Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0883/З |
Дугаар | 221/МА2024/0440 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0440
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Р.Л
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0883/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр: Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 343 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөл гуравдагч этгээд “С” ХХК-ийн мэдүүлсэн арааны тэмдгийг бүртгэх тухай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч “С” ХХК-ийг татан оролцуулаагүй нь “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ын 4.3, 4.1.1-4.4.7-д заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй нь маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг захиргааны акт хэмээн үзсэн нь хуульд нийцээгүй байна.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5.1.5-д заасны дагуу Бараан тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол маргаан үүссэн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдэд даалгах гэж заасны дагуу Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газар маргаан үүссэн шалтгаан нөхцөлийг арилгахыг даалгах арга хэмжээ авахыг даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн нь захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжүүдийг хангахгүй байхад түүнийг захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Маргаан шийдвэрлэх зөвлөл нь “С” ХХК болон “С” ХХК-ийн оюуны өмчийн шинжээч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтийг гаргахдаа жирэмсний амралттай байсан, өөр шинжээч томилсон шийдвэр, тушаал байхгүй, шинжээчийн гарын үсэггүй, хэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй дүгнэлт гаргасан байгаа зөрчлийг арилгах дотогш чиглэсэн акт гаргасан тухай удаа дараа тайлбарладаг.
Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолоор Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газраас эцсийн шийдвэр гаргаагүй захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өөрсдийн гаргасан процессын алдааг шийдвэрлэсэн байхад түүнийг захиргааны акт хэмээн үзэж хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “С” ХХК нь “s” дүрс бүхий барааны тэмдгийг бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргасан бөгөөд Оюуны өмчийн газар мэдүүлэгт шүүлт хийж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2.7 дахь заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргасан байх ба нэхэмжлэгчээс дээр дурдсан урьдчилсан шийдвэрийг хүлээн авч хариу тайлбар гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт гаргаж, аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн цахим хуудсанд бүртгэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Гуравдагч этгээд “С” ХК-иас “... Оюуны өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт нь Оюуны өмчийн газрын шинжээч Г.Б-н жирэмсний амралттай байх цаг хугацаанд хийгдсэн байх бөгөөд өөр шинжээч томилсон шийдвэр, тушаал байхгүй байхад шинжээчийн гарын үсэггүй, хэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй дүгнэлтийг гаргасан...” гэсэн үндэслэлээр Оюуны өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С” ХХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд маргаан бүхий Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “С” ХХК-иас гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газарт маргаан үүссэн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэжээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нэхэмжлэгчийг гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдөж байна, цаашид нэхэмжлэгчийн эсрэг сөрөг байдлаар ашиглагдах боломжтой, оюуны өмчийн маргаантай эсвэл хууль зөрчсөн агуулгаар энэ тогтоол цаашид хүчин төгөлдөр байх нь нэхэмжлэгчид санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, томруулах, гадаад болон дотоодын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад нэн том асуудал үүсгэнэ...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч Оюуны өмчийн газраас дахин шинжээч томилж, дүгнэлт гаргасны үндсэн дээр Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/25 дугаар тушаалуудаар “sendmn” дүрс бүхий барааны тэмдгийг барааны тэмдгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.5. Энэ талаар анхан шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, ийнхүү шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хүчингүй болгуулахыг хүсэж байсан захиргааны акт тодорхой шалтгааны улмаас хүчингүй болсон эсхүл хэрэгжээд дууссан бөгөөд уг захиргааны актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай.
2.6. Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэр дээр “s” дүрс бүхий барааны тэмдгийг бүртгэж, ийнхүү гэрчилгээ олгогдсноор нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн гэх эрх нь нэгэнт сэргэсэн байгаа энэ тохиолдолд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 19 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй төдийгүй аливаа байдлаар нэхэмжлэгчид давуу байдал бий болохооргүй байна.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “С” ХХК-ийн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Гомдлын шаардлагыг хангах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН