Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2018/00176

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээнговь сумын, 1 дүгээр баг, 14-66 тоотод оршин суух, А овогт Б.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь суманд байрлах, Ш-О ХК-д холбогдох  

Ш-О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар миний биеийг сахилгын зөрчил удаа дараа гаргасан мэтээр хэлэлцэж, ажлаас үндэслэлгүйгээр халсан. Тухайн хурал дээр өөрийн буруугүй болохыг хэлсэн боловч авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан. Сахилгын шийтгэлийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар дугуйны элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр шийтгэл ногдуулсан. Ш-О ХК нь элэгдэл хорогдлыг тооцох журамтай бөгөөд дугуйнд тогтоосон норм гэж байдаг. Гэтэл Б.М шинэ дугуй хагалсан гэсэн үндэслэлээр анхны сануулах арга хэмжээг авсан байдаг. Анхны авсан сануулах арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас хална. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гэж, 15.4.2-т Сахилгын зөрчил тус бүрийг тогтоосон байх шаардлагатай гэж заасан. Б.М нь 05 дугаар сарын 07, 14-ний өдөр ажил тасалсан нь тогтоогддог юм уу, 06 дугаар сарын 04-нд үйлдвэр дотор байх тээврийн хэрэгслийг дур мэдэн авч явсан нь тогтоогддог юм уу гэдгийг тогтоож байж шийтгэл ногдуулах ёстой. Харин хариуцагч тал эдгээрийг тогтоохдоо Ш-О ХК-ийн захирлын зөвлөлийн хурлын 12 дугаартай тэмдэглэлээр зөрчил гэж тогтоогоод байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслээд байгаа үйл баримт нь ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байгаа. Жишээ нь 05 дугаар сарын 07, 14-ний өдөр Б.М бүтэн ажил тасалснаар бүртгэсэн. Цахим бүртгэлийн программыг харахаар Б.М гэдэг хүний 05 дугаар сарын 07-ны өдрийн ажилласан цаг нь бүртгэлтэй байгаа. 05 дугаар сарын 14-ний өдөр гар бүртгэлийн дэвтэрт С.Г гэдэг хүн засвар оруулсан. Ё.Б, Л.Мөнхтөр нарт Б.М ажилд ирсэн өдрийг зассан гээд нэг сарын цалингийн 20 хувиар хасуулж сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд 05 дугаар сарын 07, 14-ний өдөр ажил тасалсан гэдэг нь эргэлзээтэй. Ш-О ХК-ийн журамд 2 өдрөөс дээш өдөр ажил тасалсан бол ажлаас чөлөөлнө гэсэн заалт байдаг. Харин Б.М хувьд 2 өдөр ажил таслаагүй нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Тухайн шийдвэрийг гаргасан захирлын зөвлөлийн гишүүн Г.Г гэрчийн мэдүүлэг авсан. Шийдвэр гаргасан хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь буруу гэж үзэж байгаа учраас үүнийг хавтаст хэргээс хасах нь зөв. Мөн Ш-О ХК-аас цаг бүртгэлийн журмыг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын цаг дуусаад 16 цаг болж байхад н.Б гэдэг дарга Б.М 21 дүгээр зөрлөг рүү бичиг хүргэж өг гээд тээврийн хэрэгслээр явуулсан байдаг. Шүүхийн үзлэгээр 17 цаг 20 минутад грашдаа машинаа тавьсан. Тогтоогдохгүй үйл явдлуудыг тал талын эргэлзээтэй нотлох баримтуудыг нийлүүлж тэмдэглэл гэж биччихээд, түүнийгээ захирлын зөвлөлийн гишүүд нь гар өргөж баталчихаад үүнийгээ Б.М сахилгын зөрчил нотлогдож тогтоогдож байна гээд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Б.М нийгмийн даатгалын дэвтэр болон тухайн цалингийн хүснэгтийг харахаар ажил тасалсантай холбоотой суутгал байхгүй байгаа. Тухайн өдрийн ажил тасалсантай холбоотой ажил тасалсан үйл баримт байхгүй, тээврийн хэрэгслийг авч явсан гэсэн баримт байхгүй, хэлбэрийн төдий зүйлүүдийг нэгтгэж байгаад сахилгын зөрчилд тооцсон үйл баримт харагдаж байна. Шүүхэд гаргаж өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад эдгээр үйл баримтууд нь нотлогдохгүй байна. Тээврийн хэрэгслийг хувийн ажилд унаж яваад, эд зүйлийг нь гэмтээгээд нэг газар хаячихсан бол дур мэдэн авч яваад байгууллагад хохирол учруулсан гэж хэлж болно.

Иймд миний үндсэн хуулиар олгогдсон ажиллаж, хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь зөрчсөн гэж үзэж байгаа тул Ш-О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 тушаалыг хүчингүй болгож, Үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ш-О ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.М гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тээвэр үйлчилгээний авто машины жолооч Б.М тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/230 дугаар тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалсан, компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч яван хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Б.М өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан юм.

Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалж, зөрчил гаргасан болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн баримтууд, хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Компанийн ажилтнуудын ажлын цаг бүртгэл, цаг ашиглалт, илүү цагийг тооцох, хяналт тавих журмын 3.1.-д “Ажилтнууд ажлын байранд ирэх, ажлаас тарах цагаа цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ирсэн, явсан цагаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ” 3.2.-т “ажилтны ажилдаа ирэх, тарахдаа бүртгүүлсэн цагийн зөрүүгээр ажлын цаг бүртгэлийн тооцоонд тусгагдах тул бүртгэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажил тасалсанаар тооцно” гэж зааснаар зохицуулсан болно.

Б.М ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ажилд ирсэн, явсан байдлаа тэмдэглүүлсэн байдал тун хангалтгүй бөгөөд ирсэн, явсан цагаа тэмдэглүүлэхгүй, хурууны хээгээ дарахгүй байх олон тохиолдол тогтоогдсон.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмыг батлан гаргасан. Журмын 2.1-д “Албан журмын байнгын зөвшөөрөлтэйгөөс бусад үйлдвэрлэлийн талбайгаар нэвтрэх /орж, гарах, дайран өнгөрөх/ тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр оруулж гаргана. Тусгай зөвшөөрлийг ээлжийн дарга, харуул хамгаалалтын албан хаагчид мэдэгдэнэ. 2.2-т Ш-О ХК-ийн шалган нэвтрүүлэх №01, №03 постоор шууд нэвтрэх болон зөвшөөрөлтэй орох, гарах автомашинуудын жагсаалтыг журмын хавсралтаар гарган мөрдөн ажиллана. 2.4-т “Ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гардаг автомашинууд нь ажлын цагаар урьдчилан зөвшөөрөл авсан байх ба зөвшөөрөл аваагүй тохиолдолд уурхайн бүсээс гарахгүй” байхаар зохицуулсан. Журмын 2 дугаар хавсралтын 11-д Б.М нь Пикап Шивролет 57-72 ГСА улсын дугаартай автомашиныг Ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гарах ёстой байна. Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уурхайн Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмыг зөрчиж, ерөнхий инженерээс уурхайн бүсээс гарах зөвшөөрөл авалгүйгээр авто машиныг жолоодон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумруу авч явсан зөрчлийг гаргасан байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий инженер Г.Г, Б.М нь уурхайн үйлдвэрлэлийн талбайгаас нэвтрэн гарах зөвшөөрөл огт аваагүй болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн болно.

Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.3, 10.3.13-т зааснаар компанийн эд хөрөнгийг дур мэдэн авч явах, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэх нь ноцтой зөрчилд тооцох заалттай. Компанийн үйлдвэрлэлийн талбай, Шивээговь сумын хооронд 25 км зайтай бөгөөд компанийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч гаран ирж, буцах замд авч явж хохирол учруулсан, авч явсан машиныг нь өөрөө хүргэж очоогүй бөгөөд өөр жолооч очиж авсан хүртэл нөхцөл байдал илэрсэн.

Ш-О ХК-ийн зүгээс ажилтны хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг огт зөрчөөгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр болсон захирлын зөвлөлийн хуралд Б.М болон тус компанийн Тээвэр үйлчилгээний хэсгийн дарга холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан. Уг хуралд Б.М холбогдох тайлбар, санал сэтгэгдлээ илэрхийлсэн, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон зүйл огт байгаагүй болно.

Б.М гаргасан зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн нөхцлүүдийг хангасан байгаа болно. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул Б.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

         Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч тал Б.М сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр  ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.   

Б.М нь ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/230 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

Ажил олгогч нь Б.М үйлчилгээний автомашины жолоочийн албан  тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2, 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.9, 8.3.6, 10 дугаар зүйлийн 10.3.13, 12 дугаар зүйлийн 12.2.7., Хөдөлмөрийн гэрээний 1.5, 7.2.4, Компанийн үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмын 2.1, 2.4, 2.8, 4.1, Компанийн ажилтнуудын ажлын цаг бүртгэл, цаг ашиглалт, илүү цагийг тооцох, хяналт тавих журмын 3.1, 3.2, Захирлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Шүүх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ногдуулах эрхтэй.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай болно. 

Ш-О ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар Б.М сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал уг тушаалд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.

 Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б/230 дугаартай тушаалаар 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалсан, компанийн эд хөрөнгийг дур мэдэн авч явсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Б.М ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалсан гэх тухайд:

1. Б.М өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа нь 8 цаг байсан болон өглөө 8:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусна гэж тайлбарлаж, энэ талаар талууд маргаагүй. Ш-О ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/23 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-т ажилчдын ажлыг цагийг журамласан, мөн Компанийн ажилтнуудын ажлын цаг бүртгэл, цаг ашиглалт, илүү цагийг тооцох, хяналт тавих журмын 3.1-д Ажилтнууд ажлын байранд ирэх, ажлаас тарах цагаа цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ирсэн, явсан цагаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ гэж, 3.2.-т ажилтны ажилдаа ирэх, тарахдаа бүртгүүлсэн цагийн зөрүүгээр ажлын цаг бүртгэлийн тооцоонд тусгагдах тул бүртгэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажил тасалсанаар тооцно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10:55-16:47 цаг гэж бүртгүүлсэн, 14-ний өдөр цаг бүртгүүлээгүй болох нь Цахим бүртгэлийн программ гэх баримтаар нотлогдож байхаас гадна тус шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн Тээвэр үйлчилгээний хэсгийн даргаар ажиллаж байсан С.Г нь “2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд Б.М би чөлөө өгөөгүй, 07-ны өдөр тэр цагдаад мэдүүлэг өгч байсан гэдгийг надруу цагдаагаас мэдэгдсэн, Л.М, Ё.Б механик нарт хэлсэн байсан” гэх агуулга бүхий мэдүүлгээр Б.М хэсгийн дарга С.Г чөлөө өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Б.М 2018 оны 1-6 сарын цалингийн дэлгэрэнгүй тодорхойлолт гэх баримтын 5 дугаар сарын бүрэлдэхүүн гэх хэсэгт тасалсан цаг 12 гэсэн байна /хх-65/.   

Нөгөөтэйгүүр Ё.Б “Б.М надруу залгаад чөлөө өгөөч гэсэн, би Б.М хэсгийн даргаас чөлөө аваарай, би чөлөө өгөх эрхгүй гэж хэлсэн” гэх, Л.М “надад мөн хэлсэн. Би хэсгийн даргад хэл гэж хэлсэн байгаа” гэх /хх-94/ Ш-О ХК-ийн Захирлын зөвлөлийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 тоот тэмдэглэлд дурдсанаас үзэхэд Б.М нь журамд заасны дагуу чөлөө аваагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. 

Ш-О ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т “Ажилтны хүсэлтийг үндэслэн 1 өдрийн чөлөөг хэлтэс, алба, хэсгийн удирдлага олгох”-оор журамласан байх бөгөөд дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.М нь хэсгийн удирдлага болох Тээвэр үйлчилгээний хэсгийн дарга С.Г журамд заасны дагуу чөлөө аваагүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан Ажилчин, албан хаагчийн өдөр тутмын ирцийн бүртгэл 2018 оны 05 сар гэх баримтад /хх-144/ 7-ны өдөр өглөө ирсэн 11 цаг, орой тарсан 17 цаг, ажилласан цаг 8, 14-ний өдөр өглөө ирсэн 08, орой тарсан 17, ажилласан цаг 8 гээд чөлөөтэй, тасалсан хэсгүүдэд засвартай, нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан баримтуудыг эргэлзээтэй гэх боловч Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.6-д заасны дагуу чөлөөг зохих журмын дагуу аваагүй байна гэж үзэх үндэстэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12.2.7-д хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд харьяалагдах удирдлагад урьдчилан мэдэгдэж зохих журмын дагуу чөлөө авах нь ажилтны үүрэг байх бөгөөд Б.М нь журамд заасны дагуу чөлөө авсан болохоо нотлох баримтаар нотлоогүй болно.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд 12 цагийн ажил тасалсан гэх ажил олгогчийн тушаалын энэ хэсэг үндэслэлтэй гэж үзлээ.

2. Компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, дур мэдэн авч явж, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч тал энэхүү үндэслэлээ Б.М 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Пикап Шевролет маркийн 57-72 ГСА улсын дугаартай автомашиныг уурхайн бүсээс авч гарсан гэж тайлбарлаж,

нэхэмжлэгч тал Б.М албан үүргээ гүйцэтгэсэн буюу 21 дүгээр өртөө рүү бичиг хүргэж өгсөн, ээлжийн даргаас зөвшөөрөл авч гарсан, машинаа Шивээговь сумын төвд байрлах гражид байрлуулсан гэж маргаж байна.

Талууд албан үүргээ гүйцэтгэж байсан буюу Төмөр замын 21 дүгээр өртөө рүү бичиг хүргэж өгсөн, машинаа Шивээговь сумын төвд байрлах гражид байрлуулсан талаар маргаагүй болно.

Гэвч Ш-О ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/103 тоот журам батлах тухай тушаалаар батлагдсан Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмын 2.1-д “Албан журмын байнгын зөвшөөрөлтэйгөөс бусад үйлдвэрлэлийн талбайгаар нэвтрэх /орж, гарах, дайран өнгөрөх/ тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр оруулж гаргана. Тусгай зөвшөөлийг Ерөнхий инженер, түүний эзгүйд Технологи бодлогын хэлтэс, Техникийн бодлогын хэлтсийн дарга нар олгож, уг зөвшөөрлийг Ээлжийн дарга, харуул хамгаалалтын албан хаагчид мэдэгдэнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч тал Б.М ээлжийн даргаас зөвшөөрөл авч, уурхайн бүсээс машинтайгаа гарсан гэх боловч дээрх журамд зааснаар ээлжийн дарга зөвшөөрөл өгөх эрхгүй байна.

Мөн тушаалын 2 дугаар хавсралт, Ш-О ХК-ийн шалган нэвтрүүлэх №01, №03 постоор шууд нэвтрэх болон зөвшөөрөлтэй орох, гарах автомашинуудын жагсаалтын 11-т Пикап Шевролет маркийн 57-72 ГСА улсын дугаартай авто машин нь Ерөнхий инженерээс зөвшөөрөл авахаар журамласан байна /хх-61/.     

Б.М нь тус компанийн Ерөнхий инженер Г.Г зөвшөөрөл авахгүйгээр Пикап Шевролет маркийн 57-72 ГСА улсын дугаартай авто машинаар уурхайн бүсээс гарсан болох нь гэрч Г.Г мэдүүлгээр тогтоогдсон болно /хх-116-117/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Г нь Б.М ажлаас чөлөөлөхөд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан тул түүний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэх боловч Б.М ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Э гаргасан байх бөгөөд гэрчид хуульд заасан үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг тайлбарласны эцэст гэрчийн мэдүүлэг авсан тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Мөн Б.М Компанийн захирлын зөвлөлийн хуралд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхийг хязгаарласан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй болно.

Ажилтан компанид мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад журмыг зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж, сахилгын шийтгэлтэй байхдаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд Ш-О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай Б.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Ш-О ХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.НАРАНЧИМЭГ