Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 140/2020/00418/И |
Дугаар | 001/ХТ2021/00711 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00711
Д.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дүгээр шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00028 дугаар магадлалтай,
Д.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй,
Завхайн аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговорт 24,413,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2014 оноос хойш сургуулийн захирлын ажлыг хийж байгаад 2018.09.21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийн дагуу 2 өдрийн ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргахад Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.30-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2019.04.04-ний өдрийн 04 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020.02.13-ны өдрийн 95 тоот тогтоолуудаар уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэж Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. 2018.09.21-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэргийг нөхөн олгож буруутай этгээдээр дэвтэрт бичилт хийлгэх, цалин, орон нутгийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, ур чадвар, зэргийн нэмэгдэл зэргийг бүрэн олгуулж нийт 21,435,555 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Цогтсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цогзолмаа нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн тул Аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэргийн баримт болох Д.Цогзолмаагийн Нийгмийн даатгалын дэвтрийн цалингийн бичилтээс үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын цалин 738,957 төгрөг, 10 дугаар сарын цалин 887,381 төгрөгийг олгосон нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн 9, 10 дугаар саруудын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын 2020.06.02-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Д.Цогзолмааг Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон бөгөөд Д.Цогзолмаа нь 06 сарын 29-ний өдөр ажлаа хүлээн авсан байна. Нэхэмжлэлд дурдсан Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлсийг тооцон олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх хугацаанд Д.Цогзолмаа нь ээлжийн амралтаа эдлээгүй тул ээлжийн амралтын мөнгө олгох мөн эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн ажилгүй байсан хугацааны буюу 2019.09.25-ны өдрөөс 2020.06.19-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16,215,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 239,028 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 205/МА2020/00028 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 531 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь 2019 оны 09, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль, 2020 оны 1 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд багшилж байсан бөгөөд энэ саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргуулалгүй ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч байгууллагад даалгасан байна. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.18-ны өдрийн 1966 дугаартай захирамжаар ...Идэр сумын сургуулийн захирал Д.Цогзолмаагийн /РД:ИЖ79072701/ 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөр ажил эрхэлж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргаж ирүүлэх үүргийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. нотлох баримт ирүүлэхийг даалгасны дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.08.20-ны өдрийн 294 дугаар албан бичгээр Иргэн Д.Цогзолмаа /РД:ИЖ79072701/ нь 2019 оны 09, 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3-р сургуульд, 2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Наран дунд сургуульд тус тус ажиллаж байсан байна захирамжид дурдсан ажиллаж байсан эсэх талаарх тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд энэ ажиллаж байсан сарууд болох 2019 оны 09, 10 дугаар сар, 2020 оны 01 дүгээр саруудад нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргаж ирүүлээгүй байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн заалтын дагуу ажил олгогч болох Сүхбаатар дүүргийн 3-р сургууль болон мөн дүүргийн Наран дунд сургуулиуд нь нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 10 дугаар сарын бичилтийг 2018 оны 10 дугаар сарын хэсэгт хийсэн, 2019 оны 9 сар болон 2020 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын бичилтийг хийгээгүй нь хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 -т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу ажил олгогч болох Сүхбаатар дүүргийн 3-р сургууль болон мөн дүүргийн Наран дунд сургуулиуд нь хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул эдгээр 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхар төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй, хуульд нийцэхгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, 2018.09.21-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,413,205 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2019 оны 9, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль, 2020 оны 1 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд багшилсан. Энэ 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхар төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ажил олгогч 2018.09.21-ний өдөр нэхэмжлэгч Д.Цогзолмааг ажлаас үндэслэлгүй халсан талаарх маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Улсын дээд шүүхийн 2020.02.13-ны өдрийн 001/ХТ2020/00095 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар Завхан аймгийн Засаг даргын 2020.06.02-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар ажилдаа орсон тухайд талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас ажилгүй байсан 2018.09.21-ний өдрөөс 2020.06.02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,413,205 төгрөг гаргуулахыг шаардаж буй нь хууль зүйн үндэслэлтэй, уг шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг сар бүрийн ажлын өдрөөр нэг бүрчлэн тооцож гарган, нэхэмжлэлээс 16,215,552 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж, цалин орлогоо авч чадаагүй тул түүнийг өөр байгууллагад 3 сар түр ажилласан гэсэн үндэслэлээр мөн хугацаанд холбогдох шимтгэл төлөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүйгээс гадна 2018 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,215,552 төгрөг гаргуулж үлдэх 8,197,653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, маргааны зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн тул хуулийн үндэслэл бүхий шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ