Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/01575

 

 

 

 

 2020         05           06                                        101/ШШ2020/01575

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Л.Т-ийн

Хариуцагч: Е Б Ш Б Д С-д холбогдох

Цалин хөлс болох 3,809,804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л овогтой Т миний бие Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийг 2016 онд “Бага ангийн багш" мэргэжлээр төгссөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “******* бүрэн дунд сургуулийн захирал М.Т-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 1а ангийг гардан авч “Бага анги”-ийн багшаар томилогдон ажиллах болсон. Томилогдон ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод журмыг чандлан сахиж хууль болон гэрээнд заасан үүрэг даалгавраа цаг тухай бүрд нь биелүүлж, үр дүнтэй, тогтвор суурьшилтайгаар боловсролын салбарт ажилласан.

Сургуулийн зүгээс 2018-2019 оны хичээлийн жилд англи хэлний хичээлийг хүүхэд нэг бүрд ижил түвшинд хүргэх зорилгоор хичээлийн 2 дугаар улирлаас эхлэн хүүхэд бүрээс түвшин тогтоох шалгалт авч хэд хэдэн групп-т хуваан түвшинд таарсан арга барилаар ангил хэлний хичээлийг орсон.

Ингээд 2019-2020 оны хичээлийн жилд "*******” бүрэн дунд сургуулийн зүгээс дахин хэд хэдэн менежментийн өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн англи хэлний түвшинг тогтоон шалгалт авч шалгалтын хариуг үндэслэн хүүхдүүдийг 2 хэсэгт хуваан анги солих болон өөр хооронд нь шалгалтад авсан дүнг харгалзан сайн болон муу гэж ангилсан.

Миний бие сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 2019 оны 9 сарын 12-ны өдөр эцэг, эхийн хурлын товыг зарлаж хуралдуулсан. Уг товлогдсон хурал болохоос өмнөх орой нь сургуулийн захиргаанаас эцэг. Эхчүүдийн е-майл хаягруу судалгааны хуудсыг илгээсэн байсан ба тухайн судалгааны хуудсандаа авсан шалгалтын үр дүнгээс хамааран ангийг хуваах талаар санал хүсэлтийн хуудсыг ирүүлсэн байсан.

Ингээд хурал товлогдсон хурлын явцад эцэг, эхчүүд хүүхдүүдийн анги солих асуудлыг эсэргүүцэж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэн сургуулийн захиргаанд санал хүсэлтээ бичгээр илэрхийлэн протокол үйлдэн гарын үсэг зурж сургуулийн захиргаа руу илгээсэн.

Эцэг, эхчүүдийн хувьд сургуулийн хариуцлагагүй байдал болон хүүхдийн сайн болон муу хэмээн ангилсан явдалд ихэд уурлаж бухимдсан байсан бөгөөд “*******” бүрэн дунд сургуулиас сургалтын чанарт нь хариуцлага тооцуулахаар байр сууриа илэрхийлсэн үйлдлүүд гаргасан.

Гэтэл сургуулийн зүгээс тус хурал дээр болсон үйл ажиллагааг багш намайг гардан зохион байгуулсан, эцэг эхчүүдийг удирдан зохион байгуулж чадаагүйн улмаас сургуулийн захиргаанд эцэг. эхчүүдийн зүгээс өргөдөл, гомдол ирсэн, зарим хүүхдүүд сургуулиас гарсан хэмээн Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 "багш энэхүү гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн" 10.2.4 “Суралцагч, эцэг, эх. асран хамгаалагчийг хувийн зорилгоор аашигласан эсвэл тэднийг ялгаварлан харилцсан, шан харамж авсан, худал мэдээлэл тараасан, сургуулийн эсрэг өдөөн хатгасан дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №Б\134 тоот дугаар бүхий "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх "Ажилтан–хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан " гэсэн үндэслэлээр "*******” бүрэн дунд сургуулийн санхүү, ажил хариуцсан захирал Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 тоот дугаартай тушаал гарган намайг ажлаас минь хууль бусаар халсан.

Миний бие хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2019 оны дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг минь хүлээн авч холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар тус шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/******* дугаар бүхий Бага ангийн багшийн ажилд эгүүлэн татах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1,904,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх " шийдвэр гарсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д “Шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй  болно” гэж заасны дагуу ажилд эргүүлэн томилуулах тушаалаа гаргуулах гээд “ш" бүрэн дунд сургууль дээр хэд хэдэн удаа өөрийн биеэр очиж уулзтал шийдвэрээ авчирч байж тушаалаа гаргуулж ажилдаа ор гэсэн хууль бус шаардлагыг тавьсан.

      Энэ шаардлагын дагуу миний бие шүүхийн шийдвэрийг албажихийг хүлээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр маань албан ёсоор албажин гарсан. Ингээд дахин сургуулийн удирдлагуудад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаа бөгөөд сургуулийн удирдлагын зүгээс дахин Тойрох хуудас бөглүүлж up, бүх хүмүүсээр нь гарын үсэг зуруулж ир, мөн 9 дүгээр сарын тайланг дахин гаргаж өг тэгвэл чиний ажилд эргүүлэн авах тушаалыг гаргаж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу би тойрох хуудсанд дахин гарын үсэг зуруулж эхэлсэн бөгөөд зарим удирдлагууд нь одоог хүртэл гарын үсэг зуралгүй миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаагаас гадна шүүхээс гарсан шийдвэрийг үл хүндэтгэж байгаа тул миний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас бичүүлэн авч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан билээ. Миний бие 2019 оны 09 дүгээр 16-ны өдрийг хүртэл ажил үүргээ биелүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр халагдах тушаал гарсны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хариуцаж байсан 3а ангиа шинэ багшид хүлээлгэн өгч тайлан тооцоо болон тойрох хуудсанд гарын үсэг заруулсан болно.

Сургуулийн энэхүү хууль бус үйлдлээс шалтгаалан миний бие тогтмол орлогогүй болгож нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал тасалдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал орсноос гадна дахин боловсролын салбарт ажиллахад минь хүндрэл тулгараад байгаа билээ. Сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэн ажилд эгүүлэн татах тушаал гарган хэвийн ажиллах боломж бололцоогоор хангаж өгсөн бол ийм хүндрэлтэй асуудал үүсэхгүй байсан билээ.

Ингээд сургуулийн хууль бус үйл ажиллагаа. удирдлагуудын дарамт шахалтаас болоод би арга ядан сайн дураараа ажлаас гарах өргөдөл гаргасан боловч энэхүү асуудлыг мөн л шийдвэрлэж өгөхгүй өдийг хүрч байна. Иймд Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ”энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар cap, 2020 оны 01 дүгээр сарын буюу 2 сарын ажилгүй байсан үеийн цалин хөлс болох 1.904,902 төгрөгийг “ш “ бүрэн дунд сургуулиас нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг минь хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг минь хүлээн авч, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар тус шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/******* дугаар бүхий “Бага ангийн багшийн ажилд эгүүлэн татах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1,904,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуулийн хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 “шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болно” гэж заасны дагуу ажилд эгүүлэн томилуулах тушаалаа гаргуулах гээд “ш” бүрэн дунд сургууль дээр хэд хэдэн удаа өөрийн биеэр очиж уулзтал шийдвэрээ авчирч байж тушаалаа гаргуулж ажилдаа ор гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын дагуу миний бие шүүхийн шийдвэрийг албажихийг хүлээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр маань албан ёсоор албажин гарсан. Ингээд дахин сургуулийн удирдлагуудад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдсаар байгаа бөгөөд миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас бичүүлэн авч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан билээ.

Гэвч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн татах тушаал гаргаагүй арга ядан ажлаас гарах хүсэлт өгсөн боловч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан хэмээн хариу тайлбартаа мэдэгдсэн байсан. Гэвч одоог хүртэл надад ямар нэг байдлаар уг шийдвэрийг танилцуулаагүй. Иймд хөдөлмөрийн харилцааг одоог хүртэл үргэлжилж байна гэж ойлгож байгаа тул урьд гаргасан нэхэмжлэл дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлж байна. Иймд 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01, 02, 3 дугаар сарын ажилгүй байсан үеийн 4 сарын цалин хөлс болох 3,809,804 төгрөгийг Е Б Ш Б С-иас нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: иргэн Л.Т-н нэхэмжлэлтэй, Е Б Ш Б С-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ сэргээлгэхээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд шүүхэд хандах нь нээлттэй боловч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөхөөс гадна, мөн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч иргэн Л.Т-г ажилд нь эгүүлэн авахад бэлэн байсан ба энэ талаар Л.Т-д тэр даруй мэдэгдсэн.

Л.Т нь шүүхийн шийдвэр гарсан даруйд бидэнтэй ирж уулзаагүй, тодорхой хугацааны дараа шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгийг авах гэж ирж уулзсан ба ингэхдээ ажилдаа буцаж орохгүй, дахин багш хийх сонирхолгүй байгаа гэдгээ бидэнд амаар мэдэгдсэн болно. Сургуулийн зүгээс нэгэнт ажилдаа буцаж орохгүй юм бол ажил хүлээлцэх тойрох хуудсыг холбогдох журмын дагуу үйлдэхийг, мөн ажилдаа буцаж орохгүй гэх, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалж байгаа тухай өргөдлөө бичгээр гаргаж өгөхийг шаардсан боловч ор сураггүй алга болсон юм. Сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрт хүндэтгэлгүй хандсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн зүйлгүй, иргэн Л.Т-г ажилд нь буцаан томилохдоо ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй, мөн түүнд ямар нэгэн хууль бус шаардлага тавиагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...шүүхийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аваад дахин сургуулийн удирдлагуудад хандсан боловч ахин тойрох хуудас бөглүүлж ир, бүх хүмүүсээр нь гарын үсэг зуруулж ир, мөн 9 дүгээр сарын тайланг дахин гаргаж өг тэгвэл миний ажилд авах тушаалыг гаргаж өгнө” гэж хэлсэн гэж бичжээ. Тойрох хуудас гэдэг бол ажилд авахад бус, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд хэрэглэгддэг ажил хүлээлцэх хуудас юм. Сургуулийн зүгээс иргэн Л.Т-г ажилд нь эгүүлэн томилохдоо тойрох хуудас бөглүүлэх шаардлага тавиагүй бөгөөд иргэн Л.Т нь өөрөө цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй болсон гэж хожуу мэдэгдсэн учир тойрох хуудас бөглүүлж ирэхийг, ажиллах сонирхолгүй байгаа буюу хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгож байгаа тухай өргөдлөө бичиж өгөхийг сургуулийн зүгээс шаардсан юм.

Иргэн Л.Тнь урьд энэ асуудлаар шүүхэд хандаж байсан бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагад “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага байсан боловч угтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй байсан байна гэж бидний зүгээс үздэг. Ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон этгээд буцааж ажилдаа орох хүсэл эрмэлзэлгүй байгаа тохиолдолд бид албадах боломжгүй юм. Иргэн Л.Т нь ажилдаа эргэж орох талаар өөрийн зүгээс ямар ч санаачилга гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхийн сацуу нэхэмжлэгч бидэнтэй уулзаагүй нь санаатай үйлдэл гэж бидний зүгээс үзэхээр байна. өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, амар хялбар аргаар хөрөнгөжих сонирхол өвлөж байсан нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард ажилгүй байсан сургууль буруугүй бөгөөд бидний зүгээс ямар нэгэн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүй байхгүй, мөн иргэн Л.Тэрх, үүргээ хэрхэн, хэдийд хэрэгжүүлэх нь түүний эрх бөгөөд үр дагаврыг гагцхүү өөрөө хариуцах учиртай. ******* сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэл эрмэлзэлгүй байгаа этгээдийг бид албадан ажиллуулах боломжгүй ба бидний хувьд иргэн Л.Т-н хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэгч иргэн Л.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Т нь Е Б Ш Б Д С-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сарын ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин хөлс болох 1,904,902 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01, 02 3 дугаар сарын ажилгүй байсан үеийн 4 сарын цалин хөлс болох 1,904,902 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 3,809,804 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Т-г тус сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсний олговорт 1,904,902 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй./хх-ийн 7-10 дугаар талууд/

Хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн учир нэхэмжлэгчийн хүсэлтээр албан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна./хх-ийн 50, 69-70, дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ажилдаа орох гэж удаа дараа очсон хэдий ч намайг ажилд аваагүй”, хариуцагч “нэхэмжлэгчийг ажилдаа ор гэж хэлсэн боловч өөрөө ажилдаа ирээгүй” гэж тус тус маргах боловч хэн аль Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу дээрх үйл баримтыг нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил олгогчид Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргасныг үндэслэн тус сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Туяаг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлснөөр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. /хх-ийн 28-29 дүгээр тал /

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “*******” бүрэн сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг надад гардуулаагүй, би тушаал гарсан талаар мэдээгүй” гэж маргах боловч дээрх тушаалтай холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Зохигчид хэн аль “ажилдаа орох гэж удаа дараа очсон”, хариуцагч “өөрөө ажилдаа ирээгүй” гэж тус тус маргах боловч баримтаар нотлоогүй тул ажил олгогч, ажилтан нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн, нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны цалинг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэг сарын /үндсэн цалин/ 694,193 төгрөг+/нэмэгдэл/208.258 төгрөг+/анги даалтын нэмэгдэл/ 50,000=952,451 төгрөгийн цалинтай талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний олговор/2019 оны 11 дүгээр сард 4 хоног,12 сард 22 хоног, 2020 оны 01 дүгээр сард 2 хоног/ ажлын 28 хоногт тооцон 1,240,400 төгрөгийг хариуцагч нь Е Б Ш Б Д С-с гаргаж нэхэмжлэгч Л.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,569,404 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Е Б Ш Б Д С-иас 1,240,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төгрөгийн 2,569,404 шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Т-н болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Е Б Ш Б Д С ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ