Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                Хэргийн индекс:166/2022/0076/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч К.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.М-д холбогдох эрүүгийн 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, К.М, 196... оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 5... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 154 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.М-ыг 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн ... тоотод иргэн Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.М-ын өгсөн: Тухайн орой би гэртээ хоолоо хийж идчихээд тамхи татмаар санагдаад О- гэдэг таньдаг айлд очиход 3,4 хүмүүс архи ууж байсан. Би О-аас тамхи асуух үед надад архинаасаа аягалж өгсөн. Дараа нь Б намайг тэдний гэрээс хөөгөөд элдэв янзын үгээр доромжилсон. Тухайн үйлдэлд нь миний уур хүрээд сууж байсан саарал өнгийн аккумляторын гэрийг аваад Б руу шидчихээд гараад явчихсан гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад:

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ... өрөөний үүд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шалан дээр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Д.Б- нь толгой руугаа цохиулсан гэх зуухны урд талд байх цагаан саарал өнгийн 25х20 хэмжээтэй аккумляторын гаднах гэрийг эд мөрийн баримтаар хураан авав гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 3-7/

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ...20*25 см хэмжээтэй аккумляторын гэр 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгийн тогтоол /хх-ийн 8/

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ...Д.Б-ыг согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 3.64 хувь гарсан болно гэх согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10/

Хохирогч Д.Б-ын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жил болох гэж байна гээд манай гэрийн ойролцоо амьдардаг БР-ийн гэрт Ц, БТ, Д.Б, С бид нар 0,75 литрийн Хараа нэртэй архи 3 ширхэгийг уусан. Ууж дуусгаад Ц, БТ хоёр гэртээ ажилтай гээд түрүүлээд явсан. Тэгээд сууж байтал гаднаас К.М гэх манай оролцоо айлын ах орж ирсэн. Хамт сууж байгаад хуванцар сандал байсан санагдаж байна тийм зүйлээр миний толгой руу цохисон. Би ухаан алдсан учир ерөөсөө юу ч санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Ц.О-ын өгсөн: ...гаднаас хөрш айлын танил ах К.М тамхи асууж орж ирсэн. Тамхи өгсөн чинь бид нартай хамт суугаад архи уусан. Тухайн үед Б нь К.М ахыг хөөгөөд байсан юм. Тэгсэн гэнэт К.М ах уурлаад манай гэрийн зуухны дэргэд байсан аккумляторын арьс буюу гадна хувацар саваар Б-ын дагз хэсэг рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Р.Д-ын өгсөн: ...О-ын гэр рүү ороход О- ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь би сэрээгээд ах нь танай гэрт хоночих уу гэж асуухад тэг тэг гэж хэлсэн. Тэгээд гудас дэвсээд яг унтах гээд хэвтэж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай “Д.Б-ын биед тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Б-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-31/,

 

Шүүгдэгч К.М-ын яллагдагчаар өгсөн: Би тухайн хэрэг болсон айлд тамхи асуух гээд ороход Б, С нар архи уучихсан тасраад унасан байсан. Харин Б ганцаараа өөртөө архи хийгээд ууж байсан тэгэхэд ширээний дээр нь ороодог дүнсэн тамхи бөөрөнхий хайрцаганд байхаар нь би тэндээс цаасанд авсан чинь надад архи Б хундагалж өгөхөөр нь би тэрийг нь уутал намайг гуйлгачин, хар М казак осмоны үлдэгдэл гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би өөрийн сууж байсан сандлаар цохьчихоод гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч К.М нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 01-03 тоотод иргэн Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

 

Шүүгдэгч К.М нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.М- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 01-03 тоот Ц.О-ын гэрт иргэн Д.Б-ын “осман казакийн үлдэгдэл” гэх мэт зүй бусаар үгээр доромжлон хөөсөн үйлдэлд уурлаж улмаар өөрийн сууж байсан 20*25 см хэмжээтэй аккумляторын гэрээр Д.Б-ын толгой руу цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч К.М-ын хохирогч Д.Б-ыг 20*25 см хэмжээтэй аккумляторын гэрээр цохисон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч К.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.    

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Б- нь эмчилгээний зардалд 480,600 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч К.М- нь төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-96/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч К.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн бусдыг өдөөн хатгаж, доромжилсон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, 57 настай, тогтсон орлогогүй гэх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь К.М-ыг оногдуулсан 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цайвар саарал өнгийн 20*25 см хэмжээтэй аккумляторын гэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ыг 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ыг оногдуулсан 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цайвар саарал өнгийн 20*25 см хэмжээтэй аккумляторын гэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөар болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР