Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/01545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг  дугаар хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн төлөөлөгч Ч.Р, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд болон төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Д нь 2013 оны 01 дүгээр сараас хойш Т ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн захирлын тушаалаар Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 4 жилийн хугацаатай контракт байгуулсан. Т ХХК-тай байгуулсан контракт гэрээгээр эрх, үүргийг тодорхой тусгасан. Хэрвээ Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн болон банкинд хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажлаас халах хууль зүйн үндэслэлтэй гэж гэрээнд заасан. Т.Д нь банкинд хохирол учруулаагүй, Банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байтал Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар Т.Дийг албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 тоот тогтоолоор Т.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн улмаас олсон 25,000,000  төгрөгийг  улсын  орлого  болгож  шийдвэрлэсэн  бөгөөд  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, нэмэгдэл ялын хугацаа дууссан тул Гүйцэтгэх захирлын  орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ч.Р, Ж.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь Т ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдож ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гүйцэтгэх захиралтай контракт гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 1.3-д зааснаар контрактыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулж, 5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн баталгаажуулна гэж заасан бөгөөд Контрактын хугацаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Контрактын 7.1.2 дахь заалтад контрактын 4 жилийн хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдаагүй бол контракт дуусгавар болно гэж заасны дагуу контрактын гэрээ дуусгавар болсон гэж банкны зүгээс үзэж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Н.Ганхуягийн “Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум Дөрвөлжин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 800,000,000 төгрөгийн зээл олгохдоо хууль тогтоомж зөрчин шийдвэр гаргуулж 25,000,000 төгрөгийн хээл хахуулийг бусдаар дамжуулан авсан хэрэгт шалгагдаж байгаа тул түүний ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсүгэй” гэсэн тогтоолын дагуу банкны зүгээс Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар түүний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Дд ял оноосон байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 тоот тогтоолоор Т.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн улмаас олсон 25,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн бөгөөд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, нэмэгдэл ялын хугацаа дууссан тул Гүйцэтгэх захирлын  орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Т ХХК-нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч “Эрх бүхий байгууллага шаардсан тул ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн тушаал үндэслэлтэй” гэж маргажээ.

Ажил олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1197 тоот тушаалаар ажилтан Т.Дийг тус банкны  гүйцэтгэх захирлын орлогчоор томилсон байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар ажил олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 4 жилийн хугацаатай Контракт гэрээ байгуулж, уг контракт гэрээний  5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн, баталгаажуулж байна” гэж тохиролцсон /хх-ийн 7-9 тал/ байжээ.

 Ажил  олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дах заалт, Тны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13 дах заалт, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Н.Ганхуягийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг үндэслэн Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын  орлогч Т.Дийн албан үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх ба ажил  олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар түүний албан үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацаа дууссан” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. /хх-ийн 5 талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт “Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно” гэж заасан боловч ажилтан уг контракт гэрээний хугацаанд ял шийтгүүлж, тус гэрээг дүгнээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаагаар Т ХХК-нь 2016 оны 9 дүгээр сарын дуустал хугацаанд ажилтан Т.Дийн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь нотлогдож байх ба ажил олгогч нь 11/24 тоот тушаалаар Т.Дийн албан үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

Иймд хариуцагч Т ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Т.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 тоот шийтгэх тогтоол болон албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан талаарх баримтаа ирүүлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан Гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Т.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ