Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00587

 

 Л.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1519 дүгээр магадлалтай,

Л.Туяагийн нэхэмжлэлтэй,

Ерөнхий боловсролын Шилдэг сургуульд холбогдох

Цалин хөлс 3,809,804 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Туяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2017.09.05-ны өдөр Шилдэг дунд сургуулийн захирал М.Туяатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Шилдэг сургуулийн санхүүгийн ажил хариуцсан захирал Б.Баттүвшин нь 2019.09.16-ны өдрийн Б/134 тоот дугаартай тушаал гарган ажлаас халсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2019.11.25-ны өдрийн 101/ШШ2019/03316 дугаар шийдвэрээр бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоон, Шилдэг сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1,904,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болно гэж заасны дагуу ажилд эгүүлэн томилуулах тушаалаа гаргуулах гээд Шилдэг сургууль дээр хэд хэдэн удаа өөрийн биеэр очиж уулзтал шийдвэрээ авчирч байж тушаалаа гаргуулж ажилдаа ор гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Улмаар шийдвэрээ авч очсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж тойрох хуудас бөглүүлж ир, бүх хүмүүсээр нь гарын үсэг зуруулж ир, мөн 9 дүгээр сарын тайланг дахин гаргаж өг тэгвэл чиний ажилд эгүүлэн авах тушаалыг гаргаж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу би тойрох хуудсанд дахин гарын үсэг зуруулж эхэлсэн бөгөөд зарим удирдлагууд нь одоог хүртэл гарын үсэг зураагүй миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаагаас гадна шүүхээс гарсан шийдвэрийг үл хүндэтгэж байна. Иймд 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01, 02, 03 дугаар сарын ажилгүй байсан үеийн 4 сарын цалин хөлс болох 3,809,804 төгрөгийг Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн 03316 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч иргэн Л.Туяаг ажилд нь эгүүлэн авахад бэлэн байсан ба энэ талаар Л.Туяад тэр даруй мэдэгдсэн.

Л.Туяа нь шүүхийн шийдвэр гарсан даруйд бидэнтэй ирж уулзаагүй, тодорхой хугацааны дараа шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгийг авах гэж ирж уулзсан ба ингэхдээ ажилдаа буцаж орохгүй, дахин багш хийх сонирхолгүй байгаа гэдгээ бидэнд амаар мэдэгдсэн болно. Сургуулийн зүгээс нэгэнт ажилдаа буцаж орохгүй юм бол ажил хүлээлцэх тойрох хуудсыг холбогдох журмын дагуу үйлдэхийг, мөн ажилдаа буцаж орохгүй гэх, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалж байгаа тухай өргөдлөө бичгээр гаргаж өгөхийг шаардсан боловч ор сураггүй алга болсон. Сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрт хүндэтгэлгүй хандсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн зүйлгүй, иргэн Л.Туяаг ажилд нь буцаан томилохдоо ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард ажилгүй байсанд сургууль буруугүй. Л.Туяагийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас 1,240,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Туяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,569,404 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Туяагийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1519 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1519 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172.2.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Туяа нь 2020.01.06-ны өдөр Шилдэг бүрэн дунд сургуулиас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн боловч чөлөөлөгдөх хүсэл зоригоо анх ажлаас чөлөөлөгдөх тушаалаа гардан авсан өдөр болох 2019.09.20-ны өдөр илэрхийлж ажилдаа огт ирээгүй бөгөөд улмаар шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь хуулиар олгосон ажилтанд эрх олгосон боломжийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэн 2019.11.25-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч ажилдаа эргэн орохгүй гэж ажилдаа ирээгүй ор сураггүй алга болсон бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхөн олговрыг авах шаардлагаа илэрхийлэн 2020.01.06-ны өдөр сургуульд ирсэн бөгөөд сургуулийн захиргаанд хандан өргөдөл гаргасан. Тэрээр өргөдөлдөө "2019.09.20-ны өдөр халагдсан тушаал аваад маш их цочролд орж дахин багш хийх сонирхолгүй болон энэ хамт олонтой ажиллах хүсэлгүй байна" гэж бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн. Сургууль нь Хөдөлмөрийн хуулийн дагуу багш ажиллагсадтайгаа хамтран ажиллаж ирсэн бөгөөд ямагт ажилтны эрх ашгийг дээдлэн сурагч, багш нартаа сургалтын таатай орчин бүрдүүлэн сурагчиддаа өндөр боловсрол эзэмшүүлэхийг чармайн ажилладаг. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон багш Л.Туяаг ажлаа хийхийг нь удаан хүлээсэн боловч ирээгүй бөгөөд ажилдаа орохгүй мөнгөө л авъя гэсэн тул ажлаас халах тушаалыг гаргасан. Гэтэл 2020.01.07-ны өдөр нэхэмжлэгч дахин шүүхэд хандан 2019 оны 12 сар 2020 оны 1-р сарын цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байсан. Анх буюу 2019 оны 9 сард шүүхэд хандсан маргаанд бид давах болон хяналтын гомдол гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг хичээсэн боловч дахин шүүхэд нэхэмжлэл гарган ажлаа огт хийхгүй хэмээн ирээгүй атлаа Хөдөлмөрийн хуулийн 69.1-г барин нэхэмжлэл гаргасан нь шударга бус ажил олгогчийг үл хүндэтгэсэн үйлдэл болсон тул эс зөвшөөрөн маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт цугласан баримтад хэт нэг талыг барьсан дүгнэлт хийн бодит байдалд нийцэхгүй, хөрөнгөжих гэсэн ажилтны зүй бус шаардлагыг хангасан нэхэмжлэгчид ашигтай шийдвэр, магадлалыг гаргасан тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1519 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг ИХШХШТ хуулийн 172.2.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн гаргаж байгааг ханган мөн хуулийн 176.2.2 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Туяа нь хариуцагч Ерөнхий боловсролын Шилдэг сургуульд холбогдуулан 2019 оны 12 сар, 2020 оны 01-03 сар хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,809,804 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1,240,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Туяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,569,404 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар Л.Туяаг Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1,904,902 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр авагджээ.

Хариуцагч сургууль нь дээрх шийдвэрийн дагуу Л.Туяад ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч ирээгүй, дараа нь цалингаа авах гэж ирсэн гэж тайлбар гарган маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчийн хооронд үүссэн маргааныг хэргийн баримтын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв гэж үзнэ.

Иймээс ...шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг хичээсэн боловч дахин шүүхэд нэхэмжлэл гарган ажлаа огт хийхгүй хэмээн ирээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нэхэмжлэл гаргасан нь шударга бус... гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах 2020.01.06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д нийцжээ.

Иймээс нэхэмжлэгч Л.Туяаг ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг 2020.01.06-ны өдрийг хүртэлх хугацаагаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, энэ хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй, түүнчлэн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажил олгогчийн үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгасан нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1519 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 34,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД