Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 133

 

М.Төрмөнхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Баялагмаа нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0117 дугаар магадлалтай, М.Төрмөнхийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэрээр: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан М.Төрмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Төрмөнхийг /РД:ЧЗ68072013/  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Могултаун хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж,

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0117 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээн, гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Төрмөнхийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэр, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0117 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1. Шүүхийн шийдвэр болон магадлал хэрэгт авагдсан нотлох баримт хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл: тус хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай”, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол” зэрэг нотлох баримтуудад тодорхойлсон нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шийдвэрлэсэн. Шүүгчээс “дуусаагүй барилга”-ын аль хэсгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж байгаа талаар нарийн судлаагүй, өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслээгүй гэж үзсэн боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэл, тогтоолуудад барьцаа хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хэсэгчлэн хязгаарлах шийдвэр гараагүй байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай” мэдэгдэлд “Могул скай” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь битүүмжлэх талаар шийдвэр гаргасан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот “үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-оор албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдсэн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсаар байтал үүнийг харгалзан үзэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж мөн тус шийдвэрийг хэвээр үлдээж магадлал гаргасан нь шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

2. Тус магадлалын үндэслэх хэсзгт /магадлалын 3-р тал/ “... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзнэ” гэж хянасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-т   “эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн хуулийн хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Тус магадлалын үндэслэх хэсэгт /магадлалын 4-р тал/ “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар... хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж бүртгэх үүрэгтэй” гэж хянасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн хуулийн хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. “Могул Скай” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авсан бөгөөд М.Төрмөнхийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 1А буюу 98, Г97 хаягт байрлах автозогсоол нь “Могул Скай” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд хамаарч байна. Зээлдэгч “Могул скай” ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот, автомашины зогсоол, зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар шаардах эрх үүссэн байхад шүүгчээс “нэхэмжлэгч М.Төрмөнх нь уг барьцааны гэрээний оролцогч биш, Улаанбаатар хотын банкны өмнө ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй байна” гэж үзэж байгаа нь барьцаа хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд шүүх хуралдааны явцад хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэр, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Төрмөнхөөс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Могултаун хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан үндэслэлээ “... “Могулскай” ХХК-иас худалдаж авсан, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ... шийдвэрээр /эдгээр/ үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон /байхад/ ... бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “... өмнөх өмчлөгч болох “Могулскай” ХХК-иас /маргаан бүхий/ үл хөдлөх хөрөнгүүдийн зээлийн барьцаанд тавьсан ... барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул ... уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М.Төрмөнхийн нэр дээр бүртгэх /боломжгүй/” гэж тус тус маргажээ. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Могул скай” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот банктай ЗГ0001/110727 дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 30% гүйцэтгэлтэй барилга, мөн байршилд Г97 дугаартай, 2717 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 95% гүйцэтгэлтэй 2 хэсэг барилгыг “түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт” уг зээлийн барьцаанд бариулсан, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх барьцааны зүйлд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 98 дугаар байрны 207 тоот 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц багтсан, эдгээр үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч М.Төрмөнх нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Могул скай” ХХК-тай 1А/16 дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг 98 дугаар байрны 207 тоот 3 өрөө орон сууцыг захиалсан, ийнхүү гэрээ хийх үед уг “98 дугаар байр” гэх үл хөдлөх эд хөрөнгө нь “түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт” гуравдагч этгээдэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, барьцааны эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... 98 дугаар байр ... зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа хэдий ч М.Төрмөнхийн худалдан авсан ...  /98 дугаар байрны 207 тоот/ орон сууцыг ... уг барьцааны гэрээний барьцаалбарт хамааруулан үзэх боломжгүй” гэж дүгнэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй,  нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “1А-9, ГГ2-55 автомашины зогсоолууд” гэх үл хөдлөх хөрөнгө нь хаана байрлалтай, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаар нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийгээгүй, түүнчлэн, шүүхүүд улсын бүртгэлийн байгууллагын “хууль бус эс үйлдэхүй”, буруутай үйл ажиллагааг тогтоохдоо эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл, тусгай тэмдэглэл хийгдсэн эрхийн улсын бүртгэл, түүнтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, зээлийн болон барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон хэд хэдэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан, уг шийдвэрүүдийн аль нь улсын бүртгэлийн байгууллагад ямар эрх, үүрэг үүсгэж байгаа, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь ямар хуулийн заалт эсхүл аль шүүхийн шийдвэрт нийцээгүй талаар шүүхүүд тодорхой дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА