Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 0178

 

                                                                    

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч  Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир,

Иргэдийн төлөөлөгч З.Эрдэнэбулган

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Ц.Отгонбаяр, С.Оюунцэцэг, Б.Гантөгс

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Г.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганзоригийн Идэрхангайд холбогдох Эрүүгийн 201614000303  дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

   1. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянтал З-а-1 тоотод оршин суудаг гэх, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 сарын 03-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн туулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зйүлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Дунж овгийн Ганзоригийн Идэрхангай. /ФЖ95011613/

                                Холбогдсон гэмт хэргийн талаар.

      Шүүгдэгч Г.Идэрхангай нь давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч 2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд их гэрэл, аккумлятор болон тээврийн хэрэгсэл дотор байсан гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж Ц.Отгонбаярт 1 570 000 төгрөгийн,

 2016 оны 05 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чка” зочид буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байсан 25-42 УНХ улсын дугаартай Верна аксент маркийн авто машины зүүн хойд талын салхины шилийг хагалан С.Оюунцэцэгийн БНСУ-аас оруулж ирсэн гоёлын ээмэг зүүлт бөгж бугуйвч, бэлэн шинэ хувцас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 31 450 000 төгрөгийн

 2016 оны 05 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжны 13 тоот хашааны гадна байсан Б.Гантөгсийн 07-01 ОРХ улсын дугаартай Тоёото Прус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалан Gucci /Гүччи/ брэндийн бор өнгийн арьсан түрийвч, цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 100 000 төгрөг, LG брэндийн 18 кратын эрэгтэй бугуйн цаг, зөөврийн хард, 32 gb багтаамжтай флаш, эрэгтэй савхин бээлий, Делл маркийн 21 инчийн компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 2 265 000 төгрөгийн,

   2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан Ц.Отгонбаярт 5 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

            1. Шүүгдэгч Г.Идэрхангай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: . . . 2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед нэгдсэн эмнэлгээс доошоо уруудаад явж байтал 1 дүгээр микрийн 3 дугаар байрны зогсоол дээр байсан цагаан саарал өнгийн Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын цонх онгорхой байхаар нь машин дотор явж ортол түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь уг машиныг асаагаад хотын төвөөр таксинд явсан. Уг машин дотор архи, пиво асгарсан байсан. Машины голын хайрцаганд эзнийх нь бололтой бичиг баримт байсан ба бичиг баримтнуудын доор 2 талдаа товчлууртай, дэлгэц нь мэдрэгчтэй Нокиа маркийн гар утас байсан. Тэгээд би шөнө уг машинаар таксинд хотын төвөөс гэр хороолол руу явсан. Нэг хүн надаар Бүрэнбүст рүү хүргүүлсэн. Ингээд шөнөжин явж байгаад өглөө үүрээр Баян-Өндөр уул руу өгсөх гэтэл машин гулгаад явахгүй, айлын хашаа очиж мөргөөд хий эргээд, бензин ч дуусахаар нь Зээлийн хамгийн арын хашааны ард аваачиж орхиод явсан. Машиныг орхиж явахдаа би уг машины урд, ард их гэрлүүдийг аваад, дунд хайрцаганд байсан Нокиа маркийн гар утсыг аваад явсан. Машины түлхүүрийг машин дотор нь үлдээгээд, машины хаалгануудыг дотроос нь товчлуурыг дарж цоожлоод явсан. Зөв талын арын хаалга цоожлогдохгүй байсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлээ аваад Барилгачдын талбайгаас хот руу таксигаар явсан. Хотод очоод Тэнгис кино театраас хойш байх машин сэлбэгийн газар 4 их гэрлийг нийт 50,000 төгрөгөнд зарсан. Тэгээд Улаанбаатар хотод ганц нэг хонож байгаад Эрдэнэт рүү ирсэн 2016 оны 05 дугаар сарын 22-ны шөнө Шанд багийн 9-17 тоотод байх аавынхаа эгчийн гэрлүү явж байтал хороололын “Чка” буудлын гадна цагаан өнгийн Верна аксент зогсоол дээр зогсож байхаар нь цонхоор нь хартал хайрцагтай зүйлүүд харагдсан ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь газраас чулуу олж аваад зөв талын арын цонхыг хагалж 1 ширхэг хайрцагтай, 1 ширхэг гялгар ууттай зүйлийг хулгайлж аваад буцаад төв рүү Цагаан чулуутаар явсан. Цагаан чулуутад байдаг Өгөөмөр дэлгүүрийн урд талын гудамжаар байх ороод явж байтал нэг хашааны гадна саарал өнгийн Тоёота Прүсс 20 маркийн авто машин зогсож байхаар нь жолооч талын арын цонхыг мөн чулуугаар цохиж хагалан дотроос нь компьютрын дэлгэц, түрийвч, эрэгтэй хүний савхин бээлий, дөрвөлжин юуг нь мэдэхгүй хар юм зэргийг хулгайлж аваад “Чка” буудлын гадна байсан машинаас авсан ууттай зүйлийг үзтэл эмэгтэй хүний  хувцас гарч ирэхээр нь урд талын хашааны буланд хаячихаад бусад зүйлүүдийг нэгтгэж ууталж аваад явсан, тэгээд шууд төв рүү орж барилгачдын талбай дээр очиж хот руу явах эхний саарал өнгийн Соната 6 маркын авто машинаар гарсан, надад өөрт халаасанд 40-50 мянган төгрөг байсан юм. Улаанбаатар хотод очоод компьютерын дэлгэцийг Сансарын ойролцоо байдаг сэлбэг авдаг танихгүй эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зарсан, дөрвөлжин юуг нь мэдэхгүй хар юмыг хотод такси аваад явж байхдаа орхид буучихсан байсанаа сүүлд мэдсэн, түрийвч дотор байсан хэдэн задгай төгрөгийг аваад түрийвчийг замдаа хаячихсан, савхин бээлийг өмсөж явж байгаад мөн хаягдсан. Харин “Чка” буудлын гадна байсан машинаас авсан олон төрлийн гоёлын ээмэг бөгж зүүлт бугуйвч зэргийг талыг нь шахуу нь Нарантуул зах дээгүүр явж байхдаа явуулын бололтой танихгүй 40 гаран настай эмэгтэй хүнд 200.000 төгрөгөөр бөөндөж зарсан, үлдсэн ээмэг бөгж бугуйвч зүүлт зэргийг Нарантуул захын хажуугийн их дэлгүүрийн хогийн цэг дээр уутанд ороогоод хаячихсан. Яагаад хаясан юм  бэ? гэхээр бүрмэл дураймал хүн авхааргүй зүйлүүд байсан болохоор хүмүүс ердөө авахгүй байсан, мөн би Нарантуул захын зарим нэг үнэт эдлэл зардаг хүмүүсээс асуухад гологдол эдүүд байна авахгүй гэж хэлсэн юм тэгэхээр нь үлдсэн хэдийг нь хаячихсан, тэгээд хотоор хэсэг байж байгаад Булган аймгийн Хангал сумын Хялгант хороонд ээж Отгонцэцэг дээр 06 сарын дундуур очсон. Ингээд Хялгантад ээжтэйгээ жимс ногоонд явж байгаад 08 сарын сүүлээр будаан дээр ажиллаж байтал Эрдэнэтийн цагдаа нар ирж барьж авч явсан гэв.   

       2.  Хохирогч Ц.Отгонбаярын “. . . Би 2016 оны 05-р сарын 18-ны өглөө 07:30 минутанд ажилдаа яваад оройн 20 цагт ажлаасаа тараад гэртээ харьсан юм. Гэртээ хариад хоол, цайгаа идэж уугаад 22 цагийн өнгөрч гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гараад Эрдэнэбилэг гэх найзтайгаа утсаар яриад хаана байна гэтэл "захын хажууд явж байна" гэхээр нь очиж авсан. Тэгээд найзтайгаа Зэст баг 1-3 дугаар байрны гадаа зогсож байгаад нэг, нэг лааз пиво уусан юм. Тэгээд пиво уусан тул машинаа 1-3 дугаар байрны гадаа орхиод Эрдэнэбилэгийн гэр рүү таксидаж явсан юм. Эрдэнэбилэг ганцаараа амьдардаг бөгөөд гэр нь Хабитатад байдаг юм. Тэгээд тэдний гэрийн урд байх дэлгүүрээс дахин 1 том савтай пиво ууж дуусаад 02 цагийн үед гэртээ таксидаж харьсан юм. Такси дуудаагүй, төв зам дээр зогсож байгаад машин бариад явсан юм. Тэгээд гэртээ унтаж амраад өглөө ажилдаа явахаар машинаа тавьсан газраа очтол машин маань байхгүй байсан. Ингээд цагдаагийн газар мэдэгдэж, шалгуулахад 05 сарын 20-ны өглөө Зээлийн хойшоо, айлын хашааны ард машиныг маань тавьчихсан байсан. Машиныг олох үед урд, хойд 4 их гэрэл, аккумлятор байхгүй, урд, хойд 2 гупер хагарсан, хаалганууд нь онгорхой байдалтай байсан. Машин дотроос миний ажлын үнэмлэх, Америк түлхүүр, багажны ком, Айфон болон Нокиа маркийн гар утас, аймгийн начны тэмдэг, машины илүү түлхүүр 1 ширхэг, Портер машины түлхүүр1 ширхэг, гэрийн бүргэд хаалганы түлхүүр 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Миний ажлын үнэмлэх, начны тэмдэг, миний иргэний үнэмлэх, виза карт, жолооны үнэмлэх зэрэг хамт байсан боловч зөвхөн ажлын үнэмлэх, тэмдэг хоёрыг аваад явсан байсан. Алдсан болон эвдэрсэн эд зүйлээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 талд/

   3. Хохирогч С.Оюунцэцэгийн “2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим Баярхүү гэж залуугийн машинаар Эрдэнэт рүү гарсан. Энд ирэх болсон шалтгаан нь би гоёлын ээмэг зүүлт зараад 7-8 жил болж байгаа бөгөөд түүнийгээ зарахаар наашаа гарсан юм, уг нь энд ирээд нэг айлд 2 хонох ёстой байсан боловч нөгөө айлын хүний гар утас холбогдохгүй болохоор нь хорооллын “Чка” нэртэй зочид буудалд шөнийн 02 цаг өнгөрч байхад жолооч Баярхүүгийн хамтаар орж амарсан. Буудал руу орохдоо машинаа буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байрлуулж орхисон юм. Ингээд өглөө нь 08 цагийн үед сэрээд машинаасаа гар утасны цэнэглэгч авах гэтэл хойд талын цонхийг хагалж дотор нь байсан миний зарахаар авч ирсэн гоёлын эд зүйлүүд болон өөр бусад зүйлүүд бүгд алга болсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ерөнхийдөө ийм л асуудал болсон. ...нийтдээ 32.350.000 төгрөгийн хохирол учирсан, алдсан эд зүйлийнхээ хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 93-94 талд/

   4. Хохирогч Б.Гантөгсийн .. . . 2016 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшилийн 07-01 орх улсын дугаартай Тоёото Прүсс авто машинтай Цагаан чулуут багийн 52-р гудамжны 13 тоот хашааны гадна очиж найз Ганзоригийн гэрт орж хоносон. Тэднийх рүү орохдоо машинаа хашааны гадаа хаалганых нь дэргэд байрлуулаад орсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гараад иртэл машины баруун хойд талын салхины шилийг хагалж дотроос нь Gucci брэндийн бор өнгийн арьсан түрийвч, түрийвч дотор байсан миний өөрийн цахим үнэмлэх, Хаан банкны Виза карт, бэлэн 100.000 төгрөг, LG брэндийн 18 кратын эрэгтэй бугуйн цаг, хүрэн өнгийн хар ууттай зөөврийн Нагd, түлхүүрийн оосорт зүүлттэй байсан 32 gd багтаамжтай флаш, эрэгтэй савхин бээлий, Dell маркийн 21 инчийн компьютерын дэлгэц, мөн Dell маркийн кеборд /гар/ зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Хохирлоо бүрэн барагдуулж авна гэсэн мэдүүлэг /хх-ийн 148-149 талд/

   5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг. /15-19, 46-48, 88-91, 145-147 талд /

 6. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол. 1 ширхэг СД. /24 27 талд/

 7. Гэрч К.Дуламжавын .  2016 оны 05 дугаар сарын 19-ний 12 цагийн үед гэрээсээ гартал манай хашааны ард  цагаан өнгийн жижиг суудлын машин байсан. Уг машин дотор ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд машины хаалганууд хаалттай байсан. Би хэн нэгэн машинаа түр тавьсан юм байх гэж бодсон. Орой нөхөр маань ажлаасаа ирэхэд уг машин байж л байсан гэж надад хэлсэн. Бид нар хулгайн машин гэж огт бодоогүй, манай тэр хавийн айлын хүмүүсийн машин байх л гэж бодсон. Гэтэл өглөө босоход уг машиныг хэн нэгэн авч яваагүй байсан тул би хажуу айлын хүнд хэлээд цагдаа нар удалгүй ирсэн. Би уг машинд огт гар хүрээгүй, холоос л харсан. Манай хүүхдүүд ч тэр машинд хүрч, онгойлгож ороогүй, машины хаалганууд угаасаа хаалттай байсан. Би машин, тэрэг сайн мэдэхгүй тул гэрэл, эд анги нь байсан эсэхийг анзаараагүй, нэг цагаан өнгийн машин л зогсож байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29 талд/

       8. Гэрч И.Сангаагийн . . . 2016 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед би ажилдаа явахаар гэрээсээ гартал манай хашааны ард нэг цагаан өнгийн жижиг суудлын машин зогсож байсан бөгөөд уг машины урд хамрыг сөхчихсөн, урд 2 гэрэл нь газар уначихсан, хар өнгийн цүнх үүрчихсэн нэг залуу хамарны урд талд нь доошоо тонгойгоод байж байсан. Тэр өглөө цас орж байсан бөгөөд би тэр хүнийг машин тэргээ янзалж байгаа юм байх гэж бодоод хажуугаар нь өнгөрөөд яваад өгсөн. Тэр залуу надтай яриагүй. Ингээд орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл нөгөө машин зогсож л байсан. Машин дотор болон хажууд нь хэн нэгэн байгаагүй, машины хаалганууд хаалттай, урд хамрыг нь буулгасан, урд хойд их гэрлүүд нь байхгүй байсан. Тэгээд би гэртээ ороод амарсан бөгөөд тэр машин манай хашааны ард хоносон. Маргааш нь цагдаа нар ирээд би хулгайн машин болохыг мэдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 талд/

  9. Гэрч Ц.Баттөмөрийн . . . 2016 оны 05 сарын 19-ний өдөр шиг санаж байна нэг л их цас орсон өдөр байсан юм, өдрийн 12 цагийн орчим байх найзынхаа гэрт очих санаатай гэрээс гараад гудамж өгсөөд явж байтал гудамжны баруун хойд үзүүрт саарал өнгийн Гранд марк-2 маркийн авто машин хунгарласан цас руу суугаад зогсчихсон копуд нь онгорхой байхаар нь явж очоод машины копудыг нь хаачихаад явсан, машины өөр эд ангид гар хүрээгүй, урд хойд 4 их гэрлүүд нь байхгүй болчихсон байсан, цонхоор нь хальт харахад хүн болон эд зүйл харагдаагүй, тэгээд би найзындаа очиж хэсэг байж байгаад эргээд ирэхэд нөгөө машин байсан газартаа байж л байсан ойр хавьд нь хүн харагдаагүй, нэг мэдэхэд л машиныг аваад явчихсан байсан хэзээ хэн ирж авч явсаныг бол мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33 талд/

 10. “Найдвар Од Аудит” ХХК-ийн 2016.05.30-ны өдрийн 130 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт. 1.570.000 төгрөг. /хх-ийн 38-42 талд/

 11.Хохирогч С.Оюунцэцэгийн алдсан эд зүйлийн үнэлгээ. 31.450.000 төгрөг /хх-ийн 99-101талд /

 12. Гэрч П.Баярхүүгийн . . . 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр танил эгч Оюунцэцэгийн хамтаар Орхон аймаг руу гоёлын бараа зарахаар явсан юм. Орхон аймагт шөнийн 02 цаг өнгөрч байхад очсон юм. Оюунцэцэг эгч танил айлдаа хонох гэж байсан боловч нөгөө айлых нь хүний гар утас нь холбогдохгүй байсан учир тэр айлын ойролцоо “Чка” нэртэй буудалд орж амархаар болсон юм. Өглөө босч байхад Оюунцэцэг эгч утасны цэнэглэгч аваад ир гэхээр нь би машин руугаа гартал миний машины жолооч талын арын шилийг хагалсан байдалтай байсан. Машин доторх юмыг нь хартал хамаг эд зүйл нь байхгүй байсан учир Оюунцэцэг эгчид хэлсэн тэгээд буудлын жижүүр цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 талд/

 13.Хохирогч Б.Гантөгсийн алдсан эд зүйлийн үнэлгээ. 2.165.000 төгрөг. /хх- ийн 152 талд/

          14. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Г.Идэрхангай нь давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч 2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд их гэрэл, аккумлятор болон тээврийн хэрэгсэл дотор байсан гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж Ц.Отгонбаярт 1 570 000 төгрөгийн,

2016 оны 05 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чка” зочид буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байсан 25-42 УНХ улсын дугаартай Верна аксент маркийн авто машины зүүн хойд талын салхины шилийг хагалан С.Оюунцэцэгийн БНСУ-аас оруулж ирсэн гоёлын ээмэг зүүлт бөгж бугуйвч, бэлэн шинэ хувцас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 31 450 000 төгрөгийн,

2016 оны 05 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжны 13 тоот хашааны гадна байсан Б.Гантөгсийн 07-01 ОРХ улсын дугаартай Тоёото Прус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалан Gucci /Гүччи/ брэндийн бор өнгийн арьсан түрийвч, цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 100 000 төгрөг, LG брэндийн 18 кратын эрэгтэй бугуйн цаг, зөөврийн хард, 32 gb багтаамжтай флаш, эрэгтэй савхин бээлий, Делл маркийн 21 инчийн компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 2 265 000 төгрөгийн,

2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан Ц.Отгонбаярт 5 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Отгонбаяр, С.Оюунцэцэг, Б.Гантөгс нарын мэдүүлэг, гэрч  К.Дуламжав, И.Сангаа, Ц.Баттөмөр, П.Баярхүү нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.

Шүүгдэгч Г.Идэрхангайд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг , бусдын авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Идэрхангай нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Ц.Отгонбаярын 66-54 оро улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Г.Идэрхангайд  Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Идэрхангайгаас 35 285 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Отгонбаярт 1 570 000 төгрөг,  хохирогч С.Оюунцэцэгт 31 450 000 төгрөг,  хохирогч Б.Гантөгсөд 2 265 000 төгрөг  тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь 86 хоног  цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Дунж овгийн Ганзоригийн Идэрхангайг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

          2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Идэрхангайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Г.Идэрхангайгаас 100 000  /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж,  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Идэрхангайгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Идэрхангайгийн цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

    7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Идэрхангайгаас 35 285 000 /гучин таван сая хоёр зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж,  хохирогч Ц.Отгонбаярт  /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-72 тоот, ФЖ 76032213/ 1 570 000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг, хохирогч С.Оюунцэцэгт / Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Шинэ үе хотхон 103-40 тоот, ОР 72111208/  31 450 000 /гучин нэгэн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Гантөгсөд /Орхон аймаг Баян Өндөр сум Зэст баг 1-4-70 тоот, ФМ 68072471/ 2 265 00 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

          8.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

                               ШҮҮГЧИД                                     Ц.АЛТАНГАДАС.

                                                                                     Ж.БАЙГАЛМАА.