Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00571

 

 Т.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1776 дугаар магадлалтай,

Т.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Төрийн банк ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Отгонжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Дорждэрэм нь 2013 оны 01 дүгээр сараас хойш Төрийн банк ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. 2015.09.18-ны өдрийн захирлын тушаалаар Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад 2015.12.10-ны өдөр Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 4 жилийн хугацаатай контракт байгуулсан. Төрийн банк ХХК-тай байгуулсан контракт гэрээгээр эрх, үүргийг тодорхой тусгасан. Хэрвээ Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн болон банканд хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажлаас халах хууль зүйн үндэслэлтэй гэж гэрээнд заасан. Т.Дорждэрэм нь банканд хохирол учруулаагүй, Банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байтал Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016.09.14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар Т.Дорждэрэмийг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.19-ний өдрийн 139 тоот тогтоолоор Т.Дорждэрэмийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн улмаас олсон 25,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн бөгөөд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, нэмэгдэл ялын хугацаа дууссан тул Гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Рэгзэн, Ж.Болорчимэг нарын шүүхэд гаргасан тайлбарт: Т.Дорждэрэм нь Төрийн банк ХХК-тай 2015.09.18-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 2015.08.26-ны өдрөөс эхлэн тус банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдож ажиллаж байсан. 2015.12.10-ны өдөр Гүйцэтгэх захиралтай контракт гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 1.3-т зааснаар контрактыг 2015.12.10-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулж, 5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн баталгаажуулж явна гэж заасан. Контрактын хугацаа 2018.12.10-ны өдөр дууссан. Контрактын 7.1.2 дахь заалтад контрактын 4 жилийн хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдаагүй бол контракт дуусгавар болно гэж заасны дагуу контрактын гэрээ дуусгавар болсон гэж банкны зүгээс үзэж байна. Гүйцэтгэх захирлын 2016.09.14-ний өдрийн 11/24 тоот Т.Дорждэрэмийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тушаал гарсан. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Н.Ганхуягийн тогтоолын дагуу банкны зүгээс тушаалаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Уг тогтоолын тогтоох хэсэгт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум Дөрвөлжин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 800,000,000 төгрөгийн зээл олгохдоо хууль тогтоомж зөрчин шийдвэр гаргуулж 25,000,000 төгрөгийн хээл хахуулыг бусдаар дамжуулан авсан хэрэгт шалгагдаж байгаа тул түүний ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсүгэй гэсэн. Ингээд шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Дорждэрэмд ял оноосон байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Т.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1776 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.17-ны өдрийн 1776 дугаар магадлалаар хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн, талуудын тайлбар, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.19-ний өдрийн 139 тоот тогтоолыг үндэслэл болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. гэж заасан гэх хуулийн тус заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Энэхүү Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол нь өөрөө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол биш бөгөөд өөрөөр хэлбэл тус эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно. Талууд хэн аль ч хуулийн хүчин төгөлдөр бус шүүхийн тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд, шүүх өөөрийн үзэмжээр хуулийн хүчин төгөлдөр бус шүүхийн тогтоолыг үндэслэл болгон Иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасантай нийцэхгүй байна. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно. гэж заасан боловч ажилтан уг контракт гэрээний хугацаанд ял шийтгүүлж, тус гэрээг дүгнээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэжээ. Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Төрийн банк болон Т.Дорждэрэм нарын хооронд байгуулагдсан контрактыг дүгнэсэн эсэх, эс дүгнэсэн эсэх талаар талууд хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй, мөн шүүгч талуудын хооронд байгуулагдсан контрактын хугацааг ямар хугацаагаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь контрактын 1.3-т Контракгыг 2015.12.10-ны өдрөөс 3 жилийн хугацаанд байгуулж байгаа бөгөөд Контрактын 5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн баталгаажуулна.гэж, Контрактын 7 дугаар зүйл 7.1.2-т Контрактын 4 жилийн хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсноор Контрактыг дуусгавар болгоно. гэж заасан байна. Эндээс үзвэл энэхүү талуудын хооронд байгуулагдсан контрактын хугацаа нь Контрактыг дуусгавар болгохоор заасан зүйл заалт буюу Контрактын 7 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдах хууль зүйн үндэслэлтэй байтал шүүх Контрактын аль заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Мөн энэ талаар Давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээний хугацааг сунгасанд тооцох боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл нэхэмжлэгч контрактын хугацааг сунгасан эсэх талаар бус харин контрактын гэрээний үндсэн хугацаанд хамаарах асуудлаар шүүхэд шаардлага гаргасан болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасны дагуу талууд хуулийн шаардлага хангасан Эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгөх хугацааг олгож шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгогдсон итгэмжлэл нь Эвлэрэх эрхийг олгоогүй байсан тул шүүх талуудын эвлэрэхээр нэг удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзээд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 182/ШШ2020/01545 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Дорждэрэм нь Төрийн банк ХХК-д холбогдуулан нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацаа дууссан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссарын тогтоолын дагуу нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Дорждэрэмд ял оноосон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Т.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.09.18-ны өдрийн Б/1197 дугаар тушаалаар Т.Дорждэрэмийг 2015.08.26-ны өдрөөс эхлэн тус банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилж, мөн оны 12 сарын 10-ны өдөр контрактын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч гүйцэтгэх захирлын 2016.09.14-ний өдрийн Н/24 дугаар тушаалаар 2016.09.14-ний өдрөөс эхлэн түүний албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байна. /хх-5-9/

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасны дагуу Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссарын 2016.09.14-ний өдрийн тогтоолыг үндэслэн хариуцагч нь Т.Дорждэрэмийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн тушаал гаргасныг буруутгахгүй.

Нэхэмжлэгч Т.Дорждэрэм нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг заасан тул талуудын хооронд байгуулсан контрактын гэрээний харилцаа хуульд зааснаар дуусгавар болсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Дорждэрэм нь хариуцагч Төрийн банк ХХК-тай байгуулсан контрактын гэрээний хугацаанд ял шийтгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээний хугацааг сунгасанд тооцох боломжгүй юм.

Иймээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацаа дууссан байхад хариуцагч нь урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, түүний хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй буюу шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Т.Дорждэрэмийн хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1776 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД