| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0906/Э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 792
Г.Б, Г.Бнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/921 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, Г.Бнарт холбогдох 1806053240803 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Б нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мянгат" хүнсний дэлгүүрт иргэн Я.Долгортой маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ото" нэртэй караокед иргэн Г.Батжаргалтай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Г.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ото" нэртэй караокед иргэн М.Цогбаяртай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Б, Г.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Залаар овогт Гончигын Батхуяг, Хүнхүрээ овогт Ганбаатарын Батжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батжаргалд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун наян/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Г.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Залаар овгийн Гончигийн Батхуягийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Я.Долгорын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Г.Батжаргалын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 480 цагаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүхээс хөнгөн ял оногдуулсан хэдий ч Г.Б нь биеийн эрүүл мэндийн хувьд дээрх ялыг биечлэн эдлэх боломжгүй байгаа нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:
2015 оны 3 дугаар сард барилдаж байгаад баруун хөлийн шагай хэсэг гэмтсний улмаас шагайн үеийг металл ялтас шургаар бэхлэх мэс засалд орж, өвчний жагсаалтын 10-38 заалтаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, группд орж байсан. Одоогоор баруун гадна хавчаар яснаас металл ялтас шургийг авах мэс засал, баруун өвдөгний үенд АСL холбоосыг сэргээх мэс заслуудад орох шаардлагатай байгаа бөгөөд хөл дээр ачаалал авах боломжгүй, гэмтлийн мэс заслын эмчийн хяналтанд байх шаардлагатай ... гэх Мэс заслын их эмч Т.Төртулга /99056184/-ын тодорхойлолтыг хавсаргав.
Дээрх байдлаас дүгнэхэд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "нийтэд тустай ажил хийлгэх ялыг ... биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй" байхаар заасан. Гэтэл шүүхээс оногдуулсан ялыг ялтан заавал биелүүлэх үүрэгтэй боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шагайндаа 8 хадаастай. Өвдөгний чагтан холбоос тасарсан. Тухайн үед би байцаагчид цохиогүй, зөөгчийг зодоод байхаар нь салгасан гэж хэлэхэд байцаагч надад “хүлээн зөшөөрчих хэргийг чинь хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэсэн. Би энэ тухайгаа шүүх хуралд мэдүүлсэн. Тухайн үед хоёр залуу зодолдоод байсан. Тэгээд би салгах гээд хуванцар сандал аваад шидсэн чинь цаанаас нэг эгч гараад ирсэн. ...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Б нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мянгат" хүнсний дэлгүүрт иргэн Я.Долгортой маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ото" нэртэй караокед иргэн Г.Батжаргалтай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Г.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ото" нэртэй караокед иргэн М.Цогбаяртай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Я.Долгорын “...Батхуяг намайг хэл амаар доромжилж, хөгшин янхан гэж хэлсэн. Тэгж байснаа сандал барьж аваад миний толгой руу сандлаар нэг удаа цохисон...” /хх 19-20/,
шүүгдэгч Г.Батжаргалын “...уг баарны дарга гэх өндөр махлаг биетэй залуу миний зүүн нүд рүү цохисон. Баарнаас гарах гээд коридороор явж байхад дахиад миний нүүр рүү намайг газар унатал цохисон....” /хх 90-91/,
хохирогч M.Цогбаярын “...Тэр хүн орж ирээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгсэн нөгөө согтуу залуу шууд миний нүүр рүү цохисон. ...Би шууд эрүүлийг нь тэврээд автал миний араас согтуу залуу нь цохиод байсан. Би толгойгоо хамгаалаад доошоо тонгойж суугаад би болъё гэж хэлээд орилоход гаднаас хамт явж байсан хоёр эмэгтэй нь ороод ирсэн...” /хх 96-97/,
гэрч Г.Эрдэнэбатын “...Моника нэртэй баарны эзэн гэх том биетэй залуу Батжаргалын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Батжаргал газар унасан. Цагдаа нар боль гэж хэлээд тэд нарыг хэлтэс рүү дагуулаад баарнаас гарах гээд текний хажууд байхад эзэн гэх хүн дахиад Батжаргалыг цохиод унагаасан...” /хх 99/,
гэрч Р.Урангуагийн “...манай найз Батжаргалыг өндөр бүдүүн биетэй Батхуяг гэх залуу цохиж зодсон. Тэр Батхуяг гэх залуу мөн манай найз Сэргэлэнг хэл амаар доромжлоод байсан. Батхуяг гэх залуу нь манай найз Г.Батжаргалыг 2 удаа үсэртэл нь цохиж унагаасан...” /хх 100-101/,
гэрч Н.Төмөрчөдөрийн “...Тухайн үед Хуягаагийн хамгаалагч нь Долгор эгч рүү хэл амаар доромжлоод дайраад байсан. Харин би болиулах гэж дундуур нь орж салгах гэсэн боловч болихгүй байсан. Намайг дэлгүүрт орж ирэхээс өмнө Долгор эгч толгойндоо цохиулсан байдалтай байсан ба Хуягаад сандлаар цохиулсан гэж хэлж байсан...” /хх 21-23/,
гэрч Б.Аюурзаны “...Хуягаа нь хамгаалагчтайгаа нийлж байгаад ээж рүү дайраад байсан. Хажуунаас нь Төмөрчөдөр бид хоёр салгах гээд дийлээгүй. Тухайн үед гадаа бараа ирж байсан учир би гадаа гарчихсан байж байтал түс гээд нэг юм дуугарахаар нь дэлгүүр рүү ортол Хуягаа нь ээжийн толгой руу нь сандлаар цохисон байсан...” /хх 24-25/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Б, Г.Бнарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 58-59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Я.Долгорын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо…”, “...Г.Батжаргалын биед хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...”, “...М.Цогтбаярын биед баруун чихний дэлбээ, зүүн шанаа, чамархайн хуйх, хүзүү, баруун бугалганд цус хуралт, зүүн даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх 5437, 5187, 7630 дугаартай дүгнэлтүүд /хх 28, 108, 111/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.
Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг нягтлан шалгадаг.
Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох иргэн /хуулийн этгээд/-ийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.
Хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.
Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинж, шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийдэг.
Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцэх ёстой.
Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Б болон хохирогч Я.Долгор, Г.Батжаргал, шүүгдэгч Г.Бболон хохирогч М.Цогбаяр нарын хооронд урьд нь өс хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй бөгөөд Г.Б нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Я.Долгортой маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Г.Батжаргалтай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Г.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө М.Цогбаяртай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Б хоёр удаагийн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж хуульчилж өгсөн байхад прокуророос мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх цаашид үүнийг анхаарч, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж зохицуулан хуулчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн аль аль нь дээрх хугацаанд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Б 2018 оны 6 дугаар сарын 15, 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26, Г.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэдгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/921 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Бнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б, Г.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ