5.01-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар ...байгууллагын 2020 оны төсөв, орон тооны хязгаар нь 24 байтал орон тоо хэтрүүлж Ж.Бирваагийн оронд *******ийг бусдын байнгын орон тоонд манаач жижүүрээр ажилд авахдаа тушаалыг албан ёсны хэвлэмэл хуудас бус, хуулбар хувиар байгууллагын бичиг хэрэгт үлдээсэн нь *******ийг ажилд авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Орон тоо хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь байгууллагын батлагдсан төсөв, орон тоог Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргасан лавлагаа, хөдөлмөрийн дотоод журам, цэцэрлэгийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/5162 тоот албан бичиг, Ж.Бирваагийн өргөдөл зэргээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр *******ийг тус цэцэрлэгийн манаач жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан хэдий ч хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ажил олгогчоос ажилтан *******ийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан байх ба уг тушаалын хавсралт болох цэцэрлэгийн ажилчдын судалгаанаас үзэхэд нийт 26 орон тоотой байхаар тусгаж, үүнд сантехникч 1, манаач 4 байхаар баталсан байх боловч хариуцагчаас тухайн цэцэрлэгийн орон тоо нийт 24 гэж тайлбарлан маргасан байна.

 

Тус цэцэрлэгийн эрхлэгч нь төсвийн ерөнхийлөн захирагч болох Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалин хөлсийг тогтоох эрхтэй, гэвч хэрэгт цэцэрлэгийн орон тоог баталсан шийдвэр авагдаагүй, мөн нэхэмжлэгч *******ийг ажилд авах үед хэдэн орон тоотой байсан, гуравдагч этгээд Ж.Бирвааг ажилд томилох тухайн үед сантехник, мужааны орон тоо нэмэгдсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, тус Цэцэрлэгийн зөвлөлийн хурлын 2020.4.30-ны өдрийн шийдвэр /тэмдэглэл нь авагдсан/ зэрэг маргааны үйл баримтыг нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг тодруулан, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00068 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ