Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 282

 

                             Ц.А-д холбогдох эрүүгийн

                              хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, 201610010185 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй,

-2002 оны 4 дүгээр сарын 01-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-2008 оны 3 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх заалтад зааснаар 7 жил 1 сар хорих ялаар,

-2014 оны 6 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

-2015 оны 5 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан,

Хөвсгөл овогт Ц.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Ц.А-ыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 16 /арван зургаа/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс Ц.А-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн үйлдэл, сэдэлт зорилгод тохирохгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.А нь талийгаачийг алах үедээ удаа дараа цохисноо хүлээн зөвшөөрдөг ба энэ цохилтуудаараа талийгаачийг өвтгөн зовоох санаа зорилготой байсан эсэх, талийгаачийг алахдаа онц хэрцгий аргыг сонгосон эсэх дээр анхаарал хандуулна уу. Олон тооны шарх гэмтэл учирснаар нь хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 5.4 промилл, ходоодны шингэнд 4 промилл спиртийн агууламж илэрсэн боловч Ц.А нь талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй согтуу байсныг мэдэх боломжтой байсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.А нь амь хохирогч П.Отгонбаярын нүүр, толгой, цээж болон бусад газар нь гар, хөлөөрөө олон удаа цохиж өшиглөсөн, толгойгоор нь олон удаа шал мөргүүлсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дурджээ. ...Харгис хэрцгий арга нь хохирогчийн биед учирсан гэмтлээр тогтоогдож байгаа бөгөөд биеэ хамгаалж чадахгүй байдал нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар хохирогчийн цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 4 промилли спиртийн агууламж илэрсэн буюу хохирогч П.Отгонбаяр согтолтын хүнд зэрэгт байснаар тогтоогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийнхэн “Хэрэв манай дүү биеэ хамгаалах чадвартай байсан бол эсэргүүцэх байсан” гэж мэдүүлдэг. Хэрэг үйлдэгдэх явцад хохирогч П.Отгонбаяр биеэ хамгаалах чадваргүй байсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2-37 тоотод П.Отгонбаярыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, нүүр, толгой, цээжин тус газарт нь олон удаа цохиж, өшиглөн толгойгоор нь шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхээс Ц.А-ыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 152 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...Талийгаачийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, баруун, зүүн зовхи, хацар, шанаа, уруул, 2 чихэн дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, уруул, баруун чихний дэлбэн, баруун чихний омогт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн биед учирсан цээж, нуруу, баруун бугалга, өгзөг, тохой, зүүн мөр, бугалга, шуу, гуя, цавь, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, цээжинд зулгаралт, баруун хацар шанааг хамарсан олон тооны жижиг зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна” гэж,

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 38 дугаар шинжээчийн дүгнэлтээр “амь хохирогч П.Отгонбаяр нас барах үед цусанд 3.5 промилл, ходоодны шингэнд 4.0 промилл спиртийн агууламжтай буюу хүнд зэргийн согтолттой байсан байна” гэж тус тус тогтоогдсон бөгөөд Ц.А-ыг талийгаачийн биед олон тооны шарх гэмтэл учруулсан үйлдлийг онц харгис хэрцгий аргаар, талийгаач хүнд зэргийн согтолттой байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт арван хоёр жилээс арван хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, хорих ялын доод, дээд хэмжээг багасгажээ.

Давж заалдах шатны шүүх Ц.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн Ц.А-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хууль буруу хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-ын хорих ял эдлэх дэглэмийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар “чанга” дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн “нээлттэй хорих байгууллагад” хорих ял эдлүүлэхээр өөрчлөхдөө хууль зүйн ямар ч дүгнэлт хийлгүй, үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр магадлалд ““Шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 16 /арван зургаа/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                              Б.БАТЦЭРЭН                                                                                                                                                         Д ГАНЗОРИГ

                                                                                                Б.ЦОГТ