Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 793

 

                                                           

 

 

 

 

                                                                                                     

                                              Т.Бт холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

хохирогч О.Оргил, түүний өмгөөлөгч Т.Баярдалай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Оргилын гаргасан давж заалдах гомдлоор Т.Бт холбогдох эрүүгийн 1910000850236 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.Оргилыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овгийн Төмөр-Очирын Батдэлгэрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөр-Очирын Батдэлгэрийг 900 нэгж буюу 900.000 төгрөгрөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, Т.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Бт оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс 2.973.909 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 19-56 тоотод оршин суух хохирогч О.Оргилд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, хохирогч О.Оргил нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Оргил гаргасан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Т.Бт нүүрэн тус газраас болон толгой руугаа цохиулсаны улмаас надад “эрүүний ясны зүүн салаа зөрүүгүй хугарал, зүүн шанаа, дагзны хуйхны зөөлөн эдийн язрал, цус хуралт, тархи доргилт” гэх гэмтлүүд учирсан ба уг гэмтлүүд нь шинжээч эмчийн дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа бөгөөд энэхүү гэмтлээс улбаатайгаар эрүүний ясны хугарал цаашид салах, зөрүү гарах магадлал байсан тул зайлшгүй шаардлагаар амны хөдөлгөөн хязгаарлаж миний шүд болон буйланд “чиг” /төмөр бэхэлгээ/ тавьсан болно. Миний бие уг “чиг”-тэй 1 сар гаруйн хугацаанд байж шингэн зутан, бантан, тунгалаг шөл зэргээр хооллож байсан бөгөөд ийнхүү шүдэнд чиг төмөр байрлуулсантай холбоотойгоор үүдэн шүдэнд эгнээний гажиг үүсэн, суларч шүд тэжээлийн дутагдалд орж, хөхөрч харласан тул тэдгээр шүднүүдэд сувгийн эмчилгээ хийх, пааландаж, цайруулах эмчилгээ хийх шаардлага үүссэн. Мөн буйлны үрэвслийг дарах эмчилгээ хийгдсэн.

Харин дээрх гэмтэл түүнээс улбаалан надад дараах хохирол, зардал учирсан. Үүнд:

1. Гэмтлүүдийг оношлуулж, эмчлүүлэх, нөхөн сэргээхэд гарсан зардал 4.448.000 төгрөг,  

а. Гэмтлийг оношлуулах зардал 93.000 төгрөг /хх 49-50/,

б. Гэмтэл түүнийг эмчлэхэд хэрэглэсэн эм, тарианы зардал 4.095.000 төгрөг /хх 44-46/ хуудаст авагдсан ч зарим баримт урагдаж, нотлох баримтын шаардлага хангахгүй болсон байсныг дахин хуулбарлаж хэрэгт өгсөн.

в. Эрүүний чиг 300.000 төгрөг /хх 48/,  

2. 14 хоногийн дутуу олгогдсон цалин хөлс 535.909 төгрөг,

3. Өмгөөлөгчийн эрх зүйн туслалцааны хөлс 1.000.000 төгрөг, нийт 6.023.909 төгрөг.

Би уг зардлаа анхан шатны шүүхэд нэхэмжилсэн. Гэтэл шүүх хэрэгт байх хохирол зардлын баримтыг дутуу үнэлж эрүүний гэмтлийн хүндрэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор О.Оргил миний шүд, буйланд тавьсан чиг түүнээс улбаалсан хор уршгийн зардал болох “Ган-Эвээ” ХХК-ийн эмчилгээний зардал, өмгөөлөгчид төлсөн төлбөр зэрэг нийт 3.050.000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс Д.Батдэлгэрээс гаргуулж надад олгуулж өгнө үү.

Шүд суларч, эгнээний гажиг үүссэн гэмтлийг эмчлүүлэх ажиллагаа нь эрүүний ясны хугарлын бороололтоос үүдэн шүдэнд бэхэлсэн чигийг авч, шархыг эрүүлжүүлж байж 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2019 оны 5 дугаар сард үргэлжлэн хийгдсэн. Үндсэндээ 4 төрлийн төлбөр шаардсан. Үүнд цалингийн зөрүү, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, мөн төлөхгүй гээд татгалзаад байгаа шүдний эмчилгээний зардал байгаа. Шүд эмчлүүлсэн төлбөрийг нэхэмжилсэн боловч төлөхгүй гэдэг. Яагаад төлөхгүй гэдэг вэ гэхээр НӨАТ-н баримт нь шаардлага хангахгүй байна гэдэг. Анхан шатны шүүх шүдний эмчилгээний төлбөрийг  шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн өмгөөлөгчийн хөлсийг нэмж, 3.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Б хохирогч О.Оргилын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч О.Оргил нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 6.023.909 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч шүүх нотлох баримтын шаардлага хангасан 2.973.909 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2.973.909 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хохирогч О.Оргилын Голомт банкны дандсанд шилжүүлж, төлж барагдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан гэж үзэж байгаа бөгөөд нэмж ямар нэгэн төлбөр барагдуулах шаардлагагүй гэж бодож байна. Мөн О.Оргил нь гэмт хэрэг болдог өдөр өөрөө намайг өдсөөр байгаад энэ хэргийг үүсгэхэд голлох хүчин зүйл болж нөлөөлсөн бөгөөд ёс суртахуунгүй зан ааш гаргаж байсныг дурдмаар байна. Иймд О.Оргилын гаргасан гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баярдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх аль нэхэмжлэлийг хангасан, аль нэхэмжлэлийг хангахаас татгалзсан талаараа тайлбарласан. Шүүгдэгч талаас “Ган-Ивээ” гэх шүдний эмнэлгийн 2.050.000 төгрөгийн баримт дээр маргасан байдаг. Эрүү зөрүүгүй хугаралтай байхад яагаад шүдний эмчилгээ хийлгэсэн юм бэ гэдэг байдлаар маргадаг. Аппарат зүүгээд 4 шүдний сувгууд тасарсан байдаг. Уг 4 шүд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд хөхөрсөн шүдийг паалангаар бүрсэн, мөн эмчилгээ хийлгэсэн байдаг. Хохирогч өөрөө төлбөрөө төлж уг эмчилгээг хийлгэсэн. Анхан шатны шүүх шүдний эмчилгээний төлбөрийг хангахаас татгалзаж, бусад эмчилгээний зардлууд нотлох баримтаар нотлогдож байна гэж үзээд хангаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зардлыг мөн хангаж шийдвэрлээгүй. Өмгөөлөгчийн зардал, шүдний эмчилгээний зардал дээр хохирогч О.Оргил давж заалдах гомдол гаргасан...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Үнэлэх ёстой баримтыг зөв үнэлсэн. Үнэлэх боломжгүй баримтуудыг үнэлээгүй орхисон. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Ган-Ивээ” гэх шүдний эмнэлгийн баримт нь НӨАТ-н баримтгүй, зөвхөн зарлагын паданы хуулбар байсан. Зарлагын паданыг хаанаас ч авах боломжтой гэж үзсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Эрхийг нь хязгаарлаагүй тул хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлээд цаашид нэхэмжилэх эрхтэй байгаа. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.Оргилыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Оргилын “...Намайг ална гэж хэлээд гараараар миний зүүн шанаа руу нэг удаа цохиж, нөгөө найз нь миний баруун шанаа руу нэг удаа өшиглөсөн. ...Гэтэл намайг цохисон залуу намайг дахиад цохих гээд хүрээд ирэхээр нь би биеэ хамгаалаад буцаагаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Өмнө нь би эрүүндээ аппарат хийж байсан асуудал байхгүй, эрүүндээ ямар гэмтэл авч байгаагүй ээ. ...” /хх 15-16, 18/,   

 

Гэрч Б.Амартүвшины “...манай найз Оргил цохиулчихсан, эрүүний доод хэсгээ барьсан байдалтай байсан. ...” /хх 22/,

 

Гэрч О.Батхуягын “...Юу болсон миний хүү, нийллэг нь тарсан юм уу гэж асуусан чинь тэрээр “үгүй ээ, Оюу толгойд хамт ажилладаг залуугийн найз охиныг нэг залуу татаж хоргоогоод байхаар нь би тэр залууг цохьчихлоо” гэж хэлсэн. ...” /хх 27-28/,

 

Гэрч Б.Энхдөлгөөний “...Камерийн бичлэгийг ухрааж үзэхэд зодуулсан гэх үл таних өндөр залуу нь бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээ рүүгээ суух гээд нэг саарал костюм пиджактай залуугийн хажуугаар зөрөх гэтэл өөдөөс нь түлхээд маргалдаж зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход араас нь очоод дахиад өшиглөх гэсэн чинь биед нь хүрч чадаагүй. Цохиулсан өндөр залуу нь буцаж хүрч ирээд саарал костюм пиджактай залууг баруун гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон байсан. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.Оргилын биед эрүү ясны хугарал, зүүн шанаа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон 835 дугаартай дүгнэлт /хх 32/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Хохирогч О.Оргилын “...Анхан шатны шүүх шүдний эмчилгээний төлбөрийг  шийдвэрлээгүйд гомдолтой байна...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Учир нь хавтас хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 835 дугаар дүгнэлтээс гадна хохирогч О.Оргилын гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэж байсан Амбулаториор эмчлүүлэгчийн картийн хуулбарт “...2019.1.30 О.Оргил цохиулсны улмаас 1/ 1.1, 2.1, 3.1-р шүд сувгийн эмчилгээ хийж, бүрээсээр сэргээх. 2/ Чулуу түүлэлгэх. 3/ цайруулалт хийх...” гэж эмчлэгч эмч нь бичсэн байна.  /хх 89-91/

 

Улмаар хохирогч О.Оргил “Ган-Эвээ” ХХК-д дээрх эмчилгээг 2.050.000 төгрөгөөр хийлгэсэн нь төлбөрийн баримт, “Ган-Эвээ” ХХК-ийн албан бичгээр нотлогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, анхан шатны шүүхээс тооцсон хохиролд нэмж гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. /хх 47, 96/

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, ерөнхий байдлаар хийсвэр дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Харин хавтаст хэргийн 44 дүгээр хуудасны ард авагдсан Энгийн эмийн жор Эрүүл мэндийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалаар батлагдсан Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 Монгол Улсын стандартын 6.1, 6.17-д заасан эмчийн тэмдэг, он, сар, өдөргүй баримт байх тул түүнд бичигдсэн эмийн төлбөрийг гаргуулах боломжгүй байна.   

 

Түүнчлэн хохирогчийн “...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг...”-ийг гаргуулах давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдлэхдээ өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр сонгон авч, хууль зүйн туслалцаа авдаг учир өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүйгээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй.   

 

Иймд хохирогч О.Оргилын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс 2.973.909 /хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 19-56 тоотод оршин суух хохирогч О.Оргил /РД: УД91052593/-д олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс 5.023.909 /таван сая хорин гурван мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 19-56 тоотод оршин суух хохирогч О.Оргил /РД: УД91052593/-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

        ШҮҮГЧ                                                                Д.МЯГМАРЖАВ

 

        ШҮҮГЧ                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ